2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Тэрбумтны өв залгамжлагч хөрөнгөө ядууст тараана

Дэлхийд томоохонд тооцогддог BASF химийн концерныг үүсгэн байгуулагчийн өв залгамжлагч Марлен Энгельхорн олон саяын өв хөрөнгөө бусдад тараахаар болжээ. Бусад хүмүүс мөнгөөр гачигдаж байхад энэ их мөнгийг өөртөө үлдээх нь шударга бус гэж тэр үзэж байгаа гэнэ.

Өдгөө 31 настай, Австрийн оршин суугч Марлен Энгельхорн Германы аж үйлдвэр эрхлэгч Фридрих Энгельхорны удам аж. XIX зууны дунд үед Фридрих BASF концерныг үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө энэ нь дэлхийн хамгийн том химийн компанид тооцогдож байна. Концерныг үүсгэн байгуулснаас хойш 160 жилийн хугацаанд Фридрихийн үр удам концерныг амжилттай авч яваагийн дээр өвөг дээдсийнхээ үлдээсэн өв хөрөнгийг үржүүлж чаджээ.

Марлен Энгельхорн чинээлэг гэр бүлд өсөж торнисон, хэзээ ч юугаар ч дутаж байгаагүй гэнэ. Төрсөн цагаасаа л чинээлэг байсан тэрбээр ажил хөдөлмөр эрхэлж, эрсдэл гаргах шаардлага байсангүй.

Марлен үргэлж л баячуудаас бага татвар авч байгаад дургүйцдэг байсан гэнэ.
“Би олон саяын хөрөнгө өвлөж, үүнийхээ төлөө татвар төлөхгүй байхад долоо хоногт 40 цаг ажиллаж, заримдаа бүр давхар ажил хийж байж хүүхдүүдээ тэжээдэг хүмүүсээс татвар авч байгаа нь буруу” хэмээн тэрбээр DW –д өгсөн ярилцлагадаа өгүүлж байв.

Эцэг эх нь ядуусыг дэмжих түүний үзэл бодлыг хүндэтгэдэг байсан ч захиран зарцуулдаг хөрөнгөнөөсөө салах хүсэлгүй тул Марлен хүмүүст туслаж чаддаг байж. Харин 95 настай эмээ Траудль Энгельхорн-Векьятто нь таалал төгссөний дараа бүх зүйл өөрчлөгджээ.

Траудль Энгельхорн-Векьятто туйлын чинээлэг эмэгтэй байв. Forbes сэтгүүл түүний хөрөнгийг 3,8 тэрбум евро гэж үнэлж байлаа. Ингээд тэрээр охиндоо хэдэн арван сая еврог гэрээслэж үлдээсэн аж.

Эмээгээсээ их хөрөнгө өвлөн авсан Марлен Энгельхорн энэ хөрөнгөнийхөө 90 хувийг танихгүй хүмүүст тараахаар болжээ. Үлдсэн хувийг урсгал зардал, орон сууц түрээслэхэд зарцуулж, дараа нь бусад хүмүүсийн адилаар энгийн ажил хайж олох гэнэ.
Тавин хүний амьдралыг босгох Марлены санаа

Энгельхорн эмээгээсээ өвлөж авсан хөрөнгөө 50 хүнд хуваан өгөхөөр зэхэж байгаа гэнэ. Хүн тус бүрт 500 мянган евро (монгол мөнгөөр тооцвол 1,9 тэрбум орчим төгрөг) өгөх бөгөөд чухамхүү хэн энэ их мөнгийг авах шийдийг тусгай зөвлөл шийдэх юм байна.

Тусгай зөвлөл байгуулахын тулд Марлен 2024 оны нэгдүгээр сард санамсаргүй түүврийн аргаар 10 мянга гаруй хүнд урилга илгээжээ. Тэднээс ердөө хэдхэн зуун хүн л хариу өгсөн бөгөөд хариу ирүүлсэн хүмүүсээс 50 хүнийг сонгон авах юм байна.

Эдгээр хүмүүсээс бүрдэх тусгай зөвлөл гуравдугаар сараас эхлэн зургаан долоо хоногийн туршид амралтын өдрөөр цуглаж, Марлены хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар хэлэлцэх гэнэ. Тэд Марлен Энгельхорны өвлөн авсан хөрөнгийг хамгийн шударгаар хуваарилах аргыг олох юм байна.

Тусгай зөвлөлийн гишүүд чухамхүү гол асуудалд анхаарлаа хандуулж чадахаар байхын тулд Энгельхорн тэдний зардлыг дааж, хүүхдүүдээ үлдээх хүнгүй хүмүүст хүүхэд асрагч хөлсөлж өгөх гэнэ. Түүнчлэн тусгай зөвлөлд сонгогдсон хүмүүс долоо хоног бүр хуралд оролцсоныхоо төлөө 1200 еврогийн урамшуулал авах юм байна.

Марлен Энгельхорн тусгай зөвлөлд хандан хэдхэн шаардлага тавьжээ. Түүний хөрөнгийг үндсэн хууль зөрчдөг эсвэл дайсагнасан, хүнлэг бус үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс, байгууллагуудад өгч болохгүй. Түүнчлэн улс төрийн нам, арилжааны байгууллагууд Марлены хөрөнгөөс хувь хүртэхгүй. Мөн тусгай зөвлөлийн гишүүд мөнгийг өөртөө эсвэл төрөл төрөгсөд, танил хүмүүстээ өгч болохгүй гэсэн шаардлага тавьж байгаа аж.

Тусгай зөвлөлийн гишүүд зөвшилцөлд хүрч чадвал Марлен Энгельхорн энэ шийдвэрт огт нөлөөлөхгүй гэнэ.

Энд сонирхуулахад, хөрөнгөө бусадтай хуваалцах хүсэлтэй саятнууд Марленаас ч өмнө байсан юм. Америкийн Индианаполис хотын оршин суугч 77 настай Терри Канын тухай мэдээлэл саяхан цацагдаж байв. Тэрээр бүх хөрөнгөө хүүхдүүд, ахмад настанд тусладаг буяны сангуудад гэрээслэжээ. Терри Кан амжилттай хөрөнгө оруулалт, өв хөрөнгийн ачаар 13 сая доллар цуглуулсан ч даруухан амьдарч, эмнэлэгт ажилласаар насан өндөр болсон аж.

Олны чихэнд хүрсэн өөр нэг тохиолдол бий. Тэр бол тэрбумтан Чак Фини. 1988 оноос хойш Forbes сэтгүүлээс эрхлэн гаргадаг дэлхийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад багтсаар ирсэн Чак Фини амьд ахуйдаа л найман тэрбум долларыг сайн үйлсэд зарцуулж байв. Фини үүсгэн байгуулсан сан эрүүл мэндийг дэмжих, шинжлэх ухааны судалгаа, хүний эрхийг хамгаалах үйлсэд зарцуулагддаг байв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img