2024-07-26, Баасан
19.4 C
Ulaanbaatar

Д.Төрмөнх: Сэтгэлээ тэгш амгалан байлгаж сурвал зовлонтой үед ч бага зовдог

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Доржхандын Төрмөнхтэй уулзаж хөөрөлдлөө. Д.Төрмөнх 1989 оноос Монголын үндэсний телевизэд туслах найруулагчаар анх орж, ассистент найруулагч, найруулагч болсон бөгөөд 1990 оноос сэтгүүлчээр ажилласан. 1995 онд Д.Нацагдоржийн зохиолоор “Ламбагуйн нулимс” уран сайхны хар цагаан киног плёнкоор хийж кино салбарт гараагаа эхэлсэн. 1996 оноос “Бизнес таймс” сонины анхны эрхлэгчээр ажиллаж байх үедээ Бельгийн вант улсын найруулагч Петер Бросенстэй хамтарч “Талын хот” баримтат кино хийсэн нь Ёорис Айвэнсийн шагнал хүртжээ. Түүний дараа тэрээр “Нохой орон” киног 1998 онд бүтээж тэр кино нь дэлхийн кино наадмуудаас 23 шагнал хүртэв. 2000-2001 онд АНУ-ын Нью-Йорк хотод амьдарч “Film Video Art” студид ажиллаж байв. 2013-2014 онд “Цонхон дээр суусан ялаа” медиа мэга төсөл дээр ажиллаж есөн дуутай англи-монгол альбом гаргажээ. 2013 онд “Антологи буюу Гилромоц” ном, 2013 онд “Лардьма” кино зохиол, 2013 онд “Усны гудамж” 30 ангит кино зохиол бичсэн. Кино зохиолууд нь бүгд дэлгэцийн бүтээл болжээ. Одоо “Абсолют”, “Элсэн доорхи далай” кино зохиолууд дээр ажиллаж байгаа аж. 2012 онд “Бодлын хулгайч” кино зохиол бичсэн нь мөн кино болж оны “Академи Авардас”-аас зургаан төрөлд түрүүлж гран при хүртсэн. 2012 онд Дэвид Тройтерын “Кино зохиолчдын библи” ном эрхлэн гаргасан. 2011 онд “Чөтгөрийн хотын тэмдэглэл” номоо, 2018 онд “Санкара” эсээ романаа тус тус хэвлүүлжээ.

-Бодит зовлон дээр сэтгэлийн зовлон нэмэгдэхээр л зовлонгийн шаналгаат чанар улам нэмэгддэг-

-Танаас хэдэн жилийн өмнө “Санкара” эсээ романыг чинь гарах үед ярилцлага авч байлаа. Охин Номунзул чинь цахимд саяхан таны хоёр ч ном дэлхий дахинд хэвлэгдэх болсон тухай бичиж. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Жил гаруйн өмнө Ганбаатар гэх залуу бясалгал хийдэг найзтайгаа ирж, буддизмийн сэдэвтэй кино зохиол бичүүлэхээр тохирч урьдчилгаа өгсөн юм.

Би бясалгалын тухай кино зохиол бичихээр болж “Сэнгэдоржоор найруулуулна” гэж тооцоод, түүнтэй хамтарч хэд хэдэн кино хийсэн охинтойгоо хамтарч бичихээр тохирсон юм. Тэгээд Итгэлт хамба шиг Архангайд бунханд буй самадид орсон ламын цогцсыг хэсэг нөхөд хулгайлж урагшаа зарах гээд баригдсан гэж хэдэн жилийн өмнө шуугьж байсныг судлаад, тэр үйл явдлыг оруулаад нэг зөн ёрын ч гэмээр зохиол охинтойгоо хамт бичсэн юм, уг нь.

Бичсэнийхээ дараа ламын лагшин шүтээнийг хулгайлсныг дахиж сануулж нийтэд дэлгэх нэг л биш санагдаад явчихлаа. Сэнгэдорж, Номунаа хоёрыг Ганбаатартай танилцуулаад “Та хоёр арай өөрөөр бичиж нэг үзэх үү” гэсэн юм.

-Тэд хамтарч уран бүтээл гаргав уу?

-Тэр хоёр хамтарч шинээр бичээд “Чимээгүй хотын жолооч” нэртэй кино хийсэн шүү. Удахгүй дэлгэцэнд гарах гэж байна. Их өвөрмөц зохиол болсон байна билээ.

Тэр киноны өнгө засалт энэ тэрийг гадныханаар хийлгэхээр охин маань Францын Канны наадамд очиж өөрсдийн ажлаа ч бүтээж, бас номноос адаптэйшн хийж кино хийх эрхтэй АНУ, Английн хоёр компанийн захиралуудтай холбогдтол тэд “Монголд кино болчихмоор ном байгаа бол явуулаарай” гэж л дээ.

