2024-07-24, Лхагва
17 C
Ulaanbaatar

Idel. Реалии: Халимаг, буриадууд Монголын эрх баригчдад хандахаар хуулийн төсөл боловсруулжээ

Оросын угсаатны цөөнхийн идэвхтнүүд төрөл нэгт ард түмний төлөөллүүдийг Монголд хууль ёсоор бүртгэх ажлыг хуульчлах саналыг Монголын эрх баригчдад тавихаар санаачилгын бүлэг үүсгэн байгуулжээ. Энэ төслийн талаар “Idel. Реалии” сонинынхон төслийг санаачлагчидтай уулзан ярилцсан байна.

Оросын ард түмэн, бүс нутгуудад зориулсан олон нийтийн сүлжээн дэх группүүдээр “Монгол үндэстний карт” байгуулах санааг 2023 оны 12 дугаар сараас эхлэн идэвхтэй сурталчлах болжээ. Ийм нэртэй санаачилгыг Халимагийн уугуул Жангар Тюрбеев тэргүүлсэн United Mongols Development Foundation идэвхтнүүдийн бүлэг гаргасан аж.

Төслийн зорилго нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудын монгол хэлт болон бусад төрөл ард түмний төлөөлөгчид Монгол үндэстэнд харьяалагдахыг албан ёсоор баталсан баримт бичиг авах боломжийг олгох шинэ хуулийг Монголд батлуулах явдал гэнэ.

Одоогоор энэ санаачилгыг дэмжин гарын үсгийг Change.org болон Монголын United Info Hub цахим хуудсууд дээр цуглуулж байгаа аж. Одоогоор энэ санаачилгыг 2000 орчим хүн дэмжжээ.

Цагаачлал

Украинд дайн дэгдэж, үүний араас Орост хавчлага нэмэгдэн, 2022 оны намар хэсэгчилсэн дайчилгаа зарласнаар оросууд олноор гадаад орныг зорьсон юм. Тэдний ихэнх нь Өмнөд Кавказ, Төв Азийн орнуудад суурьшжээ.

Эдгээр орнууд нь газарзүйн байршил болон соёлын хувьд ойр, орос хэл ихээхэн түгсэн, дулаан уур амьсгалтай, бараа үйлчилгээний өртөг хямд, хууль ёсоор оршин суухад хялбар байсан тул Оросын цагаачид эдгээр орныг зорьсон байна. Социологчдын онцолж байгаагаар, Армени, Гүрж зэрэг орнуудад Оросын Москва, Санкт-Петербург зэрэг томоохон хотуудаас ирсэн хүмүүс зонхилж байгаа гэнэ.

Харин Монголын хувьд өөр. Хэдийгээр энэ улс ЗХУ-ын нөлөөнд байсан ч хэзээ ч энэ улсын бүрэлдэхүүнд багтаж байгаагүй юм. Монголд ахмад насны цөөн хүмүүс л орос хэлийг мэддэг. Мөн бусад оронтой харьцуулвал, цаг агаар хатуу ширүүн, өвөл нь -30 хэм давж хүйтэрдэг, удаан хугацаанд оршин суухын тулд оршин суух зөвшөөрөл авах ёстойн дээр удаан хугацаагаар жуулчин мэт суурьших боломжгүй.

Хэдийгээр орос цагаачийн хувьд Монгол тохиромжгүй мэт санагдавч өнөөдөр энэ улсад сүүлийн хоёр жилд ирсэн Оросын хэдэн мянган иргэн оршин сууж байна. Тэдний ихэнх нь халимаг, буриад, тува хүмүүс.

“2022 оны есдүгээр сарын сүүлээр Улаанбаатар оросуудаар дүүрсэн гэж миний танил монголчууд ярьж байлаа. Нутгийнхны хувьд танил биш царайтай хүмүүс олноор явж байсан гэнэ лээ. Гэхдээ ердөө сар, хоёр сарын дараагаас оросууд тэндээс явцгаасан.

Зарим нь Орос руу буцсан бол нөгөө хэсэг нь Монголыг дамжин өнгөрөх газар болгон ашигласан. Харин Монголтой ямар нэг байдлаар холбоотой гэж өөрсдийгөө боддог хүмүүс л тэнд үлдсэн, өөрөөр хэлбэл буриад болон халимгууд үлдсэн юм” хэмээн цагаачлалын асуудлын судлаач Влада Баранова өгүүлжээ.

