2024-04-21, Ням
-0 C
Ulaanbaatar

Б.Сувд: Ээжийн минь зохиосон “Бүүвэйн дуу” монголчуудын хайртай дуу болжээ

“Монгол костюмс” ХХК-ийн захирал,  Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Б.Сувдтай ярилцлаа.

-Таны ээж Н.Халзаа гуай орь залуудаа бидний мэддэг “Бүүвэйн дуу”-г зохиосон гэж сонссон. “Хараацай шувууны дэгдээхэй шиг” гээд дунд сургуульд байхдаа дуулж байлаа. Н.Халзаа гуай залуудаа энэ дуугаараа  Бүх ард түмний спартикатад орж байсан бичлэг харлаа?

– “БНМАУ-30 жил” гэсэн  баримтат кинонд  “Бүүвэйн дуу”-гаа дуулж байгаа нь үлдсэн байдаг юм. Бүх ард түмний спартикатад ээж орж байсан юм билээ. Сүүлд архиваас бид уг бичлэгийг авсан.

1951 он гэхээр ээж 20-той байсан бололтой. Тэр үедээ сумын орлогч дарга байсан гэсэн. Ээж нийгмийн идэвхи сайтай, бичиг үсгийн багш, Ховд хотын дарга байсан. Аавтай ханилаад Увс, Ховд, Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн хорооны дарга байлаа. Ээж, аав хоёр маань олон газар нүүдэллэж амьдарсан юм.

-Ховд хотын дарга байсан гэсэн. Тэр үед эмэгтэй хүн хотын дарга байсан түүх ховор байх аа.

-Бид  ээжийнхээ түүхийг бас сайн мэддэггүй. ШУА-ийн  гишүүн Ж.Гарьдхүү гуай (Баярсайхан гишүүний аав) ээжтэй нэг нутгийн хүн. Тэр хүн  надад нэг удаа ярьж байсан юм. “Танай ээж маш мундаг эмэгтэй байсан. Ганц “Бүүвэйн дуу”-гаар шагнал аваад тогтохгүй,  бага наснаасаа бичиг үсгийн багш, сумын орлогч, Ховд хотын дарга, олон нийтийн ажил их хийсэн хүн гэсэн юм.  Тэтгэвэрт гарсныхаа дараа ч ээж олон нийтийн ажил хийж байсан. Улсын төв музейд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсныхаа дараа  музейн зааварлагч хийж байсан юм.

-“Бүүвэйн дуу”-г нутгийн аялгаар дуулж байсан. Ээ бүүвэй гэдгийг ээ үүвэй гээд байх шиг байсан.

-Тэр дууг дуулах үедээ сумын орлогч байж, гэсэн ч  тухайн үед “Малчин ард Халзаа дуулна” гэж зарлаж байна лээ. Өөрийн зохиосон дуу гэхгүй “Захчин ардын дуу” гэж зарлаж байжээ. Ээж өөрөө ч миний  зохиосон дуу гэдэггүй. Ээж маань гурав, дөрвөн дуутай хүн. Нутгийн ард түмэн сайн мэддэг юм билээ.

-Та нарыг багад ээж тань “Бүүвэйн дуу”-гаа дуулдаг байсан уу. Таны ой дурсамжид ямраар үлдсэн бэ?

-Ээж маань “Бүүвэйн дуу”-гаа дуулдаг байсан. Маш уран цэцэн үгтэй, алиа, зүйр цэцэн үг их хэлдэг. Одоо би охиныхоо хоёр хүүхдийг харах гэж мунгинаж байхдаа эргээд санахад миний хоёр охин дүү яг манай хоёр охин шиг  ой зургаан сарын зайтай, тэгэхэд ээж маань ажлаа хийнгээ хүүхдээ хардаг байсан.

-Та  ч бас ээжийнхээ зохиосон “Бүүвэйн дуу”-г аялаж байсан уу?

-Ээжийнхээ зохиосон “Бүүвэйн дуу”-г аялалгүй яах  вэ.  “Бүүвэйн дуу” 70-аад жил болсон, Монголын ард түмний хайртай дуу болжээ.

Хүү маань “Буурайгийн дууг дуул” гэдэг байв. Ээж маань 93 хүртлээ бидэнтэйгээ хамт байлаа.

