2024-07-24, Лхагва
17 C
Ulaanbaatar

Доктор Д.Баттогтох: Шинийн хоёрон бэлгэдэл, хүндэтгэлийнхээ хувьд тийм ч сайн цагт тооцогдохгүй

Монгол утга соёл судлалч, боловсролын шинжлэх ухааны доктор Д.Баттогтохтой хөөрөлдөв.

-Монголын уламжлалт цагаан сарын баяр хаяанд ирлээ.

-“Цагаан сарын баяр” гэж ярьж, бичих нь угтаа уугал монгол үг яриа, бичгийн хэлний сонгодог найруулгын үг хэллэг биш. Баяр гэдэг олны хөөрсөн сэтгэлийн хөдөлгөөн, бахдал баяслын төдийг л заах үг. Тиймээс төрсөн өдрийн, эх үрсийн, цэргийн, багш нарын, байгууллагын ойн баяр, баярын хурал, төгсөлтийн баяр, түмэн тэмээний баяр гэхчлэн өчнөөн баяруудыг бүх юманд зориулан тэмдэглэх болжээ.

Зүй нь, цагаан сарын баяр гэхээсээ цагаан сарын ёслол ёсолгоо, битүүн битүүлэг, шинийн нэгэн, шинэ сар, шинэлгээ зочилгоо, их шүүс идээ дайллага, цагаалга будаалгын өдөр гэж ёслол, бэлгэдэл, хүндэтгэл, зан үйлийн талаас нь нэрлэж заншвал зөв. Цагаан сарын шинийн нэгэн бол монгол үндэстний эрт үеэс эдүгээ хүртэл ёслон тэмдэглэсээр ирсэн төр улс, иргэний их ёсолгооны өдөр.

-Энэ сайхан баярыг монголчууд хэдийнээс эхлэн тэмдэглэж ирсэн байдаг бол?

-Монголын түүх, сурвалж бичгүүдээс үзвэл, монголчууд цагаан сарын ёсолгоог Чингис хааны байгуулсан Нармай Хамаг монгол улсын үеэс төр иргэний хос ёсны бэлгэдэл, хүндэтгэл болгож, ард нийтээрээ өргөн тэмдэглэх заншжээ. Жилд зөвхөн нэг удаа тэмдэглэх цагаан сарын өдөр бол жинхэнэ монгол ёс заншил, эд өлөгийн зүйлс цөм бүрсэн тараг шиг бүрэлдэх, монгол соёл, зан суртахуунаа дээдлэх, өв уламжлалаа өвлөх, үг яриа, үйлдэл хөдөлгөөн, хувцас зүүсгэл, идээ зоог, эд эдлэл бүхэндээ хүндэтгэл, бэлгэдэл шингээсэн байдаг учир эх улс, үндэстнээрээ бахархах, зан заншлаа дагаж мөрдөх, үг яриа, үйлдэл бүхнээ хянаж, бие, сэтгэл, хэлээ цэвэр ариун байлгах, нүглийг бус буяныг хураах хамгийн бэлгэдэлт сайн, утга төгөлдөр өдөр юм. Энэ өдрийг эртдээ малын тарга хүч нэмэгдэн, сүү шим, айраг цагаа дэлгэрч, идээ цагаа элбэгшдэг намрын улиралд тэмдэглэж байснаа, хожим дорнын ард түмнүүдийн адил сарны тоолол буюу шар зурхайн ёсоор хахир өвлийг өнтэй давж, хаврын урин цагтай золгосны бэлгэдэл болгож, улирал шинэдэх цагаар шинэлэн цагаалах ёслол дэлгэрсэн.

-Цагаан сарыг түрүү нийгмийн үед нийтээрээ бус, зөвхөн малчдын баяр болгон тэмдэглэж байсан гэдэг. Ер нь цагаан сарыг ёслон тэмдэглээгүйн хор холбогдол, хожмын уршиг нөлөө гэж байх уу?

