2024-07-23, Мягмар
17 C
Ulaanbaatar

Цэргийн онгоцтойгоо Украин руу зугтсан орос нисгэгч амиа алджээ

Оросын армид алба хааж байгаад Ми-8 нисдэг тэрэг хулгайлан Украины талд очсон Оросын нисгэгч Максим Кузьминов нас баржээ. Энэ талаар Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын Ерөнхий Газрын төлөөлөгч Андрей Юсов мэдэгдсэнийг "Москва таймс" сонин дамжуулсан байна.

Тагнуулын Ерөнхий Газрын эх сурвалж “Украины үнэн” сонинд мэдээлэл өгөхдөө, Кузьминов Оросоос зугтсаныхаа дараа Украинд үлдэлгүй, Испани руу явахаар шийдсэн аж.

“Тэр өмнө нь үерхдэг байсан бүсгүйгээ гэртээ урьсан юм билээ. Удалгүй түүнийг буудуулж амиа алдсан байхыг олсон. Бидний мэдэх зүйл гэвэл ердөө л энэ” гэж сонинд мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлсэн байна. Түүнчлэн Кузьминовын амийг хөнөөсөн этгээдүүд унаж зугтсан байж болзошгүй машин шатсан байхыг түүний гэрээс холгүйхэн олжээ.

Кузьминов Испанид амиа алдсан талаарх мэдээллийг анх Оросын төрийн хэвлэлүүд “Испанийн хэвлэлүүдээс авсан эх сурвалж”-аас эш татан мэдээлсэн юм. Оросын хэвлэлүүд түүний үхлийн талаар мэдээлэхдээ, Вильяхойос хотод Кузьминов таван удаа буудуулж нас барсан хэмээж байв. Түүнчлэн Кузьминовыг “урвагч, урвагчид удаан амьдардаггүй” хэмээн бичиж байсан хэд хэдэн хэвлэлүүд ч түүний үхлийн талаар мэдээлжээ.

Орос нисгэгч Украин руу зугтсан нь

Испанид ийнхүү амиа алдсан Максим Кузьминов 2022 онд Украин руу зугтах шийдвэрийг гаргажээ. Орос, Украины дайны үеэр сөргөлдөгч талууд аль аль нь нөгөө талынхаа цэргүүдэд хандан бууж өгөхийг ятгах, уриалах ажлыг эрчимтэй хийж байгаа юм. Энэ хүрээнд Украины тал “Амьдрахыг хүснэ” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж, Украины эсрэг дайтахыг хүсэхгүй байгаа Оросын цэргүүдийг элсүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа.

Улмаар Максим Кузьминов нисдэг тэрэгний 319 дүгээр тусгай хороонд алба хааж байхдаа 2022 оны 12 дугаар сард “Амьдрахыг хүснэ” хөтөлбөрт ханджээ. Тэрбээр ийнхүү хандахдаа Ми-8 нисдэг тэрэг хулгайлахыг санал болгосон бөгөөд үүний хариуд ар гэрт нь орогнол олгож, өөрт нь шан харамж өгөхийг хүссэн байна.

Үүнээс өмнө Украины Дээд рад үнэ цэн бүхий цэргийн техниктэйгээр Украины талд орох Оросын цэргийн алба хаагчдад 500 мянган доллар хүртэлх шан өгөх тухай заасан хууль батлаад байсан юм.

Ингээд Кузьминовыг Украины талд оруулах тусгай ажиллагааг төлөвлөж эхэлжээ. Энэ ажиллагааг “Хөх бух” хэмээн нэрлэсэн байна.

“Хөх бух” тусгай ажиллагаанд хагас жил гаруйн хугацаанд бэлдэж, 2023 оны наймдугаар сарын есний өдөр Кузьминов Курск хотоос Украин руу нисжээ. Тухайн үед нисдэг тэргэнд түүнээс гадна хөлгийн багийн хоёр гишүүн байсан аж. Кузьминов юу хийх гэж байгаагаа тэднээс нуун ийнхүү ниссэн нь энэ.

“Би зүгээр ч нэг нисдэг тэрэг хулгайлаагүй. Урьдаас зөвшилцсөн маршрутын дагуу А цэгээс Б цэг рүү нисдэг тэргийг хүргэсэн <…> Хилийн шугам давах үеэр над руу гал нээсэн. Чухам хэн гал нээснийг мэдэхгүй ч Оросын тал л болов уу гэж таамаглаж байна. Улмаар би хөлөндөө шархадсан. Цаашлаад 20 километр нисээд, заасан газарт газардсан” хэмээн Кузьминов Оросоос зугтан Украинд очсоныхоо дараа хэвлэлд ярьж байв.

Нисдэг тэрэг Украины нутагт газардсаны дараа хөлгийн багийн өөр хоёр гишүүн болох хөлгийн механикч Никита Кирьянов болон Хушбахт Турсунов нар эсэргүүцэл үзүүлсний улмаас буудуулж амиа алджээ.

Максим Кузьминов ийнхүү Оросоос зугтахдаа нисдэг тэрэг хулгайлсны дээр хөлгийн багийн хоёр гишүүнийг хууран авч явж, Украины талд газардсаныг Оросын тал зүгээр өнгөрөөхгүй нь лавтай гэж тухайн үед ажиглагчид онцолж байв. Оросын Холбооны аюулгүй байдлын алба Кузьминовын эсрэг эрүүгийн хэрэг нээсэн бол урвасан нисгэгчийг хөнөөх тушаал авсан гэж тагнуулынхан “Россия-1” сувгийн нэвтрүүлэгт орохдоо өгүүлж байлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img