2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Сэтгэл зүйч Н.Рэнжмаа: Машин дэлбэрсэн ослоос хойш айдас түгшүүр, буруутныг хайсан сэтгэл зүй хүчтэй илэрч байна

Улаанбаатар хотын энэ өвлийн нийгмийн сэтгэл зүй болоод гамшгийн үед нийгмийн сэтгэл зүй ямар байгаа талаар Сэтгэл зүйч Н.Рэнжмаатай ярилцлаа.

-Өвлийн улиралд гарсан гэнэтийн шийдвэр хүмүүсийг цочролд оруулдаг-

-Энэ өвөл хөгшчүүлийн хэлдгээр “хатуу өвөл” болж байгаа мэт мэдрэмж надад төрөөд байх юм. Нэг л хүйтэй, зутруу мэт. Ер нь улирлаасp хамаарсан сэтгэл зүйн хямрал гэж байдаг уу?

-Улирал, цаг агаарын өөрчлөлтүүд нь бидний сэтгэл зүй, зан байдал, бие махбодын бодисын солилцоо, тархины зарим нэг үүргүүдэд тодорхой хэмжээний ялгаатай байдлуудыг бий болгодог.

Жишээлбэл дулааны улиралд хүмүүс тайван амгалан байдлыг мэдэрч, бүтээлч байдал нь нэмэгддэг бол зуны аагим халуунд хүмүүст бачуурах, давчдах, нозоорох байдал үүсч, уурлах бухимдах сэтгэл хөдлөлүүд илэрдэг.

Харин өвлийн хүйтэнд даарсан, бээрсэн, биеэ чангалж, хураасан хүмүүс аль болох дулаан газар руу яарч явдаг бөгөөд яарч, сандрах, тухгүй, биеэ чангалсан, хүмүүс хоорондоо уулзах байдал нь багасах зэргээр харилцааны хувьд “ичээндээ ордог” үе бөгөөд анхаарал төвлөрөл багасдаг.

-Мэдээж Монгол хүн жил бүр л хүйтэн өвөлтэй “тулдаг”. Сэтгэл зүйн хувьд хүйтнийг даван гарах чадвар сайн байдаг байх л даа. Энэ өвлийн хувьд хүйтэн дээр нэмэгдээд нийгмийн асуудлууд хавсраад хүнд өвөл мэт мэдрэмж өгч байгаа мэт. Дугаарын хязгаарлалт, автобусны чиглэл өөрчлөх ч гэдэг юм уу. Тэгэхээр яг өнөөдөр Улаанбаатар хотын иргэний сэтгэл зүй ямар байгаа бол?

-Тэгэхээр өвлийн улиралд хүмүүс даарах, халтирах, агаарын бохирдолд өртөх гэх мэт олон нөхцөл байдлаас шалтгаалж сэтгэл зүйн хувьд тогтворгүй, түгшүүртэй, бухимдалтай болдог нь нийтлэг анзаарагддаг.

Яг энэ үед нь төрийн бодлого, шийдвэрийн гэнэтийн өөрчлөлтүүд нь тодорхой хэмжээнд хүмүүсийн сэтгэл зүйд нөлөө үзүүлнэ. Ямар ч шинэ шийдвэр нь хүнд дасан зохицох тодорхой хугацаа шаардагддаг.

Гэтэл өвлийн улиралтай холбоотой цаг агаар, орчин нөхцөл, амьдралын таагүй байдлаас үүдэн сэтгэл санаа тогтворгүй байгаа үед гэнэтийн шийдвэр, өөрчлөлтөнд хүмүүс дасан зохицох байтугай хүлээн авах чадвар маш сул байх агаадуурлах, бухимдах, стресстэх зэрэг таагүй мэдрэмжүүд төрж болох юм.

Гэнэтийн шийдвэрүүдээс үүдсэн сөрөгмэдрэмжүүд нь эргээд ажлын бүтээмж болон хамт олон хийгээд гэр бүлийн уур амьсгал, харилцаанд нөлөөлнө. Цаашлаад нийгмийн энгийн харилцаанууд, тухайлбал гудамжинд алхахдаа, жолоо барьж явахдаа буюу бусадтайхарилцах үедээ сэтгэл санааны тогтворгүй байдлаа сөргөөрилэрхийлж гаргах нь нийтлэг байдаг.

