2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Хойд Солонгосын тэргүүн хатагтай болж, нийгэмд өөрчлөлт авчирсан Ли Соль Жу

Хойд Солонгос дэлхийн хамгийн хаалттай улс орнуудын жагсаалтыг маргаангүй тэргүүлнэ. Өнөөгийн удирдагч Ким Жон Ун 2012 онд төрийн эрхэнд гарсан ч үүнээс зургаан жилийн дараа л анх удаа хилийн чанадын айлчлал хийж байв. Энэ айлчлал дэлхий дахины анхаарлыг ихэд татаж байлаа. Ким Жон Ун анхны айлчлалаараа дагуулж явсан хүн ч олны хараанд өртсөн юм.

Ким Жон Уны аав болон өвөө нь ч хилийн чанадын айлчлал төдийлөн хийж байсангүй. Тэр дундаа эхнэрүүдээ олны өмнө гаргаж байгаагүй юм. Хойд Солонгос удирдагчдын хувийн амьдрал маш нууцад хамаардаг байлаа.

Ким Жон Уны ээж Ким Ён Сук гэх эмэгтэй байсан гэсэн л мэдээлэл бий. Гэхдээ энэ нь ердөө л таамаг. Мөн эцэг Ким эхнэртээ хайртай байгаагүй, эцэг нь тушаасны улмаас л гэрлэсэн гэх яриа ч бий. Ким овгийнхон ийнхүү хувийн амьдралаа чандлан нууцлаж байлаа.

Гэтэл 2018 онд Ким Жон Ун Хятад руу айлчлахдаа гэнэт л үзэсгэлэнтэй эхнэрээ олны өмнө дагуулан явсан нь ихээхэн шуугиан дэгдээсэн юм. Ингээд Кимийн эхнэрийн талаар тусгай албад, хэвлэлийнхэн мэдээлэл хайж эхлэв.

Ли Соль Жу

Хэвлэлүүдийн олж мэдсэнээр, Ким Жон Ун эхнэртээ дурлаж, хайрлан гэр бүл болжээ. Түүний эхнэрийг Ли Соль Жу гэнэ. Хойд Солонгосын тэргүүн хатагтай Ли Соль Жу энгийн нэг эмэгтэй биш. Энэ улсад даруу төлөв байдлыг эрхэмлэж, олны өмнө ганган дэгжин хувцас гоёлоо гайхуулахыг тэвчдэггүй. Харин Ли Моль Жу огт өөр.

Тэрбээр чинээлэг айлд төрж өсжээ. Чинээлэг байдлаа ч нууц байсангүй, үргэлж л чөлөөтэй дэгжин хувцасладаг байсан охин үеийнхнээсээ ялгардаг байв.

Ирээдүйн тэргүүн хатагтай Кымсон хэмээх нэр хүнд бүхий сургуульд суралцан төгсжээ. Энэ сургуульд зөвхөн чинээлэг айлын хүүхдүүд л суралцана. Охин олны анхаарлын төвд байж, гадна төрхөөрөө консерватив солонгосчуудыг харааг булаахаасаа айдаггүй байв. Ямар ч шүүмжлэлийг чихнийхээ хажуугаар л өнгөрүүлчихнэ.

Ли Соль Жу дунд сургуулиа төгссөний дараа улсдаа хамгийн нэр хүндтэйд тооцогддог Ким Ир Сений нэрэмжит их сургуульд элсэн оржээ. Хичээнгүйлэн суралцаж, олон нийтийн ажилд ч идэвхтэй оролцдог байв.

Хожим нь түүнийг Хойд Солонгосын алдартай “Пончхонбо” хөгжмийн чуулга эгнээндээ нэгтгэсэн бөгөөд энэ нь түүний хувь заяаг тодорхойлсон эргэлтийн цэг болсон юм. Чухамхүү энэ чуулгын бүрэлдэхүүнд багтан тайзнаа дуулах үеэр нь Хойд Солонгосын удирдагчийн хүү Ким Жон Ун бүсгүйг анх олж харжээ. Энэ бол 2008 он байв. Дараа жил нь тэд гэрлэжээ. Харин Ким Жон Ун гэрлэсэн талаар Хойд Солонгосын хэвлэлүүд 2012 онд л анх мэдээлсэн аж.

Ли Соль Жу

Хачирхалтай нь, залуус болзож эхлэмэгц л Хойд Солонгосын тусгай албаныхан Соль Жугийн талаарх бүхий л мэдээлэл, зургуудыг цахим орчноос устгажээ. Ли Соль Жу тайзан дээр дуулж байгаа гэрэл зургууд төдийгүй түүний тоглолтын дүрс бичлэгүүдийг ч устгасан гэдэг. Ингээд хуримын дараагаас бүсгүй олны нүднээс алга болов, яг л тийм хүн амьдарч байгаагүй юм шиг. Энэ байдал эцэг Ким 2011 онд нас барах хүртэл үргэлжлэв.

