2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Соёлын гавьяат зүтгэлтэн Б.ГАНТИГМАА: “Нүгэл буян” киноны Найдан гэлэнгийн дүр бол аавын минь дипломын ажил

БНМАУ-ын гавьяат жүжигчин Санжаагийн Бужгар 1939 онд Булган аймгийн Тэшиг суманд төржээ. Дархан хотын “Залуучууд” театрын жүжигчин энэ сайхан эрийг залуу халуун насанд нь эргэж харахгүй бүсгүй хүн байгаагүй гэдэг. Түүний гэргий Монгол Улсын гавьяат жүжигчин Шаравын Дэлгэржаргалыг олон түмэн “Тунгалаг Тамир” киноны Дулмаагийн дүрээр андахгүй. Урлагийн энэ сайхан гэр бүлд төрж өссөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, хөтлөгч Бужгарын Гантигмаатай уулзаж хөөрөлдлөө.

– Миний хүүхдүүд чих халууцуулахгүй өсөж байгаа зөөлөн сэтгэлтэй үрс шүү –

-Таны аав С.Бужгар, ээж Ш.Дэлгэржаргал нар бол олон түмэндээ алдартай Монгол Улсын гавьяат жүжигчид. Урлагийн энэ сайхан гэр бүлд мэндэлсэн охины хувьд ярих зүйл ч их л байгаа даа?

-Манай аав, ээж хоёр анх жүжигчнээс тэс өөр мэргэжлүүд сонгож суралцаж байсан байдаг. Аав маань МУИС-ийн хятад хэлний ангийн гуравдугаар курсын оюутан байхдаа УБДС-ийн Кино драмын ангид шалгалт өгч тэнцэн элссэн юм билээ. Дээд мэргэжилтэй анхны жүжигчин болж Кино драмын ангийг 1963 онд төгсжээ.

Ангийнхан нь гэвэл ардын жүжигчин Мэндбаяр эгч, гавьяат жүжигчин Лхамхүү гуай хоёр байна. Дуу оруулагч Элбэгсайхан ах, Драмын театрын дарга асан Зоригоо ах, Сэлэнгээ эгч, жүжигчин Зууннаст буюу Уртнасан эгч эд нар нэг ангийнхан. Аав 1963-1975 онд УДАТ-т, 1975-1976 онд “Монгол кино” үйлдвэрт, 1976 оноос Дархан хотын “Залуучууд” театрт жүжигчнээр ажиллаад 1999 онд насны тэтгэвэрт гарсан юм.

Гантигмаа

-Ээжийн тань хувьд ямар намтартай хүн билээ?

-Ээж маань аравдугаар анги төгсөөд Москвагийн Технологийн улсын их сургуулийн нэхмэлийн технологи-инженерийн ангид хуваарилагдан явсан юм билээ. Москвагийн агаар таарахгүй байсан учир Монголдоо ирж Хүүхэд залуучуудын театрт дагалдан жүжигчнээр ажилд орсон байдаг.

И.Нямгаваа найруулагч, ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагч нартай нэгэн үеийн дагалдан жүжигчид. Ээж маань УБДС-ийн Кино драмын ангийн гуравдахь төгсөгч. Тэр үед жүжигчний ангид элсэлт аваад бүтэн дөрвөн жил сургаж төгсгөөд дараагийн ангид элсэлт авдаг байж. Ээжийн ангийнхан гэвэл жүжигчин Цэцэгбалжид эгч, “Гарын таван хуруу” киноны Должингийн дүрээр танигдсан Цэцэг эгч, найруулагч Доржсамбуу гуайн гэргий Цэнд-Очирын Цолмон эгч байна.

Урлагийн хорооны тэргүүн, Монгол Улсын гавьяат Тунгалаг эгч, гавьяат нэвтрүүлэгч Ж.Батбаяр ах, манай Чоглоонамжилын аав Гомбосүрэн гуай нарын олон сайхан уран бүтээлчидтэй нэг ангид сурч байсан байдаг. Оюутан байхдаа ээж, Батбаяр ах хоёр уран уншлагын тэмцээний аваргууд байсан гэдэг.

