2024-07-27, Бямба
17 C
Ulaanbaatar

Т.БАТЖАРГАЛ: Хөдөөд байдал хүндэрсэн яг ийм үед л ИНЕГ-ын мэдлийн ТМС-65 машинуудыг дайчлах хэрэгтэй

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ. Ойрын өдрүүдэд нийт нутгийг хамарсан цас орж эрс хүйтэрсний улмаас зам харгуй хаагдаж, малын хорогдол их гарч байна.  Онцгой байдлын газраас иргэдийг тодорхой хугацаанд орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж буй. Нийтийг хамарсан байглийн гамшиг, ослын үед ашиглаж болох хүчирхэг техник Иргэний нисэх буудлуудад ашиглалтгүй байгаа талаар нисэхийн доктор Т.Батжаргалтай ярилцлаа.

-Цас зууд нүүрлэсэн энэ цаг үед орон нутгийн авто замын зорчих хөдөлгийний саадыг арилгаж, уул давааны цас мөсийг хуу арилгах чадалтай тусгай зориулалтын техник хэрэгсэл танай нисэхэд байдаг гэж дууллаа. Та энэ тухай сонирхуулахгүй юу?
-Ойрын өдрүүдэд эрс хүйтэрч байгаагаас мал өвөлжилт, хаваржилт маш их хүндэрч малын хашаа хороо цасанд дарагдаж байна. Малын хорогдол мянга мянгаараа нэмэгдэж, малчид туйлдаж байхад санаа зовохгүй монгол хүн байхгүй байх.
Сүүлд орсон цасанд суусан иргэд гамшигт өртөж байгаа тухай мэдээ их гарч байна. Төр засгаас ч гамшгийн онц байдал зарлаж бүх талын арга хэмжээ авч байна. Сүүлийн 50 жилд ороогүй их хэмжээний цас энэ өвөл орж хөдөө орон нутгийн зам харгуй, уул даваа цас мөсөнд хаагдаж ердийн багаж техник, хүн хүч арилгаж дийлэхгүй хүчин мөхөсдөж байгаа газруудад ИНЕГ-ын мэдэлд байдаг “ТМС-65” машинуудыг одоо л дайчлах хэрэгтэй.
Нисэх буудлын аэродромын цас цэвэрлэх зориулалттай ТМС-65 хэмээх хүчирхэг техник Иргэний нисэхэд гурван ширхэг байдаг. Мөн Батлан хамгаалахын Химийн цэргийн ангид хоёр ширхэг бий гэж сонссон. Энэ бол Зөвлөлтийн үед үйлдвэрлэгдсэн туулах чадвар асар өндөртэй “Урал-375Е” машины тэвшин дээр байлдааны “МиГ-15” сөнөөгч онгоцны “ВКА-1А” хөдөлгүүр суурилуулж операторын кабиныг нь дуу чимээнээс тусгаарлаж тоноглосон тусгай зориулалтын авто машин.
Т.БатжаргалӨнөө цагт уул давааны  зам, харгуй цасанд хаагдсан үед очиж үлээлгэн зам гаргах боломжтой. Тусгай зориулалтын ТМС-65 машин бол нисэх онгоцны тийрэлтэд хөдөлгүүрээс гардаг асар хүчтэй халуун хийн урсгалын хүчийг ашиглаж химийн зэвсэг хэрэглэсэн үед агаарт тархсан хорт утааг үлээлгэж саринуулах, бохирдсон машин техникийн гадаргууг цэвэрлэж ариутгах зорилгоор бүтээсэн байдаг.  Мөн аэродром дээр их хэмжээгээр орсон цасыг цэвэрлэхэд, ялангуяа цас маш ихээр унадаг Сибирийн нисэх буудлууд, цэргийн аэродромуудад өргөнөөр ашигладаг.
Бас  хотын агаарын бохирдол онц их үед тодорхой газар районд ажиллуулж турших хэрэгтэй юм. Гэвч одоо манай нөхдүүд ийм машинууд байдгийг мэдэхгүй, ажиллуулж чадахгүй буруу хадгалсаар моралын элэгдэлд ороход хүргээд байгаа юм. Уг нь энэ хүчирхэг техникийг мэддэг хөдөлгүүрийн инженер, техникч операторчид бол ИНЕГ-т байгаа шүү дээ.
