2024-12-09, Даваа
-13 C
Ulaanbaatar

Биковичийг “Оросыг дэмжигч” хэмээн буруутгаж, HBO-ийн төслөөс хасав

Чинээлэг, дураараа, басхүү хүүхэмсэг эрийн дүрийг “Элеон”, “Гранд” олон ангит кинонд бүтээж, “Гранд” цувралын эхний бүлгийн скин-офф, “Гранд зочид буудал” цувралын үргэлжлэл болон гарсан “Белград зочид буудал” киноны гол дүрээрээ Монголын үзэгчдэд танигдсан Милош Бикович Америкийн НВО компанийн төслөөс хасагджээ.

Тэрбээр НВО компанийн алдарт цуврал болох “Цагаан лянхуа” (The White Lotus ) олон ангит киноны гуравдугаар бүлэгт дүр бүтээхээр болсон талаар саяхан л мэдээлэл цацагдаж байсан юм. Гэвч НВО компани Сербийн жүжигчин Милош Биковичтой байгуулсан гэрээгээ цуцалжээ. Украины Гадаад хэргийн яам Бикович энэ цувралд тоглох болсныг эсэргүүцэж, түүнийг Оросын түрэмгийллийг дэмждэг хэмээн буруутгасны улмаас ийнхүү НВО Биковичийг тоглуулахаас татгалзсан байна.

Милош Бикович Серби гаралтай, харин 2021 онд Оросын иргэншил авсан бол 2018 онд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин түүнд Пушкиний медалийг гардуулж байв. ОХУ-ын эрх баригчид соёл, урлагийн салбарт амжилт гаргасан гадаадын иргэдийг энэ медалиар шагнадаг юм.

Бикович Орост ихээхэн алдартай. Тэрбээр Оросын хэд хэдэн алдартай кино, цувралд тоглож байсан бөгөөд тэр дундаа Путиныг дэмжигч гэдгээрээ алдартай Никита Михалков найруулагчтай ч хамтран ажиллаж байв.

Бикович Хавайн арлууд дээрх тансаг зочид буудлын зочдын тухай өгүүлэх “Цагаан лянхуа” цувралд тоглохоор болсон талаарх мэдээлэл нэгдүгээр сарын 12-ны өдөр гарч байлаа. Тэрбээр чухам ямар дүр бүтээхээр болсон талаар албан ёсны мэдээлэл гараагүй. Харин Deadline Hollywood сонины мэдээлснээр, Бикович “сээтэгнүүр, йогийн багш хийдэг Валентин хэмээх орос эрийн дүр” бүтээх ёстой байсан гэнэ.

Биковичийн эсрэг Украин

ОХУ Украин руу халдаж, дайн дэгдэснээс хойш Оросын олон уран бүтээлчид дэлхий дахины үзэгчдэд тоглолтоо хүргэх боломжгүй болж, олон уралдаан тэмцээн Оросын урлагийнхныг хүлээж авахаас татгалзаж байлаа. Тэдний нэг нь Бикович болов.

Америкийн компанийн цувралд ОХУ-ын иргэншилтэй болсон Милош Бикович тоглох болсон тухай мэдээлэл гарсны дараахан л Украин ихээхэн эсэргүүцсэн юм.

Милош Бикович Тодруулбал, нэгдүгээр сарын 24-ний өдөр Украины Гадаад хэргийн яам Америкийн компанийн цувралд Бикович тоглохоор болсныг эрс шүүмжилсэн дүрс бичлэгийг Х сүлжээн дэх хуудсандаа байршуулжээ. Энэ дүрс бичлэг дээр Бикович Путинаас шагнал гардаж байгаа дүрс болон 2022 оны дөрөвдүгээр сард Бикович ярилцлага өгөхдөө “Крымийн оршин суугчид олон нийтийн санал асуулга явуулж, Оростой нэгдэхийг зөвшөөрсөн” хэмээн ярьсан хэсгийг оруулсан байна.

“Геонцидыг дэмжиж, олон улсын эрхзүйг зөрчдөг хүнтэй ажиллах нь хэвийн хэрэг үү?” хэмээн Украины Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ.

Бикович: Би зарчмаа өөрчлөхгүй

Бикович үнэхээр л Крым рүү нэг бус удаа явж байжээ. Тэр дундаа “Балканский рубеж” Орос, Сербийн хамтарсан киноны зураг авалтаар энэ хойгт очиж байв. Харин 2019 онд Украины эрх баригчид түүнийг нутаг руу нь нэвтрэхийг хориглосон бөгөөд энэ нь Крымд очсонтой холбоотой байж магадгүй гэж Бикович ярьж байлаа.

Deadline Hollywood сонины мэдээлснээр, “Бикович Украин руу хийсэн Оросын түрэмгийллийг дэмжиж байгаагаа олны өмнө зарласан тохиолдол байхгүй” гэнэ. Гэхдээ “2022 онд тэр дайн дэгдсэнийг шүүмжлээгүй, өөрийг нь шүүмжилсэн бичлэг өнгөрсөн долоо хоногт гарсны дараа ч дайнд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлээгүй. Тэр энэ тал дээр чимээгүй байгаа нь “Цагаан лянхуа”-аас гарах шалтаг болсон. Учир нь НВО геополитик болон уран бүтээлийн хооронд тэнцвэрээ олох гэсэн хүндхэн байдалд орчихоод байгаа юм” хэмээн сонинд онцолжээ.

НВО компанийн албан ёсны мэдэгдэлд Биковичтой хийсэн гэрээг цуцлах болсон шалтгааныг дурьдаагүй байна.

“Бид Милош Биковичтой салах ёс хийхээр шийдсэн. Энэ дүр дээр шинэ жүжигчин олно” хэмээн НВО компанийн төлөөлөгч мэдэгджээ. НВО компанийн шийдвэр гарсны дараа Бикович Инстаграм хуудсандаа түүний эсрэг “зориудын мэдээллийн кампанит ажил явуулж байна” хэмээн бичсэн байна. “Гадаад хүчин зүйлс уран бүтээлийн шийдвэрт нөлөөлж эхэлж байна. Энэ нь уран бүтээлийн эрх чөлөөний мөн чанарыг шахан зайлуулах түгшүүртэй нөхцөлийг бүрдүүлж байгаа юм” хэмээн Бикович бичжээ.

Түүнчлэн өөрт нь ихэд таалагдсан “Цагаан лянхуа”-д тоглосон бол ихэд баярлах байсан хэмээн бичсэн байна.

“Уран бүтээлийн цар хүрээнээс хальсан шалтгаанаар би төсөлд оролцох боломжгүй боллоо. Би зарчмаа өөрчлөхөд бэлэн биш байна” хэмээн Бикович мэдэгджээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img