2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

“Цагаан толгой”-н зохиогч Ардын багш Лхаахүү: Морьтой цагаан толгойнхоо эхийг бариад Ц.Дамдинсүрэн гуайнд очиж байлаа

Монгол Улсын Гавьяат болон Ардын багш, ард түмэндээ “Цагаан толгой”-н хэмээн алдаршсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн зөвлөх багш Гончигийн Лхаахүүтэй шинийн 6-ны билэгт сайн өдөр зорин очиж золгон мэндэлж хөөрөлдлөө. Нас сүүдэр эдүгээ ная гарсан ч хийж бүтээхийн ирмүүн хүсэл эрмэлзлэлтэй эл эрхэм хүмүүн залуугийн жавхаагаар гэрэлтэн, түмэн олон шавь нарынхаа хайр хүндэтгэлд умбан суугаа нь юутай сайхан. Түүний хань Монгол Улсын төрийн сайд, Худалдааны гавьяат ажилтан Нямын Бэгз гуай ерэн дөрвөн нас зооглосон гэхэд тэгш шулуун нуруутай тэвхгэр сайхан хүн өмнө нь нүүр учирч яваагүй ч золгохоор хацраа өгөхөд “Аа, манай Батцэнгэл” гэж өөрийн хүү шигээ дотносон золголоо. Буянт сайхан буурлуудыг бурхан ивээж урт насалж, удаан жаргах болтугай!

-Миний бичсэн “Цагаан толгой”-гоор Монгол Улсын хоёр сая гаруй иргэн бичиг үсэгт тайлагдсан тооцоо бий-

-Олон мянган шавь нартаа “Багшийн багш” хэмээн хүндлэгдсэн эрдмийн гэрэлт эрхэм хүмүүн Та сар шинэдээ сайхан шинэлэв үү? 
-Сар шинэдээ сайхан шинэллээ. Сайхан жил гарлаа. Та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Энэ шинийн өдрүүдээр зочид гийчид олонтой, өргөн дэлгэр хөл хөдөлгөөн ихтэй л сууна даа. Шавь нар, ах дүү хамаатан садан гээд ирж золгох хүн олон байлаа. Одоо ч олон хүн ирж золгоно оо.
Лхаахүү-Таны амжилт бүтээл дүүрэн ажиллаж байсан Монгол Улсын Боловсролын их сургуулиас сар шинийн босгон дээр Жадамбаа хэмээх ардын цолтон мэндэлсэн нь бэлгэшээлтэй сайхан юм даа?
-Нямын Жадамбаа надад баяр хүргэж байна. “Чи Ардын багш болсны ард гурван Ардын багш нэмэгдлээ” гээд. Би 2019 онд Ардын багш болсон. Түүнээс хойш Бадрахын Жадамбаа, биологийн Хорлоогийн Мөнхбаяр, дараагаар нь Нямын Жадамбаа багш Ардын багш боллоо. “Төрийн шагналын булган сүүлтэй байна” гэж байна.
МУБИС чинь өмнө нь монгол хэлний Ц.Өнөрбаян гэсэн ганцхан Ардын  багштай байсан юм. Өнөрөө багшийг Ардын багш авахад би гавьяат багш цолоор шагнагдаж байлаа. Гавьяат цол хүртээд гурван жилийн дараа Ардын багш цолыг авсандаа баяртай байна даа. Манай охины багш Бадамсэд эмч гавьяат аваад хоёр жилийн дараа Ардын эмч цолоор сая шагнагдсан байна. Юм хийсэн хүнд өгье гэвэл жил харгалзахаа байсан нь юм байна шүү.
-Таны төрийн өндөр хишиг хүртэх ч эрдэм номын эхлэл “Цагаан толгой”-г зохиосны л буян даа?
-Өчигдөр манай хүүгийн арван жилийн сургуулийн шавь нар ирлээ. Дандаа л миний “Цагаан толгой”-гоор л эрдмийн сүү хөхөж, өсөж бойжсон хүүхдүүд гээд намайг хөөргөөд. “Морьтой цагаан толгой” олон жил тогтвортой явсан цагаан толгой л доо. Тэгэхээр ч эчнээ миний шавь нар олон байх нь аргагүй юм.