-Хүн нөхцөл байдалд дасан зохицох гэж нэлээн стресстдэг байх нь. Тэгэхээр төрийн шийдвэр, бодлогууд буюу хүний амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц томоохон шийдвэрийг хэрхэн гаргах нь нийгмийн сэтгэл зүйн эрүүл байдлыг бий болгох вэ?

-Ер нь ганц улс төр, төрийн шийдвэрийн хүрээнд ч биш гэр бүлийн хүрээнд ч гэсэн гэнэтийн шийдвэр бол хүмүүсийг маш их цочроодог, гайхшируулдаг.

Хүн тэр гэнэтийн шийдвэрт хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй гацалтад орно, өөрчлөлтөд дасан зохицохын тулд нэг хэсэг стресстэнэ.

Стресс гэхээр дандаа сөрөг ойлголт бас биш. Стресстэнэ гэдэг чинь нөхцөл байдалд хэрхэн хариу үзүүлэх үү, дасан зохицох уу, даван туулах уу зэрэг шийдэл хайж байгаа үйл явц юм.

Тэгэхээр төрийн шийдвэр огцом, алга урвуулах мэт гэнэтийг байхаас илүү шат дараалалтайгаар бага багаар дасгах байдлаар шийдэх нь хүмүүсийн сэтгэл зүйн хувьд дасан зохицоход тустай юм.

Автобусны чиглэл өөрчилсөн жишээ дээр ярихад, хэдийгээр өмнө нь мэдээлэл хүргэсэн байсан ч яг аминд нь тулаагүй учраас хүмүүс ямар нэг өөрчлөлт хийх л гэж байгаа юм байна гэж бодож анзаарахгүй явсан байх.

Тэгэхээр төр шийдвэрийг хэрэгжүүлэхдээ судалгаа шинжилгээтэйгээр эхлээд тодорхой цөөн чиглэлийг явуулж, туршиж, хүмүүсийн хандлагыг мэдэрч, дасгах байдлаар дараагийн чиглэлүүдийг өөрчлөх байдлаар хэрэгжүүлэх нь сэтгэл зүй талаасаа дасан зохицож, хүлээж авахад тус болно.

Ингэхгүй бол гэнэтийн огцом шийдвэр хүмүүст цочрол өгч, сэтгэл зүйн хувьд айх, түгших, уурлах, бухимдах байдлыг нийтэд авчирна.

-Сая томоохон осол болж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн маш их гарз хохирол учирлаа. Үүний дараа нийгмийн сэтгэл зүй ямар байгаа бол?

-Гэнэтийн энэ аюултай нөхцөл байдлыг гамшгийн үе гэж нэрлэж болно. Энэ зүйлийг хэзээ ч хүн төлөвлөж, сэтгэл зүйгээ бэлтгэх боломжгүй нөхцөл байдал гэнэт бий болж байгаа юм.

Тэгэхээр энэ байдалд нийгмийн сэтгэл зүйл нэлээд айдас, түгшүүрт автаж, уй гашуу, гарз хохирол мэдэрч байгаа. Үүнээс болоод төрж буй болон хуримтлагдаж байгаа сэтгэл хөдлөлүүд нь дандаа сөрөг байдаг.

Бүр тодруулбал уур уцаар, бухимдал, айдас түгшүүр, эсвэл гуниглах, уйтгарлах таагүй мэдрэмж нийтлэг төрж байгаа. Өөрөөр хэлбэл нийтээрээ сэтгэл санааны хувьд тогтворгүй байдалтай байна.

Улмаар хоорондоо харилцахдаа ч, замын хөдөлгөөнд оролцохдоо ч тэр анхаарал төвлөрүүлэх чадвар муудчихсан осол аваар гаргах магадлал нэмэгдэж байна.

Энэ ерөөсөө л гамшгийн үед тохиолддог нийгэмд тулгарч байгаа сэтгэл зүйн цочрол юм. Осол амьдралд нь хэр нөлөөтэй байснаас хамаарч сэтгэл зүйн хямрал, цочролд харилцан ялгаатай өртсөн байх боломжтой.

Тухайлбал, шууд өртөж хохирсон хүмүүс, ослын орчинд амьдардаг хүмүүс, ослыг нүдээр харсан хүмүүс, цаашлаад олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл авсан хүмүүс гээд харилцан адилгүй байдлаар нийгмийн сэтгэл зүйд цочролууд бий болчихсон байгаа.

Гэхдээ бүгдэд нь айдастай, түшүүртэй, үүнээсээ улбаалан үл итгэсэн, уурласан, буруутныг хайсан сэтгэл зүй нийтлэг илэрч байна.