Аав  Дундговийн хүн. Телевиз байгуулагдахад 13 редакторын нэгээр ажиллаж байсан. Тэр сайхан ажлаа орхиод, ээжийг аваад нутагт нь ах дүү нарт нь ойртуулах гэж явсан.  Намайг гуравдугаар анги төгсөх үед аав намын илгээлт авч,  манайх Ховдод шилжиж байлаа.  Ховдын хүмүүс аавыг маань Ховдынх гэж ойлгодог.  Миний ээж сайн ханьтай байсан. Аав маань ээжийн төлөө бүхнийг зориулдаг байв. Манай аав 1998 онд нас барсан юм. Сүүлчийн захиас нь “Ээжийгээ сайн харж байгаарай” гэдэг үг байв.  Хүн эцэг, эхээ харж төлөвшдөг. Түүнээс биш ээж, аав хоёр нэг их сургамж хэлдэггүй байсан. Биеэрээ үлгэрлэж байлаа. Ээж нам, олон нийтийн ажилд маш идэвхитэй оролцдог, орой л гэртээ ирдэг байв.  Цаг наргүй ажилладаг байж дээ. Цаг сайхан байж. Хүүхдүүдээ орхиод явахад амгалан тайван байж.

-Таныг хувцас дизайнтай холбогдоход ээжийн  тань нөлөө байсан байх. Таны ээж үйл мэтгэдэг байв уу?

-Ээж  уран хүн байв. Цоохор даавуугаар баривч хийж өгнө. Шинэ жилээр цасан охины даашинз оёж өгдөг байлаа. Ээжийн нөлөө их.

Хамгийн сүүлд 1998 онд  ээжийнхээ  хийж өгсөн дээлийг нь би нандигнан хадгалдаг.

 Би ч гэсэн баривчаас авхуулаад маш сайн оёж сурсан. 40 мянгатад гуравдугаар анги төгсөөд, аав намын илгээлтээр ээжийн төрсөн нутагт очиход  хөдөөгийн  суманд  амьдрах боллоо. Халаалт байхгүй, пийшин галладаг, бэх хөлддөг, өвөл ногоон үстэй дээл, монгол гутал өмсөх болсон. Тэгж хоёр жил Эрдэнэбүрэн суманд сурч байв.  Бой хийхийг харж, хадлан тариалангийн ажилд тусалж, мөс зөөнө. Улаанбаатарыгаа маш их санадаг байж.   Тэгэхэд би бараг соёлын шоконд орж байлаа.  Дараа нь ээж охиноо ядаж аймгийн төвд оруулъя гэсэн юм. Хоёр жилийн дараа аймгийн төвд ирж байлаа.

-Таныг бага байхад монголчуудын үндсэн хувцас дээл байсан уу?

-Үгүй ээ, тэгэхэд орчин үеийн хувцас өмсдөг байсан шүү. Сумын төвд очоод дээл өмсч байгаа нь тэр. Түүнээс биш хотод орчин үеийн хувцас өмсдөг, хаа нэг дээл өмсдөг байсан. Гэхдээ тэр болгон бүгд өмсдөггүй байлаа.

-Танд Монголын соёлын элчийн өргөмжлөл гардуулсан нь  дээл дэлхийд монголчуудын соёлыг таниулах хэрэгсэл гэдгийг төр хүлээн зөвшөөрсний илрэл болов уу?

-Анх компаниа байгуулахдаа л монгол дээл хувцсаа гадагшаа сурталчлах зорилгоор “Монгол костюмс” гэж нэрлэж байлаа. Өнөөдөр харахад тэр үүргээ биелүүлж иржээ. Компаниа байгуулаад, зөвхөн дээл хувцас оёх бус дээлтийг яаж сурталчилж болох вэ гэж зүтгэсэн.  2007 онд “Дээлтэй Монгол” наадмыг  аялал жуулчлалын брэнд бий болгохоор санаачилж байв. Өнөөдөр “Дээлтэй Монгол”-ыг үзэх гэж гадны жуулчид ирж байна. Арга хэмжээ тогтвортой  яваад ирэхээр хүмүүст танигдаад ирж байна. Коронагийн өмнөх “Дээлтэй Монгол” наадамд талбайд ирсэн хүмүүсийн ихэнхи нь гадныхан байна гэж нэг сэтгүүлч мэдээлж байсан юм. Би хараад баярлаж л байлаа. Анх “Дээлтэй монгол” арга хэмжээг зохион байгуулахаар бодож санасан маань бүтэж дээ. Гадныхан зорьж очдог, наадмын өмнөх бага наадам болж чадсан байна  гэж бодож байлаа. Засгийн газрын тогтоолоор 2019 онд  “Үндэсний хувцасны өдөр” болгосон юм.

