2024-12-10, Мягмар
-22 C
Ulaanbaatar

Хөгжлийн бэрхшээл, хүнд өвчинд бууж өгөөгүй алдартай эмэгтэйчүүд

Түүхийн бүхий л цаг үед амжилтад тэмүүлсэн эмэгтэйчүүд төрөл бүрийн саад бэрхшээл, хүйсийн ялгаварлан гадуурхалтыг даван туулсаар ирсэн. Зарим үед нийгмийн саад бэрхшээлээс гадна хувь хүний биеийн онцлог ч амжилтад хүрэхэд саад болох нь элбэг. Гэхдээ хүнд өвчин тусаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон ч бууж өгөлгүй, дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулсан бүсгүйчүүдийг Forbes онцолжээ.

Сара БернерСара Бернар

Францын жүжигчин Сара Бернар 1844 онд Парис хотноо төржээ. Кабарегийн дуучнаар гараагаа эхэлсэн тэрбээр удалгүй кино, театрын тайзнаа алдаршсан байна. Түүнийг бүх цаг үеийн хамгийн алдартай жүжигчин хэмээн нэрлэж байв. Сара “Комеди Франсез” театрт дүр бүтээхээр болоход Хөгжмийн академийн захирал түүний талаар “Түүний бүх юм хэтийлсэн. Туйлын нарийнхан бэлхүүс, хэт өтгөн үс, дэндүү өгүүлэмжтэй харц” хэмээж байв.

1905 онд 61 настайдаа тэрбээр жүжигт тоглох үеэр тайзны засал нурж, хөлөө гэмтээжээ. Үүнээс 10 жилийн дараа хөл нь тасралтгүй, тэсэхийн аргагүй өвддөг болсон тул хөлийг нь өвдөгнийх нь дээгүүр тайрсан байна. Хэдийгээр тухайн үед хөл нь маш их өвдөж, дараа нь хөлөө тайруулсан ч тэрээр театр, кинонд тоглосон хэвээр байж, Дэлхийн нэгдүгээр дайны үеэр фронт дээр очиж, дайчдад тоглолт хийдэг байжээ. Холливудын алдрын гудамжид түүний од бий.

ФридаФрида Кало

Өтгөн хар хөмсөг нь гол имиж нь болсон Фрида Калог мэдэхгүй хүн үгүй. Хорвдугаар зууны аугаа эмэгтэй зураачдын нэгд зүй ёсоор тооцогддог Фрида Кало бүхий л амьдралынхаа туршид хүнд өвчнөөр шаналж байв.

Тэрээр багадаа халдварт саа өвчин туссан бөгөөд хүүхэд ахуйдаа доголж явдаг байсны дээр амьдралынхаа туршид 35 удаа хагалгаанд орж, 46 настайдаа нэг хөлөө тайруулсан юм.

“Биеийн хамгийн чухал хэсэг бол тархи. Надад миний хөмсөг, нүд таалагддаг. Биеийн бусад хэсэг огт таалагддаггүй. Миний толгой хэт жижигхэн. Хөх, бэлэг эрхтэний талаар яриад ч хэрэггүй. Эр хүний төрх ч надад бий, царайны төрх, сахал гээд л” хэмээн Фрида өөрийнхөө талаар ярьж байв.

Чухамхүү түүний өтгөн, хоорондоо нийлж ургасан хөмсөг, сахал нь Фридагийн нэрийн хуудас болсон гэж хэлж болно. Тэрээр өөрийн хөрөг дээрээ ч эдгээр онцлогоо тодотгон харуулдаг байв. Үүний зэрэгцээ Фридагийн уран бүтээлийн чухал сэдвүүдийн нэг нь түүний өвчин байв.

Зургаан настайдаа халдварт саа өвчнөөр өвдөж, баруун хөл нь нарийсаж, хоёр хөл нь урт богино болжээ. Үеийнхэн нь түүнийг байнга доромжлон, “модон хөлт” гэж шоолдог байсан ч охин улам л хатуужин, өвчнөө даван туулж, хөвгүүдтэй хөл бөмбөг тоглон, усанд сэлж, боксоор ч хичээллэдэг байсан гэх.

Залуудаа өвчний улмаас хатангиршсан хөлөө нуух гэж урт банзал өмсдөг байсан тэрээр хэв маягаа өвөрмөцөөр бүрдүүлж, мексик ардын уламжлалт хувцас, хурц тод чимэглэл зүүдэг байсан юм.

Хөгжлийн бэрхшээл түүний хувийн амьдралд ч саад болсонгүй. Алдарт зураач Диего Ривератай гэрлэж байсан тэрээр 1917 оны Октябрийн хувьсгалын зохион байгуулагчдын нэг Лев Троцкийтай амрагийн холбоотой байсан гэдэг.

