2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

Тэсгим хүйтнийг ажралгүй туулдаг якут адуу Монголоос гаралтайг нотолжээ

Дэлхийн хамгийн хүйтэн газрын нэг бол яах л аргагүй Алс Дорнодын Холбооны тойргийн бидний мэдэх Якут, Саха улс юм. Хүйтэн цаг агаарт нь бурхан хүртэл даарч байсан тухай сонирхолтой домог тэдний дундад яригдсаар байдаг билээ.

Тэр домогт ийн өгүүлдэг. “Бурхан дэлхийг бүтээж үр шимт хөрстэй үзэсгэлэнт сайхан газруудаасаа эхлээд хүмүүст тараан өгч эхэлжээ. Газар тарааж буй бурхан яваад л байж, яваад л байж. Их ч хол, маш урт удаан зам туулж дээ. Тэгээд яг Сибирийн газар нутаг Якутад орж ирмэгц жигтэйхэн их даарчээ. Даарч ядарсан бурханы гар гэнэт мэдээ алдран бадайрч, барьж явсан хамгийн үнэт баялгаа газарт унагаад асгачихсан гэдэг. Домогт мөнхөрч үлдсэн бурханы асгасан тэрхүү зүйл нь мөс адил хатуу, гялалзаж гялтагнасан Якутын гайхамшигт алмаз-очир эрдэнийн чулуу байжээ”.

якут адууБурханыг хүртэл дааруулсан энэ газарт, өвөлдөө хүйтний эрч чангарч -70°C доогуурхан тас хийн тачигнаж ширүүн уур амьсгалтай уртаас урт сарууд сунайж өгнө.

Амьдрал хөлдөн царцаж зогссон мэт санагдах хэдий ч халуун амь, амьдрал жамаараа үргэлжиж, ан амьтад нь байгаль дэлхийдээ дасан зохицож, байгалийн шалгарлыг даван дийлсээр байгаа билээ.

Үлгэрийн мэт цастай мөстэй өвлийн улиралд Якут адууны бие чангаран зузаарч, нягт шигүү пөөнийж ноолорсон, азгар үс битүү ургаж, бусад үүлдрийн адуутай харьцуулахад илүү үсэрхэг болдог юмсанж.

Байр жүчээ гэхгүй, яг л Монгол адуу шиг жилийн турш задгай агаарт бэлчээрлэх Якут адууны бодисийн солилцооны идэвхжил улирлын нөхцөлөөс байдлаас болж хурдан өөрчлөгддөг байна.

якут адуу

Жишээ нь өвс ногоо цухуйх хаврын цагт биенийх нь нүүрс ус ихсэн нэмэгдэж, хүч энерги ихтэй ороо нь орж, үржүүлгийн цаг эхэлдэг. Намар маш богино хугацаанд, хүйтнээс биеэ хамгаалах хамгийн чухал тарга, өөхөө нөөцлөн харимтлуулж чаддаг аж.

Якут адууны өндөр ойролцоогоор 150 см, бусад адуутай харьцуулах аваас жижгэвтэрдээ багтана. Ид хүйтэн хүйтэнд якут морьдын үс 10 см хүртэл урт ургаж, сүүл дэл нь сахлаг өтгөн шигүү болдог ажээ.

Адууны төрх байдал нь мөстлөгийн үеийн амьтад болох арслан зааны сахлаг өтгөн үстэй тун төстэй харагддаг юмсанж. Өвлийн Якут адууг харсан зарим хүмүүс “Хүзүү цээжээ ноосон шаалин алчуураар ороочихсон мэт бие, зүс нь тааруухан “пөөнийсөн” хэмээн голонгуй бичсэн байх ч бий.

Хэдий тийм ч Сибирийн тэсгэм хүйтэн, хөр цасан дундуур гайхамшигтай хурдлан давхиж чаддаг хүч шандсаараа Якут адуу бусдаас онцгой аж.

Эрдэмтэд якут адууг судлахдаа олон асуудлыг хөндөн тавьжээ.