Охин яахав англиар орчуулчихсан ном хайгаад ололгүй миний бичсэн “Санкара”, саяхан хэвлэгдэж гарсан “А” роман хоёрын англи орчуулгыг тэдэнд явуулсан юм билээ. Тэгсэн хоёр ном тэр хоёрт ихэд таалагдсан юм байлгүй над руу цахим шуудангаар харьцсан юм л даа.

Төрмөнх-Гадныхан “Санкара”-гаар кино хийх санал тавьсан гэлээ. Хоёр ном хэзээ хэвлэгдэн гарах юм?

-Тийм яриа болж байгаа. Гэхдээ кино их уддаг зүйл шүү дээ. Тэгээд ч “Санкара” их өндөр төсөвтэй кино болохоор ном шүү дээ. Нью-Йорк, Венец, Мьянмар гээд олон улсад зураг авах болно. Социализмын үеийг одоо Монголд авахад маш хэцүү болсон.

Миний зохиолоор хийсэн “Бодлын хулгайч”-ийн зарим хэсгийг авах гэж Сэнгэдорж их зүдэрсэнийг би мэднэ. Хоёр номын тухайд бол дөрвөн сарын сүүлээр хэвлэгдэн гарах юм. Тавдугаар сард Каннд номоо авч очих юм гэсэн. Одоо тэгээд яах юм, тавилан л мэдэж дээ.

-Дэлхий даяар зарах юм л охин чинь бичсэн байсан даа?

-“Ingram books” гэж том дестербьютер байдаг юм байна. Дэлхий дахины хэдэн арван мянган номын дэлгүүрүүдтэй холбоотой. Тэднээр л заруулах юм бичсэн байна лээ. Гэхдээ ном бүр тэгж дэлхий даяар зарагдаад байх нь юу л бол. Харж л байя даа. Юутай ч хил давах нь давах л болж байх шиг.

-Та одоо ямар ном бичиж байна. Кино зохиол бичихээ болио юу?

-“Бароны алт хэмээх зүүдэн үлгэр” нэртэй ном бичээд бараг дуусаж байна. 1998 онд “State of dogs” киног хамтран бүтээсэн Бельги найруулагч Петер Бросенстой Карло Варын олон улсын кино наадамд оролцож байлаа. Гэтэл нэг өдөр наадмын зохион байгуулагч эмэгтэй “Тантай Францын нэг продюсер уулзах хүсэлтэй байна” гэв.

Ларс фон Трейрийн “Европа” киноных нь продюсер байсан Филипп Бобер гэх хүнтэй найруулагч нарт зориулсан үнэгүй пивотой кино наадмын тусгай кафед уулзаж ярилцав. Гэтэл тэрээр “Барон Унгерний тухай уран сайхны киног Ларс фон Трэйертэй хийх гэж төсвөө босгож байгаа” гээд киноны зохиол болох ОХУ-аас цагаачилж гараад Берлинд амьдарч байсан Фридрих Горнштэйний бичсэн “MAD BARON” гэх нэртэй бэсрэг зохиолыг (трейтмэнт) надад өглөө.

Филипп Бобер тэр цагаас эхлэн надтай цахим шуудангаар харьцаж байсан ч сар, сараар зурвас бичих нь улам цөөрсөөр эцэстээ таг болсон. Хожим хоёр жилийн дараа Нью-Йорк хотод түүнтэй таараад асуусан чинь “Өндөр төсөвтэй болоод төсөв босохгүй байсаар нурж байгаа” гэлээ.
-Барон Унгернийг тэгээд мартахаар шийдэв үү?

-Харин ч эсрэгээрээ гээч. Энэ цагаас л би Барон Унгернтэй холбоотой бүгдийг уншиж судалж эхэлсэн хүн л дээ. Энэ романд гарч буй үйл явдлууд миний уншиж судалсан бүх зохиолыг голтой нэгтгэсэн байж болох Л.А.Юзефовичийн “Цөлийн эзэрхийлэгч” номыг гол барьж мөн М.Г.Торновский, Н.Н.Князев, Л.С.Кузмин, Ф.Осендовский нарын бичиж үлдээсэн номд буй зарим эх сурвалжуудаар баяжуулж өөрийн уран сэтгэмжээр өөрчлөн зүүдэн үлгэр болгохыг зорьсон. Энэ зун хэвлэлтэд өгөх санаатай л байна.

-Кино зохиолын тухайд гэвэл…

-Кино зохиол их төвөгтэй санагддаг болсон. Төсвийг нь мэдэж байж кино зохиол бичдэг юм. “Талаар дүүрэн танк урагшилж явна…” гээд биччихвэл юу болохов. Манайхан маш бага төсвөөр кино хийхийг хичээдэг. Төсөв мөнгөө босгоод кино зохиол ярих нь бараг үгүй. Кино гэдэг яаж ийж байгаад л 100 хүн хамарчихдаг урлаг. Нэг хүнд таван сая төлнө гэхэд л таван зуун сая болно оо доо.