-“Цагаан толгой” хэдэн онд анх хэвлэгдлээ?
-Бүр анхных нь 1941 онд хэвлэгдсэн. Тэр чинь Цэвэгжав багшийн цагаан толгой. Тэр цагаан толгойгоор зааж байгаад миний хамтарсан цагаан толгой 1980-аад оны эхээр хэвлэгдсэн дээ.  Одоо 49-50 настай улсууд чинь дандаа миний “Цагаан толгой”-гоор сурч эхэлсэн байдаг юм байна.
Миний багш Б.Цэвэгжав гэж 1941 онд анх кирилл үсгийг авахад Ц.Дамдинсүрэн гуайтай хамт кирилл бичгийн сурах бичгийг зохиож явсан хүн. Анхны “Цагаан толгой”-г бол багш минь бичсэн. Тэгээд Б.Цэвэгжав багш 1981 онд намайг сурах бичгийнхээ хамтын зохиогчоор аваад морьтой “Цагаан толгой”-г бид бичээд гурван удаагийн хэвлэл гаргасан.
1981-1995 он хүртэл хэвлэгдсэн нэгдүгээр хэвлэл, хоёрдугаар хэвлэл, гуравдугаар хэвлэл байгаа. Эхний хэвлэлээ үзээд дараагийн хэвлэлд нь ямар алдаа байна түүнийгээ засаад, юу шинээр оруулах вэ, юуг нь сайжруулах вэ гэж сайжруулж явсаар гурван хэвлэл гарсан даа. Тэр “Цагаан толгой”-н одоогийнхоос ялгаатай тал нь монгол ахуйг их шингээсэн, монгол зан заншлыг харуулсан сурах бичиг. Ямар сайндаа л хөдөө талд моринд сундлаад явж байгаа хоёр сурагчийн зурагтай хавтастай. Одоо эргээд харахад гоё санагддаг шүү.
Лхаахүү-“Морьтой цагаан толгой”-гоо анх хэвлэгдэхэд их догдолж байсан биз?
-Ээ, яриан юу байхав. Цагаан толгойгоо ариутган шүүлгэхээр эхийг нь бариад анхны ардын уран зохиолч, академич Цэндийн Дамдинсүрэн гуайн гэрт очлоо. Тэднийх Засгийн газрын хойнох үсчинтэй байранд байсан. Одоо ч гэр-музей нь тэнд хэвээр байгаа даа.
Ороод номоо өгөхөд “Одоохон уншаад өгье” гээд их уриалгахан аашилж, хийж байсан ажлаа хойш тавиад аяганы амсрын чинээ томруулагч шилтэй бариултай дуран гаргаж ирээд хуудас бүхэн дээр тавьж гүйлгээд цэг, таслал үлдээлгүй засаж өгөв. Тэр аугаа их эрдэмтэн ямар мундаг энгийн хүн бэ гэж гайхан бишрэх сэтгэгдэл төрж байсан даа. Аргагүй л ард түмний суут их эрдэмтэн байсан даа.
-Морьтой цагаан толгойн онцлог таныхаар юу байв?
-Тэр үед сурах бичгийг иж бүрэн гаргадаг байсан. Сурах бичгээ бичнэ. Энэ сурах бичгээр яаж заах вэ гэдэг аргаа бичнэ. Аргыг нь сэтгүүлээр дамжуулж бичдэг. “Багш”, “Сурган хүмүүжүүлэх” гэдэг хоёр сэтгүүлээр дамжуулаад энэ сурах бичгийг ингэж ашиглана, тэр зургийг ингэж яриулна, энэ үгийг ингэж уншуулна гэх мэтээр заавар зөвлөгөөг нь заавал өгдөг байсан.
