2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

Ираны анхны эмэгтэй сайд: Гивлүүртэй өнгөрсөн рүү ухарснаас үхсэн минь дээр

1960-аад онд Фаррохру Парса Ираны анхны эмэгтэй сайд болж байв. Шах Реза Пехлевигийн засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж байсан тэрбээр Иранд эмэгтэйчүүд гэр бүлээ цуцлуулах, сонгуульд санал өгөх эрхийг анхлан бий болгосон юм. Шахын нэр холбогдсон бүхнийг устгахаар улайрсан Исламын хувьсгалын дараа ч Парсагийн зарим ололт амжилт хэвээр хадгалагдсан гэдэг.

“Гэрээслэх зүйл алга, надад байсан бүхнийг хураан авсан. Яллах дүгнэлт болон хэрэгт тусгасан нүглийг үйлдээгүй гэдгээ би мэднэ…Шүүх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ялган харьцаж байна. Харин ирээдүйд Ираны эмэгтэйчүүдийн амьдрал илүү сайхан болно гэж би найдаж байна” хэмээн Ираны анхны эмэгтэй сайд Фаррохру Парса 1980 оны тавдугаар сарын наймны шөнө бичжээ. Маргааш өглөө нь Эвин шоронд хоригдож байсан түүнийг дүүжлэн хороосон юм.

Парса Ираны феминист хөдөлгөөний анхдагч байв. Тэрээр олон эмэгтэйчүүдэд үлгэр дуурайл болсны дээр Исламын хувьсгалын дараа ч Парса цаазлагдсан байсан ч түүний зарим ололтыг шинэ эрх баригчид хэвээр үлдээж байлаа.

Багш эмэгтэй

Фаррохру Парса 1922 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Кум хотод төржээ. Түүний ээж Фахр Афаг Парса эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, “Эмэгтэйчүүдийн ертөнц” сэтгүүлийн редактор байв. Фахр Афаг эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлахаа зогсоохыг нийтлэлээрээ уриалж, боловсролын салбар дахь хүйсийн эрх тэгш байдлыг шаарддаг байв. Үүнээс болж сэтгүүлийн редакц хэт шүтлэгтэй хүмүүсийн дайралтад өртөж, улмаар засгийн газрын дарамт шахалтын улмаас Парсагийн гэр бүл хотыг орхин, Кумагийн ойролцоох сууринд гэрийн хорионд оржээ. Үүний дараахан Фаррохру охин мэндэслэн аж.

Пехлеви шах болсны дараа Парсагийн гэр бүлийг Тегеранд ирэхийг зөвшөөрөв. Энэ хотод Фаррохру охин сургуульд оржээ. Шахын үед Иранд нийгмийн бүхий л салбарыг хамарсан өөрчлөлт шинэчлэлт өрнөж байлаа. Армийн бүтцийг өөрчилж, аж үйлдвэрийг сэргээн, шинээр дунд болон их дээд сургууль нээв. Харин энэ өөрчлөлт шиитүүдэд таалагдсангүй, Реза шахын баримталж буй бодлого исламын шашинд үл нийцнэ хэмээн дургүйцдэг байжээ. Цаашлаад 1936 онд бүсгүйчүүд хижаб заавал өмсөх журмыг цуцлав. Эмэгтэйчүүдийн дуу хоолой ч хүчирхэгжиж эхэллээ.

Фаррохру дунд сургуулиа төгсөөд Тегераны их сургуулийн анагаах ухааны факультетад элсэн оров. Улмаар 22 настайдаа багын найз, армийн залуухан офицер Ахмад Ширинтэй гэрлэн, дөрвөн хүүхэдтэй болжээ.

Фаррохру оюутан байхдаа л “Нурбахш”охидын сургуульд биологийн хичээл заадаг байж. Харин 1950 онд их сургуулиа дүүргэснийхээ дараа Жанна Д’Аркийн нэрэмжит Тегераны сургуульд баглахаар очсон бөгөөд түүний шавь нарын дотор ирүүдэйн хатан хаан Фарах Диба ч байжээ.

Чөлөөт цагаараа Фаррохру хоригдол эмэгтэйчүүдэд хичээл заадаг байсан гэдэг. Ингээд зургаан жилийн дараа “Нурбахш” сургуульдаа эргэн очив, энэ удаад тэрээр захирлын хувиар ирсэн нь энэ. Дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа сурагч охидын тоог 110 байсныг 1850 болгон нэмэгдүүлж, дэвшилтэт санаа нэвтрүүлэн, хичээлийн тоог ч нэмэгдүүлжээ. Хожим нь Ерөнхий сайд болсон хойноо Фаррохру сургууль удирдах нь засаг тэргүүлэхээс ч хэцүү хэмээн хошигнодог байв.