  • Бие давжаа якут адуу хахир хүйтэн цаг агаарт хэрхэн, яаж, хэр удаан хугацаанд дасан зохицож амьдарч чадав?
  • Якут адуу нь яг энэ хязгаар нутгийнхаа жинхэнэ унаган адуу морьд мөн үү?
  • XIII-XIY зууны үед Алтай Саяны нуруу, Байгаль нуурын орчмоос нүүдлэн явсан Монголын аймгуудын авч ирсэн адуу юу? гэх зэрэг олон арван асуултанд эрдэмтэд хариу олох зорилготой байв.

якут адуу

Дани улсын Копенгангены Их Сургуулийн Луйдвиг Орландо хэмээх эрдэмтэн олны анхаарал сонирхлыг татсан эрдэм шинжилгээний том багийг удирдан ажиллуулсан юм. Хамгийн зөв үнэн хариултыг олохын тулд якут адууны удам гарлыг маш анхааралтай, шаргуу судлаж, олон төрлийн шинжилгээ авчээ.

Энэ судалгаа нь XIII зууны үеэс өнөөдрийг хүртэлх он цагуудыг хамарсан том ажил болсон нь мэдээжийн хэрэг юм.

Судлаач эрдэмтэн Луйдвиг Орландо “Ингэж шинжлэн судалснаар урт удаан хугацааны ул мөрийг бүхэл цогцоор нь олж харсан төдийгүй, якут адуу нь энэ цаг хугацаанд байгалийн шалгарлыг хэрхэн, яаж туулан гарсаныг тодорхойллоо” хэмээн онцолжээ. Эрдэм шинжилгээний багийнхан, ХIX зууны өмнөх үе, тэрнээс ч бүр эртний хэмээдэг есөн якут морьдыг зориудаар шилэн сонгосон аж.

Одоогоос 5200 жилийн өмнө яг л энэ газар нутагт амьдарч байсан гэх морьдыг бас нарийвчлан судлаж үзсэн байна.

Эрдэмтэд якут адууны уг гарал, угшлыг эрэн шинжилж судлахдаа нутгийн морьдыг манай тахь буюу Пржевальскийн адуутай харьцуулан үзэхэд маш сонирхолтой үр дүн гарчээ.Монгол адуунаас гаралтай морьд ердөө 800 -хан жилийн дотор огт өөр, эрс тэс байгалийн уур амьсгалд дасан зохицож чадсан нь нотлогдсон байна.

Якутын орчин цагийн адууны үүсэл гарлыг олж тогтоох энэхүү судалгаагаар якут адууны хромсомын тоо нь цөөрч “генетикийн чанарт өөрчлөлт гарсан” нь ил тодорхой болсон байна. Энэхүү судалгаанаас эрдэмтэн судлаачид нэгэн хүчтэй дохио авчээ. Генетикийг нь нарийвчилан шинжлэхэд одоогийн якут адууны элэнц хуланц нь XIII зуун буюу 800 жилийн тэртээд Якутад ирсэн гэнэ. Цөөн тоо толгой адуу өнөөгийн Якутын нутагт ирсэн болох нь эрдэмтдийн судалгаагаар т тодорхой батлагдчихаж.

Эрдэмтэн Луйдвиг Орландо “Эрдэм шинжилгээний багийнхан он цагийн ялгаатай гэгдэх есөн адууны анализийг туршилтын явцад анзаарлаа. Тэд бүгд гэрийн тэжээвэр адуу байсан нь тогтоогдлоо. XIII – XV зууны үед орж ирсэн болоод эртний хэмээгдэх адуу хоёулаа өнөөдрийн Якут адууны эцэг өвөг” хэмээн ярьжээ.

Якут адуу нь Монгол, Фжорд, Исландик морьдуудтай ойролцоо ч тэдний өвөг дээдэс нь яах аргагүй Монгол адуу болох нь батлагдсан байна. Одоогоос 800 гаруй жилийн тэртээх якут адуу тэс өөр байжээ.

