2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Владимир Путин: Байлдааны талбар дээр Оросыг ялах боломжгүй

Америкийн сэтгүүлч Такер Карлсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас ярилцлага авсан нь дэлхий дахинд ихээхэн шуугиан тарилаа. Энэ ярилцлагын гол хэсгүүдийг орчуулан хүргэж байна.

Украины талаар

Владимир Путин “Орос улс одоогоор цэргийн тусгай ажиллагааны бүх зорилгодоо, тэр дундаа Украиныг цэрэггүйжүүлэх зорилгодоо хараахан хүрээгүй байна” хэмээжээ.

Өөрөө хяналтаа тогтоогоогүй улс орны үзэл суртал, соёл, мэдрэхүй, түүхийг хэрхэн өөрчлөх боломжтой талаар Такер Карлсон асуухад Украин дахь нацизмыг үндсээр нь үгүй хийх тухай хэлэлцээрт өмнө нь хүрсэн байсан хэмээн Путин онцолсон байна.

“Байлдааны талбар дээр Оросыг ялах боломжгүй. Тэд (Украины эрх баригчдыг хэлж байна) Их Британийн Ерөнхий сайд асан ноён Жонсоны шаардлага эсвэл ятгалгад захирагдсан нь үнэхээр тэнэг, гунигтай хэрэг гэж би хэлэх байна” хэмээн Путин өгүүлжээ.

Үүний зэрэгцээ ОХУ хэзээ ч хэлэлцээрээс татгалзаж байгаагүй гэж Путин мэдэгдсэн байна. Мөн хэлэлцээрийг сэргээхийн тулд Украины Ерөнхийлөгч тогтоолоо цуцлах ёстой хэмээн онцолжээ. Энд дуулгахад, Украины Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн суудалд Путин байгаа цагт хэлэлцээ хийхгүй гэсэн тушаал гаргасан юм.

“Орос, Украины ард түмний хоорондын харилцаа сэргэнэ, гэхдээ хавьгүй их хугацаа зарцуулна. <…> Украин дахь эцэс төгсгөлгүй дайчилгаа, дотоодын асуудал, солиорол гээд л …Эрт орой хэзээ нэгэн цагт бид тохиролцоно. Өнөөдрийн нөхцөлд хачирхалтай мэт сонсогдож болох ч хоёр ард түмний хоорондын харилцаа тэртэй тэргүй сэргэнэ. Их цаг хугацаа шаардагдана, гэхдээ сэргэнэ” хэмээн Путин хариулжээ.

Түүний өгүүлснээр, Орос, Украины оршин суугчдын өнөөгийн харилцаа “иргэний дайны байдалтай байгаа” гэнэ.

“Оростой хэлэлцээ хийхээс татгалзахыг Зеленскийд ятгаснаараа АНУ-ын эрх баригчид алдаа гаргасан. Одоо тэд энэ нөхцөл байдлаас хэрхэн аятайхан гарах вэ гэдгээ бодох хэрэгтэй. АНУ буруу шийдвэр гаргачихсан байхад түүнийг нь ОХУ засах ёсгүй” хэмээн Путин мэдэгджээ.

Хоёр жилийн өмнө Украиных байсан нутаг дэвсгэрт ОХУ хяналт тогтоосныг НАТО хүлээн зөвшөөрвөл энэ нь тэдний хувьд гутамшиг болно гэж бодож байгаа эсэхийг Карлсон асуухад Путин дараах хариултыг өгсөн байна.

Владимир Путин: Би хэлсэн шүү дээ. Яаж аятайхан хийх вэ гэдгээ бодоцгоог. Хүсвэл хувилбар бий.

АНУ-тай харилцах харилцааны талаар

Карлсонд өгсөн ярилцлагынхаа үеэр Путин “АНУ Украин дахь байлдааны ажиллагааг зогсоохыг хүсэж байгаа бол Украин руу зэвсэг нийлүүлэхээ зогсоох ёстой” хэмээн мэдэгджээ.

Үүний дараа Карлсон Путинаас “Америкийн ерөнхийлөгч Жо Байден руу утасдаад, асуудлыг шийдэх санал тавьж болохгүй юу” хэмээн асуухад Путин дараах хариултыг өгсөн байна.

“Би түүн рүү утасдаж яах юм? Юу ярих юм, эсвэл юу асуух юм? Та нар ийм тийм зэвсэг нийлүүлэх гэж байна уу гэж асуух юм уу? Өө айлаа, айлаа, битгий зэвсэг нийлүүлээч гэх юм уу? Юу ярих юм” хэмээн Путин өгүүлжээ.

Баруун болон Дорныхны талаар

ОХУ тактикийн цөмийн зэвсэгийг өнөө маргаашгүй ашиглаж магад гэсэн яриаг Европынхон татвар төлөгчдийг айлгаж, тэднээс их мөнгө авахын тулд ашигладаг хэмээн Путин мэдэгджээ.

Түүнчлэн, Хятад улс Орост хяналтаа тогтоохыг эрмэлзэж байна гэх яриа ч бусдыг айлгах зорилготой хэмээн Путин үзэж байгаа аж. Түүний өгүүлснээр, Хятадын гадаад бодлогын философи нь түргэмгий биш, харин гадаад бодлогын үзэл санаа нь үргэлж харилцан буулт бүхий хэлэлцээрийг эрэн хайдаг гэнэ.

“Орос, Хятадын хамтын ажиллагааны өсөлтөөс илүү Хятад, Европын хамтын ажиллагааны хэмнэл хурдацтай өсөж байгаа. Тэгэхээр европчуудаас асуу л даа, тэд Хятадаас айж байна уу үгүй юу?” хэмээн Путин өгүүлсэн байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img