2024-07-25, Пүрэв
14 C
Ulaanbaatar

Шинжлэх ухааны золиос болсон гурван ихрийн түүх

Холливудад “Гурван адилхан үл таних эр” киноноос сэдэвлэн мини цуврал бүтээхээр болсон тухай мэдээлэл өнгөрсөн жил гарч байлаа. Энэ цувралаар багад нь салгасан гурван ихрийн тухай өгүүлэх бөгөөд ах дүүсийн дүрд Бен Стиллер тоглох аж. Тэдний амьдралаар хийсэн баримтат кино гарч, ихрүүдийн хувь тавилан нийтэд ил болсны дараа дэлхий даяар ихээхэн шуугиан тарьж байлаа. Энэ түүхийг эргэн нэг сануулж байна.

Шинжлэх ухааны төлөө

1961 оны долдугаар сард Нью-Йоркийн нэгэн эмнэлэгт залуу бүсгүй амаржиж, дөрвөн ихэр хүүхэд төрүүлжээ. Хүүхдүүдийн нэг нь төрөхдөө эндэж, үлдсэн гурван хүү амьд мэнд үлдсэн байна. Бүсгүй төрөх үедээ насанд ч хүрээгүй байсан тул хүүхдүүдээ тэжээж, өсгөж чадахгүйн улмаас ихрүүдийг сайн сайхан өснө гэсэн найдлагатайгаар Манхэттенын Хүүхэд хөгжлийн төвийн дэргэдэх хүүхэд үрчлүүлэх агентлагт өгчээ.

Эхний хагас жилийн хугацаанд хөвгүүд огтхон ч салахгүйгээр асрамжийн газар амьдарсан байна. Хожим тэднийг Нью-Йорк болон дагуул хотуудад амьдрах гурван өөр гэр бүлд үрчлүүлжээ. Хөвгүүд ихэр, тэднийг салгаж огт болохгүй гэж агентлагийн ажилтнууд ам нээсэнгүй. Хүүхдүүдийг үрчилж авч байгаа хүмүүст ганцхан шаардлага тавьж байлаа. Хөвгүүдийг сэтгэлзүйчид тогтмол үзүүлэх.

“Хүүхдийн хөгжлийг хянах энгийн л нэг үзлэг” хэмээн өргөж авсан ээж аавуудад нь тайлбарлаж байжээ. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ нь ердийн нэг хэрэг байсангүй. Гурван ихэр хүүхдийн алдартай сэтгэлзүйч Питер Нойбауэр, түүний охин болон туслахуудынх нь судалгааны нэг хэсэг болжээ. Тэд л судалгаа хийхийнх тулд хөвгүүдийг өөр өөр айлд үрчлүүлэхийг зааварласан аж.

Эхний гэр бүл дундаж давхаргийнх, хоёр дахь нь ажилчин анги байсан бол гурав дахь нь чинээлэг гэр бүл байжээ. Энэ гурван өрх гурвуулаа жилийн өмнө энэ л агентлагаас охид үрчилж авсан аж.

Ингээд гурван өөр айлд өсөх болсон хөвгүүд 12 жилийн туршид сэтгэлзүйн төрөл бүрийн сорил өгч, гэр бүлийнхээ тухай дэлгэрэнгүй ярьж өгдөг байжээ.

3 ихэрӨргөж авсан эцэг эхчүүд хүүхдээ туршилт судалгаанд орж байгаа гэж огтхон ч таамагласангүй. Ингээд туршилт эхлэсний дараахан судлаачид жилд дөрөв болон түүнээс дээш удаа хөвгүүд дээр очин, үзлэг хийдэг байжээ. Харин хөвгүүд өсөхийн хэрээр жилд нэг удаа ирж уулздаг болов. Албан ёсны мэдээллээр, энэ судалгаа 10 жил үргэлжилсэн гэх ч сэтгэл судлаачдын тайлангаас харахад ах дүүс үрчлүүлснээсээ хойш өсвөр насаа дуустал бусдын туршилтын золиос болж байсан аж.

