2024-10-26, Бямба
7 C
Ulaanbaatar

Александр Калинкин: Хүн сэрүүлгээр л сэрдэг бол нойр дутуу авлаа гэсэн үг

Дэлхийн нийт хүн амын 15-30 хувь нь архаг нойргүйдэлтэй болсон гэх судалгаа бий. Насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүд ч нойргүйдэлд ихээр өртөж байгаа юм. ОХУ-ын Москвагийн их сургуулийн Анагаахын эрдэм шинжилгээ, боловсролын төвийн Нойрны анагаах ухааны төвийн захирал, нойр судлаач эмч Александр Калинкин нойр хүний амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг, хотын оршин суугчид унтаж амрахын тулд юу хийх ёстой талаар “Ведомости” сонинд ярьжээ. Энэ ярилцлагыг товчлон хүргэж байна.

-Би амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Гэхдээ нойр гэж яг юу вэ, юунд хэрэгтэй вэ?

-Сүүлийн үеийн чухал нээлтүүдийн нэг нь профессор Иван Николаевич Пигарёвын онол юм. Тэрээр 30 жилийн туршид муур, матар, сармагчин дээр туршилт хийж, нойр дотор эрхтнийг эрүүл байлгахад нэн чухал гэдгийг олж тогтоосон. Унтах үед тархи дотор эрхтэнтэй харилцан үйлчилж, тэдгээрээс ирэх мэдээллийг боловсруулж байдаг. Гэхдээ одоог хүртэл нойрыг тодорхойлсон, бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолт байхгүй, судласаар л байна.

Нойр бол дэлхий дээр байдаг бүх л амьтдад заяасан, генетикээс үүдэлтэй байдал. Нойр бол амин чухал функцуудыг дэмжиж байдаг. Тиймээс унтахгүйгээр нэг ч өндөр хөгжилтэй организм оршин тогтнох боломжгүй. Аливаа амьд амьтныг огт унтдаггүй болговол 7-10 дахь хоногтоо л амиа алдана. Шавж хүртэл унтдаг юм шүү дээ.

-Гэтэл хотынхон ерөөсөө унтаж чадахаа байлаа!

-Орчин үеийн хүмүүсийн унтаж амрах цаг улам бүр л багассаар байна. Сүүлийн 100 жилийн хугацаанд хотын оршин суугчид унтаж амрах цаг 8 байснаас 6 болж буурсан, зарим том хотуудад хүмүүс улам л цөөн цаг унтдаг болсон гэсэн судалгаа бий.

-Хүн ер нь хэдэн цаг унтаж амарвал зохистой байдаг юм бэ? Зөрүүтэй мэдээллүүд их байдаг, зарим дээр нь хүн 8 цагаас багагүй хугацаанд унтаж амрах ёстой гэдэг бол зарим дээр нь хүмүүс их унтах тусам сайн гэсэн байдаг.

-18-аас дээш насны ихэнх хүмүүсийн тухайд хоногт 7-9 цаг унтвал зохилтой. Хамгийн багадаа 6 цаг, ихдээ 10 цаг унтах хэрэгтэй. Гэхдээ энэ нь зөвхөн насанд хүрэгчдэд хамааралтай. Нялх хүүхдүүд гэхэд өдөрт 16 цаг унтдаг, өсөж томрохын хэрээр унтах цаг нь багасдаг. Түүнчлэн хэдхэн цаг унтаад сэргэчихдэг хүмүүс байдаг.

Таван цаг унтсан ч бүрэн амарсан мэдрэмж авч, ажиллах чадварт нь нөлөөлдөггүй, сэтгэн бодох чадвар нь сайн байдаг тийм хүмүүс бий. Гэхдээ ийм хүн тун цөөн. Хүний нойрны үргэлжлэх хугацаа болон эрт нас баралтын хоорондын уялдаа холбоо их сонирхолтой байдаг. Хүмүүс хэт их унтдаг бол аливаа төрлийн өвчнөөс болж нас барах магадлал нь өсөж байдаг.

Эрүүл нойр 10 цагаас илүүгүй байх ёстой. Үүнээс илүү их унтвал эмгэг байдал гэж тооцогдоно. Хэт их унтсанаар нойрмоглож, эмгэг үүсэхэд шууд нөлөөлж, эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

-Дутуу нойртой байх ч аюултай гэдэг биз дээ?