Багш нарыг аймаг аймгаар нь бүсчлээд, очиж бүх хичээлийн заах аргыг заадаг. Багшийн хэрэглэх үзүүлэнг хийж өгнө. Номыг нь уншуулчихаад, энэ үзүүлэнг үзүүлж бататгана гээд том цаасан дээр хийсэн хэвлэмэл үзүүлэнгүүд тараана. Авиагаа таниулахдаа энэ зургийг ашиглаж таниулна гэж заадаг байсан.
Тэр багш нарт яаж заах аргаа олоход нь хэрэгтэй, ажлыг их хөнгөвчилж өгдөг зүйл байж. Багш нарт хүүхэдтэй ажиллах цагийг нь гаргаж өгдөг байсан даа. Содномдаржаагийн Батбаатар гэж нэг мундаг сэтгүүлч хүү байдаг даа?
-Батбаатар ах УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байгаа байх шүү. Манай Баянхонгорын хүн шүү дээ. Одоо Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсээн, тэр хүү чинь?
-Тэгсэн тэр хүү манайд ирээд, миний зургийг номын сангийн өмнө цагаан толгойг минь бариулаад дарлаа. Тэгэхдээ “Энэ цагаан толгойн хөшөөг босговол мөн сайхан аа” гэж байсан. Нийтлэлдээ ч тэр тухайгаа бичсэн байсан нь сайхан санагддаг юм.
Лхаахүү-Та ч түүнээс хойш олон цагаан толгой эх барьж авсан буянтан даа?
-Намайг анх “Цагаан толгой”-г зохиож байхад найман настай хүүхдүуд нэгдүгээр ангид ордог байсан. Ганц нэгхэн ес, долоон настай хүүхдүүд орно. Найман настай хүүхдийг сургуульд ороход нийгмийн хөгжлөөсөө шалтгаалаад одооны долоон настай хүүхдээс бүрэг байх тохиолдол байсан.
2005 оноос анхны долоон настнуудын, 2008 онд анхны зургаан настнуудын цагаан толгойг хийсэн. Маш богино хугацаанд гол зүйлээ өгөх шаардлага багш нарт тулгарсан. Нэг насны зөрүү гэдэг маш их ялгаатай. Зургаан настай хүүхдийн хувьд тогтоох чадвар, анхаарал төвлөрөх, анхаарлаа шилжүүлэх, анхаарлаа хуваарилах гээд сэтгэл зүйн нарийн зүйлс бий.
Тэр чадварууддаа зургаа, долоон настай хүүхэд нэлээд хөнгөн. Найман настай хүүхэд нь арай удаан, өөрийгөө бариад сууж чаддаг. Ийм ялгаанууд гарсан. Тэгээд зургаа, долоо, найман настай хүүхдийн сурах бичгүүд дундаас долоон настнуудад зориулсан сурах бичгээр 16 сургуульд туршилт хийсэн. Энэ маань бүтэмжтэй сайхан ажил болсон.
-Та эх сайхан хэлнийхээ зүйр цэцэн үгээр шавь нартаа эрдмийн хишиг түгээдэг аргаасаа ганц нэгийг жишээ болгож дурдаач!
-Монгол хэлнийхээ зүйр цэцэн үгийг үгийн бүтэц, дүрэмтэй холбож сурах бичгийн дасгал эхэд оруулсан жишээнүүдээс ганцыг дурдъя.
“Үртэй хүн жаргадаг
 Үндэстэй мод ургадаг” гэдэг үг байдаг даа. Тэрийг гэхэд хүүхдүүд харилцан ярилцах аргаар
“Үндсэн гуайнх долоон хүүхэдтэй
Үнэхээр тэд өнөр юм аа.
-Харин тэр хүүхдүүдийнх нь
Хариуцсан ажил юу юм бол доо” гэхэд
“Гийгүүлэгч гуайнхтай
Гэмгүй түншилдгийг би мэднэ.
