2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

Мюнхений аюулгүй байдлын бага хурлаар хэн нь юу гэж хэлэв?

1963 оны хоёрдугаар сараас эхлэн Германы Мюнхен хотноо жил бүр зохион байгуулсаар ирсэн аюулгүй байдлын 60 дахь удаагийн аюулгүй байдлын бага хуралд 40-өөд орны төр, засгийн тэргүүн, 90 гаруй сайд оролцсон билээ. Уламжлал ёсоор Мюнхений “Байеришер Хов” (“Bayerischer Hof”) зочид буудалд болдог тус бага хурлыг ямар нэг дипломат протокол хөтлөн албан ёсны баримт бичиг батлалгүйгээр олон улсын аюулгүй байдлыг авч хэлэлцдэг дэлхийн хамгийн том чөлөөт индэр гэж үздэг. Мюнхений аюулгүй байдлын ээлжит бага хурал энэ сарын 16-18-нд болж өндөрлөсөн юм. Украинд өргөн цар хүрээтэй дайн өрнөж буй энэ цаг үед болсон бага хурлаар томоохон улс орнуудын удирдагчид юу гэж хэлснийг дор товчлон хүргэлээ.

ШольцХБНГУ-ын Канцлер Олаф Шольц:

-Миний бодлоор өнөө цагт хоёр зүйлд хамгийн их ач холбогдол өгөх шаардлагатай. Нэгдүгээрт, ОХУ-ын зүгээс аюул заналхийлэл бодитой тул Европын холбооны батлан хамгаалах, тогтоон барих чадвар цаашид ч найдвартай байх хэрэгтэй. Бид урьдын адил ОХУ, НАТО-гийн хооронд мөргөлдөөн гарахыг хүсэхгүй. Иймд өөрсдийн цэргээ Украин руу илгээхгүй гэдэг дээр санал нэгдэж байна.

Украин дахь дайн яаж төгсөхөөс, Атлантын далайн наана, цаана болох сонгуулиуд ямар үр дүнд хүрэхээс үл хамааран европынхон одоо ч, ирээдүйд ч аюулгүй байдалдаа илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай нь тодорхой.

Европын комиссийн дарга Урсула фон дер Лайен:

-Бид байлдааны талбарт ОХУ-аас илүү овжин байх ёстой. Украинууд бидний хуучирсан зэвсгийг авч сайжруулахдаа хиймэл оюуныг хүртэл ашиглан илүү онч тусгалтай, үр дүнтэй болгож буй нь бахархмаар. Тэд түүнчлэн маш хүнд нөхцөлд дроны үйлдвэрлэлээ хэрхэн өрнүүлэх болсон нь гайхалтай. Иймд бид Украиныг Европын холбооны Зэвсгийн үйлдвэрлэлийн стратегид нэгтгэх бодолтой байна.

Европын комисс гурван долоон хоногийн дараа Зэвсгийн үйлдвэрлэлийн стратегиа танилцуулна. Бид энэ салбарт илүү их хөрөнгө зарцуулахаас өөр аргагүй. Тэгж ч байна. Үүний үр дүнд 2023 онд зэвсгийн үйлдвэрлэл 20 хувиар өссөн. Цаашид ч өсөх болно.

Йенс СтолтенбергНАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг:

-НАТО гишүүн орнуудад нь цэрэг дайны шууд заналхийлэл одоогоор алга гэж харж байна. Дэлхий ертөнц илүү аюултай болж байгаа ч, НАТО ч гэсэн илүү хүчтэй болж байгаа билээ. НАТО-гийн зорилго бол дайн дажныг гаргахгүй байх явдал. Мөн бүх гишүүн орноо хамгаалахад бэлэн, аль нэгийг нь довтолбол НАТО тэр чигтээ хариу барина гэдгийг ОХУ-д ойлгуулан болчимгүй алхам хийхээс нь сэргийлэх явдал юм.

НАТО-д цөмийн зэвсэгтэй АНУ, мөн Франц, Их Британи бий. Гэхдээ Европын орнуудад АНУ, Их Британийн оролцоогүй давхар цөмийн зэвсэгтэй улс орнуудын хүчин байгуулах хэнд ч тус болохгүй, харин ч тогтоон барих өнөөгийн тогтолцоог сулруулна гэж үзэж байна.

Камала ХаррисАНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис:

-Эвсэл байгуулж, түүнийгээ тэтгэн дэмжих чин хүсэл нь АНУ-ыг Европоос авахуулаад Энэтхэг-Номхон далай бүс нутаг хүртэл дайн дажнаас урьдчилан сэргийлж, эрх чөлөөг хамгаалж, тогтвортой байдлыг хангасан дэлхийн хамгийн хүчирхэг, цэцэглэн хөгжиж буй улс болоход хүргэсэн гэдэгт би бат итгэдэг. Энэ бүхнийг эрсдэлд оруулах нь тэнэг хэрэг болно.