Аль хэдийнэ “генетикийн хувьсгал” гаргачихсан Якут адууг өнөөдөр монгол морьтой харьцуулан жишихэд адил төсгүй нь мэдээж. ” Огт өөр шинэ орчинд” орсон монгол адуу орчинтойгоо гайхалтайгаар дасан зохицож чадсан нь эрдэмтдийг ихэд гайшируулсан аж.

Адууны угшил генетик, нөхөн үржих чиглэлээр төрөлжин дагнаж 30 гаруй жил ажилласан “Бакир- Малын Анагаах Ухааны Хүрээлэн”- гийн эрхлэгч Нью- Йорк дахь Корнеллын Их Сургуулийн эрдэмтэн доктор Доюг Антсзак энэхүү нээлтийг дүгнэхдээ: ” Энэ бол ёстой нүд ирмэх зуур болсон эволюц хувьсал байна” хэмээсэн юм.

Энэхүү эрдэмтдийн сонирхолтой нээлт нь, хуурай эрс тэс хүйтэн уур амьсгалд, ахар богино хугацаанд дасан зохицож чадсан “гайхам гэрчийг”харуулж чадсан нь маш олон эрдэмтний анхаарлыг татсаар байгаа аж. Бас нэгэн гол зүйл нь сүүн тэжээлт, хөхтөн амьтад гэдэг орчин тойрныхоо нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож чадаж байгааг нотлож чадсан байна

якут адуу

Якут адууны генетикийн өөрчлөлт хувиралд анхаарлаа хандуулсан эрдэмтэд биологийн гол түлхүүр болох хэд хэдэн хүчин зүйлсийг нэрлэхдээ:

  • Адууны дасан зохицсон явц хувьсал, хөдөлгөөн
  • Адууны хэлбэр төрх өөрчлөгдсөн
  • Адууны гормон буюу даавар, бодисын солилцоонд нь өөрчлөлт орсон зэргийг харуулж чадсан юм.

Якут адууны өөрчлөгдсөн генетикийн улбаа жимийг хөөхдөө тэдний үсний хувирал, хөгжил, биеийн хэмжээ тойрог, дөрвөн мөчнийх нь урт, мөн якут адууны өвөрмөц шинж төрхийг шинжлэх ухааны үндэслэлтэй батлан тайлбарлажээ.

якут адууМонгол, исландик болон фжорд адуу нь тарган, намхавтар бахим биетэй, зузаан арьс, өтгөн нарийн үстэй байдаг, тэгвэл цөлд амьдрах чадвартай Араб морьд мөн л адил нарийн ширхэгтэй бонгинохон үстэй байдаг тухай тайлбарыг доктор Антсзак шинжилэх ухааны үндэслэлтэйгээр хэлж байна.

Эрдэмтдийн нээсэн бас нэг сонирхолтой нээлт нь цусанд байгаа чихэр, глюкоз нь даарч осгох, хүйтнийг тэсвэрлэн дааж чаддагийг нотолжээ. Үүн дээр үндэслэн 2015 оны долдугаар сард эрдэмтэд нэгэн сонин харьцуулалт хийжээ. Мөстлөгийн цаг үеийн балар эртний үс ноосорхог арслан заан, ердийн зааны генетикийг хооронд нь харьцуулан шинжилжээ. Заан, арслан заан хоёрын ерөнхий биеийн байдал, бодисын солилцоо, үснийх нь ургах байдал гэх зэрэг ижил төстөй олон зүйлс нээжээ.

якут адуу

“Сүүн тэжээлтэн амьтан гэдэг орчинхоо нөхцөл байдалд дасан зохицох чадвартай гэдгийг нотлож” байгааг Орландо онцлоод ” Хэдэн зуун үеийг дамжин байж генетикт өөрчлөлт орж, өөр угшил үүсэн гардаг билээ. Харин гайхамшигт Монгол адуу зөвхөн 800-хан жилийн дотор Якут адууг бий болгож чаджээ. Хувьсал эволюцын хөгжил ямар хурдан, юутай гайхам болохыг харуулж чадлаа” хэмээжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img