Хамаг учир нь ямар ч чадваргүй зальтай нөхдүүд мэргэжлийн байгууллагын эрх бүхий албан тушаалд гарчихаад байгаагаас өмч эзэнгүйдүүлж, улс орны хэрэгцээ шаардлагатай газарт нь хэрэглэж чадахгүй дараад байгаа юм. Энэ “ТМС-65” машины “ВКА-1А” тийрэлтэд хөдөлгүүрийг хөөрөлтийн их горим дээр нь ажиллуулахад нэг цагт 900 литр “ТС” нисэх онгоцны шатахуун зарцуулдаг ч ажлын бүтээмж нь асар их.
Энэ хөдөлгүүр хамгийн их горим дээрээ 13 мянган морины хүчээр ажилладаг. Ийм хүчээр үлээхэд хир баргийн нөөлөг цас, зузаан хунгарыг бол хуу үлээнэ, зам дээрх мөсийг ч хайлуулна. Гэхдээ ямар ч хөдөлгүүрийг хөөрөлтийн их горим дээр удаан ажиллуулахгүй хэдхэн минут л ажиллуулна. Тэгэхлээр хөдөө орон нутагт зуданд нэрвэгдсэн малчдад илгээж байгаа нэн хэрэгцээтэй өвс тэжээл зэрэг тусламжийн ачаа ачсан цувааг саадгүй хүргэхэд  уул давааны цасыг арилган зам гаргаж өгөхөд  эдгээр машиныг дайчлах хэрэгтэй.
Гагцхүү “ВКА-1А” тийрэлтэд хөдөлгүүрийг ажиллуулахад шаардагдах шатахуун “ТС” (керосин)-ыг нь нисэхийн компаниуд, нисэх онгоцны “ТС” шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд гаргаж өгч болно шүү дээ.
-Энэ тоног төхөөрөмжийг өмнө цас зуданд ашиглаж байсан туршлага бий юу?
-Аэродром дээр их хэмжээгээр орсон цасыг цэвэрлэхэд, ялангуяа цас маш ихээр унадаг Сибирийн нисэх буудлууд, цэргийн аэродромуудад өргөнөөр ашиглаж ирсэн. Харин манайд ашиглалтын зардал нь их гээд ажиллуулахгүй хадгалсаар байгаа юм. Энэ техник нь цас, мөсийг халуун агаараар хуу үлээнэ.
Т.БатжаргалТэр байтугай адуу зоогдсон өндөр цасыг  юу ч үгүй үлээх тийм хүчин чадалтай. Цас зуд нүүрлэж байгалийн гамшиг тохиосон газарт бэлчээрийн талбай хүртэл гаргаж болно. Цас их орохоор Завханы Загастайн даваа, Архангайн Цагаан даваа,  Эрдэнэтийн Хөшөөтийн даваа хаагдчихдаг шүү дээ. Хүний хөдөлгөөн ихтэй эдгээр даваануудад дээрх техникийг аваачиж зам гаргах бүрэн боломжтой.
 “Хаврын тэнгэр хартай” гэдэг. Одоо урин хавартай золгоход чилийсэн хоёр сар хүлээж байна. Ирэх 3, 4 дүгээр сард цас орж шуурахгүй гэх баталгаа байхгүй. Юун түрүүнд уул даваа цасанд хаагдахад шуурхай арга хэмжээ авахад энэ машиныг ашиглаач гээд байгаа юм.
Тэгэхээр “ТМС-65” автомашиныг ажиллуулдаг нарийн мэргэжлийн инженер, оператор, техникчдэд илүү цагийн ажлын хөлс, урамшуулал олгож, техник үйлчилгээг даруй хийлгэн асааж, ажиллуулж байнгын бэлэн байдалд оруулж зам, даваа хаагдсан газрууд руу очуулж шуурхай арга хэмжээ авч ашиглах хэрэгтэй.
Манайд өмнө нь энэ машиныг орон нутгийн зам дээр ингэж ашиглаж байсан туршлага байхгүй. Гэвч одоо туршиж үзээд ач холбогдол үнэхээр их бол шатахуун их зарцуулах үгүй нь хамаагүй онцгой байдлын шугамаар дайчлах л хэрэгтэй. Тухайлбал, зүүн бүсийн авто зам үе, үе цасанд хаагддаг.
