2024-07-23, Мягмар
21 C
Ulaanbaatar

Х.Тэмүүжин: Ардчилсан нийгмийн соёл “үйлдвэрлэгдэхгүй” бол шилжилт хийгдээгүй гэсэн үг

Бидний ойшоож үзэлгүй “Байдаг л нэг үзэгдэл” хэмээх ангилалд хамааруулсан байж мэдэх  дөрвөн тохиолдлыг Х.Тэмүүжин харин  “Манай нийгмийн суурийг ганхуулж болох үйлдэл” хэмээн  тодорхойлов. “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубын  “Өглөөний уулзалт”-ын ээлжит зочдоос  Хууль зүйн сайд асан  Х.Тэмүүжингийн яриаг онцолж хүргэе. Энэ удаагийн зочид  “Democracy transformation” сэдвээр ярьсан юм.

Иргэнээсээ дээгүүр нэр төртэй албан тушаалтан байх ёсгүй

Мөнөөх  тохиолдлууд яагаад нийгмийн суурьтай холбогдож, “ардчилал гажуудаад байгаа шалтгаан”-ы шинж тэмдэг  болсон талаар Х.Тэмүүжингийн тайлбар ийм.

-Эхнийх нь он солигдох үед зурагт руугаа салаавч гаргасан  хүн хуулийн хариуцлага хүлээсэн. Бүгд найрамдах засагт иргэнээсээ дээгүүр нэр төртэй эсвэл үнэ цэнтэй ямар нэгэн сонгуульт битгий хэл томилогдсон албан тушаалтан байх ёсгүй гэж үздэг.

Манайд бол 1992 оны Үндсэн хуулийн алдаа хаант засаглалд байдаг эзэн хааны нэр төр халдашгүй гэдэг ойлголт Ерөнхийлөгчийн институт  дээр бичигдсэн байсан  учраас тэр зарчим ажиллах гэж оролдсон. Үзэл бодлоо гэртээ илэрхийлснийхээ төлөө тухайн хүнд маш хурдан хариуцлага хүлээлгэсэн. Даргын өөдөөс үг хэлэхэд ийм хурдтайгаар  хариу нь ирж болдог гэдгийг  тод харууллаа. Иргэн хулгайд эд зүйлсээ алдсан бол олж авахын тулд  ямар ч байсан гурав, дөрвөн жил зарцуулагдах байсан.
Үзэл санаа, стандартын хувьд зөрүүтэй хандлага байна гэдгийг энэ тохиолдол харуулж байгаа юм.

Ардчилсан улсад нэр төр гэдэг ойлголт зөвхөн иргэнд харьяалагдана. Төрийн нэр төр гэж үгүй.

Гэтэл бид Үндсэн хуулиараа төрд, Ерөнхийлөгчид иргэнтэй өрсөлдөх нэр төрийг хуульчилсан байна гэсэн үг.
Түүнийгээ хамгаалдаг институт ажиллаж байна.

Магадгүй энэ институт томроод, хүчтэй болвол юу ч  болж магадгүй хэмжээний үзэгдэл явж байна.

Мөрдөгчтэй маргасан өмгөөлөгчийг “эрүүлжүүлжээ” буюу хууль засагладаг орон мөн үү?

Согтуу бус хүнийг эрүүлжүүлжээ гэсэн мэдээ байсан. Би анх гудамжинд  явж байсан хүнийг эрүүлжүүлэхэд аваачсан чинь эрүүл байсан юм байх гэж бодсон. Тийм байгаагүй. Цагдаагийн байгууллага дотор мөрдөгчтэй маргалдсан өмгөөлөгч юм билээ. Иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх явцдаа байр суурь зөрсөнөөс болоод маргасан.

Гэтэл мөрдөгч нь “Энэ хүнийг эрүүлжүүлэхэд аваачиж хий” гээд өмгөөлөгчийг аваачаад хийчихсэн байгаа юм. Нөгөөдөх нь “Юу яриад байгаа юм бэ, би эрүүл шүү дээ” гэж хэлээд нэмэр байхгүй.

Мөрдөгч өөрийнх нь үгээр байсангүй гэж  хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа хүний эрх чөлөөнд халдаж, хүч чадлаа мэдрүүлж байгаа юм. Хуульчид нь хүнд туслах битгий хэл өөрийнхөө эрхийг хамгаалах хэмжээний байр суурь эрх мэдэлтэй байж чадахгүй байгааг харуулсан. Хууль засагладаг ардчилсан улсад бол  маш ноцтой кэйс. Бид бол байдаг л юм шиг уншаад өнгөрөх жишээтэй.