-Аавыг тань алтан үеийн жүжигчин гэдэг. Драмын театрт ажиллаж байх 13 жилийн хугацаанд 69 дүр бүтээсэн гэх хүнтэй ч таарлаа. Чухам ямар дүрүүд бүтээсэн билээ?

-Анхных нь уран бүтээл Д.Намдаг гуайн “Нүгэл буян” киноны Найдан гэлэнгийн дүр. Хамгийн сүүлийнх нь уран бүтээл бас Д.Намдагийн “Үрэгдсэнийг хүлээгч” өгүүллэгээр Баяр найруулагч телевизийн зохиомж хийхэд тоглосон байдаг. Сүүлд бодож байхад аав минь уран бүтээлийнхээ гарааг Намдаг гуайн бүтээлээр эхэлж, Намдаг гуайн бүтээлээр төгсгөж дээ. Хүнд “Тэг” гэсэн нэг хувь тохиол байх юм даа. “Нүгэл буян” киноны дүр бол аавын дипломын ажил.

Аав, нэг ангийнх нь Дуламсүрэн эгч хоёр тоглосон. Дуламсүрэн гэж Мядагмаад нь тоглодог жүжигчин шүү дээ. Надад аавын тоглосон кинонуудаас “Ирж яваа цаг”-ийн Шадавын дүр ойр дотно санагддаг. Намайг нэлээд ухаан орчихсон үед тоглосон болохоор сэтгэлд тодхон байгаа хэрэг л дээ. Би чинь аавын охин байхгүй юу. Аавтайгаа илүү амь байлаа. Аавыг кино зурагт явчихсан хойгуур орой болонгуут л хаалгаа дангинатал түгжээд л суучихна. Хэн ч тогшсон эгч, дүү бид хаалгаа онгойлгохгүй шүү дээ.

-Ээжийн тань хувьд ямар намтартай хүн билээ?-Аавыгаа их санана биз?

-“Та хурдан ирэхгүй бол бид орой болгон хаалгаа түгжээд бутанд хярсан бүжин шиг бүлтэлзэн айж сууна” гэж аавдаа би захиа бичсэн байдаг. Аав тэр захиаг уншаад зөндөө уйлж “Зургаа бушуухан дуусгаад харих юм сан” гэж яарч байсан гэдэг.

Яагаад тэгж бичсэнээ одоо гайхаж л байдаг юм. Хүүхэд болохоор аавыгаа санасан сэтгэлээ л тэгж илэрхийлсэн юм шиг байгаа юм. Төрсөн цагаасаа бид чинь гэртээ хэдүүлхнээ их үлдэнэ. Аав, ээж хоёр ээлжлээд л хөдөө бригадаар явчихна. Аавын бүтээсэн дүрүүд олон бий. Д.Намдагийн “Ээдрээ”-гийн Саж лам, Л.Ванганы “Арвайхээрийн талд”-ын Санги, М.Жавганы “Нийслэл хүү”-гийн Мэндээ эмч, С.Дашдооровын “Өндөр ээж”-ийн солгой Ойдов, Ш.Нацагдоржийн “Ичээнд нь” киноны чекист Сундуйжав, Л.Ванган, Ч.Чимид нарын “Өглөө”-гийн Бум хурандаа зэрэг тайз, дэлгэцийн 160 гаруй дүрийг бүтээж, дөчөөд кинонд дуу оруулж, радио, телевизийн 70 гаруй уран бүтээлд оролцсон гэж албан ёсны намтарт нь дурддаг даа.

Аав маань Соёлын яамны томилолтоор, ээж Эвлэлийн илгээлтээр Дарханы “Залуучууд” театрыг Хөгжимт жүжгийн театр гэж байхад хоёулаа очсон байдаг.

-Дарханы театрт очоод танилцсан байх нь уу?

-Үгүй л дээ. Ээжийг оюутан байхад танилцсан юм билээ. Аав ярихдаа ээж аавыг эргүүлж байгаад танилцсан юм шиг зүйл хэлнээ. Ээж болохоор аав нь намайг эргүүлж байж л танилцахгүй юу гэдэг юм. (инээв. Л.Б) Хүн чинь тавилангаараа болдог ш дээ. Тэрэн шиг л нийлэх учиртай л хоёр байж. Хоёр биеэ л харж явдаг байсан юм шиг байгаа юм.