Тэр үед нь Дорнодын нисэх буудлаас, мөн баруун бүс болон Хангайн бүсийн зам даваа хаагдаж Онц байдал тоогтоосон үед Мөрөн нисэх буудлаас энэ “ТМС-65” машиныг дайчлан гаргуулдаг байж болно. Батлан хамгаалахын химийн цэргийн анги салбарт хадгалагдаж байгаа “ТМС-6”5 машинуудыг ч гэсэн техник үйлчилгээг нь хийлгэж ажилд гаргах хэрэгтэй.
Энд зөвхөн төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо, удирдлагуудын эх оронч сэтгэл зүтгэл байхад л шийдэж болох зохион байгуулалтын асуудал байгаа юм.
-Цагаан сарын баяр амралтын өдүүдээр хотоос хөдөөг чиглэсэн зорчих хөдөлгөөн эрчимжиж зарим чиглэлд олон арван км урт цуваа, түгжрэл үүссэн. Цасанд суусан дуудлага их ирсэн. Иргэд ингэж зовж зүдэрч байхын оронд агаарын тээврийн үйлчилгээг хүртээмжтэй болгох боломж байдаг уу?
-Цагаан сарын баяраар монголчуудын ураг төрөл, эцэг эх үр хүүхэд, ахан дүүс учран золгож, улс хотлоороо олон хоног баярласан. Энэ үед хөдөө орон нутагт авто замаар зорчиход байгал цаг уурын хүндрэл бэрхшээлтэй тулгараад байдаг.
Зам, тээврийн бодлогын яам ч хөдөө орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөн эрс идэвхиждэг цагаан сар, шинэ жил гэх мэт бүх нийтээр амарч тэмдэглэдэг баярын үеэр болзошгүй байгал цагуурын хүндрэл, бэрхшээлийг урьдаас тооцож цаг үеийн арга хэмжээг төлвөлж оновчтой зохион байгуулах ёстой юм. Энэ  баяраар нь иргэдээ аюулгүй, амар хялбар, түргэн зорчуулахад зам тээврийн асуудлыг хариуцсан яам нь онцгой анхаарч агаарын тээврийн үйлчлгээг зохион байгуулах ёстой.
Ялангуяа орон нутгийн зорчигч тээврийн нислэгийг тогтмолжуулж чиглэл давтамжийг олшруулж, нислэгийн тийзийн үнэ тарифыг иргэдийн төлбөрийн чадварт нийцүүлж эрс хямдруулах арга замыг эрж хайж зохион байгуулах хэрэгтэй. Тийм боломж байсаар байхад чиглэлийн яам нь үүнийг зөв, оновчтой зохион байгуулж чадахгүй цаг боломжийг алдсаар байна. Зам тээврийн сайд сүүлийн 12 жилд 12 удаа солигдсон гэлцдэг. Тэнд ажил мэддэг хүн хомсдолтой. Тэд ажлаа мэдэхгүй байгаа учраас иргэд ийнхүү хохирч, улс орны хөгжлийг хойш татаад байгаа юм.
Өмнөх нийгмийн үед манай ахмад үеийнхэн үүнийг чинь шийдчихсэн байсан  шүү дээ. Тухайлбал, өнгөрсөн зууны 70, 80-аад он гэхэд нийслэл хотод 450-500 мянган хүн амьдарч, хөдөө орон нутагт 1.5 сая орчим хүн оршин сууж байсан. Улаанбаатар Дарханыг холбосон засмал замыг эс тооцвол бусад аймгууд хатуу хучилттай засмал замаар холбогдоогүй байв. Авто хөсгийн  хүртээмж муу байсан хэдий ч  цагаан сар, оюутны амралт, цэрэг татлагын үеэр орон нутгийн нэмэлт нислэг гаргаж шөнө өдөргүй зохион байгуулж цаг үеийн хэрэгцээг хангаж чадаж байсан юм.
Тэр үед орон нутгийн нислэг үйлдэх зориулалтаар МИАТ нэгтгэлд 50 зорчигчийн суудалтай “Ан-24” агаарын хөлөг 17 нэгж, ачаа тээврийн “Ан-26” агаарын хөлөг 2 нэгж, 12 зорчигчийн суудалтай “Ан-2” онгоц 52 нэгж байсан.
