2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Тарчиг амьдралаас дээдсийн хүрээлэнд орсон ч мөнгөө хадгалсаар амьдралаа дуусгасан саятан эмэгтэй

Ирландын цагаачдын охин XIX зууны сүүл үед боломжгүйг боломжтой болгохын жишээ болж байв. Тэрээр хэдэн сая долларын хөрөнгөтэй болж чадсаны дээр боловсролгүй, дэмжлэггүй ядуу айлын охин амжилттай бизнес хатагтай болж чадна гэдгийг баталсан юм. Гэхдээ эд хөрөнгө түүнд аз жаргал авчирсангүй, харин ч амьдралыг нь сүйтгэх солиорлын шалтгаан болсон гэдэг.

1932 оны гуравдугаар сар. Нью-Йоркийн Herald Square зочид буудлын 552 дугаар өрөөнөөс шөнөжин хашгирах чимээ сонсогдов. Гэхдээ нэгэнтээ сургамж авсан буудлын ажилтан энэ өрөө рүү шагайгаад ч хэрэггүй гэдгийг мэддэг байлаа. Харин өглөө нь хашгирах орилох чимээ улам их сонсогдох болж, зочид буудлын ажилтнууд өрөөний хаалгыг онгойлгов. Өрөөнд нэг эмэгтэй нас барсан байх бөгөөд түүний хажууд 93 настай Ида Вуд байх нь тэр. Нас барсан эмэгтэй нь түүний эгч байж.

Зочид буудлын менежерүүд оршуулгын товчооныхон ирэх зуур орчныг ажиглахад 25 жилийн туршид хэн ч орж байгаагүй энэ өрөөний зочны болон унтлагын өрөөнд шалнаас бараг тааз хүртэл гутлын хайрцаг өрсөн байх аж. Эдгээр хайрцаг бүгд дүүрэн мөнгөтэй.

Хажуугаар нь биржийн мэдээлэл бүхий шарласан сонины тасархай хөглөрч, харх гүйлдэж байх юм гэнэ. Жигнэмэг, хямдхан гоймонгийн хайрцагнууд хэдийнэ өтжээ. Өөр хэсэг хайрцагт ариун цэврийн цаас дүүрэн чихээстэй байх аж. Өрөөний буланд доллар хийсэн гурван чемодан байх бөгөөд Ида эгчийнхээ цогцосыг өрөөнөөс гаргахад туслах үедээ чемодан руу нь харахгүй байхыг шаардан хашгичиж байсан гэнэ.

“Тэнд мөнгө байгаа, миний, миний мөнгө” хэмээн Ида хашгирч байсан аж. Үүний зэрэгцээ цүнхэнд нь 500 мянган долларын үнэ бүхий үнэт цаас байжээ.

Энэ бүхнийг харсан зочид буудлын ажилтан ихэд цочирдов. Хямдхан энэ буудалд үнэт эдлэл, олон сая доллар биедээ хадгалж байсан саятан эмэгтэй амьдарч байж. Тэр энд ийнхүү амьдарч байхдаа цэвэрлэгээ үйлчилгээ авдаггүй, бохир заваан амьдарч байсны дээр буудлын ажилтнууд түүнийг “солиотой үйлчлүүлэгч” гэж боддог байв. Ингээд Идаг эмч рүү хүргэж өгөв, гэвч удалгүй тэрээр буудлынхаа өрөө рүү зугтжээ. Найман сарын дараа түүний цогцосыг өнөөх өрөөнөөс олов.

Энэ үеэс хойш Ида Вудын түүх Нью-Йорк даяар домог мэт яригдаж, Ида Вуд гэж хэн болох, түүний их өв хөрөнгийг хэн залгамжлах тухай яриа түймэр мэт дэгдлээ.
Түүнийг нас барснаас жил хагасын дараа өмгөөлөгч Эдвард Коркоран Ида Вудын нууцыг дэлгэсэн бөгөөд үүнийг сонссон хүн бүр гайхширч байв.