Эрх мэдэлтэн авдарнаасаа “хууль”  гаргаж ирээд, иргэнд гэнэтийн бэлэг барьж таарахгүй

“Зам тавьж өгөөд баруун эргэж болно” гэсэн самбар байсан. Түүний дагуу эргэсэн чинь цаана нь цагдаа зогсч  байгаад торгосон тухай мэдээ бий. Одоогоос 2500 жилийн өмнө Ромд “12 самбарын хууль” гэж байсан.

Зарлагдсан хууль бүхнээс илүү гэсэн зарчим дэлхий нийтэд байдаг. Энэ бол хүн төрөлхтний ололт. Хуулийг зарлаж байж хүмүүс дагаж мөрдөх ёстой. Түүнээс биш эрх мэдэлтэн “Байж байгаарай” гээд гэр рүүгээ гүйж, авдарнаасаа хууль гаргаж ирсэнээ  “Хууль ийм байдаг байхгүй юу” гэж гэнэтийн бэлэг барьж ерөөсөө болохгүй.

Зарлагдсан, нүдэн дээр нь ил тод байгаа дүрмийг баримталсныхаа төлөө шийтгүүлж байна.

Ингээд харахаар сар гаруй хугацаанд бид анзаарахгүй өнгөрч байгаа  ч суурь шинжтэй, гүн бүтцийн өөрчлөлт хийхгүй бол засагдахгүй алдаанууд давтагдаад байгаа юм. Эдгээр нь хэвийн зүйл шиг санагдаж байгаа ч жаахан ухаж, эргэцүүлээд үзвэл ардчилал гажуудаад байгаа шалтгаан. Энэ урсгалаараа явбал тавхан жилийн дараа магадгүй авторитар дэглэм тогтох бүрэн бололцоотой.

Бидэнд байгаа соёл огт ардчилсан биш

Манайхан нэг хэсэг шилжилтийн үе гэж ярьдаг байснаа  больсон. Шилжилт дууссан юм шиг. Бодит байдал дээр шилжилт дуусаагүй. Хамгийн том алдаа энд гарсан.

Ерээд онд өнөөдрийн ардчиллын үнэт зүйлсийг (Ардчилалд амьдарч байсан туршлага өмнө нь хэнд  ч байгаагүй ч) чиг баримжаа болгож  байсан уриануудыг харахад “Хүний эрх”, “Хээл хахуулийг зогсооё”,  “Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалъя”,  “Хүнд суртлыг устгая” гэх мэтээр ардчилсан нийгэмд байх ёстой зүйлүүдийг шаардаж байж. Энэ яриандаа таарсан институтуудыг 30 жилийн хугацаанд олноор бий болгосон.

Парламенттай болсон, Засгийн газар нь кабинетээр ажиллах гэж оролдсон. Бие даасан шүүхтэй болсон. Сонгуулийн ерөнхий хороо ажилладаг. Сэргийлэгч гэдэг зэвсэглэсэн цэргийн маягийн дэглэмээс police  буюу иргэний хууль сахиулах систем рүү нэр томъёоны хувьд шилжсэн ч гэдэг юм уу.

Маш олон зүйлийг өөрчлөх гэж оролдсон. Гэхдээ дандаа харагдах байдлын хувьд. Зарим талаараа нэг чиг үүрэгтэй байгууллагуудыг хоёр гурвыг байгуулсан ч гэдэг юм уу.  Ийм юм зөндөө.

Гэхдээ тэр байгууллагууд ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг, хууль засагладаг соёлыг үйлдвэрлэж байна уу?
Энд л хамгийн том анхаарлын тэмдэг бий.

Парламент, Засгийн газар, цагдаа нь ардчилсан нийгэмд хэрэгтэй  соёл үйлдвэрлэж байна уу. Тэр соёл үйлдвэрлэгдэхгүй бол шилжилт  хийгдээгүй гэсэн үг.
Зүгээр л хэлбэр дүрсийг нь авсан. Гаднаас нь харахад ардчилал байгаа ч агуулга нь биш.

Бидэнд байгаа соёл огт ардчилсан биш. Иргэний байр суурийг бэхжүүлдэггүй, хуулийг дээдэлдэггүй.