Улстөрч

1960-аад онд, “Цагаан хувьсгал” гэж түүхэнд үлдсэн, Мохаммад Реза Пехлеви шахын улс төр, нийгэм эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөр эхлэв. Дотоод болон гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөр иранчуудын амьдралын тогтсон хэв маягийг өөрчлөх эрс шийдэмгий алхмууд гарч эхэллээ.

Тэр дундаа газар тариалангийн асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй болов. Хүн амын ихэнх нь хөдөө аж ахуй эрхэлдэг, тариалангийн газруудыг томоохон газар эзэмшигчид болон шийтүүд эзэмшдэг байлаа. 1962 онд шах газар эзэмшигчид нэг л тосгоныг эзэмшиж болно, бусад газрыг түрээслэгч тариачдад зарах ёстой гэж тусгасан хуульд гарын үсэг зуржээ. Ингэснээр шиитүүд засгийн эсрэг зогсох болов.

1962 онд Фаррохру “Хөгжлийн холбоо”-д нэгдлээ. Энэ холбоо Ираны Ерөнхий сайдын удирдсан “Иране новин” улс төрийн нам болж, Фаррохру Парса анхны эмэгтэй гишүүдийн нэг болон, төсөв, соёл, гэр бүлийн асуудал эрхэлсэн хороонд багтах болжээ. Тэрээр гэр бүлийн амьдралыг зохицуулах хуулийг шинэчлэхийн төлөө зогсож, шахад хандан эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхтэй болгохыг хүссэн байна.

“Манай улс орон энэ асуудлыг шийдэхийн төлөө би зогсоно. Манай ард түмэн зөвхөн эрчүүдээс бүрддэггүй” хэмээн шах хариу өгчээ. Ингээд 1963 онд бүх нийтийн санал асуулга болж, эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болов.

Анхны эмэгтэй сайд

Таван жилийн дараа Фаррохру Парса Боловсролын сайд болов. Хачирхалтай нь, энэ үеэс л Ираны Дотоодын аюулгүй байдлын яам Парсагийн эсрэг баримт цуглуулж эхэлсэн бөгөөд хожим нь эдгээр баримтуудыг түүнд цаазын ял оноохонд ашиглажээ.
Фаррохру Боловсролын сайд байх үед хүн ам багатай бүс нутгуудад шинэ сургуулиуд нээгдэж, нүүдэлчин ардын төлөөлөгчид ч боловсрол эзэмшдэг болсны дээр улсын сургуулиудад хүүхдүүдийг үнэ төлбөргүй хооллодог болов.

Фаррорхугийн ажлын чухал амжилт нь “Гэр бүлийг хамгаалах тухай” хууль байв. 1967 онд энэ хуулийг батлахаас өмнө гэр бүл салах санаачилгыг гагцхүү эрчүүд гаргаж, хүүхдүүдээ асран хамгаалах эрхийг мөн л эрчүүд авдаг байжээ. Эмэгтэйчүүдийн хувьд гэрлэлтийн нас 13 харин эрчүүдийнх 15 наснаас эхэлдэг байж. Зөвхөн нөхөр зөвшөөрснөөр л үр хөндөлт хийлгэж болдог байв.

Шинэ хуулиар зөвхөн эрчүүд салах санаачилга гаргадаг ёсыг нэг мөр халав. Гэр бүлийн асуудал эрхэлсэн шүүгчид эцэг эхийн хэн нь хүүхдүүдийг асран хамгаалах эрхтэй болохыг шийдэж, тэтгэмж тогтоодог байв. Түүнчлэн олон эхнэртэй байх ёсыг өөрчилж, гагцхүү анхны эхнэр зөвшөөрсөн нөхцөлд л хоёр дахь эхнэр авч болох талаар хуулинд тусгажээ. Мөн эмэгтэйчүүд 18, эрчүүд 21 наснаас эхлэн гэрлэж болохоор хуульчлав.

Энэ хууль шүтлэгтэй иранчуудын эсэргүүцэлтэй тулгарч, цагаачлан нутгаасаа явсан Хомейни шинэ хууль шариатын ёсоор бол хүчингүй хэмээж байлаа. 1979 онд Хомейни төрийн эрхэнд гарахдаа хамгийн түрүүнд энэ хуулийг цуцлаж байв.