-Аав чинь “Говийн зэрэглээ” кинонд тоглосон байх аа?

-“Говийн зэрэглээ”-гийн нэгдлийн дарга шүү дээ. “Манийгаа бас аваад өгдөг байх нь ээ” гэж байдаггүй юу. Тийм жижиг дүрүүд их бий. “Хонины найр” дээр нэг охинд гутал зараад “Ядаргаа ядаргаа” гэж хэлээд сууж байдаг наймаачны дүр байна. Урлаг судлаачид аавыг “Жижиг туслах дүрийн их мастер” гэж үнэлж дүгнэсэн байдаг.

Гантигмаа-Аав чинь уг гарвал хаанахын хүн байна?

-Аав маань Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хүн. Хутаг-Өндөр сумын түүхт 100 жилийн ой энэ онд болно. Аав энэ сайхан сумын Хантайн багийн хүн гэж явдаг. Ээжтэйгээ, ахтайгаа гурвуулхнаа улс. Ээж нь Эгийн гол дээр усчин хийдэг хүн байж. Бирваазаар машин, морь малтай хүмүүсийг голоор гаргадаг эмэгтэй байсан гэж ярьдаг.

Наяад онд Дарханы театрынхан хөдөө бригадаар явж байхдаа Хутаг-Өндөр суманд очиход ээж маань аавд ч хэлэлгүй сум нэгдлийн даргатай уулзаж “Өвгөн маань энэ нутагт төрсөн. Нэг сайхан хөрвөөлгөх гэсэн юм” гээд нутгийнханд нь хоёр ч удаа үнэгүй тоглолт толилуулахад аав маань их баярласан гэдэг. Аавын унасан газар Эгийн голын хөвөөнөө хөрвөөлгөсөн зураг нь ч байдаг юм.

Аав тэр зургийг хараад “Энэ чулуунаас ээж маань салаа уядаг байсан. Хамгийн сүүлд оюутны амралтаар ээжийндээ очсон маань их сонин учрал болсон. Амралт дуусаад буцах боллоо. Гол гаталж ирсэн машинд суугаад хот руу явах гэтэл ээж “Хэрэггүй биз дээ, миний хүү битгий яв” гэлээ. Тэр өдрөө ээжтэйгээ өнжөөд маргааш нь явтал замд нөгөө машин унасан байхыг харсан. Ээж маань зөн совинтой байж дээ.

Нутгаас хотод дөнгөж орж иртэл “Ээж нь бурхан болчихлоо” гэсэн цахилгаан авсан” гэж ярьдаг сан. Хүний эх гэж өөрийгөө буцахыг мэдсэн юм уу, хүүгээ машины осолд орохоос сэргийлсэн юм уу, цаанаа л нэг зөн совингоор хүүгээ өнжөөсөн байгаа юм даа.

-Эхийн сэтгэл гэж мөн ч агуу юм байх юм даа?

-Аав төрөөд арван нэгэн сартай байхдаа ээжийнхээ төрсөн дүүд өргөгдөж, нагац ахаараа овоглох болсон. Сэлэнгэ аймагт хүүхэд ахуй насаа өнгөрөөж, Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр арван жилийн дунд сургуулийн анхны төгсөгч болж. Ангийнхан нь гэвэл соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав, нэгдүгээр эмнэлгийн Нина эмч гээд сайхан улс олон бий.

Урлагийн үзлэгт Сандуйжав гуай, аав хоёр товшуур хийж гайхуулдаг байсан гэж байгаа. Ангиараа нэгдүгээр байрт ордог. Багшийн дээдэд байхад нь жүжигчний анги гэхэд сургуульдаа л спортоор хошуучилдаг байсан гэдэг. Аавын аравдугаар ангийн багш нь монгол хэл, уран зохиолын багш Баасанжав гэж төрсөн ах нь байсан гэсэн шүү.

Гантигмаа-Ээжийнхээ талаар яриач?

