2024-10-08, Мягмар
5 C
Ulaanbaatar

Ардын жүжигчин Ч.Чинбат: Аавынхаа хийлч, удирдаач мэргэжлийг өвлөсөндөө бахархдаг

Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, алдарт удирдаач Ж.Чулууны хүү урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Чулууны Чинбат сар шинийн босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын ардын жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цол хүртэж, Монгол Улсын консерваторийнхон, олон зуун шавь нь түүнийг цэцгийн баглаа тэврэн, аавынх нь “Уран Хас” алдарт бүжгэн жүжгийн хөгжмийн аялгууг тоглон тосон авсан юм. Чинбат хэмээх эл даруухан эрхэмтэй аавынх нь мэндэлсний ойн үеэр одоогоос таван жилийн өмнө доорх ярилцлагыг хийж байсан билээ.

-Таны аав ардын жүжигчин Ж.Чулуун гуайг Монголын ард түмэн авьяаслаг хөгжимчин, гайхамшигтай удирдаач гэдгээр нь сайн мэднэ. Та аавынхаа тухай яриач?

-Манай аавын гарал үүсэл, өвөг дээдэс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул улс байдаг. Өвөөг маань Жамьян гэдэг. Хүүхдүүд нь Эрдэнэбүрэн нутгаасаа наашлаад Ховдын төвд голдуу төрсөн юм билээ. Аавыг гэхэд зарим нь Жаргалантынх, зарим нь Буянт сумынх гээд байдаг. Манайхан Эрдэнэбүрэний өөлдүүд л дээ.

-Жамьян өвөөгийнхөө талаар аль хэр мэдэх вэ?

-Манай өвөө нутагтаа хэлмэрч, хуурч нэртэй байсан хүн. Багаасаа өнчин өрөөсөн өсөж, жин тээж явахдаа орос, хасаг, хятад хэл сурсан учир хэлмэрч Жамьян гэдэг байж. Шинжаанаас янз бүрийн улс амьтан хөлхсөн цаг төр үймээнтэй үед өвөө маань аймгийн Аюулаас хамгаалах яаманд бичээч-хэлмэрчээр ажиллаж байсан юм билээ.

-Чулуун гуай эцэг эхээс хэдүүл вэ?

-Зургуулаа гэдэг юм. Ууган ах Буянтогтох нь Эвлэлийн ажилтан, зохиол бичдэг хүн байж. Цэргийн чуулга Жанжин клубт байх үед анх уран сайхны удирдагчаар очсон байдаг. Тэнд нэг их удаагүй, хөдөө бригадаар явж ирсэн орой нь баривчлаад цаазалчихсан юм байна лээ.

Өвөө энэ зовлонг даалгүй нас бараад, эмэг ээж маань том хүүхдүүдээ дагаад аавыг аваад хотод орж ирсэн гэдэг. Аав арван нэгэн настай байсан юм билээ. Аав хорин найман оны хүн шүү дээ. Гучин есөн онд эгчтэйгээ Бөмбөгөр ногоон театрт ажилд орж байж.

-Эгч нь алдартай бүжигчин хүн байх аа?

Чулуун-Алимаахүү гэж БНМАУ-ын гавьяат жүжигчин бүжигчин хүн л дээ. Тэр үеийн мундагчуул аавыг шалгаж авсан байдаг. Намсрайжав гуай, Чойдог гуай, аав эд нарыг шалгаж аваад дагалдан хөгжимчин болгосон. Намсрайжав гуай хуучраа бариад, Чойдог гуай морин хуураа тоглоод, аав ёочингоо хөгжимдөөд тоглодог байж. Багш нь “солгой” Баяр, Дашдэлэг гуай эд байж.

Бид Дашдэлэг гуайг Маамаа гэдэг байсан. Би 1951 онд төрсөн. Маамааг бид сургуульд орохоосоо ч өмнө мэднэ л дээ. Манай аавын бас нэг эмээ нь юм байх гэж бид ойлгодог байсан. (инээв. Л.Б) Тэр үеийн улс тийм сайхан ойр дотно байдаг байлаа. Дараа нь ойлгоход аавын маань ёочингийн багш байсан юм билээ. Аав маань Жамьян хуурч, Билэгийн Дамдинсүрэн, Л.Мөрдорж гуай нарын аугаа том хүмүүсийн дэргэд өсөхдөө хөгжим заалгаж хөл тавьсан хүн байхгүй юу.