Хуулиас илүү даргын үг үнэ цэнтэй. Хувийн өмчөөс илүү төрийн өмч чухал. Бүх юм эсрэгээрээ байна. Эсрэгээрээ  байгаа нь  гажуудлын хамгийн том илэрхийлэл.
Орчин үеийн ардчилсан Үндсэн хуульт Бүгд найрамдах төр юунаас зугтах вэ гэдэг тодорхой байдаг. Орчин үеийн Бүгд Найрамдах төр шашны эсвэл цэргийн дэглэм байж болохгүй гэдэг. Гэтэл манайхан  ёслоод зогсч байдаг. Бүгд цэргийн формд дуртай. Хариуцлагатай, мундаг  ажил хийдэг гэж бодох хэмжээний үнэлэмж тогтсон.

Хавтаст хэргийг амжилттай борлуулж чадсан нь Цагдаагийн дарга болж байсан

Хуулийн салбарын хөгжлийг харахад сонирхолтой үйл явдал харагдаж байна лээ. Ерээд онд эрх зүйт төр гэсэн уриа лоозон барьсан жагсаал зөндөө болсон. Ямар ч байсан дарга засагладаг, захиргааны аргаар удирддаг тогтолцооноос хуулийг эрхэмлэдэг тогтолцоо руу явах юм байна  гэдэг шилжилт хийсэн. 1992 оны Үндсэн хууль батлагдсан. Үндсэн хуулийг дагаад хуулийн систем орвонгоороо өөрчлөгдөх ёстой ч тэр өөрчлөлтийг хийгээгүй.

Үндсэн хууль батлаад бүх юм аяндаа гоё болно гээд найдсан. 1996-1998 онд нэг том өөрчлөлт гарсан.  Эдийн засгийн маш хүчтэй либералчлал  явсан учраас хүссэн хүсээгүй хуулийнхан дагаж өөрчлөгдсөн.

Хууль тогтоомж нэлээд сайжирсан. Хуучин арга барилаа түр зогсч харсан байдалтай байсан. Харамсалтай нь 1998 оны аравдугаар сарын 2-нд С. Зориг алагдсны дараа  хуулийн салбар тэр чигтээ уруудсан.

Гол эффектийг нь судлаачид юу гэж үзсэн гэхээр тухайн үед төсөв жижиг байсан. Гэхдээ жижиг төсөв дотроос бага биш мөнгийг С. Зоригийн хэргийг илрүүлэх нэрийн дор хуулийн байгууллага руу шилжүүлж байсан.  Тухайн үед учир дутагдалтай байсан гүйцэтгэх ажлын тоног төхөөрөмжүүдийг сольж, дэвшилтэт гэж болох тоног төхөөрөмжүүд худалдан авч, хуулийн байгууллагад шилжүүлсэн.

Мөнгө, хүчтэй тоног төхөөрөмж хоёрыг  юунд ашигласан гэхээр хэрэг илрүүлэхэд бус тухайн үеийн томоохон бизнес эрхлэгчид, улс төрчид, нийгмийн нөлөө бүхий хүмүүсийн  хувийн амьдралыг бүгдийг нь “онгичсон”.

Дуртайгаа чагнасан, дуртай мэдээллээ цуглуулсан.
Тэр их мэдээлэл юунд зориулагдаж эхэлсэн гэхээр “Хэн албан тушаалд очих вэ” гэдэг наймаа руу явсан. Хавтас хэргүүд бариад ахиж болох гайгүй албан тушаалтан руу гүйчихдэг. “Таны өрсөлдөгчийн нэг ийм мэдээлэл байна” гэдэг. Гайгүй бизнес эрхлэгчдийн хооронд бас мэдээлэл зөөдөг болсон.

Хэн өөрийгөө оновчтой зарах вэ гэдэг зах зээл ажиллаж эхлэхэд 1998 оноос хойшхи бүх цагдаагийн дарга прокурор Дээд шүүхийн ерөнхий шүүгч гэх мэт бүх албан тушаалууд ийм тохирооны наймаанд явсан.

Хэн Хавтаст хэргийг зах зээл дээр хамгийн амжилттай борлуулж чадсан нь Цагдаагийн дарга болдог. Ерөнхий прокуророор томилогддог.  Өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд бизнес эрхлэгчид ч бас төлбөр төлдөг. Эсвэл өөрийнхөө хүнийг хуулийн байгууллагад аваачиж тавьдаг систем тогтсон. Бүхэлдээ авлигаар асуудлаа шийддэг систем ажиллаад эхлэнгүүт  хуулийн систем дампуурсан.

