2024-07-23, Мягмар
13 C
Ulaanbaatar

Доржсамбуугийн Цогт: Аавын дуу хоолой, дүр төрх яг амьдаараа үлдэнэ гэдэг урлагийн гайхамшиг

Ард түмэндээ “Арслан” хэмээн хайрлагдсан жүжигчин, найруулагч Гүрсэдийн Доржсамбуугийн хүү найруулагч Д.Цогттой уулзаж ярилцлаа. “Говийн зэрэглээ” кинонд түүний бүтээсэн дүр чухамдаа жинхэнэ амьд дүр болсон билээ.

-Таны аав, нэрт найруулагч Доржсамбуу Булган аймгийн аль сумынх билээ. Айлын хэд дэх хүүхэд бол?

-Хутаг-Өндөр сумынх л даа. Аавын төрсөн газар нь Намнан буй булагийн хийдийн туурь юм билээ. Өргөж авсан Гүрсэд гэдэг айлын ганц хүүхэд. Аавын төрсөн аав Жамьян болохоор олон хүүхэдтэй. Жамьян өвөөгийн аав нь Дамдинсүрэн гэж Хатан баатар Магсаржавын бичээч, туслах хийж явсан тайж хүн гэдэг. Ардын хувьсгалаас хойш Хутаг-Өндөрийн сумын анхны даргаар ажиллаж явсан байдаг.

Гүрсэд өвөө, Эрдэнэхүү эмээ хоёр маань Жамьян өвөөтэй нэг нутгийнх. Өргөмөл өвөө, эмээ хоёр маань нэг наадмаар таарсан чинь “Хүүхдээ алдчихсан” гэж уйлж унжиж, зовлон жаргалаа ярихаар “Манай хүүг авахгүй юу даа” гээд зургаан сартай хүүхдээ өгчихсөн юм билээ.

Тэгж айлд өргөгдсөнөө их хожуу мэдсэн. Төрсөн ах, эгч дүү нартайгаа танилцаад ерээд оноос ирж очдог болсон. Намнангийн хийдийг ерээд онд Жамьян өвөө Гандангийн лам нартай очиж сэргээсэн.

-Төрсөн аав, ах дүү нартайгаа аав тань их ойр байсан уу. Багадаа хаана сургууль соёл дүүргэсэн бол?

Цогт

-Аав төрсөн аав Жамьянгийндаа сүүлд нэлээд халамцуу очоод агсам тавьсан гэж байгаа. “Та нар намайг юугаар сольсон. Энэ шкафаар сольсон уу” гээд. Тэгсэн чинь Жамьян өвөө “Чи Гүрсэдийнд үр нь болж өргөгдөөгүй, манайд байсан бол зүгээр нэг хар тостой жолооч л байх байсан. Чи тэр сайхан хүнийг дагаснаар урлагаар яваад өдий зэрэгт хүрсэн. Хүнд чинь тавилан гэж нэг юм байдаг юм” гэсэн юм билээ. Аавын өргөмөл аав Гүрсэд өвөө гэдэг хүн чинь “Тоншуул” сэтгүүлийн зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Арнайн Гүрсэд шүү дээ.

Аав Гүрсэд өвөөгийн буянаар Хөгжим бүжгийн сургуулийн Дүрслэх урлагийн ангид сурсан байдаг. Тэгэхдээ төгсөөгүй юм байна лээ. Драмын театрт дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад, цэрэгт яваад, ирээд жүжигчин байж байгаад найруулагч болно гээд хойшоо сургуульд явсан. Урлагийн гэр бүлд өссөн болохоор урлагаараа л явсан хүн. Цэрэгт байхдаа ч дуулж хуурддаг байсан юм билээ.

-Та эцэг эхээсээ хэдүүл вэ?