-Ийм нөхцөл байдалд хүмүүс яах ёстой вэ?

-Эхлээд сэтгэл зүйгээ тайван байлгах хэрэгтэй. Хэрхэн тайвшрах вэ гэдэг аргууд бий л дээ. Дээр хэлсэн сэтгэл хөдлөлүүдээс гадна бие махбодийн хувьд зүрх дэлсэх, даралт ихсэх, амьсгал давхцах, булчин шөрмөс чангарах гэсэн шинж тэмдгүүд илэрч болох бөгөөд зан үйлийн хувьднойрны хэмнэл алдагдах, хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг шинжүүд илэрч болно.

Мөн анхаарал төвлөрөхгүй, ой тогтоох чадвар муудах зэрэг таних мэдэхүйн чадвар суларч болно.

СэтгэлзүйчИнгээд ирэхээр ажлын бүтээмж буурч, хүмүүсийн хоорондын харилцаанд зөрчил маргаан үүсэх асуудал тулгарч болно.

Энэ нөхцөл байдалд хүн өөртөө ямар мэдрэмж төрч байгааг таних нь хамгийн чухал. “Би гашуудаад байгаа юм байна ш дээ”, “Би уурлаад байгаа юм байна ш дээ”, “би айгаад байгаа юм байна ш дээ” гэдэг мэдрэмжээ таних хэрэгтэй.

Ингээд таньсан бол яг өөрийг чинь сонсдог, итгэдэг, дэмжиж, тусалдаг ойр дотны хүмүүстэйгээ энэ мэдрэмжээ хуваалцаж ярилцаарай. Ингэж хуваалцаж ярилцахаар хүн аяндаа тайвширдаг. Мөн амьсгалын дасгал хийх нь богино хугацаанд тайвшрахад тустай байдаг.

Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь чангарсан булчин шөрмөсийг сулладаг. Бие мах бодийн хувьд тайвширч, сэтгэл санааны хувьд хэн нэгэнд ойлгогдчихсон мэдрэмж авахаар айдас түгшүүр багасна. .

-Хувь хүний хувьд таны хэлсэн дээрх аргуудаар тайвширч болох нь. Харин албан байгууллага, компаниудын хүний нөөцийн мэргэжилтэн, удирдлагууд ийм нийгмийн сэтгэл зүйтэй байгаа ажилчдаа тайвшруулах ямар арга хэрэглэж болох вэ. Та зөвлөөч?

-Сэтгэл зүйн хувьд хямарчихсан байгаа хүмүүстэй ажиллах хамгийн сайн арга бол тэднийг ойлгох, сонсох байдаг.

Тэгэхээр байгууллагын ажилтнууд харилцан ялгаатай сэтгэл мэдрэмжтэй байгаа шүү дээ.

Зарим нь гамшиг осолтой ойр байсан, эсвэл харсан ч байж болно. Энэ үед байгууллага хамт олноороо эсвэл багаараа хамтдаа тойрч сууж байгаад яг одоогийн мэдрэмж, осол аваартай холбоотой мэдрэмжээ хуваалцаж ярилцаарай. Ярилцах үедээ ярьж байгаа нэгнээ бусад нь сонсоод, ойлгож өгөх хэрэгтэй.

Тэгэхээр яг ийм багийн эсвэл хамт олны цаг гаргах юм бол хүн дотор байгаа зүйлсээ уудлаад гаргачихаар “бусад хүмүүс намайг ойлгочихлоо” гэдэг мэдрэмж авч тайвширдаг.

-Тэгэхээр олон нийтийн сүлжээнд болоод байгаа энэ их пост, сэтгэгдэл, стрессүүд бас бухимдлаа гаргах хэрэгцээнээс үүдэлтэй байх нээ?

-Тийм ерөнхийдөө тайвшрах гээд байна гэж ойлгож болно. Цаад мэдрэмж нь магадгүй гашуудаад байгаа, надад ийм зүйл бас тохиолдох вий гэсэн айдаст автаад байгаа эсвэл ийм аюултай нөхцөл байдалд хүргэсэн хэн нэгэнд гомдоод байгаа тэр олон далдлагдан, нуугдсан сэтгэл мэдрэмж нь буруутныг хайх байдлаар илэрч байж болно.

