2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Путиныг эсэргүүцэгч Надеждиныг дэмжихээр оросууд дугаарлан зогсож байна

2024 оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путин нэр дэвших бөгөөд түүнийг сонгуульд ялах нь тодорхой, ёс төдий болгон Кремлиэс дэмжсэн хэдэн нэр дэвшигчийг саналын хуудсанд оруулна гэсэн мэдээллүүд хараат бус хэвлэлүүдээр гарч байлаа.

Гэхдээ гэнэт л оросуудад итгэл найдвар төрүүлсэн нэр дэвшигч гарч ирэв. Тодруулбал, “Иргэний санаачилга” намаас Борис Надеждиныг нэр дэвшүүлэхээр болсон юм. Энэ нам Парламентад суудалгүй тул тэрбээр нэр дэвших эрхээ авахын тулд нэгдүгээр сарын 25-ны дотор Оросын сонгогчдоос 100 мянган гарын үсгийг цуглуулах ёстой.

Ингээд түүнийг дэмжихээр болж, олон хүн гарын үсэг зурахаар өвлийн хүйтэнд дараалалд зогсож байгаа зураг дэлхий дахины анхаарлыг татсан юм.

НадеждинТүүнийг сөрөг хүчний томоохон төлөөллүүд ихээхэн дэмжиж байгаа. Тухайлбал, Оросын нэрт улс төрийн зүтгэлтэн, нийтлэлч, сөрөг хүчний төлөөлөл Михаил Ходорковский “Борис Надеждины төлөө гарын үсгээ зураарай. Надеждин та нарт таалагдахгүй байсан ч түүнийг дэмжсэнээрээ дайны эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх боломж нь энэ юм” хэмээн Телеграм сувагтаа бичиж байв.

Мөн өдгөө Оросын шоронд хоригдож байгаа, тус улсын сөрөг хүчний удирдагч Навальныйн хамтран зүтгэгч Любовь Соболь Надеждиныг дэмжихийг уриалж, энэ нь Оросын нийгэмд улс төрийн төлөөлөл, шинэ дуу хоолой хэрэгтэй байгааг харуулж чадна хэмээн онцолж байсан юм.

Надеждиныг дэмжсэн гарын үсэг цуглуулах штабууд дээр орон нутгийн сөрөг хүчнийхэн ажиллаж байгаа аж. Тэдний дунд 1990-ээд оны ардчилагчид, “Яблоко” намын гишүүн байсан хүмүүс болон өнөөгийн гишүүд багтаж байгаа гэж ВВС мэдээлжээ.
Ингээд өнгөрсөн амралтын өдрүүдэд улс төрч Борис Надеждиныг ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх гарын үсэг зурахаар ОХУ болон дэлхийн олон хотод дараалал үүссэн байна.

Төрийн Думын депутат асан 60 настай улстөрч Борис Надеждины сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн намар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо зарласнаар эхэлжээ. Арванхоёрдугаар сарын сүүлчээр Думд суудалгүй “Иргэний санаачилга” намаас түүнийг нэр дэвшүүлэхээр болж, Сонгуулийн төв хороо гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлэхийг зөвшөөрсөн аж.

Хуулийн дагуу 2024 оны гуравдугаар сард санал өгөхийн тулд Надеждин нэгдүгээр сарын 25 гэхэд Оросын сонгогчдын 100 мянган гарын үсгийг цуглуулж, Сонгуулийн төв хороо нэгдүгээр сарын 31-нд хүлээн авах ёстой.

Борис Надеждин өөрийгөө “Одоогийн ерөнхийлөгч Владимир Путины бодлогыг зарчмын зөрүүтэй эсэргүүцэгчийн хувиар сонгуульд оролцдог” нэр дэвшигч хэмээн мэдэгдэж байлаа.

Борис Надеждин гэж хэн бэ?

НадеждинБорис 1963 онд төржээ. Гурвантаа гэрлэж байсан, дөрвөн хүүхэдтэй. Дуу бичих хоббитой тэрбээр дөрвөн диск гаргаж байжээ. Багаасаа физикийн хичээлд авьяастай байсан тэрбээр физик-математикийн гүнзгийрүүлсэн сургууль төгсөж, дараа нь Москвагийн физик-техникийн дээд сургуулийг онц дүнтэй төгсжээ. Тун удалгүй дэд эрдэмтэн цол хамгаалж, Вакуумын гадаргуун шинж чанарыг судлах эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан болсон аж.

1990 оноос улс төрийн карьер нь эхлэж, Долгопрудын хотын зөвлөлийн гишүүн болжээ. 1991 оны 10 дугаар сард ардчилсан шинэчлэлтийн хөдөлгөөнд нэгдсэн байна.

Хожим нь хуулийн боловсролтой болж, Москва мужийн Өмчийн санд ажиллаж, Москвагийн Бүтэц, хөрөнгө оруулалтын бодлогын хүрээлэнгийн орлогч захирлаар ажиллаж байжээ.

Оросын эрх баригчдын захиалгаар амь насыг нь бүрэлгэсэн гэгддэг Борис Немцовтой тэрбээр хамтран ажиллаж байсан нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. 1997-1998 онд Борис Немцов засгийн газрын орлогч дарга байх үед Надеждин түүний зөвлөхөөр ажиллаж байжээ. Ингээд 1999 онд “Барууны хүчний холбоо”-оос Төрийн думд сонгогдсоны дээр мөн л Борис Немцов тэргүүлж байсан парламентын фракцын орлогч даргын албыг хашиж байв.

Энэ нь түүний улс төрийн карьерын оргил үе байсан бөгөөд үүнээс хойш сонгуульд удаа дараа оролцсон ч амжилтгүй болсон юм.

Тэрбээр энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн дундаас дайн эсэргүүцдэг цорын ганц хүн гэдгээрээ ихээхэн ялгарч байна.

“Улс төрийн дэглэм энэ хэвээрээ байгаа үед бид Европруу буцаж чадахгүй. Украинтай холбоотой энэ түүхийг зогсоож, Европын орнуудтай хэвийн харилцаатай болгож чадах өөр төрийн тэргүүнийг сонгох ёстой” хэмээн мэдэгдэж байлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img