Тэдний түншлэл
Тэгээд ямар учиртай юм бэ? гэхээр
-Үеийг бүтээж,
Үгийг уншуулах увдистай шүү” гэж үсэг, үгийнхээ учир утгыг олохоор харилцан ярилцаж ажилласнаар хүүхдүүд их сонирхоно шүү дээ.
-Таны бичсэн цагаан толгойн сурах бичгээр Монгол Улсын хэд орчим иргэн суралцаж бичиг үсэгт тайлагдаа бол. Багцаа тоо гаргаж үзэв үү?
-Анх Монгол Улсын гавьяат багш Б.Цэвэгжав, М.Цэрэндорж нартай хамтран найман настай хүүхдийн 50 мянган ширхэг сурах бичиг бүтээж байлаа. Дараа нь зургаа, долоо настай хүүхдийн сурах бичгүүд болон “Хөгжилтэй цагаан толгой” зэргийг багш М.Базаррагчаа болон шавь нартайгаа хамтран бичсэн.
Мөн 1990-ээд онд хот, хөдөөгийн сургууль завсардсан болон хүүхдийн хориход хүмүүжиж буй хүүхдүүдэд зориулан түргэвчилсэн “Цагаан толгой”, монгол хэлний сурах бичиг зохион хэвлүүлж, орон нутгаар биечлэн очиж сургалт явуулсан нь үр дүнгээ өгчээ. Би 30 гаруй жилийн хугацаанд зургаан “Цагаан толгой”, таван “Монгол хэл”-ний сурах бичиг бүтээсэн байна.
Заах арга зүйн сурах бичигтэйгээ нийлээд 20 гаруй сурах бичиг болж байгаа юм. Миний зохиосон эдгээр сурах бичгүүдээр сүүлийн дөчөөд жилд дунджаар 45-50 мянган хүүхэд суралцсан гэвэл манай улсын хоёр сая орчим иргэн бичиг үсэгт тайлагдан, оюуны мэлмийгээ нээж дээ.
Лхаахүү-Нэгдүгээр ангид байхдаа “Цагаан толгойн баяр”-аар би Е үсэг болж “Е үгийн эхэн, дунд, адагт орно. Еэвэн, үен, ирье” гэж тайзнаа ёслоод орж байсан минь одоо хүртэл санаанаас гардаггүй. Энэ цээжлүүлдэг үг гэхэд таны бүтээл гэсэн үг үү?
-Еэ, хөөрхий ямар хөөрхөн юм бэ? Ёстой яг хэлж байна шүү дээ. Цагаан толгойн заах аргын сурах бичигт наадуулыг чинь бичээд багш нарт зааж өгдөг байхгүй юу. Мөн ч сайхан дурсамж хадгалж явдаг хүү байна даа, чи.
-Хоёр сая гаруй хүн хүн таны цагаан толгойгоор үсэг хэлхэж, үг холбож сурсан гэхээр лавтайяа, өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч таны эчнээ шавь байж таарна даа?
-Баярлалаа. Тэгж л таарна даа. (Багшийн багш болсон тэрээр сэтгэл тэнийм сайхан инээмсэглэв. Л.Б) Одоогийн 49-50 настнаас доошхи насны бүх хүүхдүүд сурсан. Тэгэхээр тэр үеийн хүүхдүүд бүгд л сурсан байх даа.
-Олон жил сурах бичиг зохиосон багшийн хувьд одоогийн хэрэглэж байгаа сурах бичигт ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?
-Бидний бичсэн сурах бичигт, хүндэтгэх ёсон, монгол уламжлалт ёс заншил, мал аж ахуйн тухай түлхүү туссан байдаг. Өнөөгийн сурах бичигт монгол ахуй, ёс заншил арай л хомс туссан нь ажиглагддаг.