Зальжин, ухаалаг мөн солиот эмэгтэй

ЖҮЖИГЧЯИНИда Вуд нь үнэндээ ядуу ирланд цагаачдын охин Эллен Уолш байжээ. Эллен өсвөр насандаа л өөрийгөө ухаантай, үзэсгэлэнтэй гэдгийг мэдэрч, залуу насаа хөдөөгийн Массачусетст булшлах хэрэггүй гэдгээ ойлгосон гэдэг. Ингээд 19 настайдаа хувцас хунараа базааж, Нью-Йоркийг зорив. Энд ирээд Мейфильд гэх овогтой болж, өөрийнхөө намтарыг ч зохиож, Европт удаан хугацаанд суралцаж байгаад төрөлх Америктаа ирсэн, элсэн чихрийн тариаланд хөрөнгө оруулсан саятан Хенри Мейфилдийн охин гэж өөрийгөө танилцуулах болов.

Мөнгөтэй хүнд ямар ч хаалга нээгддэг, Идагийн мөнгийг хэн ч олж хараагүй ч Нью-Йоркийн дээдсийн хүрээллийнхэн “чинээлэг өв залгамжлагч”-ийг найр тавин угтжээ. Хөрөнгө чинээтэй айлын үзэсгэлэнтэй Идаг эхнэрээ болгох гэсэн эрчүүдийн цуваа тасардаггүй байв.

Гэвч Идагийн өндөр шаардлагыг хэн ч давдаггүй байлаа. Ингээд нэгэнтээ Ида бизнесмен, хөлөг онгоцны компани, “Нью-Йорк Дейли Ньюс” сонины эзэн Бенжамин Вудын талаар олж мэджээ. Тухайн үед хэдийнэ гэрлэсэн байсан чинээлэг эр хөрөнгөтөнтэй гэрлэх шунал хүсэл нь туйлдаа хүрсэн Идагийн анхаарлыг татаж орхив. 1857 онд Ида Вудад хандан захидал бичжээ.

“Хүндэт ноён Вуд! Би саяхан Нью-Йоркт ирсэн, та шинэ хүмүүстэй танилцах хүсэлтэй байгаа гэдгийг мэдэж байна. Таныг гэрлэсэн гэдгийг мэднэ ээ, би тийм ч үзэсгэлэнтэй биш байж мэднэ. Гэхдээ би залуухан, сэтгэл татам, хэрүүл шуугиан тарьдаггүй, мөн маш ухаантай нэгэн. Тантай дотно харилцаатай байхыг санал болгож байна. Миний захидал таны анхаарлыг татсан бол хариу бичээрэй, уулзалтаа товлоцгооё” хэмээн Ида бичжээ.

Энэ захидал “чинээлэг өв залгамжлагч”-ийн нэр хүндийг нэг мөр булшилж мэдэхээр осолтой тоглоом байв. Гэвч Идагийн тооцоолсончлон түүний оролдлого талаар болсонгүй. Вуд Идатай болзохоор болж, түүнийг харангуутаа гоо үзэсгэлэнд нь татагджээ. Тэд нууцаар уулзалдаж эхлэв, тэдний далд харилцаа 10 жил үргэлжилж, энэ хугацаанд Ида баян нууц амрагтаа Эмма гэх охин төрүүлж өгөв. Гэхдээ үнэндээ Ида жирэмсэн байхыг хэн ч хэзээ ч хараагүй, хэзээ, хаана энэ охин төрсөн нь тодорхойгүй, тиймдээ ч Эмма Идагийн охин яг мөн үү гэх яриа газар авчээ.

Гэхдээ ядуу цагаачдын охин 10 жил далд харилцаатай байсны эцэст бусдын яриаг хэдийнэ ойшоохоо больсон байв, түүнд гагцхүү Вуд болон түүний эд хөрөнгө хэрэгтэй. Ингээд Вудын эхнэр бие барсны дараахан тэд Нью-Йоркийн тансаг зочид буудалд хуримаа хийсэн гэх бөгөөд зочдын дунд Америкийн Ерөнхийлөгч ч байсан гэдэг.