1980-аад оны сүүлчээр зөвхөн Буянт-Ухаагаас  л гэхэд аймгийн төвүүд рүү өдөрт 60 нислэг үйлдэгддэг байлаа шүү дээ. Үүнтэй зэрэгцээд аймгийн төвүүдээс сумд руугаа задардаг. Сумдын зорчигч шуудан тээврийн тогтмол нислэг ид буцалж байсан юм. Сэлэнгээс бусад бүх аймаг Агаарын тээврийн газруудтай байж сум болгонд аэродромтой, орон тооны “Ан-2” онгоц экипажтайгаар тогтмол үйл ажиллагаа явуулж ард түмэндээ агаарын тээврээр үйлчилж байлаа.
-ИнгэТ.Батжаргалхэд орон нутгийн нислэгийг сэргээхэд төрөөс ямар бодлого баримтлах ёстой вэ?
-Сүүлийн 30 жилийн байдлаас харахад орон нутгийн зорчигч тээврийн нислэгийн үйлчилгээг зах зээлийн жамаар хөгжүүлнэ гэдэг нь одоогийн монголын нөхцөлд боломжгүй байгааг харууллаа. Тэгэхлээр энэ цаг үед төрийн зохицуулалтайгаар орон нутгийн агаарын тээврээ хөгжүүлбэл иргэд газраар зорчиж өвөл цас мөсөнд хаагдах, зун нь шавар усанд боогдох зэрэг саад бэрхшээлээс ангижирна. Үүнээс гадна орон нутгийн авто зам дээрх аваар осолд өртөхгүй түргэн шуурхай үйлчлүүлж асар их цаг хугацаа хэмнэж нийгмийн баялаг бүтээх боломжтой болно.
Засгийн газраас дэвшүүлсэн “Хөдөөгийн хөгжлийн бодлого”-г хэрэгжүүлэхэд ч агаарын тээврийн үйлчилгээ чухал байр суурь эзэлнэ. Одоо Монгол Улсын хүн ам өссөн, нийслэл хотод 1.7 сая хүн амьдарч байхад хөдөөд 1.5 сая хүн оршин сууж байна. Одоо манай иргэд өмчтэй, эдийн засгийн эрх чөлөөтэй болсон. Агаарын тээврээр зорчих иргэдийн эрэлт хэрэгцээ, зах зээл байгааг харуулж байна.
Гагцхүү агаарын хөлгийн парк ашиглалт тоог нэмэгдүүлж, нислэгийн чиглэл давтамжийг олшруулж иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн нислэгийн тийзий үнэ тарифыг хямдруулж ард иргэддээ агаарын тээврийн ач тус, цаг хугацааны үнэ цэнийг эдлүүлэх хэрэгтэй байна.
Саяхан “ковид” цар тахлын үеэр бидэнд ихээхэн боломж гарч ирсэн. Учир нь олон улсын агаарын тээвэрлэгч компаниуд дампуурч дэлхийн зах зээл дээр агаарын хөлгийн үнэ өртөг маш их хямдарсан үед нь манай улс хэдэн онгоц авчих байсан юм. Тухайн үед би Зам тээврийн сайд Л.Халтарт хоёрч удаа очиж хэлж зөвлөж байсан боловч тэр сайд хүлээж аваагүй юм.
Мөн өнгөрсөн 2023 оны эхэнд миний бие орон нутгийн дотоодын нислэгийн чиглэл давтамжийг олшруулж, нислэгийн тийзийн үнэ тарифыг эрс бууруулах боломж, хэрэгжүүлэх арга замын талаар С.Бямбацогт сайдад ажлаа аваад удаагүй байхад нь уулзаж хэлж зөвлөж, судалгааны ажлаа хүртэл өргөн барьсан.
Гэтэл энэ ажлыг мэргэжлийн бус, туршлаггүй хүмүүсээр хагас дутуу, үр дүн муутай хийлгэсэн. Тэр нөхдүүд магадгүй ашиг сонирхол хавчуулсан ч байж болзошгүй  гэж хардагдахаар байна. Гэтэл С.Бямбацогт сайд надтай нэг таарахдаа “хэтэрхий мэргэн жараахай минь чи сонин монинд юу гээд том, том яриад байгаа юм” гэж зэмлэсэн удаатай. Харин ЗГХЭГ-аас орон нутгийн зорчигч тээврийн нислэг сэргээх талаар миний хийсэн тооцоо судалгаа, санал санаачлагыг үнэлж надад албан захидлаар талархал ирүүлсэнд маш их урамшиж явдаг.
Ер нь “Хийх хүнд арга  нь олдоно, хийхгүй хүнд шалтаг мудахгүй” гэдэг шүү дээ.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img