2024-07-23, Мягмар
19 C
Ulaanbaatar

Киллиан Мeрфи: Жинхэнэ жүжигчин болохын тулд 30 жил шаардлагатай нь үнэн бололтой шүү

Ирландын жүжигчин Киллиан Мерфи атомын бөмбөгийн эцэг гэгддэг АНУ-ын физикч эрдэмтэн Роберт Оппенхеймерийн дүрийг бүтээснээрээ ирэх гуравдугаар сарын 10-нд Лос Анжелесийн “Долби” кинотеатрт уламжлал ёсоор болох “Оскар”-ын шагналыг гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний номинацид хүртэх магадлал өндөр байгаа билээ. Ирландын Дуглас хэмээх жижигхэн хотод 1976 оны тавдугаар сарын 25-нд төрсөн тэрээр өдгөө 47 настай. Түүний Английн “The Guardian” сонинд өгсөн ярилцлагыг дор орчуулан хүргэж байна.

-Та Холливудын олон алдартай найруулагчийн кинонд тоглож мөн л алдар хүндтэй хүн болсон. Үүнээс ярилцлагаа эхлэх үү?

-Би өөрийгөө хуучны, хоцрогдсон сургуулилттай жүжигчин гэж боддог юм. Хэн гэдэг найруулагч надад хэлснийг санахгүй юм. Гэхдээ тэрээр жүжигчин болохын тулд гучин жилийн хөдөлмөр шаардлагатай гэж надад хэлж билээ. Би хорь гаруй жил кинонд тогложээ. Дахиад арван жилийн дараа л жинхэнэ жүжигчин болно гэж найдаж явна даа.

-Та дэндүү даруухан хариулт өглөө. Гэхдээ л та дээрэмчин Томми Шелбигийн дүрийг олон ангит “Хурц оройтой дээврүүд” (“Peaky Blinders”) кинонд бүтээснийхээ дараа олон сая үзэгчдийн хайртай жүжигчдийн нэг болсон доо. Тэгээд ч та амьдралынхаа талыг нь кино урлагт зориулж явна?

-Тэр нь ч тийм. Кино урлагт зүтгээд уджээ. Хэрэв тэнэгтэлгүй ажлаа сайн гүйцэтгэх гэж зүтгэвэл хүмүүс, “За за. Байж л байг” гэж хайнгадуу хэрнээ энэрэнгүй ханддаг байх шүү.

-Кино урлагийн “хуучны цэрэг” та хэвлэл мэдээллийнхэн, киноны бизнесийнхэн, гол нь өөртэйгөө хэрхэн харьцахаа нэгэнт мэддэг болсон байх даа?

-40 нас хүрч байж л би ямар нэг хэмжээгээр ухаалаг, туршлагатай, бас тэвчээртэй болсон юм шиг санагддаг шүү. Энэ тал дээр өөр юу хэлэх вэ дээ.

-Утгагүй, бүр тэнэг ч юм шиг асуулт тавьбал та бүү тоогоорой доо?

-Үнэнийг хэлэхэд сэтгүүлч хүн тэнэгдүү асуулт тавихад мөн л тиймэрхүү хариулт өгч, эсвэл ямар нэг хэмжээгээр бухимдах тэл байдаг л юм. Залуу байхад тэвчээр муу байж, харин одоо бол тиймэрхүү асуултад тайван хариулдаг даа. Дүр өгөхгүй удахад, хүмүүс өөрт чинь адилхан хүндэтгэлтэй хандахгүй байхад залуудаа цөөнгүй бухимддаг байжээ.

Мерпи-Таны жүжигчний карьер хар залууд тань өөдөө огцом явсан шүү дээ. Тэгэхээр төдийлөн бухимдах шалтаг байгаагүй байлгүй. Гэхдээ тэрнээс өмнө 1966 оны зун та Корк дахь хууль зүйн дээд сургуульд элсэх шалгалтдаа унаж, таны байгуулсан хөгжмийн хамтлагтай дуу бичлэгийн нэгэн томоохон студи хамтран ажиллахаас татгалзсан гэсэн. Тэгээгүйсэн бол та жүжигчин болохгүйгээс гадна ирээдүйн эхнэр Ивонн Макгиннестэй уулзахгүй байсан ч юм билүү?

