2024-07-22, Даваа
19 C
Ulaanbaatar

ОХУ: Сүйрсэн онгоцонд 65 олзны украин цэрэг байсан

Нэгдүгээр сарын 24-ний өдөр ОХУ-ын нутаг дэвсгэр дээр тус улсын цэрэг тээврийн Ил-76 онгоц сүйрчээ. Энэ онгоцыг Украины тал сөнөөсөн гэж ОХУ буруутгасны дээр онгоцонд олзны орос цэргүүдээр солилцох гэж байсан 65 украин олзны хүн байсан хэмээн мэдэгджээ. Оросын онгоц сүйрсэнтэй холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр сарын 24-ний өдөр ОХУ-ын Белгород мужийн Корочанскийн нутаг дэвсгэр дээр Оросын онгоц унасан юм. Онгоцны ослын талаарх мэдээллийг анх Оросын Телеграм сувгууд мэдээлж байсан бол тун удалгүй ОХУ-ын Батлан хамгаалах яам онгоц сүйрсэн гэсэн мэдээллийг албан ёсоор баталсан.

Ил-76 онгоц суурин газраас холгүйхэн унаж, сүйрсэн бөгөөд онгоцонд зорчиж явсан бүх хүн амиа алджээ. Осол болохоос өмнөхөн Белгород мужид пуужингийн аюулын түгшүүр зарласан гэсэн мэдээлэл гарч байлаа.

Германы BILD сонины тоймч Юлиан Рьопкегийн бичсэнээр, Оросын онгоц газар мөргөхдөө биш харин агаарт дэлбэрсэн байна. Нутгийн оршин суугчид дэлбэрэх чимээ сонсон бичлэг хийхэд бичлэг дээр онгоц унахаасаа өмнө хэдэн хэсэг болж байгаа нь дүрслэгдсэн гэж тэрбээр онцолжээ.

Мөн онгоцыг нисэж явахад нь сөнөөсөн гэх мэдээллийг Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар Украины хэвлэлүүд ч мэдээлсэн байна.

Онгоцны ослын шалтгаантай холбоотой хэд хэдэн хувилбар дэвшүүлсний дотор агаараас эсэргүүцэн хамгаалах системээр онгоцыг сөнөөсөн гэх хувилбар илүү магадлал өндөртэй байгаа гэнэ.

Ийм таамаглалыг барууны цэргийн шинжээчид дэвшүүлсэн бөгөөд дэлбэрэх үед тэнгэрт гарч байгаа утаа нь онгоцыг пуужингаар сөнөөсөн гэдгийг илтгэнэ гэж шинжээчид мэдэгдсэнийг ВВС дамжуулжээ.

ОХУ Украиныг буруутгав

Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ Ил-76 онгоц Чкаловский нисэх буудлаас хөөрч, Белгород хотыг зорин нисэж байсан хэмээжээ.

Мөн онгоцонд 74 хүн зорчиж явсны зургаа нь хөлгийн багийн гишүүн, гурав нь Оросын цэргийн алба хаагч, харин 65 нь Оросын олзонд байсан 65 украин дайчин байсан хэмээн онцолсон байна.

Оросын эрх баригчид энэ осолд Украиныг буруутгасан юм. Осол болсон өдөр Украин хоёр пуужин харвасан нь тогтоогдсон, мөн чухамхүү нэгдүгээр сарын 24-ний өдөр “Колотиловка” боомт дээр Украины олзны хүмүүсийг солилцох ажил болно гэдгийг Украины тал мэдэж байсан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Украины талын байр суурь

Энэ осолтой холбоотойгоор сөргөлдөгч талууд нэг нэгнээ буруутгаж байна. ОХУ Украиныг буруутгасан бол Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар ОХУ-ыг онгоцны ослыг зориуд төлөвлөн, өдөөн хатгалга хийсэн хэмээн буруутгажээ.

Украины Тагнуулын ерөнхий газар мэдэгдэл хийхдээ олзны хүмүүсийг солилцох үеэр мөрдөгддөг журмын дагуу Белгород орчимд агаарын орон зайн аюулгүй байдлыг хангах шаардлагатай гэж Украины талд сануулаагүй хэмээн онцолсон байна.

“Одоогоор Украин сүйрсэн онгоцонд хичнээн хүн, чухам ямар хүмүүс зорчиж явсан талаарх үнэн бодит мэдээллийг аваагүй байна.

Мөн манай талд тодорхой хугацаанд Белгород хотын бүсэд агаарын орон зайг хамгаалах шаардлагатай гэж урьдчилан мэдэгдээгүй. Олзны хүмүүсийг хүргэх тээврийн хэрэгслийн тоо, чиглэлийн талаарх мэдээллийг Украин аваагүй.

Тиймээс энэ нь олзны хүмүүсийн амь нас, аюулгүй байдалд заналхийлэхэд чиглэгдсэн Оросын санаатай үйлдэл байж болзошгүй гэсэн таамаглалыг төрүүлж байна” хэмээн Украины Тагнуулын ерөнхий газар мэдэгджээ.

Түүнчлэн, Украин дахь нөхцөл байдлыг тогтворгүйжүүлж, тус улсад үзүүлэх олон улсын дэмжлэгийг зогсоохын тулд ОХУ зориудаар төлөвлөн өдөөн хатгалга хийсэн байж болзошгүй гэж Тагнуулын ерөнхий газар онцолсон байна.

Онгоцонд хэн зорчиж явсан бэ?

Сүйрсэн онгоцонд Украины цэргийн алба хаагчид явж байсан гэж Оросын тал мэдэгдэж байгаа юм.

Мөн ослын улмаас амиа алдсан гэгдэх украин олзны цэргүүдийн нэрсийн жагсаалтыг Оросын RT агентлагийн ерөнхий редактор Маргарита Симоньян нэгдүгээр сарын 24-ний үдэш дэлгэсэн юм.

Гэхдээ, Украины хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, энэ жагсаалтад тодорхойгүй зүйлс олон байгаа гэнэ.

Тухайлбал, зарим цэргийн алба хаагчдын овгийг буруу бичсэн бол нэгдүгээр сарын гуравны өдөр солилцоогоор Украин руу буцсан цэргийн алба хаагчийн нэр ч багтжээ.

Түүнчлэн ослын газрын зургаас харахад олон тооны цогцос харагдахгүй байна гэж Украины хэвлэл мэдээлсэн бол Оросын тал мэдэгдэл хийхдээ, онгоцонд 74 хүн байсан, дэлбэрэлтийн улмаас хол шидэгдсэн, бүх цогцосыг цуглуулах ажил явагдаж байгаа хэмээн онцолжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img