Оросын бүрэлдэхүүнд байх Халимаг, Буриадын бүгд найрамдах улс хоорондоо 4000 гаруй километрийн зайтай, гэхдээ энэ хоёр ард түмний соёл олон талаар адил, мөн хэл нь ч нэгэндээ ойлгогдохоор байдаг аж. Халимаг, буриадуудыг монгол ард түмэн гэж нэрлэдэг, учир нь тэдний хэл монгол хэлний бүлэгт багтдаг юм.

Оросын үндэсний бодлогод халимаг, буриадуудыг монгол ард түмний төрөл гэж үздэг бол Монголд тэднийг нэгдсэн монгол үндэстний нэг хэсэг гэж үздэг.

“Монгол үндэстний карт” хуулийн төсөл

Монгол угсаатнууд Монголд хууль ёсоор оршин суух журмыг хялбаршуулах зорилгоор United Mongols Development Foundation –ий идэвхтнүүд “монгол карт”-ын тухай хуулийн төслийн эхийг бэлтгэжээ. Монголын эрх баригчид Хятадаас болгоомжилж болзошгүй тул энэ хуулийн төслийн текстэд “Энэхүү хууль нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад оршин суудаг эсвэл эдгээр орнуудаас гаралтай ч одоо өөр оронд оршин сууж байгаа, Монголын харьяат бус этгээдүүдэд үйлчилнэ” гэсэн заалт оруулжээ.

Хуулийн төслийг энэ хэвээр нь баталвал БНХАУ-ын монголчууд болон ойрдууд биш харин Оросын халимаг, буриад, тувачууд нутаг буцах боломж олгох аж.

Түүнчлэн хуулийн төслийн текстэд, Монгол руу буцах сонирхолтой хүн угсаатны хэл, уламжлалаа мэддэггүй тохиолдолд эцэг эх, өвөө, эмээгийнх нь аль нэгний гарал үүсэл болон угсаатны соёлын байгууллагын үйл ажиллагаанд оролцдог эсэх нь хуульд хамрагдах нөхцөл болно гэж тусгажээ.

“Ийм хууль батлагдвал хуучин ЗХУ-ын орон зайд байгаа монгол хүн бүрийг Монголын иргэний адилаар хүлээн авч, эрх олгох бөгөөд бүхий л орнуупын үндсэн хуулийг зөрчихгүй. Ийм хууль, карт Евразийн бүхий л орнуудад байдаг.

Дэлхийн монголчуудын түүхэн нөхцөл байдлыг хуульчилж, тэд хэзээ ч хамаагүй Монголд ирж, хууль ёсоор амьдран сууж, манай хамтын түүхэн үйл явцад оролцох боломжийг олгох цаг нь болсон” хэмээн энэ төслийг дэмжигчдийн нэг, Буриадын зохиолч Виктор Балдоржиев өгүүлжээ.

Тэрбээр энэ санаачилга амжилт олно гэдэгт итгэж байгаа гэнэ.

“Энэ хуулийн төслийг бүхий л буриад, халимаг, тува гээд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд дахь бүх монголчууд дэмжинэ гэдэгт би итгэлтэй байгаа. Дэлхийн бүх монголчуудын мэдрэмжийг ойлгож, хүлээн авч чадах цорын ганц улс болох өнөө цагийн Монголын сайн сайхны төлөө ажиллах, энэ улсад амьдрах хүсэлтэй монгол түмнийг нэгтгэсэн хуулийг Монгол Улсын Их хурлын гишүүд авч хэлэлцэн, батлахад бэлэн байгаа гэдэг нь эргэлзээгүй” хэмээн тэрбээр онцолсон юм.

Энэ төслийг Ойрд-халимаг ард түмний конгрессийн гишүүн Даавр Доржин ч дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

“Би энэ төслийн талаар сонссон. Энэ талаарх мэдээлэл манайхны дунд ч их тарсан. Ялангуяа одоо Монголд амьдарч байгаа хүмүүс ийм боломжийг ихээхэн хүлээж байгаа юм. Би ч өөрөө ийм хууль гараасаа гэж хүсэж байгаа. Түүхэн эх орон минь хууль ёсоор хүлээж авах эрхзүйн баримт бичиг гарвал таатай л байхсан” хэмээн ярьжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img