2024-07-24, Лхагва
22.6 C
Ulaanbaatar

Хууль зөрчсөн банкны эзэд УИХ-ын гишүүдийг лоббидож эхэлжээ

Энэ парламентын баталсан онцлох шийдвэрийн нэг нь банкны реформ. Жирийн иргэд хөрөнгийн захаар дамжуулан банкны эзэд болох боломж нээгдсэн нь уг шийдвэрийн онцлом олзуурхал байлаа. Арилжааны банкны нэг хувьцаа эзэмшигч 20-иос илүү хувь эзэмшихгүй гэсэн заалт туссанд хөрөнгийн зах зээлийнхэн, эдийн засагчид олзуурхаж байв. Ингэж байж нэг эзэн, нэг гэр бүлд төвлөрсөн банкны хувьцаа задарч, илүү олон хүн арилжааны банкны хувьцаа эзэмшигч байх боломж бүрдэх юм.

Яг ямар заалт туссаныг онцолъё. Банкны тухай хуульд “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй” хэмээн тусгаад буй. Харамсалтай нь энэ заалт өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Хэрэгжихгүйгээр барахгүй, хувь эзэмшлээ хадгалж үлдэхийг хүссэн банкны эзэд УИХ-ын гишүүдийг лоббидоод эхэлсэн сураг чих дэлсэж байна. Түрийвч, эрх ашгаараа улстөрчидтэй нэгдчихсэн банкны захирлууд дээрх заалтыг хуулиас авахуулах яриа хөөрөөг дээд төвшинд өрнүүлээд эхэлсэн нь үнэн бол банкны реформ бодит утгаараа хийгдэхгүй.

Банкны хувьцаа эзэмшигч иргэд өгөөж, ашиг хүртэх боломжгүйд хүрнэ. Банкууд өнөөдрийнх шиг ганц эзний дохио зангаагаар хөдөлж, ганц гэр бүл, улстөр-эдийн засгийн бүлэглэлүүдийг тэжээсэн хэвээрээ аж төрнө. Бүр цаашлуулж харвал банкин дахь улстөрчдийн нөлөө яг одоогийнх шигээ нөлөөтэй хэвээр байх нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг тов тодорхой зүйл. Ингээд бодохоор улстөрчдөд ч Банкны хуулиас дээрх заалтыг авч хаях өндөр сонирхол бий.

Зүй нь нэг хувьцаа эзэмшигч 20-иос илүү хувь эзэмшихгүй гэсэн утгатай заалтыг өнгөрсөн онд багтаан хэрэгжүүлэх учиртай байсан юм. Харамсалтай нь том банкуудын 40-80 хувь хүртэлх хувьцаа эзэмшил нэг хүн дээр төвлөрсөн хэвээр байна. “Голомт” банкин дээр гэхэд “Голомт файнэншил групп” 77.19 хувийг эзэмшсэн хэвээр байгаа аж.

Улс даяар хамгийн олон салбартай Хаан банкны хувь эзэмшил ч өөрчлөгдсөнгүй. “Эйч Эс Холдинг”, “Эйч Эс Интернэйшнл (Ази) Лимитед” 49.77 хувийг хамтран эзэмшсэн хэвээр, “ТаванБогд” группийн 36 хувийн эзэмшилд мөн өөрчлөлт гарсангүй. Худалдаа Хөгжлийн банкны 60.8 хувийг нэг компани эзэмшдэг. Тус компанийн хувь эзэмшилд огт өөрчлөлт ороогүйг мэдээллийн хуудаснаас нь харчихаж болно. Дашрамд онцлоход Худалдаа хөгжлийн банкны 29.69 хувийн эзэмшдэг “ТИ ДИ БИ Капитал”-ийн эзэмшил ч янзаараа байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img