-Аргагүй л алтан үеийн хүн юм аа?

-Дөчин хэдэн оноос Оросын жүжигчид манайд ирж тоглох үеэс “Сонгодог хөгжим манайд хэрэгтэй юм байна” гээд, улсаас ч бас урлагийг хөгжүүлэх мундаг бодлого явуулж эхэлж дээ.

Аав тэр үед “Зөвхөн ардын язгуур урлагаар хол явахгүй юм байна, цаашдаа сонгодог урлаг манайд хэрэгтэй юм байна, сурах хэрэгтэй” гэсэн санаа авсан байдаг юм. Улаан-Үд, Эрхүүгийн симфони оркестр манайд ирж тоглолт хийсэн байдаг. Тэгэхэд Смирнов гуай ирж багшилж байсан. Бүжгийн багш, драмын багш, зураачид зэрэг хэдэн мундаг орос ирж монголчуудын урлагийн суурийг тавилцлаа шүү дээ.

-Зөвлөлтийн мэргэжилтнүүдэд шавилж европ хөгжимтэй танилцан, эзэмшиж тоглож сурсан юм байна даа?

-Тэр үеэс эхлээд ардын хөгжмөө сольж европ хөгжим тоглож сурсан. Дашдулам гуай шанз тоглож байснаа альт хөгжим бариад, Цэвэлмаа эгч хуучир тоглож байснаа хийл тоглоод, Цэрэндолгор эгч бас хийл бариад, Намсрайжав гуай волторн хөгжим тоглодог болцгоосон. Ингэж манай алтан үеийнхэн чинь бүгд давхар хөгжим эзэмшээд эхэлсэн. Тавин нэгэн он хүртэл суралцаж байгаад шинэ Хөгжимт драмын театр ашиглалтад ороход өөрийн гэсэн оркестртой болсон байдаг.

-Өнөөгийн их урлагийн суурь тавигдаж дээ?

-Аавтай минь зэрэгцэж ажиллаж байсан алтан үеийн бүх л хүмүүс зөвхөн Азид ч биш, дэлхий даяар Монголыг таниулах урлагийн ертөнцийнхний түүчээ болсон байдаг.

Чулуун-Аав тань анх хэний шавь болж хөгжим тоглож сурсан бол?

-Ардын жүжигчин Яасай гуайн шавь болж анх хөгжим барьж, тоглож сурсан юм билээ.

-Яасай гуай Ховдын театраас төрсөн алдартай ардын жүжигчин хүн дээ, тээ?

-Яасай ах, аав хоёр чинь хоёул Ховдын сургуулийн дөрвөн жилийн л боловсролтой хоёр. Тэд “Бид хоёр чинь дөрвөн жил сурсан шүү” гэж их бахархдаг байсан.

-Бодвол тэр үеийнхний жишгээр ЗХУ-д суралцсан байлгүй?

-Үгүй ээ.

-Өө, тийм үү?

-Аав маань гадаадад ерөөсөө сураагүй. Жаран хэдэн онд Прагад мэргэжил дээшлүүлэх курст л нэг суусан хүн шүү дээ.

-Таны ээж ямар мэргэжилтэй хүн байна?

-Ээж маань багш мэргэжилтэй Должинсүрэн гэж хүн. Бага ангийн багш л даа. Багшийн сургууль төгссөн. Гуравдугаар сургуульд багшилдаг байсан.

-Хаанахын хүн билээ?

-Ээжийн уг нутаг Сэлэнгэ гэдэг ч Төв аймгийн Сэргэлэн суманд өссөн байдаг. Аав ээж хоёр маань Сүхбаатарын талбай дээр нэг баярын үеэр танилцсан юм билээ. Танилцаад гэр бүл болоод дөчин есөн онд Үзмээ эгч маань төрсөн. Үзмээ эгч Москвад Театр урлагийн сургуулийг нүүр хувиргагч мэргэжлээр төгссөн.

