2024-10-08, Мягмар
5 C
Ulaanbaatar

“Dolce & Gabbana”-г гайхашруулсан цаасан урлалч хос эртний монгол загварыг биширдэг

Санкт Петербург хотноо амьдардаг Ася Козина хэмээх бүсгүй нөхөр Дмитрий Козинтойгоо хамтран цаасыг жинхэнэ утгаар нь “амьдруулж” чаддаг хосгүй авьяастай уран бүтээлчид. Цаасан урлаг бол өн эртний түүхтэй, дотроо хятад хайчилбар, японы оригами,цаасан маче гэх мэт 20 орчим ангилалд багтдаг.

Эхнэр нөхөр хоёрын цаасаар урласан бүтээлүүдийг харахад хаа нэгэн газар, хэний ч үл мэдэх гайхам өөр ертөнц байгаа ч юм шиг, аль эсвэл “Алиса гайхамшгийн оронд” л ийм байдаг болов уу гэх нэг тийм хачирхам, ер бусын мэдрэмж төрнө.

загварЭхнэр нөхөр хоёр цав цагаан цамхаг мэт өндөр өндөр цаасан үс, маш нарийн чаминаар ширхэг ширхэгээр хээлэн гаргасан эртний тансаг ганган толгойн гоёл чимэглэлийг орчин цагийн загварлаг хувцастай донж зохицлыг тааруулж, өчүүхэн ч өө зэвсгүй яв цав чадварлаг хослуулдаг уран бүтээлчид юм.

Уран бүтээлч хосууд XVII – XVIII зуунд Италиас гарсан “Барокко – Чамин тансаг ” хэмээх урсгалын хэв маягаар урладаг. Энэ урсгалыг товч энгийнээр тодорхойлоход “Хүний сэтгэлийн дотоод ертөнцийг уламжлалт аргаас тэс өөрөөр нээн харуулах хэлбэр” аж.

Ася, Дмитрий хоёр олон улс үндэстний эртний уламжлалт гоёл чимэглэл, “хиймэл” үсийг цоо шинэ түвшинд хүргэжээ.

Цаасан урлагЗөвхөн цаасаар хийсэн хэрнээ өмсөхөд толгой, биенд тун эвтэйхэн, нарийн тансаг хээ хуар, зах эмжээрийг давхарлан сийлж, тор адил цоолборлон цохисоныг харахад нүдэндээ итгэмээргүй харц булаам.

Тэдний бүтээл дунд, Монгол эхнэрийн үснээс санаа авсан янз донжтой “чамин эд” бий. Дэрийлгэн дугуйлж гоёмсог хавчаараар хавчиж, угт нь зууван хавчиг зүүсэн энэ бүтээл дух руугаа унжсан эрдэнэсийн гоёлтой оройвчтой. Урлаг судлаачдаас сайшаал хүртсэн сайн бүтээлүүдийнх нь нэг. Хосууд уран бүтээл бүрээ сэтгэлээ шингээж урласныг сонирхсон хэн ч дуу алдан хэлнэ.

Цаасан урлагУсан онгоцноос эхлэн агаарын хөлөг, ар араа даган сүндэрлэсэн гайхамшигт шилтгээн, адуу морьд, цэцэг навчис, эрвээхэй, өд сөд, ганган хээнцэр хувцас, малгай гоёлын загвар, үсний хэв засалтыг гаргахдаа зүрх сэтгэлээ зориулсан нь хармагц л мэдэгдэнэ.

Тиймээс ч авьяаслаг чадварлаг хосыг 2019 оны 1 дүгээр сард болдог алдарт “Dolce & Gabbana” -ийн загварын шоунд урьж, дэлхийн алдарт загвар өмсөгчид хиймэл үс, үлгэр домгийн сэдэвт далай тэнгисийн мангас, халим, хавч зэрэг амьтдыг уран сайхнаар ургуулан төсөөлж урлажээ.

Цаасан урлаг

Хэрхэн яаж ийм уран сонин санаа олж байдгийг нь сэтгүүлчид Асягаас сонирхоход бүсгүй “Дмитрий бол үргэлж шинэ санаа олж байдаг, өөрөөр хэлбэл “аймшиггүй мөрөөдөгч”, “мятаршгүй эрэл хайгуулч” хүн. Харин би бол хичээнгүй нямбай, чимхлүүр нарийн ажилд ханцуй шамлан орж уйгагүй суусаар дуусгадаг зантай” хэмээн хариулж. Харин нөхөр нь “Миний Ася бол бодлыг маань тэр даруй ойлгож улам сайжруулан жинхэнэ дархан хүний бурхан ухаан, гар хоёроор гайхмаар бүтээл хийж дуусгадаг” гэж ярьжээ.

Цаасан урлаг

Тэд хоёулаа урлагийн гэр бүлээс гаралтай. Аясгийн аав хэвлэлийн загвар зохион гаргагч, ээж нь хувийн урландаа уран зураг, гоёл чимэглэлийн урлагийн хичээл зааж байж. Хар нялхаасаа урлагаар амьсгалж, зураг нэрлэж хэлд орсон гэж ойр дотныхон нь Асяг хошигнон тодорхойлдог.