Дампуурал нэг цэг дээр очиж түр зогссон. Тэр нь 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал.
Таван хүний амь настай холбоотой.

Цагдаагийн дарга гэдэг ардчилсан нийгэмд зүгээр л төрийн дундаж албан тушаалтан. Төрийн дундаж албан тушаалтныг шүүхээр оруулах гэж бөөн юм болсон шүү дээ. Шүүхийн шийдвэр гараад, хорих ял өгөхөд шорон руу нь ачиж чадахгүй эмнэлэг рүү шууд аваачиж байлаа. Гадна нь цагдаагийн бие бүрэлдэхүүн жагсчихсан.

Шүүхийн байрыг хамгаалаад зогсч байгаа цагдаа цагдаагийн талд орох уу эсвэл нөгөө талдаа орох уу гээд эргэлзсэн. Шүүхийн байрнаасаа гарч чадахгүй түвшинд очсон. Тэнд маш олон үйл явдал болсон.

Долдугаар сарын 1-ний дараа энэ үйл явдалд оролцсон хүмүүст өмгөөлөгч олдохгүй байсан. Лицензээ Хууль зүйн яамнаас авдаг учраас өмгөөлөгч нар ажлаа хийж чадахгүй байсан. Тийм хэмжээнд очсон байсан систем түр зогссон. 2015 онд  юу болсон гэхээр өөрчлөлт эхлүүлсэн. Ямар ч байсан Хууль зүйн яамнаас хуульчийн лиценз өгдгийг болиулж, Хуульчдын холбоо байгуулаад мэргэжлийн байгууллага руу шилжүүлэх гэж оролдсон. Шүүхийн хараат бус байдал аюулгүй байдлыг хангахын тулд Тахарын албыг байгуулсан.

Цагдаагаас салгасан гэх мэтээр олон ажил хийсэн. Харамсалтай нь 2015 оноос хойш бүх юм эсрэгээрээ явсан. Одоо хүртэл уруудаж яваа. Ардчиллын дифект хууль зүйн салбарт ийм хэмжээний  гажуудал үзүүлсэн.

Даргын үг бүх салбарт хуулийг орлох хүчтэй

Одоо бол Монголд хууль засагладаг систем байхгүй. Дарга засаглаж байгаа. Даргын үг бүх салбарт хуулийг орлох хүчтэй. Хууль батлагдахад хэрэгжилтийг нь хангуулах гэж  гурав, дөрвөн жил зовж байхад дарга нэг өглөө босоод үг хэлэхэд гурван хоногийн дотор хэрэгжих хэмжээний хүчтэй байгаа.

Буцаад энэ салбарын шинэлчлэлт хийхийн тулд юу хийх хэрэгтэй гэхээр өмнөх илтгэгчдийн хэлсэнчлэн transformation хийхээс аргагүй. Реформ бол энэ хэмжээний өөрчлөлт хийж чадахгүй. Реформ навч, мөчир өөрчилнө.  Мод нэг тал руугаа унах гээд байхад нөгөө талаас нь уяж тогтоож байгаад татах хэмжээний ажил. Мод унаж байгаа шалтгаан үндэснийх нь орчимд том бул хар чулуу бий. Тэр бул чулууг авч байж л модыг тэгшилнэ шүү дээ.

Суурь бүтцийн хэмжээний гүн өөрчлөлт рүү  орохоос өөр аргагүй байдал руу орсон. Тэгвэл хувьсгал хийе л дээ гэж зарим хүн хэлдэг. Тэр хэмжээний өөрчлөлт хийх тухай яривал ардчилал өөрөө байхгүй болно.

Ардчилсан тогтолцоог солих тухай яригдана.
Бидний хувьд тогтолцоог өөрчлөх тухай бус суурь үнэт зүйлийг өөрчлөх тухай ярьж байна.  Хүний эрхийг, ардчиллыг солих тухай биш харин зам зуураа гээсэн нөхцөл байдалдаа зохицуулаад, хувирах гэж оролдсон,  наймаалсан байгаа зүйлээ буцаагаад алдаа гарсанаас өмнөх шатанд нь очиж засварлах тухай ярьж байгаа юм.

Бид 2012-2016 онд реформ хийх гэж оролдсон. Гэхдээ дийлээгүй. Одоо бол transformation  хийхээс аргагүй. Хэм хэмжээ, өөрчлөлт, бүтэц чиг үүргийн зохион байгуулалтыг өөрчлөх ажлыг 2012 онд хийж үзсэн.