АНУ Украинаас нүүр буруулж, НАТО-гийн холбоотнуудаасаа татгалзаж, гэрээт үүргүүдээ биелүүлэхээ болино гэж төсөөлъе. Манай улс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд зөөлөн хандаж, бүр урамшуулна гэж мөн төсөөлъе. Түрэмгийлэгч улс хөршийнхөө нутаг дэвсгэрт ямар ч шийтгэлгүй халдаж байхыг бид зүгээр л хөндлөнгөөс хараад байх юм бол түрэмгийлэгч улам цаашлан урагшлах болно.

Тэгвэл Владимир Путин бүх Европт заналхийлнэ. Хэрэв бид ОХУ-д хатуу хүнд үр дагавар авчрах шийдвэр гаргаж чадахгүй бол дэлхийн бусад авторитар дэглэмүүд юу ч хийсэн шийтгэл амсахгүй нь гээд урамшин омогших нь тодорхой.

Владимир ЗеленскийУкраины Ерөнхийлөгч Владимир Зеленский:

-Дэлхий ертөнцийн амьдралыг тодорхойлж буй дүрэм журам бус, харин тэдгээрийг огоордог ОХУ өнгөрсөн цагт үлдэж арилан одох учиртай. Бид тэгж чадна. Үүнд шаардлагатай бүхнийг хийсэн тохиолдолд шүү дээ.

Харамсалтай нь, Украинд зохиомлоор зэвсгийн, нэн ялангуяа их буу, алсын тусгалтай зэвсгийн хомсдол үүсгэхийг дэмжиж буй явдал В.Путинд дайны өнөөгийн эрчимд дасан зохицох боломж олгож байна. Ийм байдал үргэлжлэх тусам ардчилал өөрөө өөрийгөө сулруулж, бид бүхний хамтдаа хүрсэн амжилтыг үгүй хийж баллана.

Метте ФредериксенДанийн Ерөнхий сайд Метте Фредериксен:

-ОХУ энх тайвныг хүсэхгүй байна. Тус улсын түрэмгий байр суурь зөвхөн Украинд бус, Латин Америк, Африк, Балканы хойгт ч ажиглагдсаар. Тэр нь гибрид дайн, хуурамч мэдээлэл цацах зэргээр илэрч байна. ОХУ хаана ч муу дүрийн баатарт тоглох болжээ.
Данийн Засгийн газар өөрт буй бүх их бууг Украинд шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Та бүхнийг ч тэгэхийг уриалъя. Европын улс орнуудад Украинд амин чухал хэрэгтэй сум, агаараас хамгаалах систем гээд бүгд байна. Тэдгээрийг ойрын өдрүүд, долоо хоногуудад байлдааны талбарт хүргэхэд гагцхүү улс төрийн чин хүсэл зориг л хэрэгтэй.

Ван ИБНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И:

ОХУ бол манай улсын хамгийн том хөрш. ОХУ, БНХАУ-ын харилцаа аливаа гуравдагч талд үл нэгдэх, үл зөрчилдөх, үл довтлох гэсэн зарчмын үндсэн дээр зогсолтгүй хөгжиж ирсэн нь хоёр орны нийтлэг эрх ашигт нийцэж байгаа билээ. Энэ нь түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутаг, нийт дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой томоохон улс орнуудын харилцааны шинэ үлгэр загвар болж байна.

Харин Хятад, Европ бол дэлхийн үндсэн хоёр хүч, зах зээл, соёл иргэншил тул олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө ямар их хариуцлага хүлээдгээ ухамсарлаж байх нь чухал. Хятад ч, Европ ч анхаарал сарниулагч элдэв геополитикийн болон үзэл суртлын хүчин зүйлсээс хол байж, нэг нэгнээ өрсөлдөгч бус түнш гэж харан тогтворгүй ертөнцөд эерэг эрч хүч өгч, аливаа бэрхшээлийг хамтарч туулах арга замыг зааж өгөх нь маш их ач холбогдолтой.

Борис ПисториусХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Борис Писториус:

-Европ тив ойрын хэдэн арван жилд хуваалтын шугамын хоёр талд амьдрах төлөвтэй. Нэг талд нь эрх чөлөөтэй, ардчилсан Европ байх бол нөгөө талд нь авторитар дэглэмтэй дайн дэгдээгч ОХУ орших нь.

Иймд НАТО-гийн түнш орнууддаа зэвсэгт хүчний зардлаа нэмэхийг уриалж байна. Учир нь үр дүнтэй тогтоон барих бодлого амь даатгалтай дүйцэх цаг айсуй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img