-Ээж маань Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Тамирын голын хүн. Батцэнгэл сумын түүхт 100 жилийн ой бас энэ онд болох юм. Одоогоос хоёр жилийн өмнө төрсөн сумынх нь Соёлын төв ээжийн нэрэмжит болох үеэр бид очиж сайхан үйл явдалд оролцоод ирсэн шүү. Аав, ээж хоёрынхоо уугуул нутгийнхантай сэтгэл зүрхээрээ ойрхон байж, цас зудын энэ аюулт үед тус дэм болох юм сан л хичээж мэрийж явна даа хө.

Ээж Тамирын голын хөндийд болж буй ахуйн сонгодог кинонд тоглосон. Ээжийг таван нас хүртэл Батцэнгэл сумынхаа нутгийг тойрч нутагласан гэдэг. Бууриа сэлгээд нүүгээд байдаг айл байсан юм гэнэ лээ. Ээжийн дээр ууган нагац ах, ээж хоёрын дунд зургаа долоо нь эндсэн гэдэг. Арван гурваас дөрөв нь эсэн энх өсөцгөөсөн.

Ээж маань их нандин чамин, дайчин, нэг зүйл хийнэ гээд бодчихвол заавал ард нь гарч байж салдаг зорьсондоо хүрдэг хүн дээ. Тэр нь яаж илэрч байсан гэхээр намайг арваад настай байхад дөч гарчихсан байсан мөртлөө монгол бичиг бие дааж сурч байлаа.

Социализмын хаалттай тэр үед гадаад хэл оролдон сурч байсан. Монгол бичиг сурч байхдаа Бямбын Ринчен гуайн “Монгол хэл” шүлгийг
“Чихнү чимэг бологсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн мини өв ех эрдэнэ
Сонсоху бүрий яруу баялгийг гайхан биширч
Сод ех билигтү түмэн юүгээн бишрэн магтмуу, би…” гээд яг галигаар нь уншихад би хамт цээжилчихсэн байсан сан. Ээж ном гайхамшигтай их уншина. Тэр үед шинээр гарсан ном ээжийн гарт хэдийнээ л ирчихсэн байна.

Сонингоор хавтаслаад, өөрийн хийсэн номын хавчуургаа хуудсан завсар нь хийгээд гараасаа салгана гэж байхгүй дээ. Би ээжийгээ дагаж ном их уншсан даа. Манайх их ч том номын сантай байж. Ямар ч их номтой байсан юм бэ. Гэртээ байгаа номуудыг ямар ч байсан уншиж дуусгасан шүү.

Гантигмаа

-Ээж чинь гайхамшигтай уншигч байж. Өөр сайхан чанарууд олон байсан биз?

-Шөнөжингөө суугаад юм оёно. Маргааш наадам, хүүхдийн баяр болно гэж байхад эгч дүү бид нарыг өнгөрсөн жилийн палаажтай хэзээ ч явуулж үзээгүй. Өөртөө ч шинэ даашинз хийгээд өмсөнө.

Эгч дүү, эрэгтэй дүү бид дөрөвт дөрвүүлэнд нь шинэ хувцас оёно. Дээл хунараа ч өөрөө хийнэ. Барагтай бол дэлгүүрээс юм авахгүй. Гутал ботинкийг бол худалдаанаас авалгүй л яахав. Пальто, паарчик гээд ээжийн оёж чадахгүй юм гэж байхгүй байжээ.

Есөн сарын нэгэн гэхэд шөнө өөр өөр моодтой шинэ паарчик оёод тавьчихсан байна. Хичээлдээ явахын урд орой бушуухан унтаад өглөө сэрэхийг л хүснэ. Оёод өлгөөд тавьчихсан шинэ паарчикаа харах гэж тэр. Эгч, дүү бид гурав ээжийнхээ оёж өгсөн гоё моодтой паарчикаар сургуулийн охидоос дандаа л ялгардаг байж дээ.

-Аав, ээж хоёр нь кинонд хамт тоглосон бол уу?

-“Цөвүүн цагийн Богд” киноны ногоон дара эхийн аав, ээж болж тоглосон. Ногоон дара эхэд нь манай Ичинхорлоо тоглосон шүү дээ. “Совин” бил үү дээ, гуравдугаар цахилгаан станцын тухай нэг кинонд бас хамт тоглосон байдаг. Харин олон жүжигт хамт тоглосон. “Гарьд магнай” киноны Равсал панзын дүрээр мөнхөрсөн жүжигчин Магсаржав ах, аав, ээж гурвын тоглосон “Будамшуу” гэж Гүржийн нэг инээдмийн жүжиг шиг гайхамшигтай жүжиг өнөөдрийг хүртэл би үзээгүй л явна.