-Монгол кинонуудад “Нүүр хувиргагч Үзмээ” гэж бичсэн нь их содон харагддаг. Тэр хүн байх нь?

-Олон кинонд нүүр хувиргагчаар ажилласаан. Эгч одоо гавьяаныхаа амралтанд суусан. Олон хүүхэдтэй хүн бий. Миний доор хоёр эрэгтэй дүү байдаг. Үнэнбат дүү маань Хөгжим бүжгийн сургууль төгссөн төгөлдөр хуурч хүн л дээ. Дүү маань ослоор бурхан болчихсон юм.

Монголын хамгийн анхны төгөлдөр хуурын засварчин мэргэжлийг орос мэргэжилтнээр заалгасан хүн байлаа. Улсын цирк, урлагийн байгууллагад ажиллаж байлаа даа.

-Өө хөөрхий, отгон дүү тань хэн билээ?

-Баярбат маань Политехникийн дээд сургуулийн Авто-инженерийн ангийг төгссөн. Бид ингээд эцэг эхээс дөрвүүлээ юм.

-Аав тань хаа хаана ажиллаж байв?

-Аав насаараа л Дуурийн театрт ажилласан хүн. Сүүлд тэтгэвэрт гарахдаа Улсын филармонид хоёр гурван жил ажилласан. Дандаа удирдаач, уран сайхны удирдагчаар ажилласан.

Чулуун-Чулуун гэж ганц удирдаач л Монголд байдаг юм байна гэсэн ойлголт хүмүүсийн тархинд суучихсан байсан үе байдаг даа?

-Одоо сайхан сайхан удирдаачид олон байна аа. Залуучууд гарч ирж байна. Аавын удирдаач болсон нь сонин тохиол байдаг.

-За, яаж болсон байх юм?

-Аавыг бага залуу байх үед Билэгийн Дамдинсүрэн гуай, жижиг Лувсаншарав гуай хоёр л удирддаг байж. Тавин хэдэн онд манай уран бүтээлчид анх удаа урагшаа явж. Буцах дөхөөд тоглолт дуусах тийшээ хандаж байтал бригадынхны ихэнх нь халуурдаг айхтар ханиад хүрч л дээ.

Нөгөөдүүлийг чинь “Ямар өвчин тусчихав” гээд хөл хорио энэ тэр тогтоосон чинь хамгийн түрүүнд Дамдиа гуай маань халуун ханиад хүрчихсэн байж л дээ. Тэгээд сүүлийн тоглолт болох үед “Чулуун чи удирд” гэж аавыг анх гаргасан байдаг юм.

-Өө, бүр мэргэжил мэргэшил ч үгүйгээр шуудхан удирдаачаар тайзнаа гарчээ?

-Тэгж аав анх удирдаачийн палка барьж удирдсанаас хойш удирдаач болсон нь авьяастай хүн болж таарч байгаа юм.

-Та ч аавынхаа удирддаг, хийл тоглодог мэргэжлийг өвлөсөн хүн дээ?

-Би аавынхаа мэргэжлээс хийлийг нь ч, удирдаачийг нь ч авсан л даа. Үүгээрээ их бахархдаг юм.

-Аав чинь ямаршуухан зантай хүн байв?

-Уурладаггүй, маш зөөлөн хүн байсан. Хүүхдүүдээ зодож занчина гэж байхгүй. Тэр үеийн хүүхдүүд эцэг эхээсээ жавтий хүртдэг л байсан. Тэгэхэд аав ерөөсөө биднийг зодож байгаагүй. Хэл үгээрээ хүнийг барьчихна. Өөрийнх нь байгаа байдал их сайхан. Тэр хүндлэлээс ч болдог юм уу аавыгаа аль болох уурлуулахгүйг хичээж, үймүүлдэггүй байсан. Гэртээ хийлээ тоглоно. Ганцхан өрөө байртай. Аавыг тоглохыг хараад “Хийлч болъё” гэж бодсон шиг байгаа юм.

