2024-07-22, Даваа
21 C
Ulaanbaatar

Хайр хязгааргүйг баталсан Дауны синдромтой хос

1995 онд Мэриэнн болон Томми Пилинг нар гэрлэснээр дэлхий дээр Дауны синдромтой хоёр хүн гэрлэсэн анхны тохиолдол болжээ. Тэднийг үхэл салгах хүртэл 27 жил хамтдаа аз жаргалтай амьдарсан аж.

Хувь заяагаа холбосон түүх

Мэриэнн, Томми хоёр 30 гаруй жилийн өмнө танилцжээ. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хоолны сургалтын үеэр анх нэгнээ олж харсан байна. Тэд хоёулаа л хоол хийх дуртай, тиймдээ ч энэ нь Мэриэнн Томми хоёрыг холбох сэжим болж байв.
Ирээдүйн нөхөртэйгээ анх уулзсан сэтгэгдлийг хожим асуухад “Бид хамтдаа байна гэдгийг би мэдэж байсан. Мөн энэ бол жинхэнэ хайр гэдгийг ч мэдэрсэн” хэмээн Мэри өгүүлж байжээ.

Танилцсаныхаа дараахан Мэриэнн Томмиг гэртээ урьж, гэрийнхэнтэйгээ танилцсан аж. Томми бүрэг, дуу цөөтэй байсан ч нийтэч, инээж, хөхрөх дуртай Мэри Томмиг ихээхэн өөрчилжээ. Түүний нөлөөгөөр л Томми хүмүүстэй танилцахдаа баярлаж, урьдынхаас их инээмсэглэдэг болсон аж.

Даун

Тэд уулзаад нэг жил өнгөрөв. Томми найз бүсгүйдээ гэрлэх санал тавихаар шийджээ. Найз бүсгүйдээ сүйн бүгж өгөхийн тулд тоглоомын автоматаас хуванцар бөгж худалдан авч, Мэрид өгсөн аж. Мэри хязгааргүй ихээр баярлаж, ээждээ харуулан “Томми надтай гэрлэхийг хүсэж байгаа” хэмээн өгүүлж байсан гэнэ.

Мэригийн ээж Линда охиныхоо өмнөөс ихэд баярлажээ. Ингээд залуу хосоос ирээдүйнх нь талаар асуухад гэрлэхийг мөрөөдөж байгаа гэж тэд хариулсан аж. Ингээд Мэригийн ээж залууст жинхэнэ бөгж худалдан авч өгч, тэд ч сүй тавив. Тэд сүмд гэрлэлтээ сүмд батлуулахаас өмнө нэгнээ сайн таних хэрэгтэй байлаа. Ингээд дахин дөрвөн жилийг болзож өнгөрүүлжээ.

Хурим

Мэри, Томми хоёр 1995 оны долдугаар сард Шебуринесс дэх Гэгээн Мариягийн сүмд гэрлэжээ. Хосын жаргалтай мөчийг хуваалцахаар 250 зочин ирсний дотор Дауны синдромтой найз нөхөд ч байв.

“Мэриэнн цасан цагаан даашинзтай, титэм зүүж яг л гүнж шиг байсан. Харин Томми костюм өмссөн цэмбэгэр залуу. Би тухайн үед долоохон настай байсан ч тэд тэр үед ямар их жаргалтай байсныг одоо хүртэл санадаг юм. Намайг ийм их хайраар хайрлах эр хүн олох юмсан гэж багадаа мөрөөддөг байлаа” хэмээн Мэриэнний дүү Линда Ньюман “Mirror” сэтгүүлд ярьж байв.

Хуримын дараа тэд гэртээ ирэв. Мэриэнн, Томми хоёр Мэриэнний гэрийн хажуу байранд амьдрах болжээ. Мэригийн эцэг эх тэднийг шинэ газарт дасахад туслаж, өрх гэрээ хэрхэн авч явах, мөнгөө хэрхэн зарцуулахыг зааж өгдөг байсан гэнэ.

“Томмигийн эцэг эх түүнийг 12 настай байхад өөд болсон. Тиймээс түүнд санаа тавьж халамжлах нэг ч хүн байгаагүй. Мэритэй амьдарч эхэлснээс хойш түүний хувьд маш олон өөрчлөлт гарсан. Одоо тэр эрүүл хооллож, шинэ хувцас өмсөж, үсээ засуулдаг болсны дээр илүү биеэ даасан” хэмээн Линда өгүүлж байлаа.