-Ээж жаран найман онд Улсын багшийн дээд сургуулийн жүжигчний ангийн оюутан Драмын театрт дадлага хийж байхдаа аавтай танилцсан гэдэг. Далан нэгэн онд гэрлэж хойтон жил нь манай эгч Сувд, далан гурван онд Амар ах маань, далан таван онд би төрсөн юм билээ. Айлын бага.

Бидний хувьд ч яг л аав, ээж шигээ урлагийн гэр бүлд төрж өссөн улс. Ухаан ороход л урлагийнхан гэр орноор орж гарсан айл байлаа. Аав далан таван онд намайг төрөхөд хойшоо найруулагчийн сургуульд яваад наян онд төгсөж ирсэн.

Би таван нас хүртэлх үеийн дурсамжаа тэгтлээ сайн мэдэхгүй. Осолдохгүй л аав гадаадаас ирэхээр янз бүрийн тогнлоом авчирдаг байсныг санаж байна. Цэцэрлэгт хамрагдаж амжаагүй үедээ бид аав ээж хоёрын ажил дээр өсөж хүмүүжсэн. Ээж Цолмон маань Хүүхэд, залуучуудын театрт жүжигчин байлаа.

-Аавын хүүхдүүд ямар ажил мэргэжил эзэмшив?

-Эгч сэтгүүлч мэргэжилтэй. Аав эмч болгоно гэдэг байсан юм. Монголчууд “Айлд нэг эмчтэй байсан дээр” гэж ярьдаг ш дээ. Эгч “Жүжигчин болно” гэхэд нь болгоогүй юм билээ. Монголын үндэсний телевизэд туслах найруулагчаар ажиллаж байгаад МУИС-ийн сэтгүүлчийн анги төгссөн. Одоо Германы иргэн болоод тэндээ амьдарч байна. Амар ах театрын найруулагчаар төгссөн. Мэргэжлээрээ телевиз, пиарын компанид ажиллаж байгаа.

ЦогтГүрсэд өвөө маань зураач, аав өөрөө зураачаар сурч байсан болохоор намайг зураач болгоно гээд. Би өөрөө ч дуртай. Өвөөгийн зургийн хамаг хэрэгсэл надад байдаг юм. Хүүхдийн ордны зургийн дугуйланд аав намайг оруулчихсан. Наймаа төгсөөд дүрслэхийн ангид орлоо. Аав намайг “Театрын зураач болгоно” л гэж ярина.

-Тэгээд зураач болов уу?

-Тэр жил Дүрслэхийн дунд тэр мэргэжлээр оюутан аваагүй юм. Хүүхэлдэйн киноны зураачийн анги тэр жил нээгдээд дахин элсэлт аваагүй. “Боролдой” студийн Мягмар багш нээж байлаа. Төгсөөд Драмд нэг жил ажилласан. Миний зураач ч гэж юу байхав дээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Доржпалам гуай, яруу найрагч-зураач Жамьянгийн Болд-Эрдэнэ ах нарын л хар бор ажлыг хийж, ний нуугүй хэлэхэд уудаг нэгнийх нь архинд л гүйж байсан даа. Одооных шиг хэвлэлийн машин энэ тэр байхгүй болохоор тоглолтын зар энэ тэрийг гараар бичнэ дээ.

Аавыг бурхан болсны хойно телевизийнхээ “Боролдой”-д очоод ажиллаж байтал Монголын үндэсний телевизийн уран сайхны удирдагч, найруулагч Энхжаргал багш телевиз-киноны найруулагчийн элсэлт студи дээрээ авлаа. Энд ороод нөгөө зураачийн ажил хаягдсан. (инээв. Л.Б) Төгсөөд Үндэсний телевизэд ажилласан. Одоо энэ салбартаа ажиллаж явна даа.

-Аавыг тань ард түмэн “Говийн зэрэглээ”-гийн Арслангаар их төсөөлдөг. Амьдрал дээр яг ямаршуухан ааль араншинтай хүн байв?