-Тэгээд л аавынхаа сайхан мэргэжлийг өвлөж хийлч ч, удаирдаач ч болж дээ, та?

-Хөгжим бүжгийн сургуульд Лувсаншарав гуайн Халиунсүрэн, Хайдав гуайн Төмөрбаатар, Жамьян гуайн Баярсайхан, Намсрайжав гуайн Бүтэнбаяр гээд урлагийнхны хүүхдүүд бүгд орсон доо. Би ч тэдний нэг юм даа.

-Таны хүү хөгжимчин байх аа?

-Хүү Амарбаясгалан маань морин хуурч. Жамьян өвөөгөөс тоолохоор хүү маань дөрөвдэх үеийн хөгжимчин хүн юм даа.

Ардын жүжигчин Чулууны Чинбатын тухай “Векипедиа” нэвтэрхий тольд ийн бичсэн байна.

“Чулууны Чинбат (1951 онд Улаанбаатар хотод төрсөн) Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин хөгжмийн удирдаач.

Ч.Чинбат нь БНМАУ-ын Ардын жүжигчин, хөгжмийн нэрт удирдаач Жамьянгийн Чулууны хүү.

ЧулуунЧ.Чинбат бага балчир байхаасаа эцгийгээ харж, үлгэрлэн дуурайж, үйл хэрэг, уран бүтээлийг нь үргэлжлүүлэх хүслийг өвөрлөн өссөн байна. Түүний эцэг Монголын хөгжмийн ертөнцийн ноён оргилын нэг байсан юм.

Ч.Чинбат 1958 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн хийлийн ангид элсэн орсон. Харин зургадугаар ангид байхад нь хөгжмийн 10, бүжгийн 10 хүүхдийг сонгож ЗХУ-д сургуульд явуулах болоход тэрээр ангиасаа сонгогдсон байна. Ийнхүү 1964 онд тэрээр ЗХУ-ын Ленинградын Хөгжмийн бага сургуулийг зорьсон байна.

Гэвч хүүд цаг агаар нь таарсангүй, жил болоод буцжээ. Харин 1968 онд Ч.Чинбат Армени улсын нийслэл Ереван хотыг зорьж есөн жил сураад 1977 онд эх орондоо сургуулиа төгсөөд ирсэн байдаг. Түүнийг ирэхэд Хөгжим бүжгийн дунд сургуульд дагалдан багшаар авах тушаал нь хэдийнэ гарчихсан байжээ.

Тэрээр хичээл заахаас гадна сургуулийнхаа хийлийн чуулгыг удирддаг болжээ. Төрийн бүх арга хэмжээнд оролцож, Европын орнуудаар монгол соёлоо сурталчлах эрхэм үүргийг хүлээв.

Ч.Чинбатын хамгийн ихээр омогшиж, бахархсан үе нь 1981 онд дэлхийн соёлын өдрүүдэд оролцож, Москвагийн их театрт тоглосон үе гэж тэрээр дурссан байна. Зүгээр ч нэг тоглосонгүй. Аавтайгаа, ахтайгаа нэг тайзан дээр тогложээ. Аавынхаа мөнхийн бүтээл болох “Ардын хоёр дууны найруулга” гэсэн бүтээлийг эгшиглүүлсэн юм байна.

Ж.Чулуун агсан хүүгийнхээ хамгийн том зөвлөгчөөс гадна шүүмжлэгч байсан аж. Хамтарч тоглохдоо “Хүү минь гомдчих болов уу” гэж боддоггүй шууд л алдааг нь хэлчихдэг. Энэ нь ч хүүд нь хэдэн их сургууль төгссөн мэт арвин мэдлэг, туршлага болдог байжээ.

  • 1989 онд хөгжмийн удирдаачаар сурахаар Болгар улсад сурчээ.
  • 1991 онд төгсөж ирээд Ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдаачаар ажилласан байна.
  • 1992 оноос Хөгжим бүжгийн дунд сургуульд багш болж 1996 онд сургуулийнхаа захирлаар томилогдоод 1999 он хүртэл ажилласан байна.
  • 2024 оны хоёрдугаар сарын 8-нд Ардын жүжигчин цол хүртсэн.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img