-Тийм ч байж болох юм. Аливаа бүтэлгүйтэл заримдаа өөр салбарт амжилт руу хөтөлдөг ч гэлтэй. Залуу насныхаа тэр амжилтгүй жилд би Ивонн Макгиннестэйгээ танилцаж, төд удалгүй түүнийгээ “Диско гахайнууд” жүжигтээ тоглуулсан даа. Гэргий маань Ирландын Килкенни хотод 1972 онд төрсөн зураач хүн л дээ. Каррик, Малачи гэх хоёр хүүхдийн минь эх.

Тэгэхэд бид хоёр жүжгээ Европ, Америк даяар үзүүлэх аялан тоглолтод гарч тодорхой амжилтад хүрсэн тул би коллеж, бас хамтлагаа орхисон юм. “Диско гахайнууд” жүжгээр минь 2001 онд кино бүтээсний дараа түүнийг Дэнни Бойл хараад намайг зомбинуудын тухай “28 хоногийн дараа” кинондоо авч билээ. Тэгж л миний киноны карьер эхэлсэн түүхтэй.

-2006 онд та Кен Лоучийн “Арвайг нахилзуулах салхи” (“The Wind That Shakes the Barley”) та босогч О’Доннованы дүрд тоглон Канны “Алтан дал мод” шагнал хүртэж байв. Тэгэхдээ ихэд л ичсэн байдалтай харагдсан санагдах юм?

-Юу л даа. Миний аав, ээж Ирландын жирийн л түшмэл, франц хэлний багш хүмүүс байв. Тийм гэр бүлд жүжигчин хүн амьдралаа аваад явна гэж боддоггүй л дээ. Намайг хууль, эрх зүйгээр сурахыг мөн ч их ятгасан.

Уг нь аав минь гайхалтай хөгжимчин. Гэвч 1980-аад онуудад хөгжмөөр “U2” хамтлаг, Жим Шеридан, Нил Жордан гээд цөөн хэдэн хүн л мөнгө олдог байлаа.

-Та Ирландын боловсролын тогтолцоог ихэд шүүмжилдэг. Хэрэгтэй, хэрэггүй элдэв төрлийн хичээлд зүтгүүлэн өсвөр үеийнхний зоригийг мохоодог гэж хэлсэн тань бий. Таны хүүхдүүдийг энэхүү тогтолцоо бас мохоох болов уу?

-Боловсролын тогтолцоог надтай адил даваад гараад ирвэл тэд илүү хаттай болох биз ээ. Тэгж чадна гэдэгт нь ч найдах юм. Тэгээд ч сургууль, соёлын тогтолцоог хэдий шүүмжлэвч тэр л үед өсвөр үеийнхэн сайхан найзуудтай болдог талтай шүү.

-Дэлхийн хоёрдугаар дайны тухай төсөв ихтэй “Данкерк” кинонд та Кристофер Нолантай дахиж хамтран ажилласан талаараа хэдэн үг хэлж болох уу?

-Данкеркт юу болсон тухай өөрийгөө боловсролтой хүн бүр л тодорхой ямар нэгэн мэдээлэлтэй байдаг болов уу. Иймд бодит түүхэн баримтаас ийм киног төдийлөн дайжуулж болохгүй гэдэг тодорхой. Энэ чинь жишээ нь, “Интерстеллар” маягийн цээвэр уран зөгнөлт кино биш шүү дээ.

Мерпи-Тэгвэл та Кристофер Ноланыг ямаршуухан найруулагч гэж боддог вэ?

-Би ингэж л хариулъя. Түүний кинонууд том төсөвтэй, асар их декорац, чимэглэлтэй ч жүжигчдэд тийм их нүсэр кино гэж санагддаггүй л болов уу. Учир нь тэдгээрт ганц камер, түүний ард зогсох Кристофер өчүүхэн дэлгэцээр бүх үйл явдлыг нь ширтдэг учраас тэр байх. Крис бүр яг хажууд чинь цаг үргэлж байна шүү дээ.

-Амжилтын оргилд авирч гарсан та одоо яг нууц биш бол юм хүсч байна вэ?

-Би одоо шинэ юм сонирхохоос больж дээ, насных юм болов уу. Би шинэ хувцасны загварт мөнгөө зарцуулах ч юм уу, дууны цомог гаргах хүсэлгүй. Би зүгээр л жүжигчнийхээ ажлаа сайн хийхийг хүснэм. Тэр нь хүмүүст урам зориг өгвөл би мэдээж баярлана. Гэхдээ дасч амьдарсан ертөнц огцом өөрөөр эргэхийг хүсэхгүй ээ. Нас явах болсон мань мэт нь гэнэтийн өөрчлөлтөөс эмээдэг бололтой шүү…

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img