2024-06-20, Пүрэв
13 C
Ulaanbaatar

Г.Занданшатар: Хоёр бөхт монгол тэмээний удмын санг хамгаалах, өсгөн үржүүлэх нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн онцгой үүрэг

“Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн өнөөдөр /2024.01.22/ Баянхонгор аймагт эхэллээ. Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар энэхүү зөвлөгөөнд оролцож байна.

Монголын тэмээн соёл,тэмээчдийн зөвлөгөөн тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөн үржүүлэх, тэмээчид, малчдыг туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, тэмээний аж ахуйд хэрэглэж ирсэн уналга, эдэлгээний тоног төхөөрөмж, ахуйн хэрэглэлийг танин мэдэх, сурталчлах, гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэхүү зөвлөгөөнд 7 аймгийн 20 гаруй сумын 100 гаруй тэмээчид, малчид оролцож, буухиа уралдаан, тэмээний парад, сайхан тэмээтэй хос, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулах, мөн буйл зорох, бурантаг томох, 3 насны тэмээ уралдуулах зэрэгт хурд хүч авхаалж самбаагаа сорихоос гадна, тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү арга хэмжээний нээлтэд үг хэллээ. Тэрбээр, 2023 оны урьдчилсан тооллогоор манай улсад 473.9 мянган тэмээ тоологдож, өнгөрсөн оныхоос 3.4 мянгаар өссөн байна. Өмнөговь аймаг 157.2 мянган тэмээ тоолуулж улсад тэргүүлсэн бол Дорноговь аймаг 54.5, Баянхонгор 48.9, Говь-Алтай 47.4, Дундговь 43.7 мянган тэмээгээр эхний 5 байрт жагсаж байна. Монголын хос бөхт тэмээн сүрэг, түүнийг адуулан маллах “тэмээн соёл” бол Монголын бахархал, дэлхийд гайхуулах нүүдэлчдийн өвөрмөц нэгэн ёс заншил, аж төрөл билээ.

Дэлхийд ховордсон энэ гайхамшигт амьтнаас гардаг ноос, мах, сүү нь үнэт түүхий эд, дэлхийд өрсөлдөх монгол брэндийн нэг мөн юм. Тиймээс бид монгол тэмээгээ улам өсгөн үржүүлэх ёстой. 1954 онд 895 мянга гаруй тэмээ тоолуулж байсан рекорд амжилтад хүрэх, түүнээс давж гарах нь монгол төрийн бодлого, тэмээчдийн хэтийн зорилго мөн. Тэмээгүйгээр монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоно гэвэл өрөөсгөл болно.

Учир нь амгалан дөлгөөн зантай, холыг туулах, ачаа, өл даах чадвараараа гарамгай, уналга эдэлгээнд амархан сурдаг, тэвчээртэй, дуулгавартай гээд олон сайн чанарыг агуулсан монгол тэмээ Монгол орны говь, цөлийн экологийн нөхцөлд гайхамшигтай дасан зохицсон амьтан билээ. Түүнчлэн хоёр бөхт монгол тэмээний генефондыг хамгаалах, өсгөн үржүүлэх нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн онцгой үүрэг юм. Тиймээс төр, засгаас хоёр бөхт монгол тэмээг хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ бодлого цаашид ч тууштай үргэлжлэх болно.

Эрдэнэт тэмээн сүргээ өсгөх, ашиг шимийг нь бүрэн, зөв ашиглах, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг чиглэлээр сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ихээхэн идэвх санаачилгатай ажиллаж байгаа нь сайшаалтай юм. Баянхонгор аймаг 10-аадхан хоногийн өмнө “Ламын гэгээний улаан тэмээ”-гээ үүлдрээр батлууллаа. Говь-Алтай аймаг “Төхөм Тунгалагийн хүрэн” үүлдрийн, Завхан аймаг “Завхан Хүнгүй” хэвшлийн тэмээгээ өсгөн үржүүлж, Өвөрхангай аймаг “Монголын хоолойн тэмээ”-гээ, Ховдынхон “Дөргөний тэмээ”-гээ “Омог” болгон батлуулахаар ажиллаж байгаа сайхан мэдээ байна. Өмнөговийнхон “Ингэн тагш” нэртэй ингэний хоормог үйлдвэрлэж, Баянхонгорын “Их халбаганат” компанийн ингэний сүүгээр хийсэн тараг, бялуу, зайрмаг зэрэг амттан брэнд түвшний бүтээгдэхүүн болсон байна. Энэ мэт сайн жишээ олныг дурдаж болно.

Цаашид та бид тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан, олшруулан өсгөж, Монголын “тэмээн соёл”, хоёр бөхт монгол тэмээ, түүнээс гардаг ашиг шимээр дэлхийд өрсөлдөхийн төлөө хичээн зүтгэх нь нэн чухал байна. Энэ зорилгыг амжилттай хэрэгжүүлэх, тэмээчдийн туршлагыг харилцан солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэн алдаршуулах, тэмээчдийн залгамж халааг бэлтгэх, гадаад, дотоодын жуулчдыг татахад өнөөдөр эхэлж буй “Монголын тэмээн соёл” наадам чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэж байна хэмээв

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img