2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Шуналаас үүдсэн осол буюу Номхон далайн флотын удирдлагууд бүгд амиа алдсан түүх

Адмирал, генерал цолтон 16, нэгдүгээр зэргийн 12 ахмад амиа алдаж, Зөвлөлтийн Номхон далайн флот удирдлагаа тэр чигтээ алдсан энэ эмгэнэлт хэргийн талаар тухайн үедээ “Правда” сонинд жижигхэн мэдээ болгон гаргаж байжээ. Энэ мэдээнд амиа алдсан хүмүүсийн албан тушаал, нэр усыг дурдсангүй, харин хэргийн мөрдөн шалгалтыг он удаан жилээр нууцалж байв.

Энэ нислэг энгийн л нэг нислэг байх ёстой байв. ТУ-104 онгоцоор 50 хүн, 8 цаг 35 минут туулаад замдаа хүрнэ. Гэхдээ зорчигчид нь энгийн хүмүүс байсангүй. “Пушкин” цэргийн нисэх буудлаас командын сургуулилалтаас буцаж байсан Номхон далайн флотын удирдах албан тушаалын бүх хүн энэ нислэгийн зорчигч байлаа.

1981 оны хоёрдугаар сарын долооны 16.00 цагт онгоц хөөрөх зурвасаас хөндийрч, агаарт ердөө найман секунд л болжээ. Ингээд хөөрсөн цэгээс 400 метрийн зайд осолдов. Владивосток руу нисэх гэж байсан тул түлшний сав дүүрэн байсан бөгөөд онгоц унамагц тэр дороо гал гарч, онгоц хормын дотор шатжээ. Онгоц унах үед хэн нэгэн амьд үлдсэн байсан ч энэ галаас амьд гарах ямар ч боломжгүй байсан гэдэг.

Гэхдээ л нэг зорчигч амьд үлджээ. Шатаж буй ТУ-104 онгоцноос 250 метрийн зайд нуруу, хөл нь хугарсан ахлах дэслэгч Валениин Зубаревыг гал сөнөөгчид олсон байна. Хөөрөх үед тэрбээр нисгэгчийн бүхээгт байсан бөгөөд хүчтэй цохилтын үеэр онгоцны урд цонхоор шидэгдэн унажээ. Түүнийг эмнэлэгт хүргэхээр явах үед тэрээр “Тэд хашгирч байсан, тэд аймшигтай хашгирч байсан” гэх үгрийг давтан хэлсээр байсан гэнэ.

Зубарев эмнэлгийн тусламж авч чадсангүй, маш их гэмтэл авсны улмаас эмнэлэгт хүрэхийн өмнөхөн нас баржээ.

Энэ ослын талаар ЗХУ-ын удирдлагуудад мэдээлэхэд хэргийг тэр дор нь чандлан нууцалсан байна. Улмаар ослын шалтгаантай холбоотой олон хувилбар дэвшүүлсний дотор хорлон сүйтгэх ажиллагаа гэсэн хувилбар хүчтэй яригдаж байв.

осолТусгай албаныхан хуйвалдааны онол дэвшүүлж эхлэв, хэн нэгэн хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, Номхон далайн флотын бүхий л удирдлагыг ганц далайлтаар л үгүй хийхээр санаархсан гэж. Энэ хуйвалдааны онолыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч үнэхээр л энэ осол Номхон далайн флотын удирдлагыг бүхэлд нь үгүй хийсэн юм.

Хөлөгт 15 адмирал, генерал, нэгдүгээр зэргийн ахмад, хурандаа 12, мөн Номхон далайн флотын командлагч Эмиль Спиридонов ч зорчиж явсан аж. Цэргийн стратеегийн арвин их туршлага, хосгүй мэдлэгтэй хүмүүс нэг дор зорчиж яваад нэг дор амиа алдав. Ингэж л флот эзгүйрэв.

Энэ ослоос үүдэлтэй хор хохирлын хэмжээг тодотгох үүднээс харьцуулалт хийе. Аугаа их Эх орны дайны үеэр Зөвлөлтийн флот дөрвөн адмиралаа алдсан бол зургаан адмирал өвчний улмаас нас баржээ. Дайны жилүүдэд 10 адмирал амиа алдсан байхад 1981 оны ослоор ганцхан өдрийн дотор 16 адмирал үрэгдэв.

Энэ бүхнээс харахад хорлон сүйтгэх ажиллагаатай адилхан байна гэсэн хувилбарыг тусгай албаныхан дэвшүүлж байлаа. Тухайн үед Афганистаны дайн ид дундаа өрнөж, Америкийн онгоц тээвэрлэгч хөлөг онгоцууд Номхон далайгаар дүүрсэн, мөн Алс Дорнод гадаадын десантыг хэзээ ч хамаагүй буулгахад бэлэн байлаа. Ийм үед флотын дээд удирдлагыг бүхэлд нь үгүй хийх нь ЗХУ-ын дорнод эргийг дайсан булаан авах хамгийн шилдэг хувилбар гэгдэж байв.

Гэхдээ энэ таамаглалыг батлах хэцүү. Пушкин дахь цэргийн нисэх буудал бол онцгой хамгаалалттай объект, гадны хүн тийш нэвтрэх боломжгүй. Энэ буудлын нутаг дэвсгэр рүү тусгай үнэмлэхтэй байж нэвтрэх бөгөөд ажилтнуудыг давхар хянан шалгаж, сайтар хамгаалдаг тул энэ буудал руу агаарын хөлөгт байрлуулахаар тэсрэх бөмбөг оруулна гэдэг боломжгүй.