-Манай аав чинь нэлээд өндөр том биетэй хүн. Сэлэнгэсүрэн найруулагчийн БНХАУ-ын уран бүтээлчидтэй хамтарч хийсэн “Ач тус, атаа хорсол” кинонд аав 1993 онд тоглохдоо улсын аварга Хадбаатар гуайтай авахуулсан зураг байдаг юм. Энэ кино манайд гараагүй л дээ.

Уг нь 35 мм-ын хальсаар хийсэн том бүтээл л дээ. Даанч манай тал хөрөнгө оруулалтаа гүйцээж чадаагүйгээс энэ киног манайд гаргаагүй юм. Сүүлд YouTube-ээс ханзаар нь хайлгаж байгаад олсон л доо.

-Сэлэнгэсүрэн найруулагчтай аав тань аль хэр найзууд байв?

-Ж.Сэлэнгэсүрэн гэж “Эхлэл”, “Тойрох хуудас”, “Ирэх хаврын цэцэг”, “Илүү сартай зун”, “Мартагдсан дууль” зэрэг кинонуудыг найруулсан мундаг найруулагч байлаа. Кинонууд нь дандаа нийгмийн хог шавхруу, хүнэнцрүүдийг хатуу шүүмжилсэн өнгө аясаар дүүрэн. Хүн нь ч өөрөө шударга, шулуун.

13дугаар хорооллын 22А-д Сэлэнгээ найруулагчийнх, 14дүгээр байранд манайх амьдардаг байлаа. Аав Япон явж ирэхдээ маш хурц тусгалтай гар чийдэн авчирдаг юм. Хүүхэд байсан болохоор сонирхсон чинь өгдөггүй дээ. Ямар зориулалтаар, хэнд авчирсан нь удахгүй тодорсон л доо. Гэгээ тасрахаар хааяа аав цонхоороо тэдний байр, гэрийнх нь цонх руу өнөө гар чийдэнгээ тусгана. Дуудаж байгаа хэрэг. Төд удалгүй Сэлэнгээ найруулагч хариу гэрлээр дохино. Очлоо гэсэн үг л дээ. Одоогийнхоор бол чаат-лаад байгаа юм .Тэгээд манайд хоёулаа ганц юм уудаг сан. Түрүүн аавыг амьдрал дээр ямар хүн байсан тухай асуусан даа.

-Тэгсээн?

Цогт-Аав маань том биетэй, сахалтай, чанга дуутай хүн л дээ. Найруулагч хүн чинь ширүүн дуугаар хүнтэй харьцдаг мэргэжилтэй. Тэр утгаараа таньж мэдэхгүй хүн харахад ууртай, ааштай хүн байсан шиг санагддаг байж магадгүй. Ажлаа хийж байгаа найруулагчийн нэг арга барил байдаг л даа.

Жишээ нь, ардын жүжигчин Гомбосүрэн гуай жүжгийн сургуулилтын дундуур тайзан дээгүүр явахгүй юу. Настай болчихсон болохоор зам товчлох л гэсэн шиг байгаа юм. Тэгсэн чинь аав “Та урлагийн алтан тайзан дээр зөвшөөрөлгүй явдаг хэн бэ” гэж зарчмын ширүүн шаардлага тавьж байсан гэж байгаа юм. Яг амьдрал дээр аав маань маш их зөөлхөн хүн байсан. Юмыг дандаа инээд хөөр болгоно. Алиалж хошигноно.

Цогт

-Аав тань мэнд сэрүүн байсан бол ануухан л хүн байх байсан даа?

-Аав минь ерэн дөрвөн онд дөчин зургаан настайдаа бурхан болсон. Одоо бодоход цэл залуухан л буцсан юм билээ. Аавын үеийн дал, наяад оны найз уран бүтээлчид мөнх бусыг үзүүлчихлээ дээ. Жүжигчин Алтан-Өлзий, Дамдин, найруулагч Балжинням, Сэлэнгэсүрэн, Хүүхэлдэйн театрын гавьяат Чимэддорж гуай гээд олон сайхан уран бүтээлчидтэй найз нөхөд байсан даа.