Буруудсан нь

1974 онд мажлисын гишүүдийн ердөө 17 нь эмэгтэй, гурван эмэгтэй дэд сайд, ганцхан эмэгтэй буюу Фаррохру сайд байв. 1975 онд тэрээр улс төрийн карьераа завсарлаж, гэр бүлдээ цаг зарцуулахаар албан тушаалаа орхижээ. Харин энэ хугацаанд улс оронд нь нийгэм эдийн засгийн хямрал бүрэлдэж эхлэв.

Энэ хямралыг шах даван гарч чадсангүй, ингээд 1979 онд Иранд Исламын хувьсгал гарсны дараа шах эх орноо орхин явжээ. 1979 оны хоёрдугаар сарын нэгний өдөр Хомейни эх орондоо эргэн ирж, хоёрдугаар сарын 16-ны өдөр Фаррохру баривчлагдав.
Шахын үеийн төрийн зүтгэлтнүүдийг баривчлах давалгаа улс орон даяар өрнөжээ. Олон хүн ч цаазлуулав.

Тухайлбал, Ираны Ерөнхий сайд асан Амир Аббас Ховейда, шахын хүргэн, генерал Надер Жаханбани цаазлуулжээ. Исламын хувьсгалын шүүхийн дарга Садек Халхали олныг хамарсан улс төрийн цэвэрлэгээ хийж, мөрдөн байцаалт ч явуулалгүй ял шийтгэл оноож байв. Харин Фаррохру түүний гэм буруугүйг “шударга” шүүх нотлоно гэж найдсаар байсан гэдэг.

Исламын хувьсгалын дараа төрийн эрхэнд гарсан хүмүүсийн дунд Фаррохру холбоо сүлбээтэй байв. Фаррохру Боловсролын сайдын албыг хашиж байхад Боловсролын яам Хамбург дахь Исламын төвийг ивээн тэтгэдэг байсан бөгөөд энэ төвийн захирал байсан хүн Исламын хувьсгалын дараа Ираны Дээд шүүхийн ерөнхий шүүгч болжээ.

Харин Исламын бүгд найрамдах намын ерөнхий нарийн бичгийн дарга хувьсгалаас өмнө Фаррохруд сурах бичгийн асуудлаар зөвлөгөө өгдөг байсны дээр Тегеранд хэд хэдэн шашны сургууль нээх зөвшөөрлийг Фаррохругаас авч байж.

Фаррохру найдаж болохоор хүмүүс өндөр албан тушаалд очсон нь түүний хувьд аврал гэж бодмоор. Гэвч ийм зүйл болсонгүй. Фаррохруг баривчилсны дараа гагцхүү нэгэнтээ түүнтэй хамтран ажиллаж, тусламж авч байсан хүмүүс Фаррохругийн эсрэг гэрчийн мэдүүлэг өгөв.

Фаррохруг “төрийн санг тоносон”, “ард түмний эсрэг хууль батлахад оролцсон”, “боловсролын системийг империалист соёлоос хамааралтай болгосон”, “авлига, биеэ үнэлэлтийг өөгшүүлсэн” хэмээн буруутгажээ. Улс төрд эмэгтэйчүүд багтан ажилласан нь биеэ үнэлэлт гэж шинэ засгийнхан үзэж.

Фаррохру энэ бүхнийг няцааж, “Намайг олон саяыг хулгайлсан гэж буруутгаж байгаа хүмүүс би энэ мөнгийг хаана, яаж хулгайлсныг хэлэх ёстой юм биш үү?” хэмээн шүүхийн үеэр мэдэгдэж байв.

Тэрээр үхлийн өмнөх захидлаа үр хүүхдүүддээ хаяглажээ.

“Би эмч хүн. Тиймээс үхлээс айхгүй. Үхэл бол хормын төдий л болж өнгөрөх зүйл. Хүчээр гивлүүр дор амьдарснаар үхлээ найр тавин угтахад би бэлэн. Эрчүүд, эмэгтэйчүүд тэгш эрхтэй байхын төлөө хагас зууны турш тэмцсэнийхээ төлөө гэмшинэ гэж хүлээж байгаа хүмүүсийн өмнө би бөхийхгүй. Би гивлүүр зүүж, өнгөрсөн рүү ухрахад бэлэн биш байна”. Тэрээр үзэл бодолдоо үнэнч гэдгээ сүүлийн удаа ийнхүү захидалдаа буулгажээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img