Одоо бол үйл ажиллагаа, хандлага зан үйлийг өөрчлөх ажлыг давхар хийхээс аргагүй.
Шилжилтийн диаграмм ингэж харагддаг. Энэ бол 2013 онд зурсан зураг. Реформ хийгдэхэд хүмүүс сандардаг. Яг юу хийх гээд байгаа юм бол гэж зарим нь болгоомжилдог. Тэгээд зөв юм хийх гэж байна, энэ надад ч хэрэгтэй  байж  магадгүй гэж найдлага төрөөд бүгд урагш алхдаг.

Буцаад унах хэсэг нь айдас болгоомжлол төрж эхэлдэгтэй холбоотой. Энэ өөрчлөлт надтай холбоотой юм биш үү, миний албан тушаал өөрчлөгдөх юм биш үү, миний цол зэрэг  өөрчлөгдөх юм биш үү. Би энэ байрандаа үлдэж чадах уу гэсэн айдас амилахад эсэргүүцэх шалтгаан үүсч эхэлдэг. Өөрөөр нь оролдож эхлэхэд уурлана. Буруутгах гэж оролдоно. Тэр үеэ давсан хэсэг нь урагшлаад явдаг.

Даваагүй хэсэг нь  буцаж хойшоо татагддаг. Энэ өөрчлөлтөөс болоод би ажлаа хэвийн  хийж чадахаа болих нь. Өмнөх аргаараа биш өөр арга замаар хий гээд надад нэмэлт ачаалал ирж байгаа юм байна  гэдгээс болоод эсэргүүцэлтэй тулдаг. Зарим нь дайсагнадаг. Дайсагнаж байгаа хэсгээ хаяад, өөрчлөлт хийж чадвал урагшилж чадна. Дайсагнаж байгаа хэсэгтээ ялагдаж нурвал сандрал үүсч байгаа цэгээс доош орно.

2012-2015 онд хийгдэж байсан реформын нэг сөрөг   эффект юу байсан гэхээр яг одоо байгаа хуулийн салбар 2012 онд эхэлж байсан түвшингээсээ доош унасан. Тийм өөрчлөлтийг нурааж чадсан юм чинь одоо юуг ч нурааж чадна гэдэг  нөлөөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хуулийн системд эзэн суусан.

Хоёр дахь том шилжилт хийхийн тулд харилцаа арга барил, толгойд нь суусан байгууллагын дотоод соёл, хувийн итгэл үнэмшлээ эвдэх ёстой.

Яагаад цагдаагийн сургуулийг Хууль сахиулах сургууль болгож өөрчилж байсан  шалтгаан ердөө л тэр. Ардын намынхан  гарч ирээд  буцаагаад Дотоод хэргийн сургууль болгож байгаа нь  хандлагын  зөрүү. Хууль сахиулах чиглэлээр мэдлэг эзэмших тухай эсвэл дотоод хэргийн  гэдэг нэртэй хуучин арга барилаараа  хүн зоддог цагдаагийн  албан хаагч байх хоёрын л ялгаа.

Сэтгүүлчид бас энэ хандлагад хүч өгдөг. Хүчний байгууллага гэж бичдэг.  Хуульд хүчний байгууллага гэдэг үг байхгүй ч  өөрсдийгөө хүчний байгууллага гээд  бид хүч хэрэглэдэг гээд бодчихсон хүмүүс хийх ажил нь хүчирхийлэл байж  таарна. Хэнд хүчээ гаргах нь ойлгомжтой. Тушаал өгдөг, дээрээ  байгаа хүнд хүчээ гаргахгүй. Гудамжинд яваа иргэнд л хүчээ гаргана шүү дээ. Хүч гаргадаг, тушаалаар ажилладаг хүмүүс хэнд үйлчлэх вэ. Тушаал өгдөг хүндээ үйлчилнэ, эсвэл тэр хүнийг нь томилдог улс төрчдөд л үйлчилнэ.

Зохион байгуулалт хийх, хууль өөрчлөх амархан. Гайгүй дарга аваачаад тавьчихвал зохион байгуулалт өөрчлөгдөнө. Парламентын гишүүд олонхи нь дэмжвэл  хууль өөрчлөгдөнө. Харин хандлага, соёл өөрчлөгдөх хэцүү. Гажуудлаа засъя гэвэл нүдэнд харагдахгүй гэхдээ хүчтэй нөлөөлдөг тэр зүйлүүдтэй  ноцолдохоос аргагүй. Бүх салбарт энэ асуудал бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img