Аавыгаа бурхан болоход би хүүхдээрээ ч байж дээ. Аав минь тэр богинохон амьдралдаа маш их зүйл хийж бүтээсэн юм билээ. Тэр олон жүжиг, киноны дүрүүд байна. Найруулсан жүжгүүд нь байгаа. Аавд зориулсан “Арслан” номыг хийж байхдаа л ямар олон сайхан шавьтай хүн бэ гэж бахархсан.

-Багцаагаар хэдэн жүжиг, кинонд тоглосон байна?

-Яг гол дүрд нь тоглосон гэвэл “Говийн зэрэглээ” юм билээ. Бусад нь голдуу туслах дүрүүд. Арваад кино бий. Ихэнх нь найз нөхдийнхөө кинонд дүр бүтээсэн. Хүмүүс болохоор их олон кинонд тоглосон гэж бодоод байдаг юм.

Хамгийн анх “Тунгалаг Тамир”-т залуу ламд тоглосон. “Гарын таван хуруу”, “Загийн алим”, “Мөнгөн буйл”, “Ирэх хаврын цэцэг”, “Би нисэх дуртай”, “Уул усны үр сад”, “Хүний хүн”, “Мандухай сэцэн хатан” зэрэг кино, “Гүүр” жүжиг, “Найрын ширээний ууц” жүжгийг кино болгож аавд нь тоглосон. “Учиртай гурван толгой” киноны жаахаан хэсэгт гардаг юм. Эрдэнэбулган найруулагчтай их дотно найз байсан болохоор орсон юм шиг байгаа юм. “Мөнгөн буйл” кинонд аав, ээж хоёр хоёулаа тоглож байсан.

Цогт-Аав нь хүүхдүүдтэйгээ хэр их дотно байв?

-Гэртээ байхаасаа байхгүй нь их ч амралтын өдөр гэртээ яс өнждөг байсан. Бидэнтэй хоол унд хийж идээд бөөнөөрөө тоглож наргина аа. Хойно Киевт хамт сурч байсан Баатар найруулагч, Жаргал найруулагч эд нар “Их гоё хийдэг байсан” гэж ярьдаг юм. Аав өдөр тутам хоол хийгээд байхгүй. Хааяа нэг дур нь хүрэхээрээ жижигхэн банштай шөл, цуйван, өөрөө жорыг нь зохиосон янз бүрийн хоол хийнэ.

-Баяр ёслолын үеэр аавынхаа тоглосон киног үзэх хэцүү байдаг уу?

-Орчлонд аавгүй болчихсон олон хүн байдгийг би боддог. Аавын дуу хоолой, дүр төрх яг амьдаараа үлдэнэ гэдэг урлагийн гайхамшиг. Тэгэхээр би тэгтлээ их харамсдаггүй. Яахав, өдийд мэнд сэрүүн байсан ямар их зүйл хийж бүтээх байсан бол, ямар дүр төрхтэй болсон байх бол гэж төсөөлж бодно.

Аав маань “Хүн амьдарвал амьдарсан шиг амьдраад, хийж бүтээгээд буцах ёстой” гэсэн философитой хүн байсан. Сүүлийн жилүүддээ “Хэрвээ би үхвэл…” гэж халамцуудаа их ярьдаг л байсан. “Аавынхаа хойноос харамсаж уйлах юм юу ч байхгүй. Аав нь амьдарсан шиг амьдарлаа. Ач зээгээ үзчихвэл бол оо” л гэдэг байлаа.

-Ач зээ хэд болоод байна?

-Эгчийн хүү охин, ахын хоёр хүү, манай хоёр охин гээд зургаан ач зээ байна даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img