2024-07-27, Бямба
15.9 C
Ulaanbaatar

Пентагон: Путин дайнд 200 тэрбум доллар зарцуулж, 315 мянган хүнээ алдсан

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ дайн зарлалгүйгээр Украины нутаг дэвсгэр рүү өргөн цар хүрээтэйгээр түрэмгийлэн орсон юм. Хоёр жил үргэлжилж буй энэ дайнд аль аль тал ихээхэн хохирол амссан бөгөөд ОХУ гэхэд л 200 гаруй тэрбум доллар зарцуулж, олон мянган хүний аминд хүрсэн гэж Пентагон мэдэгджээ.

Тодруулбал, Украинтай хийсэн дайн хоёр жил үргэлжлэх хугацаанд ОХУ 211 тэрбум доллар зарцуулсан байна. Энэ нь давших ажиллагаа зохион байгуулахын тулд цэргүүдийг зэр зэвсгээр хангах, тэдний цалин хөлс бусад хангамжид зориулагдсан мөнгө байсан гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалын төлөөлөгч мэдэгдсэнийг Ройтерс дамжуулжээ.

Үүний зэрэгцээ дайн гарснаас хойш ОХУ хоригт орсны улмаас тус улс зэвсгийн наймаа хийх боломжгүй болж, улмаар 10 тэрбум гаруй долларын алдагдал хүлээсэн байна. Харин 2026 он хүртэл таамаглаж байсан эдийн засгийн өсөлтийн алдагдлыг тооцвол ОХУ Украин руу халдсанаараа 1,3 их наяд долларын хохирол амссан гэж Пентагон онцолжээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дайн эхлээгүй бол тус улсын эдийн засаг одоогийнхоос таван хувиар илүү өсөлттэй байх байсан гэж АНУ-ын Сангийн яам онцолж байлаа. Цэргийн түрэмгийлэл болон үүний араас Украины нутаг дэвсгэрүүдийг эзлэн түрэмгийлсэн нь “зардал хурдацтай өсөж, рубль үнэгүйдэж, инфляци нэмэгдэн, ажиллах хүч хомсдон хөдөлмөрийн зах зээлд хурцадмал байдал үүсэхэд нөлөөлсөн” гэж Америкийн Сангийн яам мэдэгдэж байв.

Дайн, Барууны хориг, Москвагийн хариу арга хэмжээ зэрэг нь бүхэлдээ Оросын эдийн засгийг хүндхэн байдалд оруулсныг шинжээчид онцолж байсан юм.

Харин Оросын тал төсөв хөрөнгө хүрэлцээтэй байгаа гэж мэдэгдсээр өнөөг хүрсэн.

Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр Оросын Сангийн сайд Антон Силуанов мэдэгдэл хийхдээ, тус улсын төсөвт дайн санхүүжүүлэх мөнгө хүрэлцээтэй байгааг онцолж байлаа.

Мөн үүнээс өмнө, ОХУ-ын Засгийн газар 2024 оны төсвийг батлахдаа батлан хамгаалахын зардлаа эрс өсгөсөн юм. 2024 онд 10,7 их наяд рубль зарцуулахаар болсон нь нийт зардлын 29,5 хувийг эзлэж байгаа бөгөөд энэ нь Зөвлөлтийн үеэс хойш батлан хамгаалах салбарт зарцуулах хамгийн өндөр төсөвт тооцогдож байна.

Армийн санхүүжилт, зэвсэг үйлдвэрлэлд зарцуулах хөрөнгө өнгөрсөн онтой харьцуулахад 70 хувиар өссөн бол дайн гарахаас өмнөх 2021 онтой харьцуулахад зардал гурав дахин өссөн дүнтэй байгаа аж.

Пентагоны төлөөлөгч дайны зардлыг тооцоолсны дээр Оросын армид учирсан хохирлын талаар ч мэдээлсэн байна.

Түүний өгүүлснээр, ОХУ Украинд дайн өдүүлсний улмаас бие бүрэлдэхүүнийх нь дунд амиа алдсан болон шархадсан хүний тоо 315 мянгад хүрчээ. Энэ нь 2022 оны хоёрдугаар сард ОХУ бүрэн хэмжээний тшрэмгийлэл эхлүүлэхээс өмнөх үеийн нийт бие бүрэлдэхүүний 87 хувийг эзлэж байгаа юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img