-Таны  доктор хамгаалсан сэдэв үндэсний хувцсыг орчин үежүүлэх байлуу?

-Миний докторын ажил Монголдоо ач холбогдолтой сэдэв байгаасай гэж  Монгол хувцасны элементийг тусгасан орчин үеийн хувцасны зохион бүтээлтийг боловсронгуй болгох  сэдэв авч байсан юм. Тэгэхэд дипломын удирдагч маань “Энэ  тийм чухал сэдэв үү?” гэж  гайхаж байв. “Манайх  дээл хувцсаа маш өргөн дэлгэр өмсдөг юм. Та ойлгож үзээч” л гэсэн. Киевийн хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг төгссөн шүү дээ, би. Намайг төгсдөг жил манай сургууль 80 жилийн ойгоо хийж байлаа.   200-гаад монгол инженер  манай сургуулийг төгссөн байдаг. Киевт төгсөгчидтэйгээ холбоотой байсан. Сургуульдаа очиход намайг сурч байхад ажиллаж байсан багш, ажилтнууд байж л байсан. Тэднийгээ Монголд урьсан. Тэр дунд дипломын удирдагчаа урьсан юм. Тэгэхэд “Гоёл” наадмын 10 жилийн ой  болж байв.    “Гоёл” наадам бас үндэсний хувцасны  элемент бүхий  орчин үеийн хувцасны номинацитай.  Тэр бүхнийг үзээд “Монголчууд дээл хувцсаа үнэхээр их өмсдөг ард түмэн юм байна, чухал сэдэв юм байна” гэж багш маань хэлж байсан. Миний мэргэжил хувцасны загвар зохион бүтээгч, инженер байсан л даа.

 

-Дээл хувцасны түүх судалгаа гэхээр хүмүүс тантай холбож ойлгодог болж. Үндэсний хувцас Монгол  түүх, соёлын нэг хэсэг шүү дээ. Нэг судлаач, компани авч явахад  том сэдэв. ШУА, дээл хувцсыг дагнан судалдаг хүмүүс хэр нэмэгдэв, соёлын бодлогодоо энэ чиглэлийг хэр тусгасан бол. Танд энэ бүхэн мэдрэгддэг үү?

-Манайх арваад жил Чехт амьдарсан. Украйнтай ойрхон учраас би цол хамгаалсан юм. Энэ үед дараагийн ажил тодорхой болсон байв. Монголд очоод, “Монгол костюмс“ гэдэг компани байгуулна.  Энэ компани зөвхөн дээл хувцас хийхээс гадна судалгаа хийнэ гэж шийдсэн. Оюутан байхад маань “Дэлхийн хувцасны түүх” гэдэг хичээл ордог байлаа. Номын санд том зузаан ном байдаг. Тэнд монгол хувцасны талаар нэг үг, өгүүлбэр ч байдаггүй. Тэр надад маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. 1974 оны үед Монгол ЗХУ-ын 16 дахь республикийн  хэмжээнд үзэгддэг шахуу.  Монгол гэдгээрээ бахархаад байх юмгүй л байсан. Гэтэл 1998 он гэхэд ардчилал хөгжөөд бид хэн юм бэ, ямар түүхтэй вэ гэдгээ мэдэж, дээл хувцасны түүхийг судлаж омогшиж, өөрсдийгөө  таньж мэдэж байлаа. Өнгөрсөн гучаад жилийн хугацаанд бид өөрсдийгөө таньж мэдээд, хаанаас гаралтай, ямар түүхтэйгээ мэдэж эхэлж байна. Түүнээс урд  бидний түүх дарагдаастай, түүхээ мэддэггүй байлаа шүү дээ. Тийм л цаг үед бид оюутан байлаа.  Дараа нь Монгол хувцас гэдэг нэртэй компани байгуулж, гадагшаа судалгааны ажлууд хийж, “Монгол костюмс” номоо 2006 онд хэвлэж, 2011 онд дахин хэвлэж, одоо ахиад хэвлэх гээд бэлтгэж байна. Дээр нь “Монгол хувцасны нууц товчоо” гээд театрчилсан загварын тоглолт ЮНЕСКО-д тоглосон. Улаанбаатарт энэ тоглолтоо хэд хэдэн удаа тавьсан. Гэх мэтээр бид дээл хувцсаараа  өөрсдийнхөө үүх түүхийг яаж харуулж болох талаар эхнээсээ компани байгуулахаасаа л зорилго тавьсан. Энэ маань хэрэгжиж байна. Үүнийг хийхдээ яам, төрийн байгууллагаас дэмжлэг харж суугаагүй.