-Монгол түмэн шинэ жил, шинэ сар, шинэ өдрийн өлзийг нийтээрээ бэлгэшээн тэмдэглэхдээ өтгөс буурлуудаа өргөж хүндэтгэх, хүүхэд нялхсаа баярлуулан баясгахыг эрхэмлэн, төр түмэн, төрөл ургаараа сүүн цагаан сэтгэлийн ариуныг дээдэлж, цагаан хадаг дэлгэн золгож, таван ааг идээгээрээ дайлж цайлан, сар шинийнхээ баярыг тэмдэглэсээр ирсэн.

Гэвч энэ уламжлал үе үе тасарч байсан харамсалтай нийгэм, цаг үе ч тохиож байсан. Тухайлбал, монгол төрийн уламжлалт цагаан сарын их ёслол, ёсолгоог 1930 оноос лам болон феодалуудын цэнгээний өдөр хэмээн үзэх болж, 1932 оноос хот суурин газруудын айл өрхийг цагаан сар хийхийг хориглож, хийсэн өрхийг феодалын үлдэгдэл хэмээн элдвээр хавчин хяхаж цээрлэл үзүүлдэг болж.

Гэхдээ 1940 оноос хөдөөгийн малчин ардууд тэмдэглэхийг зөвшөөрч, Улсын бага хурлаас шийдвэр гаргасан байдаг.

-Нэг хэсэг бүр тэмдэглэхээ больсон гэдэг байх аа?

-1952 оны өвлийн адаг сарын битүүнд маршал Х.Чойбалсан нас барсан тул цагаан сарын шинийн нэгнийг гашуудлын өдөр болгон зарласан ба улмаар 1954 оны нэгдүгээр сарын 26-нд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гарч, мөн жилээс эхлэн цагаан сарын өдрийг ажлын өдөр болгосноор энэхүү уламжлалт ёслол, ёсолгоог төрийн хэмжээнд бүү хэл, түмэн олны дунд ч тэмдэглэх явдал хязгаарлагдан орхигдоход хүрч байв.

-Цагаан сарыг “Малчдын баяр” гэж ард түмнээ ялгаварласан тохиолдол байх юм билээ. Энэ ямар учиртай зүйл байв?

-МАХН 1959 оны сүүлээр “Нэгдэлжих хөдөлгөөн ялав” хэмээн зарлаж, нэгдэлч малчдын санал сэтгэгдлийг дэмжих зорилгоор 1960 оны нэгдүгээр сард АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гаргаж, жил бүрийн билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг “Нэгдэлчдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар болж, зөвхөн ХАА-н салбарт ажиллагсдын амралтын өдөр болгосон.

Ингэж уламжлалт цагаан сарын төрийн ёслол, ард түмний их баяр байсныг хүчээр цагдан хориглосон хэдий ч, монголчуудын амьдрал дунд, нэн ялангуяа хөдөөгийн ард олонд хадгалагдан уламжлагдсаар ирсэн юм. Хориг хязгаарлалт түүхэн жамаараа 1980-аад оны эцэс төгсгөл болж, цаг нь болохоор цасан дороос ногоо цухуйдгийн адилаар цагаан сарын их дайллага, зочилгоо, ёсолгоо дахин сэргэж, төр түмний их ёслол хүндэтгэл болгон тэмдэглэж эхэлсэн л дээ.

-Цагаан сараар бэлэг сэлт бие биедээ өгөхгүй, зөвхөн аав ээж, ахмад настанд өгөх тухай, эсвэл ууц чанаж, тавгийн идээ засч, идээ зоог бэлтгэх, шинэ хувцас эдлэл хэрэглэх гээд их өртөг зардал гаргадаг учраас тэмдэглэхгүй байх тухай ч яриа олон түмний дотор гарч байх юм. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Муу ёр байгаа даа. Цагаан сараар бүх юм бүрэн бүтэн, тэгш дүүрэн, түвшин бэлгэдэлтэй, шинэ байх учиртай байтал амны бэлгэгүй үг хэлж, дутуу гуцуугаа ярьж яршиглах, зочлох дайлах, золгох шинэлэх, зоог гүнцэг барих, бэлэг сэлт өгөх гээд зарлага үрлэг их гарна гэж төвөгшөөх нь ёсоо ёсолдоггүй, ёрыг цээрлэдэггүй муу мунхаг хүний л үг үйлдэл дээ.