Таван саяар тоглох жүжигчин ч одоо ховор болсон байх. Киног сэтгэлийн хөдлөлөөр хийдэг ажил биш ээ. Би өмнө нь хэд хэдэн кино зохиол бичсэн. Тэр ч бүү хэл 16 ангитай сериал бичээд мөнгө нь босоогүй. Хий дэмий жил хэртэй ажиллаад одоо шүүгээнд хэвтээ гэх мэтээр яривал их юм бий. Ном бол өөр хэнээс ч хамаарахгүй өөрөө л бичдэг учир ном руу л орсон. “Тэр нь ч онож” гэж боддог болсон.

Төрмөнх-За, киноны зохиолын чинь хувь заяа тийм болдог байж. Манай кино найруулагч нараас хол явах нь хэн гэж та боддог вэ?

-Жанчивдоржийн Сэнгэдорж л ер нь жинхэнэ найруулагч хүн шүү дээ. Би түүнд гурван ч киноных нь зохиолыг бичиж өгч, кино болж гарсан. Эхнийх нь “Бодлын хулгайч”. Дараа нь “Лардьма”, бас “Нарны өнгө” гэж хүүхдийн кинонд нь хамтарсан. “Фантастик”-ийн залуучуудыг би их бахархаж хардаг.

Манайд бүтдэггүй юм багаар ажиллах шүү дээ. Спортод ч адил багийн спорт ер явдаггүй. Тэр залуус одоо ч багаараа кино хийгээд л яваа нь үнэхээр сайхан, урамтай санагддаг. “Херо” Баатар байна. Маш авьяастай залуу. Саяхан “Тамгагүй төр”-ийг маш чадварлаг найруулан тавьж дэлхийд гаргалаа.

Бид Монголын энэ жижигхэн зах зээлээсээ одоо гарах цаг болсоон. О.Алтангэрэл гэж нэг өмгөөлөгч залуутай би их ойр байдаг юм. Тэр зохиолыг нь бичсэн “Трио” гэж кино их амжилт авчирлаа. Түүний бичиж буй нэг цуврал номыг би редакторлож байна. Гадагшаа гарчихмаар л ном санагдсан.

-Редактор гэснээс кинонд скрипт доктор гэж нэг мэргэшил байдаг. Кино зохиолоо биччихээд тодорхой хөлс төлөөд тэднээр хянуулдаг?

-Сүүлийн үед амжилттай байгаа “Сэр сэр салхи” гэх мэт гадныхантай хамтарсан кинонууд барууны скрипт докторуудаар хянуулсан гэж сонссон. Ер нь кино угаасаа л багийн ажил учир зохиол дээрээ л сайн ажиллах тал дээр манайхан их алддаг санагддаг.

Кино хийчихээд нээлтийн урилга өгөх нь их ч гэлээ нэгэнт гарчихсэн киног үзээд яах ч билээ дээ. Би урилгыг аваад очиж үзэж байсаан. Дуусангуут л камерууд над руу шавах нь их. Кино нь тааруу болсон байх нь ч их. Урилга өгсөн хүнийхээ бүтээлийг муулалтай ч биш, муулаад ч яахав дээ, өнгөрсөн хойно нь.

Их хэцүү юм билээ. Тэгээд би сүүлийн хэдэн жил нэг ч киноны нээлтийн урилга аваагүй дээ. Тус болоогүй байж ус болоод яах ч билээ. Түүний оронд хийхээсээ өмнө зохиолоо надад харуулсан бол хэрэгтэй засвар хийж өгөх нь мэдээж биз дээ?

-Тийм л юм даа. Кино гэж мөнгөнөөс л шууд хамааралтай ажил юм байна. Мөнгө гэснээс өөрөө фэйсбүүктээ “Миний тэтгэвэр хоёр зуун наян мянган төгрөг” гэж бичсэн байсан. Хүмүүс үнэмшихгүй тал нь дийлэнх байна лээ?

-Мөнгө л олох гэж бүгд хөдөлмөрлөдөг биз дээ. “Мөнгөнд дургүй” гэж яриад байгаа хүнийг би худалч л гэж боддог. Тэтгэврийн тухай огт бодохгүй явтал гэнэт жар хүрчихсэн байсан. Манай тэтгэврийн зарчим маш хачин юм билээ. Хувийн хэвшилд ажилласан он жилүүд таг хаягддаг юм байна.

