2024-07-25, Пүрэв
14 C
Ulaanbaatar

Яруу найрагч М.Хүрэлсүх: Бурхны өмнө өртэй үхэх эрхгүй юм байна гэдгээ мэдэрсэн дээ

“Морин хуур” наадмын хошой тэргүүн шагналт яруу найрагч, Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, “Мөнгөн цом”-ын эзэн, соёлын тэргүүний ажилта, “Шөнийн зах” худалдааны төвийн эзэн Магвансүрэнгийн Хүрэлсүхтэй уулзаж хөөрөлдлөө.

-“МОРИН ХУУР” НААДМЫН ТЭРГҮҮН ШАГНАЛЫГ “АМИНААС ҮНЭТЭЙ МОНГОЛ”, “ХУРМАСТЫН ДУУЧ ШУВУУ” ДУУГААРАА ХОЁР УДАА АВСАН-

-Та сайхан өвөлжөөд байна уу?

-Сайхаан сайхан.

-Та оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадамд хоёр ч удаа тэргүүн байр эзэлсэн яруу найрагч. Анх ямар бүтээлээрээ оролцож байв?

-Миний хувьд “Морин хуур” наадамд оролцож эхэлсэн түүх их сонин. Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Чойгивын Сангидорж ах маань миний хэдэн дууны шүлгийг аваад удаж удаж “Монгол минь ганцхан”, “Аавын ухаан”, “Нутгийн тухай дуу” гуравт аялгуу зохиосон байсан.

Сангиа ах “Монгол минь ганцхан” бол сайхан уран бүтээл болсон. “Морин хуур” наадамд сойно” гэсэн. Энэ чинь 2010 он юм. Тэгээд бид хоёр “Хүслийн бороо”, “Монгол минь ганцхан” гэсэн хоёр дууг “Морин хуур”-т сойлоо. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Төрмандахын дуулсан “Монгол минь ганцхан” дуу бараг түрүүлэх хэмжээнд яригдаж байгаад дэд байрын шагнал авсан. “Хүслийн бороо” минь шилдэг 25-д багтлаа. Би ч уран бүтээл хийх их урам зориг орсон.

-Алдарт хөгжмийн зохиолч Ч.Сангидорж гуай та хоёр аав хүү, ах дүү шиг ойр дотно уран бүтээлчид байжээ?

-Сангиа ах намайг “Миний бор хүү” гэж өхөөрддөг байлаа. Дууны ая биччихлээ гээд шөнө дөлөөр ч утасдана. Бид хоёр арван нэгэн дуу хамтарч бичсэн. Өр нимгэн, гайхамшигтай суут хүн байсан даа.

-Анх эхэлж улсын том наадамд урамтай сайхан уралджээ?

-Хойтон жил нь яруу найрагч Дашзэгвийн Банзрагчийн шүлэг “Сүүдэр цармын цэцэг” дуугаараа алдаршсан соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Сайнцогийн Мөнхбат надад нэг аялгуу өгч дуу захиалсан. Би дуучин хүнд зориулсан “Хурмастын дууч шувуу” гэж шүлэг бичиж өгч, гавьяат жүжигчин Ө.Уянгын дуулсан эл дуу маань тэр жилийнхээ “Морин хуур”-ын тэргүүн байрын шагналыг авсан.

-“Хурмастын дууч шувуу” чинь их сайхан дуу шүү…

“Хайраа санан уйданхан суухад минь
Уужим хоолойгоор зүрх хөгжөөн
Энхэр тогоруу эгшиглэн хөөрнө
Эрхэс тэнгэрийг мэлмэртэл уяраана
Мөнгөн үүлсийг мэгштэл аялгуулсан
Цэн тогоруу хурмастын дууч шувуу” гэсэн үгтэй дуу л даа.

-“Морин хуур” наадамд дараа жил нь дахиад магнайлсан бил үү?

-За байз, тэр чинь 2012 онд юм уу даа.
“Цэнгэг сэрүүн булгийнхаа уснаасаа
Сөгдөн сөгдөн суугаад залгилъя аа
Сэвшээ хонгор талынхаа салхиараа
Алдлан алдлан алхаад амьсгалъя аа” гэсэн үгтэй “Аминаас үнэтэй Монгол” шүлэгт маань Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав агсан аялгуу зохиосныг ардын жүжигчин А.Долгор миний хань Солонготой хамтран дуулж гран при шагналыг авсан даа.

-Энэ сайхан наадам танд үр өгөөжөө их хайрлажээ…

-“Морин хуур” наадам маань яг үнэндээ Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн наадам байдаг ч яруу найрагчид шүлгээ сойдог, сорьдог сайхан наадам. Сайн шүлэгтэй байж сайн дуу төрдөг, сайн дуу төрж байж дуучнаа олдог гэдэг бичигдээгүй хууль бий.

-Сайхан ханьтайгаа ч сайн уран бүтээлээр учирсан даа?

-Ханьтайгаа олон уран бүтээл хамтарч хийсэн дээ. МУСТА, дуучин Солонго гэхээр хүмүүс сайн таних байх. Таван сайхан үрийнхээ эжийд сэтгэлийн их хайраа зориулж уран бүтээлээ туурвиж явна гэдэг миний амьдрал-аз жаргалын гэгээн зорилго болж дээ.

-Таны өөр ямар бүтээлүүд чинь шилдэгт багтан шалгарч байв?

-Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Солонгоогийн дуулсан Мөнхжаргалын аялгуу “Сэлэнгэ сайхан нутаг” дуу 2011 онд, Соронзонболдын ая гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгсийн дуулсан “Аялгуу минь” дуу 2012 онд тус тус шилдэг дуугаар шалгарч байлаа. Хөгжмийн зохиолч Сайнцогийн Төрбаттай хамтран хийсэн “Анд минь” хэмээх дууг дуучин Гэрэлчулуун дуулж шилдэг долоод багтаж байлаа.

-Дууны яруу найрагчийн хувьд мэргэжлийн хэмжээнд очжээ гэж хэлж болох юм байна. Таныг их хожуу яруу найраг бичсэн гэж сонссон юм байна?

-Одоогоос арваад жилийн өмнө миний бие их чилээрхсэн юм. Тухайн үед эмч нар “Нэг жилийн нас үлджээ” гэж оношилсон. Тэгээд яахав дээ, дотроо л “Хүн болж төрсөн юм чинь ямар нэг зүйл бүтээх учиртай байх.

Нутагтаа, ээждээ нэг нэг сайхан дуу зориулж зохиолгоё” гээд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дипломатч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Доржготовтой хамт есөн сард Шаргалжуутын рашаан сувиллыг зорилоо. “Өвчин хуучаа ч бас эмчлүүлье” гээд явлаа.

-Эмчийн оношилгоогоор бол бурхан болоход ганцхан жил үлдчихээд байгаа шүү дээ. Тийм үед ч их зүйл бодогдох байх шүү?

-“Айраг ууж болохгүй, халуун рашаан хориотой, тарваганы мах идэхгүй байх” зэрэг нэлээд их хориотой зүйлсийн жагсаалттай очлоо. Гэртээ жил гаруй хугацаанд хэвтэж шаналчихсан хүн Шаргалжуут явахад сэтгэл цаанаа л нэг догдлонгуй. Тэгээд “Хэзээ үхнэ гэж өөрийгөө цэнэж гуних вэ” гээд Шартын даваанаас эхлээд намрын тос хөвсөн айраг ууж явлаа.

-Пээ, шууд л “амиа хорлохоор” шийдэх нь тэр үү?

-Шаргалжуутад очоод халуун рашаанд ч орлоо. “Хулгар шар” ч идлээ. Доржготовтоо ээж, нутгийнхаа тухай шавайгаа ханатал ярилаа. Очоод дөрөв тав хонолоо. Доржготов маань шүлэг бичдэггүй дээ.

-Охь дарс уугаад ч онгод нь ордоггүй юу. Авьяас нь хүрэхгүй арга ядаад байсан юм бол уу?

-“Ер нь би энэ хүнд ойртуулж өгөх хэрэгтэй юм байна” гээд шүлэг бичлээ. Үзүүллээ. Мань эр уншчихаад “Чи надаар бичүүлэлтгүй өөрөө яруу найрагч хүн байна шүү дээ” гэж урам хайрлаж, хөгжмийн зохиолчидтой танилцуулах боллоо. Бууцагаанд очоод цоргоор нэрсэн ямааны нэрмэл татлаа.

Хүрэлсүх-Ёстой баллаж өгч. Ус уух хувьтай хүний л тавилан юм даа. Таны төрөлх Бууцагаан нутаг ч ааруул идээгээрээ алдартай шүү?

-Цоргоны нэрмэл, ааруулаараа монгол даяар алдартай. Монгол архины дээж мөнгөн тагшаар татаж хэд хоноход нутагтаа, ээждээ, Шаргалжуут рашаанд зориулсан гурван ч дуутай ирсэн дээ. Хүрч ирээд танилуудтайгаа таарахад “Чиний царай зүс чинь өргөс авсан юм шиг өнгөтэй жавхаатай болж” гээд. Шинжилгээ өгтөл бүх онош эрүүл гарлаа. Үүнээс хойш л би бурхан тэнгэрийн өмнө өртэй юм шиг, өөрийнхөө хийх ёстой ажлыг хийлгүй явсан юм шиг санагдах болж шүлэг найраг бичиж эхэлсэн дээ.

-Бүтээл ч ундарч өгсөн биз?

-Зуу гаруй дууны шүлэг бичиж, “Их гүрэн”, “Нармай Монгол”, “Нүүдэл”, “Буга шүтээн” зэрэг яруу найргийн түүврүүдээ гаргалаа. Шүлэг, дууны “Зөн совин ивээж байна” гэж хос цомог гарсан.

“Их гүрэн” номоо худам монгол бичгээр гаргалаа. Баянхонгор нутгаас төрсөн бичгийн их мэргэд, найрагч, зохиолчдынхоо бүтээлийг эмхэтгэн “Их Богдын эгшиглэн” гэсэн хоёр том боть ном хэвлүүлсэн дээ.

-Говь хангайн цэнхэр орон, гурван бүсийн нутаг Баянхонгороос ч олон уран бүтээлч Монголын уран зохиолд нэр мөрөө үлдээсэн биз?

-Хонгор нутгаас минь мэндэлсэн Ламын гэгээн Лувсанданзанжанцан, их зохиолч Пэрэнлэйн Лувсанцэнрэн, Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Тангадын Галсан, “Хүрэн морь” найраглал, “Маамуу нааш ир” дууны яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн, Төрийн шагналт яруу найрагч Чойжилын Чимэд, яруу найрагч Сүхийн Доржпалам, Гүн овогт Аюурзана, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Данзангийн Нямаа, МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Цэндийн Доржсэмбэ нарын олон гайхамшигтай уран бүтээлч Монголын их утга зохиолд нэр мөрөө үлдээсэн шүү. Эднийхээ зохиол бүтээлийг хоёр ч ботиор уншигчдад хүргэсэндээ баяртай явдаг даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img