Миний бичсэн, тендерт шалгарсан, сонирхолтой, хөгжилтэй хэлбэрийн цагаан толгойг дунд сургуульд хэрэглэхгүй байна. Цэвэгжав багш бидний хамтын сурах бичгийг өөрчлөхдөө үгийн сонголтоо хүнддүүлсэн. Сурах бичгийг нээхэд хүүхдийн шохоорхол татахаар, сонирхох зүйл нь их байж, бага зүйлээр  их юмыг сургахад л чиглэсэн байвал зүйтэй юм. Зүйр цэцэн үг, оньсого, үлгэр гэх мэт ардын аман зохиолыг орчин үеийн танин мэдэхүйн мэдээлэлтэй хослуулан сурах бичигт тусгавал сайн. Энэ талаар би сурах бичиг бичдэг шавь нартаа зөвлөдөг.
-Та олон хүүхэдтэй айлын отгон охин гэсэн үү?
-Би долоон ахтай, найман хүүхэдтэй айлын хамгийн отгон нь. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул хүн дээ. Долоон ах маань бүгд бурхан болсоон. Олон ах нарын дунд өссөн болохоор эршүүд, хэнэггүй, эмэгтэй хүний нарийн нандин зангүй гэмээр ч юм уу хүмүүжсэн дээ. (Энэ үеэр хань Н.Бэгз нь “Миний хань чинь, хошууны буурал ноён Гүргэмжавын удам, Дайчин вангийн Ванчин зангийн хүү Гончигийн отгон охин доо гэж бахархсан, өхөөрдсөн өнгөөр хэлэв. Л.Б) Аав минь намайг жаахан байхад бурхан болчихсон. Хүүхэд насны нэг дурсамж санаанаас огт гардаггүй юм.
Лхаахүү-Ямар дурсамж билээ?
-Ногоон жигүүнэн дээлтэй тоодойсон жаахан амьтан аавдаа цагаан чулуу түүж хормойлон өдөржингөө хамт байдаг байсан минь санаанд байдаг. Хожим томчуудын ярих нь би тэр үед дөрвөн настай байж.
Номч мэргэн гүүш хэмээх эцэг Гончиг маань “Хөх Цавын Мааньт уулсын зулайд маанийн зургаан үсгийг цагаан чулуугаар бичихэд нь би аавдаа чулуу хормойлон аваачиж өгдөг байсан нь тэр юм билээ. Тэр Мааньт уул одоо манай нутгийнхны шүтээн болсон нь аавын минь номын буян юм даа.
ЛхаахүүАав маань ноён гаралтай, зангийн хүү, цэргийн алба хаасан. Ан гөрөө хийдэг, балгавал балгачихдаг, дуулбал дуулчихдаг, морь сайхан уургалчихдаг, уяад уралдуулчихдаг, сүүн тасгийн мастер хийж байсан, сампин сайхан цохьдог, шатар сайхан нүүдэг, монгол, түвд, манж хэлээр бичсэн ном судар уншиж бясалгадаг мундаг хүн байсан юм билээ. Хошуу тамгынхаа газарт тал бичээч байсан хүн. Аавын минь том үнсэн самбар өвлөж ирснийг би багш мэргэжилтэй охиндоо бэлэглэсэн дээ.
-Ээж тань таныг эрдэм номтой хүн болсныг хараа байлгүй? 
 -Ээж ганц охиноо эрдэм номтой хүн болгох юмсан гээд “Аль ч төрд ном л хэрэгтэй шүү. Миний охин ном л сураарай” хэмээн захидаг байсан. Ээжийнхээ сэтгэлд хүртэл ном сурсан ч юм уу, үгүй ч юм уу. Нэг удаа “За аштай юу даа. Охин минь овоо ном эрдэм сурлаа. Миний охин номоо сайн хичээж яваарай” гэж хэлсэн.
Ээж минь өөрөө номтой айлын хүүхэд байсан юм билээ. Би ээжийнхээ нэлээд оройтож гарсан хэнз хүүхэд нь. Ах нар бүгд эрийн цээнд хүрээд амьдрал ахуйгаа хөөгөөд явчихсан. Би голдуу ээжтэйгээ л цуг байдаг байлаа. 86 насыг зооглоод ээж минь бурхны орондоо заларсан даа.
-Багш болох хүсэл хэдийнээс төрөв?