Аз жаргалтай амьдрал

Тэд хамтдаа 27 жил аз жаргалтай амьдарчээ. Мэри сайхан сэтгэлтэй халамжтай, нөхөртөө эелдэг хандаж, зочдыг ч найр тавин угтдаг байсан аж.

“Мэри, Томми хоёр бүхий л амьдрал тэдний хайран дээр л тогтдог. Тэд нэгэндээ халамж тавьдаг учраас аз жаргалтай байдаг юм. Мэри, Томми хоёр хэсэг хугацаанд ч нэгнээсээ хөндийрч чаддаггүй. Томми өдөрт 100 удаа эхнэртээ хайртай гэж хэлдэг. Анх сонсоод их гайхаж байж билээ” хэмээн Мэригийн дүү Линда ярьж байв.

Хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй ч тэд эрүүл хүмүүс шиг л идэвхтэй амьдралтай байсан гэнэ. Болзоонд явж, нэг өдрийн аялалд гарч, хөлбөмбөг, боулинг тоглон, хоол хийж, хамтдаа кино үзэн, нэгнийхээ гараас тас атган явна. Зочломтгой энэ айлд хэдийд ч зочид ирсэн тэд найр тавин угтана.

Мэригийн дүү охин Линда Мэри болон Томмигийн Фейсбүүк хуудсыг хөтөлдөг байжээ. Тэнд өдөр бүр хосын гэрэл зураг орж, энэ хуудсыг дагасан 60 мянга гаруй дагагч нарны гэр бүлийн амьдралыг харан урам зориг авдаг байж. Тэд хуримынхаа 10 жил, дараа нь 20 жилийн ойгоор хуримын тангаргаа дахин давтан тавьсан нь британичуудын сэтгэлийг хөдөлгөж байлаа.

“Мэри, Томми хоёрыг гэрлэхэд тэднийг шүүмжлэх хүмүүс байсан. Дауны синдромтой хүмүүс бат бэх харилцаа үүсгэж чадахгүй гэж хүмүүс боддог байсан ч энэ нь тэдний эндүүрэл байлаа. Мэри, Томми хоёр уншиж, бичиж чадахгүй, цагийн баримжаа байхгүй, шарах зуух, индүү ашиглаж чадахгүй нь үнэн л дээ. Гэхдээ тэд нэгнээ хайрлаж, дэмжиж чаддаг. Тэдний тэвчээр, нэгнээ халамжилж байгаа зан чанарыг бид ч суралцмаар санагддаг” хэмээн Мэригийн дүү Линда өгүүлжээ.

Даун

Жаргалтай амьдралын төгсгөл

2019 онд 60 настай Томми Альцхеймер өвчинтэй болжээ. Мартах нь нэмэгдэж, бусдын яриаг ойлгох, өөрөө ярихад ч хүндрэлтэй болж эхлэв. Бүх л зүйлд бусдын гар харах шаардлагатай боллоо. Гэсэн ч Мэри бууж өгөлгүй түүнийг дэмжиж халамжилсаар байв. Нөхөр нь нэг асуултаа өдөрт хэд хэд асууна, заримдаа бүр залхаж, тэвчээр бармаар.
“Мэриэнн, Томми хоёр энэ сорилтыг давж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Тэд чинь “хайраар бүхнийг туулна” гэсэн уриатай хүмүүс шүү дээ. Үнэхээр хайр байхад бүх зүйл болдгийг тэд бидэнд нотолж чадсан хүмүүс” гэж Линда ярьж байв.

Гэвч цаашлаад бүх л зүйл хүнд болов. Томми эхнэрээ танихаа больж, хажууд нь хэвтэхэд “чи хэн бэ” гэж түлхэн хөөдөг болжээ. Аз жаргалтай, Дауны синдромтой хос энэ хүрээд салах болох нь гэж хэвлэлүүд мэдээлж байв.

Гэсэн ч тэднийг үхэл л салгажээ. 2021 оны нэгдүгээр сарын нэгний өдөр Томми таалал төгсөв. Гэхдээ 27 жил үргэлжилсэн тэдний түүх “хайр хязгааргүй” гэдгийг баталж, өнөө хэр бусдад урам зориг өгсөөр байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img