Хойд Солонгос удирдагчийнхаа араас гашуудаж, 2012 онд шинэ удирдагч Ким Жон Уныг хүлээн авлаа. Хүү Ким ард иргэддээ үзэсгэлэнт эхнэрээ танилцуулав.

Тэр олны өмнө гарч ирснээр Хойд Солонгосын эмэгтэйчүүдийн амьдралд удаан болов эргэлт буцалтгүй өөрчлөлтүүд гарч эхэлсэн юм.

Өмнө нь хориотой байсан тайрмал үсийг зөвшөөрдөг болов. Бүсгүйчүүдийн энгэрт удирдагчийн төрх бүхий тэмдэг л зүүлттэй байсан бол одоо энгэрийн зүүлт зүүх эрхтэй.

Ким Жон Ун эхнэрийнхээ нөлөөгөөр эмэгтэйчүүдэд чиглэсэн өөр хэд хэдэн хоригийг цуцалжээ. Охид бүсгүйчүүд жинс, өмд, өсгийтэй гутал, хар шилэн оймс өмсөж болно.

Хачирхалтай санагдаж мэдэх ч гагцхүү Ли Моль Жугийн ачаар солонгос бүсгүйчүүд дугуй унах боломжтой болжээ.

Ли Соль Жу

Харин Ли Моль Жу өөрөө нөхөрт гарсныхаа дараа ч үнэт эдлэл, дэгжин хувцсаараа олныг гайхуулсан хэвээр байв. Энэ улс тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний хоригт байдаг ч Хойд Солонгосын тэргүүн хатагтай олны өмнө Chanel, Dior-ын цүнх барин гарч ирэх нь элбэг.

Ингээд л Ли Соль Жу эх орондоо загварын чиг хандлагыг тогтоогч болов. Энэ улсын бүсгүй бүр л Ли Соль Жу шиг болохыг хүснэ.

Харин Ли Соль Жу ханхүү Уильямын гэргий Кейт Миддлтоныг дуурайхыг хичээдэг гэж The Sun мэдээлж байлаа. Энэ сэтгүүлд бичсэнээр, Хятадад хоёр өдрийн айлчлал хийх үеэрээ Ли Соль Жу Миддлтон эрхэмлэдэг өнгөнүүдийг сонгож байжээ. Тэрбээр гурвантаа хувцсаа сольж олны өмнө гарсан бөгөөд тэдгээр дүр төрх нь Британийн гүнгийн ахайтны хэв маягтай ойртон очиж байсан юм.

Энэ бүхнийг харсан барууны хэвлэлүүд Ли Соль Жугийн энэ сонголтыг тайлбарлахыг хичээж байлаа. Ли Соль Жу хувцаслалтаараа Хойд Солонгос Баруунд таатай ханддаг гэдгийг харуулсан, хоёрдугаарт тэргүүн хатагтай гадна төрхөөрөө өөрийгөө чухал гэдгийг тодруулахыг зорьсон гэсэн хоёр хувилбарыг ажиглагчид дэвшүүлж байв.

Гэхдээ зүгээр л Ли Соль Жу Британийн хааны гэр бүлийн хатагтайн хэв маягийг өндрөөр үнэлдэг, тиймдээ ч энэ хэв маягийг эрхэмлэдэг байж болно шүү дээ.

Ли Соль Жу

Энэ гэр бүлтэй холбоотой өөр нэг нууц нь тэдний хүүхдүүд. NBA-ийн сагсан бөмбөгч асан Денис Родман Ким Жон Унтай нөхөрлөдөг. Тэрбээр хэдэн жилийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ким Жон Уны гэр бүлийнхэнтэй хамт тэнгисийн эрэг дээр амарсан. Надад охин Ким Жугаа хүртэл тэврүүлсэн шүү. Ким Жон Ун маш сайн аав, тэд сайхан гэр бүл” хэмээж байв.

Родманд тэврүүлж байсан Ким Жу Э охин өсөн том болсон бөгөөд 2022 оноос эхлэн аавынхаа хамтаар олны өмнө гарах болсон юм. Охин аавтайгаа хамт эрдэмтэд, цэргийнхэнтэй уулзаж, тэр бүү хэл баллистик пуужин хөөргөхөд ч байлцаж байлаа. Ким охиноо дагуулан олны өмнө гарах болсон нь залгамжлагчаа бэлдэж, дэлхий дахинд харуулж байгаа хэрэг гэж ажиглагчид үздэг. Гэхдээ одоо хэр нь түүний жинхэнэ нэр, хэдэн настай талаарх мэдээлэл тодорхойгүй. Мөн энэ охин Ким Жон Уны гэр бүлийн цорын ганц хүүхэд үү, эсвэл ах эгч, дүүтэй юу гэдэг мэдээлэл ч нууц хэвээр.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img