Фрида Кало урлагт асар их нөлөө үзүүлсэн төдийгүй олон эмэгтэйчүүдийн хувьд эрч хүч, тэгш боломжийн бэлгэдэл болсон юм.

Эдит ПиафЭдит Пиаф

Домогт дуучин Эдит Пиаф 147 сантиметр өндөр, 40 гаруйхан кг жинтэй, гаднаас нь харахад диватай адилгүй байв.

Уран бүтээлийн нэр болох Пиаф нэрийг “Жернис” кабарегийн эзэн Луи Лепле Эдитэд зориулан бодож олжээ. Чухамхүү тэрээр ирээдүйн одыг Парисын гудамжинд дуулж байхад нь анх олж харсан гэдэг.

Тэрээр хүнд хэцүү амьдралыг туулж дэлхийн тайзнаа домог болсон нэгэн. Эдит гурван настай байхдаа бараг л хараагүй болсон гэдэг. Шүтлэгтэй эмээ нь түүнийг Гэгээн Терезагийн шарил дээр аваачин, улмаар долоо хоногийн дараа нүд нь эдгэсэн аж. Тэр үеэс хойш Эдит насан туршдаа Терезагийн дүрс бүхий хүзүүний зүүлт зүүж, аялан тоглолтоор завгүй явсан ч сүмд очиж мөргөдөг болжээ. Есөн настайгаасаа дуулж эхэлсэн охиныг чухамхүү Луи Лепле алдрын замд хөтөлсөн юм.

1951 онд дуучин бүсгүй өөрийнх нь хамтран зүтгэгч, нарийн бичгийн дарга, жолооч нь байсан Шарль Азнавуртой хамт явж байгаад автын осолд оржээ. Олон тооны гэмтлээс үүдсэн өвдөлтийг намдаахын тулд түүнд морфин бичиж өгөв. Ингээд жилийн дараагаас Эдит хар тамхины хамаарлаа эмчлүүлэх болжээ. 1955 онд хор тайлах олон эмчилгээ хийсний дараа Эдит Пиаф хэсэг хугацаанд морфины хамаарлаасаа салсан ч судасны хатуурал, согтууруулах ундаанд татагдах хүсэл нь унтарсангүй.

Эдит Пиаф 1963 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 47 насандаа таалал төгсчээ. Түүний оршуулганд Францын өнцөг булан бүрээс хүмүүс ирж, салах ёс гүйцэтгэв. Дэлхий тэр чигээрээ гашуудаж байлаа. “Пиафтай хамт Францын бүхэл бүтэн шансоны эрин дууслаа” хэмээн хэвлэлээр бичиж байсан юм.

ЖилианЖиллиан Меркадо

Америкийн загвар өмсөгч Жиллиан Меркадо багадаа булчингийн дистрофи гэсэн онош сонсжээ. Ингээд бүхий л амьдралынхаа туршид тэргэнцэр дээр явах шаардлагатай болов.

Загварын салбарт хөгжлийн бэрхшээлтэй загвар өмсөгчдийг оролцуулах шаардлагатай гэсэн сэдвийг хөндөж олны анхааралд оруулсан Nordstrom брендийн сурталчилгааны аянд Меркадо оролцсоноороо дэлхийд алдартай болжээ. Түүнчлэн тэрбээр Glamour, Cosmopolita, Posture сэтгүүлүүдэд зургаа авахуулж байв.

Өдгөө Жиллиан Меркадо жүжигчин, идэвхтэн, САА агентлагийг үүсгэн байгуулагч болсон. Энэ агентлаг нь бусдын харж дадсан загвар өмсөгчдөөс өөр, онцлогтой хүмүүсийг загварын тайзнаа гаргадаг аж.

ХеленХелен Келлер

Америкийн алдарт зохиолч Хелен Келлер бага насандаа сонсгол, хараагүй болжээ. Ингээд түүнийг зургаан настайд нь ээж аав нь түүнд багш хөлслөн авч, хичээл заалгах болсон байна.

1903 онд Хелен Келлер “Миний амьдралын түүх” намтар номоо гаргасан нь хожим 50 хэлээр хөрвүүлэгдэж, АНУ-ын сургуулийн уран зохиолын хөтөлбөрт багтжээ. 1904 онд Кембрижийн Рэдклифф эмэгтэйчүүдийн коллежийг төгссөнөөр дээд боловсрол эзэмшиж, бакалавр цол хүртсэн анхны хараагүй, сонсголгүй хүн болсон байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img