Монгол ёсонд хүнд өглөг өргөх шиг их буян байдаггүй гэдэг. Сэтгэлийн өглөг, эдийн өглөг, аюулгүйн өглөг, номын өглөг гээд олон өглөг байх ба тэдгээрээс “эдийн өглөг эзнээ эвддэг” гээд нэг их таашаадаггүй. Харин номын өглөг эзнээ хөгжүүлдэг, сэтгэлийн өглөг хүнийг баярлуулдаг, аюулгүйн өглөг хүнийг авардаг гэж үздэг.

Тийн байтал өглөг буюу бэлгийн зүйлд одоо цагт адгийн өглөг болох эдийн өглөгийг голлох болсон нь тун тоогүй, ёс хүндгүй зүйл болно. Хэндээ ямар бэлэг өгөх нь хувь хүний эрх мэдэл боловч, монгол ёс бэлгэдлийг бодож зочны гарыг цайлгахдаа алган дээр нь ганц доён юм тавихгүй, хос болгож хадагтай золгохоос эхлээд бэлгэ өргөлийн зүйлс үнэтэй цайтай, том багадаа бус, хүндэтгэл бэлгэдлийн утга агуулсан, тухайн хүний сэтгэлд нийцсэн, ажил мэргэжлийн онцлогийг харгалзсан үнэ багатай боловч ёс бэлгэтэй бэлэг байвал зохистой юм.

-Тэгэхдээ л цагаан сарын зарлага ч жилээс жилд нэмэгдээд байх шиг?

-Цагаан сарыг тэмдэглэхэд гарах зардал бусад баяраас их байдаг нь зүй ёсных л доо. Харин ч төр, иргэний хос ёсны уламжлалт их ёсолгоог тэмдэглэх нь, хуучин жил хангиран одож, шинэ жил шилжрэн ирэх шинэ жилийг угтсаны, урин цаг, хаврын улиралтай золгосны, аав ээж, ах зах, төрөл төрөгсдөө хүндэтгэн уулзаж золгохын, урт насыг бэлгэдэж нэг нас нэмсний гээд олон баяр давхцаж байгаа учраас их зардал гардаг.

“Хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ” гэдэгчлэн, цагаан сарыг айл бүхэн бэл бэнчин, хэр чинээндээ тохируулж, эд зөөрийн ихдээ бус, ёс, уламжлал, бэлгэдэл, хүндэтгэлийг бодож, сэтгэлийн баян, буянаар тэмдэглэж болно.

Шинэ сараар хонины тарган ууц, үхрийн том өвчүү тавьж, архи айраг элбэг дэлбэг сөгнөж чадахгүй нэг нь махан зоог, дайллагын шүүс-ууцыг орлуулан, тураг махны хүндэтгэл, бэлгэдэл болдог хонины өвчүү, дал, шаант чөмөг, дөрвөн өндөр, сээр зэргийг чанаж, улаан идээ тавьж болно. Согтоогч хар архины оронд цагаан идээний дээж сүүгээ амсуулж дайлж болно.

Цагаан сараар зүг мөрөө зөв гаргах, жилийн засал номоо хийлгэх, аль болох олон хүний амрыг айлтган золгох, зочныг дайлах, бэлэг сэлт өгөх, үг яриа, үйлдлээ хянаж ам, ажил зөвтэй байвал ирэх шинэ жилдээ тийм л ая зантай болно гэдэг. Иймээс хаанахын хэнтэй ч харших муугүй, халдах дайсангүй, халуун найрсаг, хангалуун чинээлэг, хавтай цэнгэлтэй, хамгийн сайн сайхан, аз жаргалтай амьдарна гэдэгт монгол хүн итгэл төгс байх ёстой.

-Цагаан сарыг тэмдэглэхгүй бол муу юу?

-Цагаан сарыг ойшоохгүй, тэмдэглэхгүй байх, эсвэл ор нэрийн төдий ёслох, зан авир, үг яриа, үйлдэл бүрээ хянахгүй зоргоор тавих, хорио цээртэйг үйлдвээс тэр жилдээ муу явах, үйлийн үр муугаар боловсорч, цаг бусын дайрлагад өртөх, өвчин шаналал, үхэл зовлон ч ирж мэдэшгүй.