-Монгол хувцасны нууц түүх баримтат кино үнэхээр их мэдээлэлтэй сайн уран бүтээл болжээ. Энэ кино үргэлжлэх болов уу?

-Бид ковидоос өмнө амжиж баримтат киногоо хийсэн л дээ. Харамсалтай нь хард эвдэрсэн учраас Энэтхэг, Тайваньд явсан  бичлэг маань сайн орж чадаагүй.  Цаашдаа явъя гэвэл олон газар бий.  Яг одоогоор төдийд өдийд явна гэж төлөвлөсөн юм алга. Хаана, юу байна гээд гаргаад тавьсан маршрут байна.

 “Монгол костюмс” байгуулагдсан цагаас хойш миний дүү, найруулагч Б.Баяр хамтарч ажилласан.  Дүү маань баримтат киноны найруулагч боловч соёлын биет бус өв, хадны зураг, дээл хувцасны талаар бол надаас дутахгүй, илүү гарах хэмжээнд бэлтгэгдсэн. Ёстой энэ киног үргэлжүүлэх ажлыг дүү маань хийх байх.

-Үндэсний хувцас монгол дээл маань мянган жил өнгөрсөн ч энэ хэвээрээ хадгалагдах ёстой гэж боддог уу. Үндэсний хувцасны жижиг элементүүд оруулаад, өмсөхөд эвтэйхэн энгийн хувцас болж өдөр тутам өмсөгдөж байвал зүгээр гэж үздэг үү?

-Хэвээрээ уламжлагдаж явах ёстой юм бий. Ялангуяа олон үндэстэн ястны хувцас байна. Энэ төрхөө хадгалаад уламжлалаа хадгалах нэг хэсэг байна. Этно хэлбэрийн, үндэсний хувцасны элемент бүхий орчин үеийн хувцас  болж хөгжүүлэхээр манай залуу дизайнерууд сайн ажиллаж байна. Энэ хоёр чиглэлээр явна. Уламжлалаа  ч хадгална. Тэгэхгүй бол дээл гэдэг хувцас гэдгийг уламжлалгүй болгоод хаяж болохгүй. Хүмүүс ч дээлийг үндсэн хэлбэрээр нь захиалж өмсөх сонирхолтой байгаа.

-Танд дээл хувцаснаас өөр хобби байдаг уу?

– Эрүүл мэнд талын хобби бий. Саунд суух, усанд сэлэх гэдэг бол олон жил үнэнч явсан зуршил. Өглөө зургаан цагт босоод, усан санд сэлж заншсан. Коронагийн үед шинэ хоббитой болсон. Хэзээ ч ийм хоббитой болно гэж төсөөлж байгаагүй.  Миний найз төгөлдөр хуурч юм. Хоёулаа ажил ажил  гэж гүйсээр хүүхдүүдээ төгөлдөр хуур сургаж чадаагүй. Харин ковидын үед төгөлдөр хуур тоглож сурлаа. Мэргэжлийн түвшинд биш ч  тоглож сурч болдог юм байна гэдгийг харлаа. Өглөө босоод төгөлдөр хуур тоглодог хоббитой болсон.

-Ингэхэд социализмын үеэс зах зээлийн нийгэмд шилжихэд өөрийгөө эвдэх шаардлага тулгарсан уу?