Тэднийг Эдвард, Роберт, Дэвид гэнэ. Хожим ил болсон мэдээллээр, тэд шинжлэх ухааны золиос болж, тусдаа өссөн цорын ганц ихэр биш байжээ. Туршилтад орсон хүүхдүүд маш их байсан бөгөөд гэхдээ чухам хичнээн хүүхэд сэтгэлзүйчдийн туршилтад орсныг илтгэх бодитой тоо одоо хүртэл ил болоогүй л байна.

Туршилтын үр дүнгээр гарсан дүгнэлтийн нэг хэсгийг сэтгэлзүйч Питер Нойбауэр 1986 онд гаргасан нийтлэл, 1990 онд хэвлүүлсэн номондоо оруулсан байв. Гэхдээ түүний судалгааны ихэнх хэсэг одоо хэр нууцлагдмал хэвээр. Сэтгэлзүйч Питерийн судалгааны ажлын үр дүнг 2056 он хүртэл нууцлахаар болсон бөгөөд Йелийн их сургуульд хадгалагддаг аж.

Гурван адилхан танихгүй эр

Эдвард, Роберт, Дэвид гурав 19 нас хүрснээр л бүх зүйл өөрчлөгджээ. Роберт Шафран коллежд элссэн эхний өдөр л түүнийг олон гэнэтийн бэлэг хүлээж байлаа. Залуус түүнийг хэдийнэ таньдаг мэт мэндлэн, охид Робертыг сонирхож байв. Зарим оюутан түүнийг гайхшран харна. Тэдний нэг Майкл Домниц Робертоос нэр, төрсөн огноо, үрчлүүлсэн эсэхийг нь асуусан гэнэ. Робертын хариултыг сонссон Майкл дуу алдаж “Чи ихэр юм байна” хэмээн хэлсэн аж.

Ингээд Майкл Домниц тэр өдрөө л жилийн өмнө коллежоос хасагдсан найзынхаа гэрт Робертыг дагуулан очив. Эдвард Галланд Лонг-Айлендад амьдардаг байсан бөгөөд гэрт нь гэнэт ирсэн хуучны анд, дээр нь өөрийгөө толинд харж буй мэт туйлын адилхан хүнийг хараад ихэд гайхжээ. Ихрүүд төдийгүй Эдвардын аав ээж ч үүнд ихэд цочирдов, тэд өргөж авсан хүү нь ихэр гэдгийг огт мэдээгүй байснаас тэр.

Ихэр ах дүүс нэгнээ олсон талаарх мэдээлэл тэр дороо л олны чихэнд хүрлээ. Орон нутгийн хэвлэлүүд энэ талаар мэдээлж, энэ мэдээг Куинсд амьдардаг Дэвид Келлман олж харжээ. Дэвид нийтлэлийг уншаад мөн л цочирдов, зураг дээр түүний хуулбар гэлтэй хоёр хүн байх нь тэр. Ингээд Дэвид Эдвардын гэр бүлийн дугаарыг олж аван, утас цохив.

“Ээ бурхан минь, тэд өнцөг булан бүрээс л гарч ирээд байх юм” хэмээн Эдвардын ээж сэтгэл хөдлөн инээж байсан гэдэг.

Харилцан адилгүй орчин, боломж, хүрээлэл хүний хөгжилд нөлөөлдөг эсэхийг судлахын тулд салгасан ихэр ах дүүс болох Дэвид, Роберт, Эдвард ингэж нэг эргэн нэгдэв.

Хувь тавиланг нь эргүүлсэн энэ уулзалт залуусын амьдралыг өөрчлөв. Тэд дахин хамт байгаадаа туйлаас их баярлаж байлаа. Ихэр хөвгүүд өөр өөр орчинд, харилцан адилгүй аргаар хүмүүжсэн ч тэд ижил хөдөлгөөн хийж, нэгнийхээ үгийг гүйцээж, хэлэх гэсэн үгийг нь тааварладаг байв. Ингээд тэд гурвуулаа амьдрах болж, 1988 онд Triplets буюу “Гурван ихэр” нэртэй зоогийн газрыг нээжээ.

