2024-05-17, Баасан
10 C
Ulaanbaatar

“Дорнын Ром” Самарканд – Түүх домгоос түүвэрлэхэд

Хүн төрөлхтний түүхэнд аль эрт үеэс, олон арван үлгэрт, домог-түүхийн хуудаснаа тодоос тод гэрэлтдэг орчлуудын нэг бол Самарканд. Самаркандтай хэзээ танилцсан билээ гээд дурсамжаа ухтал номонд дурласан бага жаахны мэдрэмж санаанд буув. “Мянга нэгэн шөнийн үлгэр” хэмээх хатуу хавтастай сайхан номыг нээхэд Ах дүү хаадын тухай амттай өгүүлэмж хорхой асааж билээ. Дүү хаан нь Шахзаеман. Нэрийг нь ийм тод санаж суугаа өөрийгөө гайхлаа.

торго“Шахзаеман Самаркандыг захирах бүлгээ” гэсэн өгүүлбэрийг бүр тод санаж буй гэхээр домогт Самарканд аль бага насанд минь гэрэлт мөрөө үлдээчихэж. Ид шидийн энэ хотын бэлгэ тэмдэг нь мөн л домгийн амьтан далавчит ирвэс. Эрт нэгэн цагт, цавчим сүрлэг элгэн хадат Зеравшан уулаас эр зоригийн сүлд хэмээгддэг ирвэс гэнэт бууж ирсэн гэдэг. Сүрдэм тэр араатан, хүнээс айж цочилгүй Самарканд хотын хана хэрэм дундуур ёстой л нэг “араатны хаан” адил алгуурхан явж. Айлуудын байшин савыг тойрч алхаж байгаад ууландаа буцаад гарчихсан хэмээдэг.

Хотын оршин суугчид уг явдлыг бэлгэшээж эр зоригийн бэлгэ тэмдэг хэмээн сүслэн хотынхоо сүлд тэмдэг болгосон домог бий.

Ирвэстэй Зеравшан уул нь мөнх цас, мөсөн голууд салаалсан, сүрлэг Тэнгэр уулын Узбекистанаар дайрсан их уулын цэгцрээ юм байна. Самарканд хот ер бусын амар амгалан юм. Элдэв аюул, тайван бус байх шалтгаан энд алга. Нутгийнхан гадны хүмүүст их тусч. Халуун дулаан яриа хөөрөө дэлгэдэг улс ажээ. Хүүхдүүд нь тун хөөрхөн. Таних танихгүй хэн ч байсан хамаагүй өөрөөсөө ах хүнтэй мэндлээд зөрөх нь цаанаа л дотно мэдрэмж төрүүлнэ.

торгоНутгийн томчуул самраа чөмж, цайгаа оочлон, хооллохоор тухлан суух аваас өнгөрснөөс эхлэн өнөөдрийн байдал, бүр хэтийн төлөвийг ажин шинжиж, ёстой чиг ярьж өгөх юм аа. Хөгжилтэй, хөнгөн, хөгжүүн өнгө мэдрэгдсэн тэдний яриаг сонсоод л суугаад баймаар. “Самарканд торго”, “самарканд цаас”-аа маш тансаг яруу хэлээр бахдан бахдан ярих нь шагшрахгүй байхын аргагүй. Ийм яруу хуучийг сонсон суухад цаг гэдэг харвасан сум шиг өнгөрөх нь нэн таатай. Тун гоё, их сайхныг мэдэрсэн сэтгэл хөдлөлийг гүйцэж хэмжих сайхан үг олдохгүй юм.

… “ Самаркандын хөх тэнгэрт алтан нарны туяа сацарч, бүлээхэн салхи гоо хатны гоёмсог “торгон” алчуурыг хийсгэхэд, хархан үс нь намирч, хасын цагаан царай нь ягаарчээ” хэмээн сайн торго, сайхан хүүхнийг бичнэ.

Узбекийн үндэсний бахархал “торго”, “гар цаас” ялам гэдэг, шим шүүслэг том ногоон навчит үзэмжит модтой шууд холбоотой. Энэ модыг эрт цагаас эхлэн хятадууд тарьсаар иржээ. Энэ тухай ярихын тулд эртний Хятадын Хуан Ди хааны тухай ярих хэрэг гарна. Шар хаан ч гэж нэрлэдэг.

торго

Хуанди гэдэг нь шар, гэрэл цацраг гэсэн утгатай үг аж. Өөрийгөө бүхний төв, нар мэтээр бодож явдаг байсан тэр хаан үзэмжит сайхан цэцэрлэгтэй байжээ. Шар хааны их хатан Лэйзү, нэгэн өдөр цэцэрлэгтээ тухлан цайлж суутал яах ийхийн завдалгүй аягатай цайнд нь нэг юм уначихаж.