-Бид  социализмын үед бодлогоор бэлтгэгдсэн. Сургууль төгсөхөд нэр дээр хуваарь ирсэн. Оёдлын зохион бүтээгч инженерээр сурахаар болсон юм. Сургууль төгсөөд хүрч ирэхэд Үнэ стандартын улсын хороо ажилд авсан. Удирдаж чиглүүлсээр байгаад эрдэм шинжилгээний ажил, монгол хүний биеийн хэмжээ гэсэн чиглэлээр ажилла  гээд захиа даалгавар өгч, намайг бэлтгэж байсан. Сургууль төгсч ирээд, хөдөө Дундговь аймагт аавынхаа төрсөн нутагт малчны хувцасны судалгаагаар явах томилолт өгч байсан юм. Малчдын хувцас гэдэг нь дээл. Миний ажлын гараа ингэж эхэлсэн. Одоо бодоход сонин.  Дээлний үндсэн хэмжээ, технологийн шаардлагыг өөрчлөх ажил байсан. Тэр үе бол Монголын үйлдвэрийн алтан үе байлаа. Арьс шир, оёдол, ноос нэхмэл, шаазан модон эдлэл бүгдийг бид өөрсдийнхөө хэмжээнд үйлдвэрлэдэг байв. Үйлдвэрийн чанар хяналт стандарт, үнэ бүх юмыг бид хийдэг байсан.

Би жишээлбэл оёдлын үйлдвэрийн нэгдлийг хариуцаж  үнэ чанар стандарт хяналт  тавьж байлаа. Шинэ бүтээгдэхүүний загварын комиссын нарийн бичгээр ажиллаж, загвар шинэчлэх батлах ажлыг хийж байв. “Монгол костюмс”-аа байгуулаад, явахад өмнө ажиллаж байсан суурь сайнаар нөлөөлсөн. Хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэж байсан. Тийм учраас надад компани байгуулахад хүнд байгаагүй.

-Хөрвөх боломжтой мэргэжил байжээ?

-Хөрвөх боломжтойгоос гадна Д.Бямбасүрэн дарга тэргүүлж байсан Үнэ стандартын улсын хороонд ажиллаж байсан учраас бүтээгдэхүүний эх загвараас эхлээд, үйлдвэрийн бүх шатанд гар бие оролцож байсан учраас компани байгуулахад зовлон байгаагүй.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүртэл зах зээлд шилжсэн эхэн үед юм оёод, зах дээр гарч зардаг байсан гэж ярьсан байна лээ. Та бол зах дээр гарах шаардлагагүй байж.

-Яг ардчилал гарахад Дизайнеруудын холбоог байгуулсан. Үнийн хороонд ажиллаж байхдаа Зохион бүтээгчдийн холбоо байгуулах гээд чадаагүй юм. Сайд нарын зөвлөл, Намын төв хороогоор зөвшөөрүүлж байж, батлуулах ёстой байсан, ингэж чадаагүй.  Зөвхөн Монгол Улсын шилдэг зохион бүтээгч гэдэг цолыг бий болгож чадсан. Зохион бүтээгчидтэй ажиллаж байсан учраас оюуны хөдөлмөрийг үнэлдэг байх ёстой гэж үзсэн. Дээр нь мэргэжлийн холбоо байх ёстой. Хөгжмийн зохиолчдын холбоо, Урлагийн ажилтны холбоо гэж социализмын үед байсан шүү дээ. Түүн шиг холбоо байгуулах гээд асуудал тавьж байсан ч шийдэгдээгүй. Ардчилал  гарахад анхны мэргэжлийн холбоо Дизайнеруудын холбоо байгуулж өөрөө ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. 1992 онд нөхөр маань гадагшаа томилолтоор явахад хамт явсан. Арван жил тэнд байсан учраас зах зээлийн яг  хэцүү үед Монголд байгаагүй. 2003 онд ирсэн. Буцаж ирэхэд хийх ажил маань тодорхой байсан.  Одоо бизнес эхлэх нас мөн үү гэж зарим нь хэлж байсан л даа. Би өөртөө ч эргэлзэж байсан үе бий. Одоо би хэлдэг 45 хамгийн сайхан нас шүү гэдэг юм.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img