Ямар ч архивт хайгаад материал нь олдохгүй дээ. МҮОНРТ-д ажилласан хоногийн тодорхойлолт архивт байх ч бусад нь байдаггүй юм байна. Бүр аргаа бараад халамжийн тэтгэвэр тогтоолгосон юм. Дээр нь гавьяатын 150 ингээд л болоо доо, тогтмол орлого. Ийм хүмүүс маш олон бололтой. Хэдэн номныхоо ачаар л хоолтой яваа хүн. Мөнгөтэй ч болох үе бий, хоосрох ч үе бий. Амьдрал юм даа.

-“Нүүрном” гэж сайхан нэртэй юм гарч ирснээс болж ном ч уншихгүй богино хэрүүл л нийтээр унших болж уу дээ?

-За, үүнийг яриад ч яалаа. Нэг бүхэл үе хошин шогоор хүмүүжсэн, дараа нь солонгос сериалаар, тэгээд одоо цахим хэрүүлээр л амьсгалж байх шив. Халдвартай гэж яав аа.

Заримдаа хачин муухай юм бичсэн байхыг хараад анфрэйнд хийх гэтэл таньдаг хүн, бүр гайгүй хүн халдвар аваад бусадтайгаа адил болчихсон ч байх шиг. Өөрсдөө л бичээд буй зүйл нь энэ шүү дээ. Нэг бол их ухаантан болох гэж хаанаас ч юм олсон баахан цэцэн үг урсгана. Сүүлдээ бүр “Очоод хутгалчих юманд санаа зовоод яанаа. Махатма Ганди” гэж ч бичиж байх шиг.

Ганди хэзээ ч тэгж хэлэхгүй биз дээ. Хэн нэгнийг л муулж баалсан, эгогоо цатгах юм дүүрэн болж дээ. Хамгийн аймаар нь, тийм муу юмс модон улаатай болж тарах юм даа. Яасан ч завтай, хэрүүлч, муу үгэнд дуртай улс олон байдаг юм. Гэхдээ бас хүний тэгш амгаланг шалгах шалгуур ч юм шиг.

-Ном, кино хоёрын ялгаа юунд байна?

-Кино ертөнцийг харах цонх болж дээ. Чиний үзсэн кино уншсан номноос чинь олон дахин их байгаа даа. Гэхдээ ном унших гэдэг хэзээ ч алга болохгүй байх. “Монте Кристо гүн” гэх мэт дэлхийд алдартай номуудаар хийсэн кино номоо гүйцдэггүй шүү дээ. “Загалмайлсан эцэг” л номоо давсан байж магадгүй.

Уншина гэдэг өөрөө найруулж, тархиндаа кино бүтээх шиг их бүтээлч ажил учир өөр хүний найруулсан таалагддаггүй байх гэж би боддог. Гэхдээ ч “Санкара” залуусын уншдаг ном болсон бололтой. Дөрөв дэх удаагаа сая хэвлэж “А” хэмээх романтайгаа хамт гаргалаа шүү дээ.

“Монголо гэдэг эрхэм” ч маш сайн зарагддаг. “Mbook”-ээр бол бараг л өдөр бүр зарагддаг. “А” тэнд бас сонсохоор орсон “Санкара” ч уншихаар байгаа. Уншихаас гадна хүмүүс бас их сонсдог болсон бололтой. Машины түгжрээ хөдөө явах зэрэгт их сонсдог шиг байгаа юм.

-“Санкара” гэж Бурхан багшийн пали хэлээр үйлийн үр гэсэн үг юм билээ. Та ч номоо их зөв нэрлэсэн шүү…

-Чамайг випашяна бясалгалд суусан гэж сонссон. Тэгэхээр арай дэлгэрэнгүй тайлбарлая. Манайхан үйлийн үр гэдгийг их л муухай зүйл, зөвхөн шийтгэл л гэж бодоод байх шиг байдаг. Тэртээ дээр тэнгэрт нэг бурхан суучихаад л дэлхийн найман тэрбум хүний хийсэн үйлийг олж хараад л, тэрэнд нь таарсан шийтгэл хаяг андуурахгүй үзүүлээд байдаг шахуу юм боддог юм шиг билээ.

Үйлийн үр гэдэг тэр хүний дотор сэтгэлд л буй болж байдаг зүйл шүү дээ. Сайн үйл хийвэл тэр сайн үйлийн үр сэтгэлд сууж, алсдаа боловсроод сайн л зүйл үржээд эргэж ирнэ. Муу үйл хийвэл тэр хүнд л муу уршиг ирнэ шүү дээ.

-Бүх зүйл сэтгэл, бодлоос л хамаатай байдаг байх нь ээ?