Тэрээр уран зургийн ангид зургаан жил сурчээ. Найрал дуучдын хорд найман жил дуулж, дөрвөн жил бүжиглэж байхдаа өвдгөө гэмтээж бүжигчин болох боломжоо алдсан аж. Төрөлх хотдоо цаасан үсний үзэсгэлэнгээ нээсний дараагаас түүний хийсэн бүтээлийг загварынхан байнга өмсөж гардаг болсон байна. Энэхүү амжилт нь нөхрийхөө хамтаар цаасан хиймэл үс хийх урлаг руу эргэж буцалтгүй оруулчихаж.

Цаасан урлаг

Дмитрийн өвөг эцэг нь нэртэй нэгэн байж. Аав мөн л урлагийн хүн. Ингээд харахаар тэднийхээ зам мөрийг дагасанд нь гайхах юмгүй. Дмитрий хүүхэд байхын л цаасанд дурлажээ.

Эмээгийнхээ Хятадын цаасан хайчилбарыг хайрлаж гараа хүргэж яддаг байсан гэнэ. 10 настайдаа өвдөж хэвтэрийн дэглэмд орж байхад нь хүүгээ хайрлаж өрөвдсөн ээж нь түүнд хэсэг цаас жижигхэн хайч өгчээ. Тэгээд хэд хэдэн хээ гаргах аргыг хайчилан зааж харуулснаас хойш Дмитрий “цаасанд урхидуулжээ”.

Түүний хайчилсан анхны бүтээл нь инээдтэй жижигхэн эр. Тэр “жижигхэн эр” тэргүүтэй бас бус хайчилбаруудыг нь аав ээж нь нандигнан хадгалсаар байгаа аж. “Манай ах бид хоёр өөрсдөө юм зохиж жүжиглэж гардаг байлаа. Жүжиглэж байгаа хүмүүст мэдээж малгай хувцас хэрэгтэй. Тэр бүхнээ цаасаар буруу зөрүү хайчилж суух нь бүжиг жүжиг хийж байснаас хавьгүй сайхан байсан” хэмээн Дмитрий дурссан нь бий.

Залуу 20 настайдаа мэргэжлийн бүтээлээ эхэлж, “ Сэтгэл татам цагаан” гэдэг нэртэй анхны үзэсгэлэнгээ 2007 онд нээжээ. Энэ үзэсгэлэнд 25- 30 см өндөр, түүхийн гоёмсог хувцас эдлэлтэй 23 хүүхэлдэй гаргажээ. Ингээд л анхны ярилцлага, анхны зурагтын нэвтрүүлэг, сэтгүүл сонин, захиалга гээд бүх зүйл зэрэг зэрэг эхэлж, бужигнаж эхэлсэн түүхтэй.

Цаасан урлаг

Ася, Дмитрий хоёр шинэ бүтээл хийхдээ түүхэн судалгааг чамбай хийнэ. Номын санд суух, улс үндэстнүүдийн уламжлалт хувцас үс засалт гоёл чимэглэлийн зургуудыг шинжиж судлах, музейгаар явах, архивт суух гээд их ажил өрнөн.

Тэд эрдэмтэн судлаачдаас лавлаж байгаад аль болох жинхэнэ бодит загварыг гаргадаг. Ингэхийн тулд загваруудаа янз бүрээр тоймлон зурна. Санаа бодлоо тус тусдаа бичнэ. Ингэсний эцэст хоорондоо ярьж тохирч аваад эх зургаа гаргаж орчин цагтай хэрхэн зөв зохистой хослуулахыг тооцно. Тэгээд л цагийн зүүтэй уралдан ажиллаж эхэлнэ.

Өнгөрсөн зууны мартагдаж буй тансаг хуучин хэв загваруудыг одоогийн амьдралд амилуулахын тулд өндөр зорилготой, ихээхэн хариуцлагатай ажиллаж эхэлдэг. Ася “Монгол, Венец, Африк, Скифийн хувцсыг урлаж байхад их сайхан.

 Цаасан урлагЦаасан урлаг

Өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөг. Ийм сайхан загварууыг эд бөсөөс илүүтэйгээр, зөвхөн цаасаар л хээнцэр ганган гоёмсог гаргах юм шүү хэмээн ёстой гараа гарган байж хичээдэг. Цаасаа сонгохдоо хүртэл хянуур хандана. Зөөлөн өнгөтэй, нягтаршилт сайтай хамгийн сайн бөгөөд сайхнаар нь хийдэг” хэмээн өгүүлжээ.

Аяс, Дмитрий хоёрын цаасаар бүтээсэн ““Барокко – Чамин тансаг” урсгалын бүтээлийн үзэсгэлэн дэлхийн олон оронд амжилттай гарч сая сая зүрх сэтгэлийг татсаар байгаа билээ.

Цаасан урлаг

Цаасан урлагЦаасан урлагЦаасан урлаг

Цаасан урлагЦаасан урлагЦаасан урлаг

Цаасан урлаг

Цаасан урлаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img