2024-07-22, Даваа
21 C
Ulaanbaatar

15-хан настайдаа “Бесаме мучо”-г зохиосон Консуэло Веласкес

Хорьдугаар зууны хамгийн алдартай дууны нэг болох “Бесаме мучо” дууг амьдралдаа ядаж нэг удаа сонсоогүй хүн гэж ховор байх. Хайр, үнсэлт хүсэмжилсэн энэ дууг зохиосон хүн нь хайрлаж, дурлаж үзээгүй 15-хан настай охин байсан гэхэд итгэмээргүй. Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Консуэло Веласкес 1916 оны наймдугаар сарын 21-ний өдөр Мексикийн яруу найрагч Исаак Веласекесын гэрт төржээ. Аав ээж нь охиныхоо хөгжмийн авьяасыг анзаарч, Гвадалахала дахь хөгжмийн сургуульд өгснөөр охин төгөлдөр хуур тоглож сурсан аж. Мөн энэ үеэс л анхны хөгжмөө бичиж эхэлжээ. Улмаар 11 настайдаа Мехикогийн Үндэсний консерваторид суралцах болсон байна.

Bеsame mucho

Дэлхий дахинаа түгсэн “Намайг чанга үнсээч” буюу “Бесаме мучо” дууг бичихдээ Консуэло ердөө 15-хан настай байв. Энэ дууг зохиох үед үнсэлцэх нь бүү хэл хэн нэгнийг шохоорхож ч амжаагүй байсан хэмээн Консуэло хожим нь ярьж байв.
“Би дурлахыг мөрөөдсөн тийм л эр хүний төрх гэнэт л төсөөлөгдсөн” хэмээн Консуэло 2003 онд өгсөн ярилцлагадаа өгүүлж байжээ.

Дууны үгээ томчуудад харуулахаас охин ихэд айв, түүнийг завхай зайдан гэж зандарна хэмээн айснаас тэр. Харин түүний дотны найз дуугаа радиод илгээхийг ятгажээ. Хувь заяаны учрал гэлтэй, Консуэлогийн дууны ая, үгийг хамгийн эхэнд хүлээж авсан хүн нь хожим охинтой гэрлэх Мариано Ривера Конде байв. Кондед энэ дууны ая ихэд таалагджээ.

Энэ дуу кубын болеро жанрт хамаарна. 1944 онд энэ дууг Америкийн дуучин Жимми Дорси англи хэлнээ хөрвүүлэн, найрал хөгжимтэй дуулснаар Бесаме мучо дэлхий даяар алдартай болжээ. Романтик, сэтгэл хөдөлгөм, дээр нь гунигтай энэ аялгуу Дэлхийн хоёрдугаар дайны үеэр нэгнээсээ салсан хосуудын сүлд дуу болсон юм.

Тэр үеэс хойш “Бесаме мучо” дууг 20 гаруй хэл дээр хөрвүүлэн дуулжээ. Энэ дууг Луис Мигелт, Битлз, Андреа Бочелли, Вера Линн, Фрэнк Синатра зэрэг дэлхийн алдартнуудаас эхлээд орон орны дуучид дуулсан юм. “Бесаме мучо” дууны ачаар дэлхийг бүхэлд нь үнссэн гэж Консуэло ярьдаг байжээ.

Энэ дуу дэлхий даяар түгэж, ихэд алдаршив. Консуэло аялан тоглолтоос залхаж, өөртөө, нөхөр, хөвгүүддээ цаг гаргахаар шийдэн тоглолтоо зогсоожээ. Харин түүний дуу дэлхий даяар аялсаар л байлаа.

ЗХУ-д түгсэн нь

1970-аад оны сүүлээр Консуэло Веласкес ЗХУ-д ирэх үеэрээ түүний “Бесаме мучо” дуу өөрөөс нь үл хамааран дэлхий дахины дуу болсныг ойлгожээ. Тэрээр тухайн үед Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээний шүүгчээр ажиллахаар Зөвлөлтөд очсон нь тэр байж.

Энэ тэмцээн дээр “Бесаме мучо” дууг хөтлөгч зарлахдаа “Куба ардын дуу” хэмээсэн бөгөөд үүний араас цэргийн найрал дууны хамтлаг марш хэмнэлд оруулсан “Бесаме мучо” дууг дуулах нь тэр.

Тоглолтын дараа Консуэло Зөвлөлтийн Соёлын сайд Петр Демичевт энэ дууг Мексикийнх, мөн өөрөө зохиосон гэдгийг хэлжээ. Анхандаа Консуэлэд итгэсэнгүй, харин дараа нь “Бесаме мучо” дууг дуучдын тоглолтын хөтөлбөрөөс хасаж байсан гэнэ. Энэ дуу Зөвлөлтөд өөрчлөлт шинэчлэлтийн үеэр л дахин эгшиглэх болжээ.

“Бесаме мучо” дуу “Амьдрал нулимсанд дургүй” кинон дээр ч эгшиглэдэг. Тухайн үед Консуэло 1950-иад оны үеийн Зөвлөлтийн амьдралыг дүрслэхдээ өөрийнх нь дууг сонгосонд ихээхэн гайхаж байсан гэнэ. Үнэндээ энэ дуу ЗХУ-д маш алдартай байсан тул кинондоо сонгосон гэж найруулагч Владимир Меньшов тайлбарлажээ.

Зохиогчдоо “тоогддоггүй” дуу

“Бесаме мучо” дуу дэлхий даяар ихээхэн алдаршсан ч Консуэло энэ дууг хамгийн сайн бүтээлээ гэж тооцдоггүй. Түүний өгүүлснээр, мэргэжлийн үүднээс харвал илүү чанартай уран бүтээл түүнд олон байжээ.

дуучин

“Бесаме мучо” дуугаараа дэлхийд, бусад уран бүтээлээрээ Мексиктээ алдаршсан Консуэло Веласкес кинонд ч дүр бүтээгээд амжсан аж. 1938 онд тэрбээр “Noches de carnaval” кинонд тогложээ. Хожим нь төгөлдөр хуурчийг алдарт Уолт Дисней Лос-Анжелест урьсан аж. Уолт Дисней Консуэлог мюзиклд тоглуулахыг хүсэж байсан гэнэ. Ингээд Америкт гурван долоо хоногийг өнгөрүүлсэн нь амьдралынх нь хамгийн сайхан мөчүүдийн нэг байсан гэж Консуэло хожим нь дурсаж байв.

2004 оны 11 дүгээр сард Консуэло Веласкес унаж гэмтэн, гурван хавиргаа хугалжээ. Хэдэн сар сэхээн амьдруулах тасагт хэвтсэн Консуэло 2005 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр 88 настайдаа таалал төгссөн байна. Түүний цогцосыг анх тоглолтоо хийж байсан Сонгодог урлагийн ордонд байрлуулж, салах ёс хийсэн бөгөөд Консуэло ням гараг бүр очдог байсан Гэгээн Томас Морогийн сүмийн хажууд оршуулжээ.

Мексикийн энгийн нэгэн охин байсан Консуэло Мексикт төдийгүй дэлхий даяар алдаршиж, түүний хөгжим дэлхийн бүх л хэлээр эгшиглэж, олон сая сонсогчдын хайрын илэрхийлэл болсон юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img