-Хүний сэтгэл виня, саня, ведна, санкара гэсэн дөрвөн хэсгээс бүтдэг аж. Сэтгэлд орж ирж буй бүхнийг өнөөх таван мэдрэхүйгээр таньж мэдэж гүн рүүгээ хадгална. Виня гэдэг нь чихэнд чимээ шүргэхэд, нүдэнд юм үзэгдэхэд, биед ямар нэг юм шүргэхэд сэтгэлд юм орж ирлээ л гэдгийг таньдаг байна. Тийн мэдрэхүй гэж нэрлэдэг. Ингээд дараагийн хэсэг буюу саня ажиллаж эхэлнэ.

Энэ хэсэг орж ирсэн бүхнийг дүгнэж орхино. “Сайхан амт байна, муухай амт байна, гоё үнэртэй юм, муухай үнэртэй юм, магтаж байна, харааж байна” гэх мэтээр. Дараагийн хэсэг болох ведна гэдэг нь мэдрэмж юм. Сайхан амт, үнэр, дүрс үзэгдэхэд биеэр таатай дулаан мэдрэмж автоматаар тарна.

Муухай үг хараал сонсоод дотор палхийж биеэр муухай мэдрэмж тарна гэх мэт. Ингэнгүүт санкара гэх сүүлийн хэсэг ажиллаж хариу үйлдэл хийж эхэлдэг байна. Сайханд шунаж дахиад эдлэх сэн гэж хүсэж, муухайд дургүйцэн үзэн ядна гэх мэтээр хариу үйлдэл хийдэг байна. Ийм дараалсан зүйл сэтгэлд тасралтгүй явагдаж байдаг бөгөөд тэр хүн ухаантай, тэнэг байх нь огт хамаагүй далд ухамсрын хийж буй автомат үйлдлүүд юм.

-Далд ухамсар л бүхнийг удирдана гэж үү?

-Далд ухамсар таван мэдрэхүйг удирдаж байдаг. Хүн бүр ийм учир бясалгал гэдэг энэ бүхнийг биеэрээ таньж мэдсэн ч хариу үйлдэл яаран хийлгүй тэгш амгалан сэтгэлийг дадуулах явц гэж ойлгож болно. Мэдээж энэ бүхэн “би” гэх эго-ны үйлдлүүд шүү дээ. Эгогүй хүн нэг ч байдаггүй.

Эго их, багаас болж санкара гэх хариу үйлдлийн хүчтэй, хүчгүй нь хамаарна гэсэн үг. Ийм байдлаар насан турш цуглуулсан санкара кармаг үүсгэдэг гэдэг утгаар бол үйлийн үр гэж ойлгож болно л доо. Дээр өгүүлсэн хоёр ном дуусахдаа мөнөөх л үйлийн үр, санкарагийн тухай өгүүлээд дуусдаг даа.

-Таныг випашня бясалгалд их эртнээс суусан гэж сонссон. “А” роман дуусахдаа нохой алж, эхнэрээ араар нь тавьж явсан тийм ч сайн үйлгүй хүн Тушита тэнгэрийн оронд төрдөг тухай бичсэн нь их сонин санагдсан. Түүнийг яагаад тамд төрснөөр бичиж болоогүй юм бол?

-Их зөв асуулт байна. “Бүх зүйл мөнх бус буюу анидча” гэж бясалгалд зааж, тэгээд биед үүсэх мэдрэмжүүд өөрчлөгдөөд байгааг биеэр үзэж байгаа биз. “Мөнх бус” гэхээр л хүмүүс зөвхөн үхлийг бодоод байдаг. Санкара үргэлж өөрчлөгдөж байдаг.

Төрмөнх

Аажим гэх тэр нөхөр Англид төрөөд, тэндээ амьдарч, ээждээ их хайртай байсан Авидыг бодоход эвдрээгүй буюу санкара багатай хүн байдаг даа. Гэтэл нэг хятадыг дагаж аавынхаа өвлүүлсэн хөрөнгийг Монголдоо оруулах гэж яваад үхэх шахдаг. Гэтэл Авид анхлан Нью Жерсид Дэзи Мариа гэх хүүхэн байгаад алуулж, Чойрт нохой болж төрсөн явдлаар эхэлдэг ч тэр нохойг Авид алчихдаг шүү дээ.

Авид нохойн анчин байж олон нохой буудан алж, мөн эхнэртэйгээ таарамжгүй, үр хүүхэд заяахгүй зэргээс болж хөрөөд өөр бүсгүйчүүдтэй явалдаж байсан тухай гардаг ч тэр муу хүн гэсэн үг бол биш юм. Тэр хүүхнүүдийн ч буруу байгаагүй. Амьдралд ийм явдал их шүү дээ.

-Амьдрал ч алагтай, булагтай санкара шүү, тээ?

-Заавал нэг нь л муу, нөгөө нь алтан цээжтэй мөнгөн бөгстэй төрдөггүй. Гэтэл тэр нүгэлт хар гөрөөчин байсан хүн үхснийхээ дараа ч Аажмыг авраад Тушита тэнгэрийн оронд төрөхөөр одож байгаагаар төгсдөг шүү дээ.