Ослын шалтгааны хоёр дахь хувилбар нь “зориудын үйлдэл”. Амиа алдсан хүмүүсийн дунд Номхон далайн флотын штабын дарга Руфольф Голосов байгаагүй юм. Тэрбээр эцсийн мөчид энэ нислэгээр явахгүй байхаар шийджээ.

Ингээд түүнийг байцааж эхлэв. Руфольф Голосовын өмнөх эхнэрээс төрсөн охин нь Ленинградад амьдардаг байсан тул охинтойгоо уулзахаар саатаж, флотынхонтойгоо биш харин дөрвөн өдрийн дараах нислэгээр Владивосток явахаар тийз авахаар шийдсэн байжээ. Энэ талаараа ч удирдлагадаа хэлж, зөвшөөрөл авсан байсан гэнэ. Ингээд зориудын үйлдэл гэсэн хувилбар замхрав.

Цаашлаад хэргийн талаарх шинэ мэдээллүүд гарч эхэлжээ. Цэргийн онгоцонд зарим адмиралуудтай хамт тэдний эхнэрүүд зорчсон болж таарав, журмаараа бол ар гэрээ цэргийн онгоцоор авч явахыг хатуу хориглодог. Харин энэ гайт нисоэгээр флотын адмирал Спиридонов, хангамжийн дарга Борис Макаренко нар эхнэрээ авч явсан аж. Түүнчлэн Приморскийн дүүргийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын эхнэр Тамара Ломакина, контр-адмиралын охин Екатерина Морева нар ч зорчиж явжээ. Гагцхүү тэд л онгоц сүйрэхэд шууд бусаар нөлөөлсөн гэдэг.

осолШинжээчид хөлгийн жин, уналтын чиглэлийг судлаад ТУ-104 онгоцны ачаа ихээр хэтэрсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Онгоцны сэгэн дундаас хэд хэдэн тавилга олдсон бөгөөд эдгээрээс болж онгоцны даац хэтэрсэн байж. Тухайн үед гэрийн тавилга Зөвлөлтөд хомсдолтой бараанд тооцогддог байсан бөгөөд адмиралын гэр бүлийнхэн Ленинградаас чамин тавилга худалдан авч, гэррүүгээ зөөж байсан нь энэ.

Газраар энэ ачааг хүргэх боломжгүй, тиймээс л эхнэрүүд нь нөхрөө ятгаж, тавилгаа онгоцонд ачсан бололтой. Түүнчлэн, онгоц сүйрсэн газарт үзлэг хийх үеэр мөн л ихэд хомсдолтой бараа болох сонины цаас хагас тонн орчимыг тээвэрлэж явсан нь тогтоогджээ. Энэ цаасыг Номхон далайн флотын сонинд зориулан авч явсан аж.

Боодол цааснуудыг багажийн хэсэгт бэхлээгүй өрсөн гэж ачигчид мөрдөн байцаалтын үеэр мэдүүлсэн байна. Тиймээс онгоц өндөр авах үед боодол цааснууд өнхөрч, хүндийн төвийг онгоцны сүүл хэсэг рүү шилжүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй гэж шинжээчид өгүүлж байв. Ийм зүйл болно гэж хэн ч төсөөлсөнгүй. Хөөрсний дараа ТУ-104 онгоцны хамар огцом дээш өргөгдөж, харин аэродинамик онгоцыг доош татав. Онгоц тэнцвэрээ олж чадсангүй, бүх зүйл хэдхэн секундын дотор болж өнгөрчээ.

“Адмиралуудыг ганцхан зүйл л аварч болох байлаа. Тэд дахиад хэдэн боодол цаас эсвэл хоёр гурван тавилга ачсан бол онгоц зогсоол дээрээ байхдаа л газар суух байсан. Онгоц бол эмзүйчийн жинлүүртэй л адил” хэмээн эмгэнэлт ослын үр дүнд хожим дүн шинжилгээ хийсэн, цэргийн нисгэгч, дэслэгч генерал Виктор Сокерин өгүүлж байв.

Өөр нэг хувилбараар бол, ТУ-104 онгоцны даац хэтрэлт энгийн л байсан. Энгийн нэг зорчигчид байгаагүй тул тэд хөөрөх үед салоны урд хэсгээр холхиж байсан, экипажийн дарга дэд хурандаа Анатолий Инюшин туршлагатай нисгэгч байсан тул зорчигчдыг суудлаасаа босохгүй байхыг анхааруулсан ч “томчууд” жирийн нэг дэд хурандаагийн үгийг үл ойшоосон байж мэднэ гэж хожим шинжээчид өгүүлж байв.

Онгоцны ослоор амиа алдсан цэргийнхэн болон тэдний эхнэрүүдийг Ленинградын Серафимовын оршуулгын газарт оршуулжээ. Энэ оршуулга нам гүм, сүр дуулиангүй болж өнгөрөв. Цэргийн өндөр албан тушаалтнуудын оршуулгын чулуун дээр “Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн” гэх бичээс байдаг аж.

Зөвлөлтийн армийн цэргийн онгоц осолдсон энэ хэргийн дараа шинэ журам гарав. Дээд тушаалын офицерүүд нэг нислэгээр олноор нисэхийг хориглоно. Энэ журам одоо ч үйлчилж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img