Цагаан сарыг тэмдэглэхгүй байхын хор урхаг нь хувь хүнд ч, гэр бүлд ч, улс үндэстэнд ч хор хохиролтой, адаглаад л ёс заншлаа гээж Монголоо алдах, үндэсний бахархал, үзэл дээдлэл, өвөг дээдэс, үүх түүх, утга соёлоо үл хүндэтгэсэн, үгүйсгэсэн үйлдэл болно, нөгөө талаар үндэсний бусдаас онцгойрон ондооших заншил, соёлоо хойч үе нь үнэлэхгүй, үгүйлэхгүй, үл хэрэгсэх аваас улмаар даяаршилд “даган баясвал” үндэстэн уусаж үгүй болох гээд олон муу үр дагавар, мундар уршиг гарах вий.

-Цагаан сарын шинийн нэгний олон цээр хорио, эрхэмлэх сайн үйл өдий төдий байдаг. Тэдгээрээс тэр бүрий хүн бүрийн мэдээд байдаггүй нэг хоёрын жишээ хэлж өгөөч?

-Ёстой, төртэй, шашин суртахуунтай монголчууд цагаан сараар үйлдсэн буян нүглийн хувь хэмжээ, чанар чансаа жирийн өдрөөс олон дахин их байдаг гэж үздэг. Тиймээс зарим хатуу үйл, ёс заншлыг жилжингээ бодон явж, цагаан сарын өдрийг хүлээн үйлддэг.

Тийм нэгэн зан үйл бол зангираа алдруулах ёс буюу эв бололцох заншил юм. Цагаан сараас өмнө аливаа сэтгэлийн зангилаас, хар хорын хүлээс, дотроо хадгалсан, эв холдсон муу бүхнээ ярилцан зангилаасыг тайлж, ончроог нь алдруулахыг “ээдрээ тайлах ёсон” хэмээдэг.

Цагаан сар нь жилийн нэгэн шинэ эхлэл учир хуучин оны сэтгэлийн хир буртаг, хэрүүл тэмцлийг цэвэрлэн арилгадаг заншилтай.

-Сэтгэлийн зангилаас тайлж ончроос алдруулах гэдэг ч эв найрыг эрхэмлэсэн сайхан үйл байна шүү?

-Тэр сайхан ёсыг гүйцээж байж шинэ оны эхлэл, сэтгэл тэнүүн, санаа төвшин, сайхан амьдралын нэгэн сайхан учир жанцан бүрдэнэ. Ах дүүс, анд нөхөд, ажлын хамт олны дунд ч маргах, хэрэлдэх, муудалцах, үг зөрөх, үл ойлголцох, эв эе хагаран бутрах явдал гардаг.

Түүнийг жил өнжүүлэх аваас тангараг тасарч, өш хонзон болж, хүүхэд залуучууд ч өвлөж болзошгүй тул ээдрээг алдруулах ёсыг тайлах нь эрхэм гэдэг. Ер нь сэтгэлийн ээдрээ, ончроог тайлахгүйгээр шинэлбээс шинэ жилийн ажил үйлд урхаг саад болж, зангарга өвчтэй болно гэж тун цээрлэх тул энэ ёсыг үйлдэхэд хоёр тал ёсоо бодож, харилцан буулт хийж, бие биеэ уучлах сайн талтай.

Иймд цагаан сарын бэлтгэл хийхдээ өөрийгөө сайтар хянаж, өмнөх жилийнхээ алдаа оноог дэнслэн шүүж, хэнд хэзээ хаана ёс алдсан, ёр халдаасан муу үйл үйлдэв гэдгээ тунгаан бодох ёстой. Санаанд орсон муу зүйлээ даруй арилгахын тулд гэрт нь очиж мэнд мэдэлцэн, цай идээ болсны дараа “Тэр үед тийм учир хэргийн тул тантай тэгэж эвгүй харилцаж, хоёр биенээ гомдоосон муу явдал боллоо. Хуучин жилийн ээдрээг тайлъя” гэж хэлээд хөөрөг барьдаг. Нөгөө хүн ч санаснаа хэлж хөөрөг зөрүүлдэг.