Тэгэхээр бүхий л зүйл түр зуурын, туж өөрчлөгдөж байдаг гэдэгтэй энэ холбоотой юм гэж ухаарвал болно. Муу юм хийдэггүй, алдаа гаргадаггүй хүн нэг ч байхгүй шүү дээ. “Санаа зөв бол заяа зөв” гэдэг их гүн утгатай үг юм. Сэтгэл зөв бол муу санкара мөнх бусын хуулиар арилж одоод сайн санкара бий болноо гэсэн үг.

Санкара хамгийн мөнх бус зүйл шүү дээ. Туж өөрчлөгдөж байдаг. Манай ардын үгэнд энэ тухай маш ихээр өгүүлсэн байдаг ч бид сонссоор дасчихаад утгыг ухах нь бараг үгүй болж. “Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр”, “Уул морийг зовооно, уур биеийг зовооно” гээд үй олноороо бий. Нээрээ л уурлахад хамгийн эхний хохирогч нь өөрөө биз дээ. Зохиол бичнэ гэдэг өөрийнхөө сайн мэддэг, сэтгэл зүрхээрээ ойлгосон зүйлсийг л бусдад хэлэхийг хэлдэг шиг. Бясалгалын тухай яривал асар урт яриа болно.

Тэгээд тэрийг ойлгох ч хүн бий, үгүй нь ч ихэнх юм даа. Тийм болохоор энэ тухай уран зохиолоор л ойлгуулах гэж бичээд байгаа ч юм шиг л санагдах. Би бясалгалаар 49-ний жилээсээ анх хичээлээд арав гаруй жил орчим жил болж. Бясалгалын санкара суусан байж ч мэдэх л юм даа. (Инээв. Л.Б)

-Таныг эртнээс зохиол бичдэг байсан тухай би сонссон. Гэхдээ сүүлийн үед бүр энэ бичих ажилд шуударчээ. Дэлхий дахинд ч ном тань хэвлэгдэх болж. Энэ бүгд бясалгалтай холбоотой юу?

-Тийм гээд шууд хэлж мэдэхгүй байна. Гэхдээ төвлөрөл илтэд нэмэгдсэн, юм юм руу үсчээд л, элдэв юманд оролцоод байхаа больсон, гаднаа бол хэвээр мэт харагдавч дотор сэтгэл тэгш амгалан болсон. Бясалгалын нөлөө байгаа юу гэвэл мэдээж байгаа. Бүхий л өөрчлөлт хүний дотор л болж байдаг шүү дээ.

Амьдралын тухай ойлголт нэлээд гүн, бурханы ном буюу бясалгалд сууснаар хүн бүрт буй энэ санкараг яаж өөрчлөх талаар өөр дээрээ туршиж буй болохоор түүнийгээ нийтэд бичиж хүргэх тухай боддог болсон ч юм шиг. Тэгээд ч хүнд таарах ажил, үл таарах ажил гэж байдаг юм байна.

Гэхдээ би насаараа л нэвтрүүлэг, нийтлэл, кино зохиол гэх мэт нэг чигтэй бичгийн л ажил хийсээр өнөөг хүрсэн болохоор л алсдаа ном бичих болсон гэхүү дээ. Би өөрийгөө зохиолч гэж хэлэх арай л том сонсогдоод байдаг. Бичээч гэвэл илүү ойр сонсогдох байх. Англиар ч writer, оросоор ч писатель гэдэг биз дээ. Унших нэг нь уншиж байвал л болоо гэсэн үг. Уулзах ёстой нь л уулздаг хорвоо шүү дээ. Ном унших гэдэг тэр хүнтэй уулзаж буй л хэрэг юм .

-Урианхай багштайгаа ойрд уулзав уу?

-Багш маань нас өндөр болжээ. Уг нь үргэлж л очдог байсан. Сүүлийн үед багассан гэх үү дээ. Би анх л түүний бичсэн зүйлсийг өнөөх “аавын”(шорон)-д байхдаа уншиж “Багш аа” гэж бодох болсон. Тэгээд гарч ирээд л очиж багш, шавь болоод олон ч жил болж, олон ч удаа уулзаж ярилцаж дээ.

Миний амьдралын хамгийн хэцүү бэрх үед сэтгэлийн тулгуур болж байсан хүн багш минь юм шүү дээ. Их ч юм багшаас сонссон доо. Саяхан бид хоёрын ном шагнал авахад уулзаж номоо өгсөн. Дараа нь утсаар яриад “Уншив уу” гэсэн “Уншсан. Чи маш их өсчээ” гэж хэлж байсан. Бясалгалд суулгачих санаатай нэлээд ятгасан, настай хүн болоод зүрхлээгүй байх.