Халуун цайнд унасан хүр хорхойн үүр, жигтэйхэн гоёмсог, маш нарийхан торгон утас болж ширхэг ширхэгээр салан задарч эхэлж гэнэ дээ. Гайхсан хатан өнөөх торгон утсыг хуруугаар гогдон өлгөж, татаад л байж. Утас хөвөрсөөр хааны цэцэрлэгийн нөгөө захад хүрчээ.

Хатан мод цэцэрлэгээ шалган үзсэнд, хүр хорхойн авгалдай ялам модны навчаар хооллож шүлсээрээ уран, бэх бат үүрээ нэхэж байхыг олж харав. Тэгээд л үүрүүдийг цуглуулж халуун усанд задлаж гоёмсог утсаар гайхам тансаг торго нэхэж гаргаж хүр хорхой үржүүлж эхэлжээ.

торгоЭнэ тухай маш эртний нэгэн шүлэг сурвалжид:
Агаар тунгалаг хаврын өдөр
Алтан гургалдай эгшиглэн дуулна
Зөрөг замаар охин явсаар
Зөөлөн өнгөлөг ялам түүнэ хэмээн шүлэглэсэн нь бий.

Торго гэдэг маш үнэтэй, яг л шижир алтны дайтай үнэлэгдэж хамгийн үнэтэй бэлгийн нэг болж, асар их эрэлтийн улмаас “торгоны зам, худалдаа” хүн төрөлхтний түүхэнд гарсан билээ.

Ромын язгууртнууд Хятадын торгонд нүд унаган дурлах ч хэрхэн яаж гарган авдгийг нь мэдэхгүй байж. Тухайн цагт Хятадаас ялам модны үр, хүр хорхойн өндөг гадагшаа гаргах нь хатуу чанга хориотой, хяналт шалгалт айхтар байсан хэмээдэг. Ромын дээдсүүд торго гаргах аргыг нь хулгайлуулахаар нэгэн ламыг явуулж л дээ.

Өнөөх лам шагналд авах мөнгөө бодож догдлон хөөрч яваад хүр хорхойн өндөг, модны үрээ хооронд нь хольж самуурсан хөгтэй түүх бий. Хөөрхий лам, хүр хорхойн өндгийг шороонд булж, ялам модны үрийг дулаан газарт тавиад хараад л байж. Мод ч ургасангүй, өндөг ч амилсангүй гэнэ.

торго

Торго хийх арга технологийг хулгайлсан хоёр лам. Ингэж европт торго дэлгэрчээ.

Торгоны гоё сайхан, тансаг чаминд автсан Ромчууд хаширсангүй. Хоёр дахь удаагаа лам илгээжээ. Гэхдээ нэг биш хоёр ламыг Азиудын торго хийх нууцыг мэдээд ир гээд явуулж. Энэ удаад, тэд маш нямбай хянуур байж бүх аргыг шат дарааллан сурч аваад хулгайлсан үр, өндгөө таягныхаа гол хөндийг дүүртэл хийж аваад талийжээ. Ингэж л европод торго дэлгэрсэн юмсанж.

Төв Азийн орнууд, Самаркандад торго хийх арга мөн л хулгайгаар, гэхдээ Шинжааны нутгаар дамжин, IV зуунд орж иржээ. Азийн орнууд торго хийх хүсэлтээ удаа дарааллан явуулсан ч Хятадууд татгалзаад байж.

Торгоны зам дайран өнгөрдөг бас нэгэн чухал газар нь өнөөгийн Шинжаан- Уйгар байв. Нутгийн Хотон гүнж Хятадын хан хүүтэй гэрлэхээр болоод, хадам талдаа яг зочилж байхад нь гүнжийг зорин нууц элч иржээ. Тэр элч гүнжид эх нутагтаа хүр хорхойн өндөг, модны үр сэм авч ирэх даалгавар дамжуулсан аж.

Залуухан зоригтой гүнж ёсоор гүйцэтгэж, малгай дотроо үр, хүр хорхойн өндгийг нуучихаж. Хилээр гарах үед түүний хувцас, эд зүйлс, хөсөг ачааг бүгдийг шалгасан болов ч хэн ч гүнжийн малгайд гар хүрч зүрхлээгүй түүхтэй.

торго

Энэхүү үйл явдлыг гэрчилсэн маш эртний сонирхолтой олдвор хожим олдсон юм. Тэр нь тухайн үйл явдлыг модон дээр зурсан зураг. Энэ сонирхолтой олдворыг Английн археологич Аурель Стейн олжээ. Уг зурагт язгууртан бүсгүйн малгайг зарц эмэгтэй хуруугаараа зааж буйгаар дүрсэлсэн байдаг аж.