-Нүүр нүүрээ хараад сайн муугаа хэлэлцэн, хөөрөг зөрүүлэн уучлал хүлцэл талбина гэдэг мөн ч сайхан уужуу тавиун сэтгэлийн ариулга юм байна даа?

-Тэгээд хоёр талын хүний сэтгэл тэнийж, сонин сайхнаа ярилцан сайхан шинэлэхийг ерөөлцөн, бие биенээ урьж золгохоо ярилцдаг. Одоо манай нийгэмд хүн хүндээ үл итгэх, хардаж сэрдэх, бие биеэ хэмлэн мэрж, хэлэхгүй муу үгээр хэлж гомдоох, хэрүүл уруул өдөөх, атаа жөтөө асааж арсалдан тэмцэлдэх, өш хонзон санах, үлрэшгүй тэмцэлдэх гээд харилцааны хамгийн муу үйлдлүүд ихэд дэлгэрч байгаа тул сэтгэлийн сэв, хор хүлээсээ тайлж, цагаан сарын өдөр эв эвдэрсэн, нөхөрлөл холдсон нөгөө хүн дээрээ хэрэг зориг болгон очиж, сэтгэлийн зангилаа, хүлээсээ тайлан хэлэлцэх энэ ёсыг үйлдэж байгууштай юм даа.

-Сар шинийн өдөр өөр юуг эрхэмлэвэл зохилтой вэ?

-Шинийн нэгэнд бүх юм бүрэн бүтэн, тэгш дүүрэн, шинэ байх учиртай гэдэг. Шинийн нэгний өглөө нар битүүгээр босч, гоёлын шинэ дээл хувцсаа бүрэн өмсөх, дээлийн зах заамаа янзалж, товч шилбээ бүрэн товчлох, бүсээ чанга бүслэх, малгайтай байхаас өгсүүлээд шинийн цайг дундуур бус дүүрэн уух гээд бүх юм дүүрэн бэлгэтэй, түвшин жаргалтай байх, гэр орон, малын хот хороогоо цэвэрлэх, хог тоос, хир буртаггүй цэвэр байхыг эрхэмлэнэ.

Шинийн эхний өдрүүдэд айл аймгаараа, ах дүүсээрээ, гэр бүлээрээ, хамт нийтээрээ хаа сайгүй харах мэлмийдээ хаш цагааны өнгөт үзэсгэлэнг үзэж, сонсох сонортоо яруу эгшгийн дуу дуурьслыг сонсож, үнэрлэх хамартаа арц хүжис, ариун анхилууныг үнэртэж, амтлах араандаа амтат алим жимс, чихэр боов, бал бурмыг амталж, хүрэлцэх арьсаараа хөрс зөөлөн, хөнгөн, нимгэнд хүрч, таван мэдрэхүйгээрээ таван тансгийг хуран мэдэж, үлэмжийн чанар төгөлдрийг үзэж мэддэг нь сайхан.

-Шинийн нэгний өглөөг монголчууд ихэд бэлгэшээлтэй угтдаг даа?

-Шинийн нэгний өглөөний золголтын цаг бол хамгийн хүндтэй, бэлгэ дэмбэрэлтэй сайн цаг байдаг агаад энэ хугацаа үдээс өмнө үргэлжилнэ. Үдээс хойшхи юм уу, үдшийн бүрийд, эсвэл шинийн хоёрон зэрэг өдрүүд бэлгэдэл, хүндэтгэлийнхээ хувьд тийм ч сайн цагт тооцогдохгүй. Харин шинийн гуравны өдрийг шинийн нэгэнтэй адил хэмээн үздэг нь монголчууд гурвын тоог шүтэж бэлэгшээдэгтэй холбоотой юм.

Ийм сайн өлзий дэмбэрэлтэй цагт амжиж аав ээж, төрөл садан, багш, ихэс дээдэс, өндөр настан гээд хамгийн хүндэтгэвэл зохих хүнийхээ амрыг айлтган шинэлэн золгодог. Хэрэв хүү охин, хүргэн бэр нь аав ээждээ цагаан сарын үдэш орой ч юмуу, шинийн хоёронд ирж золговол бэлгэ муу гээд аав ээж нь золгохгүй хойшлуулдаг ёс заншил ч байж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img