-“Аавынх” гэснээс дүүгийнхээ өмнөөс хэрэг хүлээж олон жил “аавын”-д байсныг би “Санкара”-г уншаад л мэдсэн. Энэ тухай та ер нь яриад байдаггүй юм билээ. “Жаргал, зовлон алив бүхэн мөнх бус” хэмээдэг. Та ч энэ талаар номондоо өгүүлсэн дээ…

-Миний бодлоор бол ном гэдэг нэг л хүн ганцаар сууж бичдэг, уншиж буй хүн ч гав ганцаар уншдаг болохоор их аминч яриа байх ёстой гэж боддог. Тэгээд би “Санкара”-д бүх зүйлээ шахуу илэн далангүй аминчилж ярьсан хэрэг л дээ. Хүн бүр угтаа бол ганцаараа юм шүү дээ. Хэдийгээр эхнэр, нөхөр, үр хүүхэд, ах дүүс, найз нөхөд гэж байдаг ч гэлээ угтаа бол ганцаараа л төрж, ганцаараа л үхдэг. Чиний сэтгэлд болж буй зүйлс чиний л сэтгэлд болж буй.

Зовлон, жаргал ч гэлээ хувь хүний л явдал. Хажуудах чинь өвдөхөд чи хумсын чинээ өвдөлтийг ч хуваалцах боломжгүй. Ганцаардал гэдэг их гүн бөгөөд өөр ойлголт юм. Олны дунд ч хүн ганцаарддаг даа. Тэгээд тэр ганцаардлаа хэн нэгэнтэй хуваалцаж аминчилж ярих гээд байгаа учраас л зохиолч хүн ном бичдэг шиг. Саяхан Үй Хуа гэгч зохиолч ч энэ тухай ярина лээ.

“Зохиолч өөртөө л зориулж бичдэг, өөрийн чинь сэтгэл хөдөлж буй бол бусдын сэтгэл хөдөлнө. Зохиолч гэдэг уншигч, зохиолч гэсэн хоёр хүнээс бүтдэг” гэж. Нээрээ зохиолч бүр зохиолоо өөрөө хэд ч уншиж засдаг юм бүү мэд. Үнэхээр л өөрт таалагдвал бусдад таалагдах ч үнэн. Өөрийгөө хуурвал бусдыг бас л хуурна шүү дээ. Гэхдээ уншигч ямар хүн бэ гэдэг их хамаатай л даа. Зохиолчтой нэлээд ойр бодолтой, амьдралтай хүн л чиний зохиолыг илүү унших байх.

-Зохиолч хүнээс асуухгүй өнгөрч боломгүй нэг асуулт байна. Та сүүлийн үед ямар ном уншив?

-Ном их авдаг даа. Гэрээр дүүрэн л ном байх ч бичиж буй зүйлтэйгээ ойролцоо холбоотой номыг сонгож уншдаг, энэ их номын тал орчмыг уншаагүй л байгаа ч таалагдсан номоо аваад л байх юм даа. Үй Хуайг би уншаагүй байсан юм. Эхнэр маань л уншаад байдаг байлаа. Саяхан түүний ярилцлагыг үзээд “Амьдрахуй” болон “Цусаа худалдсан тэмдэглэл” хоёрыг уншлаа. Их сайн бичдэг хүн юм аа, бариад хоёуланг нэг амьсгаагаар уншиж барав.

Жан И Могийн “Амьдрахуй” зохиолоор хийсэн киног бол их дээр үзсэн. Ном нь хамаагүй шүүслэг, бараг өөр зохиол шиг юм билээ. “Маш их зовлон бичдэг юм байна, харин монголчууд зовлон үзээгүй л ард түмэн юм байна” гэх бодолтой үлдсэн. “Амьдрахуй”-г уншаад “Амьдрал аа гэж… бид ч аз жаргалтай амьдарч яваа юм байна шүү, амьдраад байна даа…” гэсэн итгэл төрсөн шүү.

Ном гэдэг ийм л үйлчилгээтэй юм шүү дээ. Ном унших гэдэг зохиолч ч бай, биш ч бай хүнд их хэрэгтэй зүйл л дээ. Бернхард Шлинк гэж герман зохиолчийн “Уншигч” хэмээх номыг мөн саяхан олж уншлаа. Мөн л кино болж гарсан даа. Үнэхээр нягт нямбай яг 500 орчим үгэнд нэг бүлэг нь багтсан маш сайн бичлэгтэй усгүй ном санагдсан.

-Жаргал, зовлон аль нь ч мөнх бус гэдэг дээ. Та ч зовлон их л үзсэн хүн юм билээ. Тэр үеэ боддог уу?