-Бага сургуульд байхаасаа л багш нарыгаа харж дуурайж, эрдэмд шамдаж эхэлсэн. Тэгж явсаар байгаад л багш болсон. Баянхонгорынхоо Заг, Байдраг, Галуут сумдад багшилж ажлын гараагаа эхэлсэн. Аймгийн төвийн сургуулиудад ч багшилсан. Анх долоодугаар ангиа төгсөөд л багшаар ажилласан.
Улаанбаатар хотын Багшийн сургуульд нэг жил сурлаа. Нэг жил сураад бие жаахан тааруу очсон чинь ээж минь явуулаагүй. “Бие чинь муу байна. Хотод агаар нь таарахгүй байгаа байх” гээд явуулаагүй. Тэгээд нутагтаа багшилсан. 1979 онд Багшийн техникум төгсөөд, дараа нь Багшийн их сургуулийг онц дүнтэй төгссөн. Ерөнхий боловсролын сургуульд хориод жил, МУБИС-д бас хорь гаруй жил багшилжээ. Одоо ч гэсэн зөвлөх багшаар ном сурах бичгээ хийгээд л явж байна.
-Таныг залуу багш байхад Соёлын довтолгоо ид өрнөж, багш нарыг их дайчилсан гэсэн. Тэр үеийн дурсамжаасаа ярихгүй юу?
-Соёлын довтолгоо 1950-1960 хэдэн он хүртэл үргэлжилсэн. Төр засгийн бодлогоор ард түмнийг соёлжуулах, гэгээрүүлэх, бичиг үсэгтэн болгох зорилготой үйл ажиллагаа байлаа. Би тэр үед дөнгөж 16 настай. Багшлаад удаагүй. Зуны амралтаараа сүүн тасгийн заводын саальчин бүсгүйчүүдэд бичиг үсэг заадаг байлаа.
Хүмүүст бичиг үсэг заагаад, сурсан хүнд нь бичиг үсэгтэн боллоо гээд үнэмлэх тараана. Дараа нь аймгийн төвд орж ажиллах хугацаандаа гэр бүл зохиож, үр хүүхэдтэй ч болсон. Тэр үед албан байгууллагын ажилчдад оройн цагаар хичээл заана. Тэгж бичиг үсэгтэн болгодог байсан юм.
-Насанд хүрсэн хүнд бичиг үсэг заах, хүүхдэд заах ялгаатай юу?
-Их ялгаатай, сонирхолтой. Бичиг үсэг юу ч мэдэхгүй хүнд зааж егөөд явуулна. Бичиг үсгээ нүдлээд тогтоогоод ирээрэй гэхээр маргааш нь ирээд надад шалгуулна. Би чинь 18-19-тэй жаахан охин байсан болохоор нөгөөдүүлээ шоолно, шоглоно. Том хүмүүс их идэвхтэй сурна.
Нүдэлж, тогтоо гэсэн зүйлийг тэр дор нь тогтооно. Маш идэвхтэй сурдаг байсан шүү. Энэ бол манай засаг төрөөс явуулсан монголчуудыг бичиг үсэгтэй болгох ажлыг олон арга барилаар явуулж байсны нэг илрэл нь юм даа гэж боддог.
-Гэр бүлээ танилцуулаач, та?
-Хань маань Нямын Бэгз гэж Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан хүн байна. Насаараа төрд зүтгэсэн. Бид хоёр хүү, дөрвөн охинтой. Ач зээ нийлээд хориод болсон. Гуч нар минь арваад болж. Хүүхдүүд минь багш, дипломатч, эдийн засагч гээд улс нийгэмдээ өөрсдийн хүчээ өргөөд л явж байна. Манай хүүхдүүд бүгд хоёр гурван гадаад хэлтэй. Би хүүхдүүдтэйгээ сайн ажилладаг байсан л даа. Одоо бүгд л дээд боловсрол эзэмшсэн. Ач, гуч нар маань ч боловсрол caйтaй өсөж байна.
Үргэлжлэл бий.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img