Вудтай гэрлэсэн нь Идаг шинэ түвшинд гаргав. Дээдсийн хүрээлэнгийн уулзалт, цэнгүүн, дуурийн театрын хүндэт суудал, буяны хандив цуглуулах оройн зоог гээд хатагтай Вудыг хаа сайгүй найр тавин угтдаг байлаа. Ида Вуд ч шинэ дүрээ амжилттай бүтээж байв, түүний үг хэл, ааль маяг, бичгийн чадвар өөлөх юмгүй гайхалтай байсан гэдэг.

Ида чинээлэг эрийн нууц амраг байх он жилүүддээ өөртөө багш хөлслөн, ярих, бичих чадвараа хөгжүүлж байжээ.

Вуд мөрийтэй тоглоомд шунадаг байсан нь Идагийн сэтгэлийг ихээхэн зовоодог байв. Ажил хэрэгтээ ухаалаг ханддаг байсан ч мөрийтэй тоглоом шунан тоглож, нэг үдэш гэхэд л их хэмжээний мөрий тавьдаг байсан Вудыг хөрөнгөө талаар нэг цацах нь гэж Ида эмээдэг байжээ. Ингээд Ида хөрөнгөө хадгалж үлдэх арга бодож олов, Бенжамин Вуд казинод мөрий тавиад хожигдох бүрдээ алдсан мөнгөтэйгээ дүйх хэмжээний торгуулийг эхнэртээ төлнө, харин хожсон бол хожлынхоо тал хувийг Идад өгнө.

Вуд мөрийтэй тоглоом тоглохын хэрээр Ида баяжиж байв. Вуд эхнэртээ өгөх торгуулиа мөнгөнөөс гадна үнэт эдлэл, байшин, хувьцаагаар төлдөг байжээ. 1900 онд Бенжамин Вуд зүрхний шигдээсээр нас барахад түүний нэр дээр ямар ч хөрөнгө байсангүй, бүх эд хөрөнгө эхнэр Ида Вудийн нэр дээр байсан гэдэг.

Ида магнай хагартал баярлаж байв, Нью-Йорк тэр чигтээ түүний мэдэлд, харин тэр хатан хаан нь байв. Гэвч зүйрлэшгүй их баялаг түүнийг солиоруулж эхэллээ. Олон жилээр цуглуулсан хөрөнгөө алдахаас гэнэт л айж эхлэв. Тэр зөвхөн нөхрөөсөө татаас авч амьдарсангүй, ухаалаг бизнес хатагтайн хувиар нөхрөөсөө авсан хөрөнгийг өөрөө үржүүлж, арвижуулж байсан юм. Ингээд мөнгөө алдахаас айсан Ида ухаан самуурсан мэт аашилж, нөхрийнх нь мэдэлд байсан сониныг, дараа нь бүх хөрөнгөө зарж, мөнгийг нь чемодан, авдарт хийв.

Дараа нь эгч Мэри, охин Эммагаа дагуулан Herald Square хэмээх хямдхан буудалд нүүн очжээ. Банкуудад итгэдэггүй тул хөрөнгөө гудсан дороо хадгалах нь дээр гэж Ида үздэг байв.

Өдөр хоног өнгөрөхийн хэрээр энэ гурван эмэгтэй улам л зожиг амьдралтай болжээ. Дээрэмдүүлэхээс айж гадагш гарахаа болив, хүмүүсийн дунд хулгайчид ороод ирж магадгүй тул зочид урихаа болив. Түүгээр ч барахгүй хоол захиалж авахдаа хаалгаа ч тайлалгүй, хаалганы цаана үлдээ гэж буудлын ажилтнуудад хэлдэг байжээ.

Авдар авдраар мөнгө хадгалсан эмэгтэйчүүд сүүлдээ хоол хүнсэн дээрээ ч хэмнэлт хийдэг болов, мөнгө хэзээ ч дуусаж магадгүй гэсэн айдсаасаа болж хамгийн хямд хоол хүнс захиалдаг болсон гэдэг.

Ингээд Идагийн эгч 1931 онд бие барах хүртэл тэд бүхнээс, бүгдээс айн, мөнгөө хэмнэж амьдарсаар иржээ. Мэригийн цогцосыг гаргахаар ирсэн ажилтнууд цочирдов, өрөө хогийн цэг шиг бохир заваан, үүний хажуугаар хайрцаг хайрцгаар мөнгө овоолоостой байх аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img