-Тийм ээ, дутуу нойртой явах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Унтаж амардаг цагаасаа ганцхан цагаар л бага унтахад хүний идэвх буурч, зүрх судасны болон дотоод шүүрлийн булчирхайн өвчин үүсэж, дархлаа буурахад нөлөөлдөг. Нойр бол эрүүл, урт удаан наслахын үндэс. Нойргүйдлийг дотор нь хурц болон архаг гэж хуваадаг. Хурц нойргүйдэл нь гурав хүртэлх сараар үргэлжлэх бол архаг нойргүйдэл нь гурваас дээш сараар үргэлжилсэн байдаг. Хурц нойргүйдлийн үеийг хүн бүр амьдралынхаа туршид нэг удаа туулсан байдаг. Харин манай гарагийн хүн амын 15-30 хувь нь архаг нойргүйдэлд орсон гэх судалгаа бий.

-Нойрны үргэлжлэх хугацаа болон чанар, нойргүйдэхэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?

-Тухайлбал, гэрэл их байх, ойр орчимд автомашины зам, метро, нисэх буудал байх зэрэг нь хүн сайтар унтаж амрахад сөргөөр нөлөөлдөг. Өөр нэг хүчин зүйл нь тухайн хүн унтаж амрах өрөө тасалгааны температур болон агаарын чийгшил. Ихэнх хүмүүсийн хувьд Цельсийн 17-19 хэмийн нөхцөлд унтах нь зохистой. Өрөө сэрүүн байвал унтаж амрахад таатай, харин халуун, хуурай агаартай үед хүн унтаж чадахгүй байх нь түгээмэл.

Нойрны гол дайсан бол кофеин агуулсан бүтээгдэхүүн байдаг. Хүн ямар нэг ажлаа амжуулж чадаагүйгээсээ болж дутуу нойртой хонодог, ингээд дутуу нойртой хоносныхоо дараа ажиллахын тулд кофе, цай эсвэл шоколад зэрэг эрч хүч өгдөг бүтээгдэхүүн хэрэглэж, өөрийгөө сэргээхийг хичээх нь олонтаа.

Ингээд л энэ тойрог үргэлжлээд байна, хүн кофеин агуулсан бүтээгдэхүүн их хэрэглэхийн хэрээр нойрны чанар муудна, нойрны чанар муудахын хэрээр хүн сэргэхийн тулд кофеин агуулсан бүтээгдэхүүнээ дахиад л хэрэглэнэ.

нойр-Нойрны чанараа сайжруулахад нь хотын оршин суугчдад та ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

-Эрүүл унтаж амрах дүрмийг баримтлах хэрэгтэй. Нэг л цагт унтахаар хэвтэж, нэг л цагтаа босох гэж хичээх нь зүйтэй. Сэрүүлгээр сэрэхгүй байвал сайн, хүн сэрүүлгээр сэрж байгаа бол нойр дутуу авч байна гэсэн үг. Бидний дотор “сэрүүлэг” байдаг, тиймээс хүн сэрүүлэггүйгээр өөрөө сэрэх ёстой.

Өдөр бүр 7-9 цаг унтаж амрах хэрэгтэй. Орой 22-23 цагийн хооронд унтахаар хэвтэх тохиромжтой. Сэрсний дараа нар сайн туссан гэрэлтэй орчинд байх хэрэгтэй. Байгалийн гэрэл хангалтгүй орчинд байгаа бол тусгай гэрэл ашиглах хэрэгтэй. Харин үдшийн цагаар гэрлийг багасгана. Гэрэлтүүлгийг багасгаж, ухаалаг төхөөрөмж аль болох бага хэрэглэх хэрэгтэй.

Үүний зэрэгцээ кофеин агуулсан бүтээгдэхүүнээ багасгах ёстой. Хүмүүс над дээр ирээд л “эмч ээ би сайн унтаж чадахгүй байна” гэдэг. Ярилцахаар, тэд өдөрт долоон аяга, заримдаа түүнээс ч их кофе уудаг нь тодорхой болдог. Кофенид мэдрэмтгий байдал нь хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй.

Зарим хүн өглөө ганцхан шоколадтай чихэр идэхэд л дараа нь нойр нь хүрэхгүй, муу унтах жишээтэй. Нойргүйдэлд орсон хүн хэсэг хугацаанд кофеинтэй бүтээгдэхүүн огт хэрэглэхгүй байж үзэх хэрэгтэй. Үүний дараа нойрны чанар сайжрах нь уу үгүй юу, ажигла. Үүний дараа л кофегоо дахиад ууж эхлэх эсэхээ шийдээрэй.

Ер нь 15:00 цагаас хойш кофеин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Үүний зэрэгцээ өглөө болон өдрийн цагаар гүйх, сэлэх, гимнастик хийх зэрэг биедээ ачаалал өгөх нь ихээхэн тустай байдаг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img