торго

Ялам мод, торгоны хорхой Шинжаан-Уйгараар дамжин Азийн бусад орноор тархаж, өнөөдөр ч модоо тарьж, хүр хорхойгоо тэжээж торго, алдарт торгон хивсээ нэхсээр байгаа билээ. Чихэндээ итгэмээргүй сонссон нэгэн зүйлийг сонирхуулъя. Хүр хорхойн торгон утас нь хүний үснээс найм дахин нарийхан хэрнээ маш бөх бат юм байна. Эмэгтэй хүний нэг даашинз хийх торго авахын тулд 2000 хүр хорхой хооллох хэрэг гарна. Харин тэжээлд нь шим шүүс сайхан хоёр ялам модны навчис хангалттай гэнэ.

Самаркандын гар аргаар хийдэг цаас нь машид үнэтэй тул “торгон цаас”, “султан цаас -хаан цаас” гэж нэрлэжээ. Цаас гэдэг торгоноос дутахгүй ховор үнэтэй эд байж.

Гараар хийсэн цаас нь маш их ажиллагаатай тул торго адил дээдлэж хүндлэх нь аргагүй юм билээ.

Самаркандчууд энэ цаасаа “Шөнийн гүн тэнгэр дор, сувдан оддын гэгээнд, чамайг санан шүлэг бичин ганцаар тонголзон суухад “самарканд цаас” л шажигнахаас өөр хань надад алга” гэх мэтээр магтана.

Цаасны тухай сонирхолтой түүх сөхье. 2000 жилийн өмнө, Хятадын хааны зөвлөх Цай Лунь хэмээх шүүхийн ажилтан эр, ялам модны холтос, самбай даавуу зэргийг хольж ялзалж чанан шүүж, жигд сайхан хатааж цаас гаргасан гэдэг.

торго

Он жил улиран өнгөрсөөр, цаас хийдэг нууцыг нь улс орнууд мэдэхгүй явсаар 300 жилийн дараа VIII зуунд л өнөөгийн ойрх дорнодын орнуудад тарсан гэдэг. Ингэж тархсан түүх Самаркандаас эхэлж байсан юм. Тухайн цаг үед Самарканд нь арабчуудад эзлэгдсэн байлаа.

Одоогийн Киргизийн нутаг Талас гэдэг газарт 750 онд Хятадын Тан улсын эсрэг Төвдийн холбоотон болж Арабчууд дайн хийн ялж байв. Олзлогдсон хятад цэргүүдийг Самарканд тууж орж ирэхэд тэдний дунд, цаас хийхэд нарийн мэргэшсэн маш чухал хоёр хүн байж таарч. Амь насыг нь өршөөх аваас цаас хэрхэн яаж гаргаж авдаг нууцыг заахаар тохирсон хэмээдэг. Тэгээд ялам модноос цаас гаргаж авч байжээ. Самарканд цаас нь Иран, Ирак гээд Арабын орнуудаар тархсан түүхтэй ажээ.

торгоСамаркандаас холгүйхэн 10 км зайтай Конигил хэмээх хөөрхөн тосгонд, яг л эрт дээр үед хийж байсан хуучны тэр л аргаар цаасаа гаргаж авч байгааг гадны жуулчдад үзүүлнэ. Цаасыг гаргаж авахад зөвхөн хоёр настай ялам модыг л ашиглана.

Ингэж гаргасан цаас нь хоёр зуун жил хүний гарын ая даадаг гайхамшигтай бөхөөрөө алдартай. Урт удаан цаг шаардсан, нөр их хөдөлмөр шингэсэн энэ ажлыг узбекчууд уйгагүй нь аргагүй нямбайлан хийцгээнэ. Тав, зургаан охид хүүхнүүд зэрэгцэн суугаад л хутгаар холтсыг хусаж хуулна, залуу ялам модны мөчрийг усанд дөрвөн өдөр дэвтээсэн гэж ярина.

Том том түмпэн дүүртэл овоолсон өнөөх холтсоо шавар зууханд шигтгэсэн ширмэн хар тогоонуудад 4-5 цаг чанахад үсний ширхэг мэт болж салдаг аж. Оньсон нүдүүр нь урт том гуулин мод. 8-9 цагийн цагийн турш балбаж гарна. Модны холтос зунгаг болмогц, тусгай савтай усанд хийж нимгэн нарийн нүхтэй хавтгай шүүрээр шүүн авч цонхны шилэн дээр хатаасан харагдана. Хавтгай нимгэн цаасаа сайхан хатсаны дараа зөвхөн гартаам чулуугаар зүлгэж өө сэвийг дардаг аж.

торго

Төмөр хааны үед Самаркандын ганц гол цаас үйлдвэрлэлт улам хөгжиж байж. Бүр 42 салбарыг нээж байсан түүхтэй. Даавуу, торгыг ялам модны холтостой хольж улам нягтаршил сайтай, гялгар сайхан өнгөө алдаггүй болгож сайжруулсан гэнэ. Монголчууд бид даавуу торгоо имэрч байж мэддэг шиг Узбекууд таваг шаазангаа дуугаар нь ялгах төдийгүй Самарканд цаасаа ганц шажигнуулаад мэддэг гайхалтай хүмүүс юм билээ.

(үргэлжилэл бий)

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img