Нуугдаж байгаа тэр мэдрэмжээ таниагүй байх боломжтой гэсэн үг юм. Тэгэхээр энэ байдал нь тэр бухимдал уурыг улам л нэмэгдүүлж байна л даа. Хүн ууртай, бухимдалтай байгаа үедээ тархины үйл ажиллагаатай холбоотойгоор ухаалаг сонголт, шийдвэр гаргах чадваргүй болдог.

“Хамгийн түрүүнд тайвшраарай” гэдгийг дахин дахин хэлээд байгаагийн учир нь тайвширсан нөхцөлд ухаалаг тархи маань ажиллаж эхэлдэг.

Харин тайвшраагүй байж асуудлыг шийдэх гээд зүтгээд байх нь яг үнэндээ буруу сонголт, шийдвэр гаргах, асуудлыг дэвэргэх, огт буруугүй нэгнийг буруутан болгох хүртэл эрсдэлтэй.

-Энэ өвлийн стресс бухимдалтай сэтгэл зүй нь гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргийн гаралт нэмэгдэх зэргээр нөлөө үзүүлэх үү?

-Яг тийм судалгаа хийсэн эсэхийг бол мэдэхгүй байна. Гэхдээ ер нь хүн уур, бухимдал, стресс өндөртэй байгаа нөхцөлд асуудлыг шүүж тунгаах, ухаалаг шийдвэр гаргадаг тархины магнайн хэсэг маань ажиллахаас илүү сэтгэл хөдлөлийн тархи ажиллаад эхэлчихдэг.

Ингэхээр ухаалаг сонголтууд хийж чадахгүй, бодлогогүй үйлдэл рүү хөтөлдөг. Энэ үйлдэл нь дараа нь харамсахаар нөхцөл байдал үүсгэх боломжтой.

Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн дийлэнх нь тухайн үеийн сэтгэл, мэдрэмжээ зохицуулж чадаагүй, тайвширччадаагүйгээс л үүдэлтэй байдаг. Тэгэхээр энэ нийгэмд стресс, уур, бухимдал өндөр байна гэдэг нь бодлогогүй зан үйл хийх бүрэн боломжтой нөхцлийг бүрдүүлж байна гэж ойлгож болно.

-Бид өнөөдөр, маргааш ямар шийдвэр гарах эсвэл ямар аюул ирэхийг мэдэхгүй шүү дээ. Ер нь ийм нийгмийн асуудалтай хүн өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн хамгаалах нь зөв бэ?

-Мэдээж бидний амьдарч буй орчин бол нийгэм. Нийгмээс хамааралгүй байх боломжгүй ч гэлээ харин өөрийнхөө сэтгэцийн эрүүл мэндийг анхаарч явах боломж бол бий. Өөртөө хэрхэн анхаарал тавих вэ гэхээр түрүүнд хэлсэнчлэн сэтгэл, мэдрэмжээ маш сайн таньдаг болчихвол их сайн.

Тухайлбал, би өнөөдөр баяр хөөртэй байна, гэхдээ баярлахдаа ийм шалтгаанаас болж баярлаж байна. Эсвэл би гунигтай байна, гунигтай байх шалтгаан нь үүнээс болж гэдгээ л таньж мэдэх юм. Ингэсний дараа тэр гунигтай байвал өөрийгөө сэргээх, бухимдалтай байвал өөрийгөө тайвшруулах аргуудыг хэрэглэж сурна. Өөрөөр хэлбэл, эхлээд сэтгэл мэдрэмжээ таньчихвал, тэр сэтгэл мэдрэмжээ яаж зохицуулах вэ гэдэг аргаа өөрөө сонгоод хийгээд явах нь л өөрийн сэтгэл зүйгээ хамгаалах хамгийн чухал зэвсэг.

Мөн дээр нь нэмж хэлэхэд, ажлын бүтээмж муудах, анхаарал төвлөрөл буурах зэрэгт та завсарлага авч сураарай.Тасралтгүй олон цаг ширээний ард сууснаа маш сайн ажиллаж байна гэж харах гээд байдаг. Гэтэл яг бүтээмж нь ямар байсан вэ гэдэг нь чухал. Тухайлбал та суугаа ажил хийдэг бол 50 минут сууж ажиллаад 10 минут завсарлаж сураарай.

Завсарлагааныхаа хугацаанд цай уух ч юм уу, идэвхтэй хөдөлгөөнүүдийг хийгээд буцаж ажлаа хийвэл тасралтгүй ажилласнаас илүү өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img