-Зовлон, жаргал бүгд л сэтгэлтэй холбоотой. Сэтгэлээ тэгш амгалан байлгаж сурвал зовлонтой үед ч бага зовдог шиг. Бодит зовлон дээр сэтгэлийн зовлон нэмэгдэхээр л зовлонгийн шаналгаат чанар нь улам л нэмэгддэг. “Санкара”-д би нэг их зовлон бичээгүй л санагддаг. Зовлон гэхээсээ тавилан л бичсэн болов уу. Гэхдээ яагаад “Бүх зүйл түр зуурын” гэдэг гэхээр бид өнгөрсөнд амьдарч чадахгүй, яагаад гэвэл өнгөрч одсон.

Бас ирээдүйд амьдарч чадахгүй, яагаад гэвэл болоогүй учир. Тэгэхээр өнөөдөртөө л хүн төвлөрч, өнөөдрөө үр дүнтэй, зөв байх ёстой атал бидний бодол нэг бол өнгөрснийг, нэг бол ирээдүйг бодоод шаналаад байдаг юм даа. Бодлоосоо л болж зовоод байдаг шүү дээ. Энэ тухай л бясалгалд заадаг, биеэр мэдрүүлж суулгадаг юм шүү дээ. Энэ хорвоогоос нэг ч хүн амьд гарч чадахгүй болохоор үхэл ирэх үед бясалгал л тус болох байх гэж боддог доо.

Үхэл ч гэсэн төгсгөл биш болов уу даа. Хүний бие цагийн эрхэнд муудаж, хуучирч үхэх ч гэлээ сэтгэл ухаан буюу тэр “файл” хаа нэг тийш шилжиж л таарнаа даа. Гэхдээ үхэл бас л ирээдүйд хамаатай учир нэг их бодоод байдаггүй. Өнгөрсөн зовлон ч мөн л өнгөрч одсон учир бодоод хямраад байх нь өнөөдрөө л алж буй хэрэг юм даа.

-Хайр дурлалын талаар асуумаар санагдлаа. Залуус ер нь гэрлэж суухдаа юуг анхаарах хэрэгтэй юм бол. Манайд салалт маш их болжээ. Хаа сайгүй л өрх толгойлсон эхчүүд л байх юм даа. “А” романд энэ тухай их нухацтай бичсэн байна билээ…

-Хайр, дурлал хоёр өөр зүйл бололтой. Дурлах гэдэг мөнөөх л сайханд шунах сэтгэлийн санкарагаас үүдэлтэй бол хайр илүү гүн мөн чанар юм шүү дээ. Ээжийн хайр гэх мэт. Би дээр хэллээ, хүн бүр ганцаар гэж.

Анхандаа сайханд нь дурлаад л тэр хүндээ тааруулж явах ч алсдаа мөнөөх жинхэнэ өөр хувь мөн чанар гарч ирэх үед салалт эхэлж байдаг шиг. Адилдуу сонирхолтой, адил ном уншдаг, кино үздэг, хөгжим сонсдог гэх мэт сонирхол ойр хүнтэй л гэр бүл болбол алсдаа дасаад хайр болж хөрөх нь бага шиг. Иймээс сэтгэлийн хөөрлөөр амьдралаа яаран зохиох их буруу. Мөнгө ч мөнх бус, царай зүс ч мөнх бус, залуу нас бүр ч богино, салхи шиг барьцгүй хий хоосон зүйл шүү дээ.

Нэлээд нөхөрлөж, нөгөө хүнээ сайтар таньж, алсдаа таарах, дасаж хайртай болох эсэхийг бодож байж л гэр бүл зохиовол хамтдаа жаргалтай амьдрах байх даа. Гэхдээ энэ хайр сэтгэлийн л тухай маш олон кино, уран зохиол өгүүлдэг болохоор амьдралыг тааж мэдэх арга байхгүй л дээ. Амьдрал өөрөө их адармаатай зүйл шүү дээ хө. Тавилан тавилангаараа л явдаг шиг.

-Номуудаа гар дээрээ авав уу?

-Хоёр номоо хэвлэлтээс авлаа. “Санкара” 4 дэх удаагаа арай өөр форматтай хэвлэгдсэн бол “А” роман анх удаагаа цаасаар хэвлэгдэн гарлаа. Mplus.mn-д “А “ сонсох, уншихаар “Санкара “ уншихаар цаасан хэвлэлээр очсон байгаа. “Интерном”, “Аз Хур”, “Мир” номын дэлгүүрүүдэд тараалаа. Мэргэн уншигч түмэн номын маань авч уншсаар ирсэнд их талархаж байна даа.

Санкара

“А” романы зургийг хийж өгсөн УГЗ, зураач Гунгаа ахдаа болон номыг маань ивээн тэтгэсэн “Архимэд Элон” хувьцаат компанид маш их талархсанаа энэ дашрамд хэльe! Чамд бас баярлалаа. Уран бүтээлийн их амжилт хүсье!

Санкара

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img