Цаашид юу болов?

Гурван ихрийн хүүхэд насны тухай нэвтрүүлэг, ярилцлагууд ар араасаа цувран гарав. Өргөж авсан эцэг эхчүүдийнх нь өгүүлснээр, ихрүүд гурвуулаа л бага насандаа сэтгэл нь хямрахаар толгойгоороо ор мөргөдөг байж. Түүнчлэн хараа муутай байсан бөгөөд тэдний нэг нь л сайн эмчлүүлж, харин нөгөө хоёр нь хараа нь улам мууджээ.

Ихэр ах дүүсийг салгасны улмаас тэд сэтгэлзүйн хүндхэн асуудалтай нүүр тулсан аж. Тэд нэгнээ олж уулзахаас өмнө Эдвард, Дэвид хоёр сэтгэцийн эмнэлэгт хэдэнтээ эмчлүүлж байсан бол Роберт дээрэм хийж байжээ.

“Бидэнд асуудал тулгарсныг судлаачид харж байсан. Тэд туслаж чадах байсан ч туслаагүй. Энэ нь л хамгийн их уур бухимдал төрүүлдэг” гэж Дэвид хожим нь ярьж байжээ.

Эдвард, Роберт, Дэвидийн хувьд нэгнээ олсон нь жинхэнэ аз жаргал байсан хэдий ч туршилтын талаарх үнэн тэдний сэтгэлзүйг хүчтэй цочроосон гэдэг.

“Биднийг туршилтад оролцож байгаа хүмүүс гэж нэрлэж байсан. Гэхдээ бид чинь золиос болсон хүмүүс. Үүнд ихээхэн ялгаа бий. Бидэнтэй яг л лабораторийн хулгана шиг харьцсан. Гэтэл бид амьд хүмүүс шүү дээ” хэмээн Роберт өгүүлж байжээ.

3 ихэрЭнэ бүх аймшигт зүйлийг туулсан ч гурван ихэр сэтгэлийн тэнхээтэй байж, цааш амьдралаа үргэлжлүүлжээ. Тэд гэрлэж, хүүхдүүдтэй болсон аж. Дэвид хоёр охин, Роберт охин, хүү хоёртой болсон бол Эдвард охинтой болжээ. Ах дүүсийн дундаас Эдвард хүндхэн нөхцөлд амьдарчээ, түүнийг өргөн авсан эцэг нь аав шиг нь байж чадсангүй. Тиймээс л төөрөлдсөн ахан дүүсээ олоод анх удаа л ойр дотны хүнтэй болсон мэдрэмж төрж байсан гэдэг. Түүнчлэн чухамхүү Эдвардад хэрцгий туршилт хүчтэй нөлөөлж, тэрбээр хоёр туйлт эмгэгтэй болж, 1995 онд амиа хорлосон байна.

Тухайн үед хэдийнэ тусдаа гэр бүлтэй болцгоосон ах дүүс цөөн уулзалддаг болсон байжээ. Хамтдаа эхлүүлсэн бизнес нь дампуурч, Роберт тоглоомоос гарав. Эдвардын үхэл дахин нэг хүндхэн цохилт болж, Дэвид, Роберт нар хоорондоо харилцахаа больжээ.

Ингээд “Гурван адилхан үл таних эр” баримтат киноны зураг авалтад оролцохоор тэд дахин уулзав. Энэ кино 2018 онд гарч, олон нийтийн дунд ихээхэн шуугиан тарьсан юм. Киноны ачаар сэтгэлзүйч Нойбауэрын туршилт ёсзүйд нийцэхгүй гэж Еврейн гэр бүл, хүүхдийн хэрэг эрхэлсэн зөвлөл үзэж, Йелийн их сургуульд хадгалагдаж буй баримт бичгүүдийг нууцлалаас гарган, туршилтад оролцсон бусад хүүхдүүдийг нэгнээ олоход нь тусална гэж ах дүүс найдаж байлаа. Гэвч ийм зүйл болсонгүй. Түүнчлэн ах дүүсээс албан ёсоор уучлалт ч гуйгаагүй аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img