Уулынхны тухай, жар дал хүрсэн мөртлөө хорьтой хүн шиг эрч хүчтэй тийм хүмүүсийн тухай хошин маягаар өгүүлсэн жүжиг л дээ. Дахиж ийм жүжиг тавигдах бол уу, үгүй бол уу би мэдэхгүй. Үнэхээр элэг татаана. Хүн тэндээс ухаан авч гарч байгаа юм. Сайхан инээж цэнгэл авч гарч байгаа юм. “Нэр төр”, “Маанаг гайхал” гэдэг жүжгүүдээс дөрөвдүгээр сарын 1-нд болдог “Инээдэм-79”, “Инээдэм-80” гээд жил бүрийн номеруудад бүгдэд нь л оролцож байсан даа.

-Гэртээ уран бүтээл ярьцгаах уу?

-Гэрт ажил ярихгүй шүү. Өдөржингөө инээд наргиа, оройжин дуу хуур болцгооно. Дарханд очсон урлагийн бригадынхныг аав ээж хоёр авчирч, хоол цайгаар дайлна. Бараг худлаа хэлдэггүй хүнд зочингүй орой гэж байхгүй.

Зочин ирээгүй орой хүүхэд бид илүү жаргалтай байсан. Гал тогооныхоо дугуй ширээг тойрч суучихаад хоолоо идэж, аяга тавгаа цэвэрлэсний дараа дуу сураад суучихна. Аав ч юм уу, хэн нь ч юм шинэ дуу бичээд ирсэн дууг хамтдаа сураад дууны хичээл л явдаг байлаа даа.

-Аав ээж хоёр тань таван хүүхэдтэй болно, хүүхдүүдийнхээ нэрийн эхний үсгүүдийг дээрээс нь уншихад БОЛОР гэж уншигдахаар бэлгэшээж гээд ууган охиндоо Болормаа нэр хайрласан ч удаах охин Одгэрэл нь бурхан болсноор хүүхдүүддээ эрдэнийн чулуудын нэр өгсөн гэж сонссон юм байна?

-Үнэн шүү. Бид дөрвийг Болормаа, Гантигмаа, Жоншмаа, Эрдэнэбат гэж нэрлэсэн чинь тийм учиртай. Хэрвээ миний дээд эгч минь мэнд сэрүүн байсан бол би Лхамноржмаа ч юм уу, Лхамаа ч гэж байх юм уу Л үсгээр эхэлчихсэн л нэртэй байх байж. Бурхан даах хүнд нь даах ёстой бүхнийг өгдөг гэдэг. Ээж маань нэгхэн жилийн дотор хайртай дүүгээ, бас эгч дүү хоёрыг минь алдсан.

Би одоо өөрийн хоёр, эгч дүү хоёрынхоо гурав гээд таван хөвүүд өсгөж байна. Хөвүүдийг чанга хатуу л гэдэг. Миний хүүхдүүд чих халууцуулахгүй өсөж байгаа зөөлөн сэтгэлтэй үрс шүү. Өсөх насандаа зөв өсчихөөр зөв хүн болоод л явчихна даа. Ээж маань өдөр бүр зэс, мөнгөн аяганд ус дүүргээд тавьдаг байсан. Миний хөвгүүд ч энэ л маягаар өсөж байна. Ямар ч байсан ходоод гэдэс гайгүй байна байх аа.

-Монголын зохиолчдын олон бүтээлийг цахимаар уншигч, сонсогчдод хүргэсэн дээ. Хэн хэний ямар бүтээлүүдийг хүргэв?

-2020 оны коронагийн бүх нийтийн хөл хорионы үеэр хүүгийнхээ ангийнханд зориулан МЗЭ-ийн шагналт зохиолч Санжаагийн Батжаргал эгчийн “Ишүүжин” романыг лайв уншилт хийж цахимд сонсох хэлбэрээр түгээсэн. С.Батжаргал эгчийн “Их хайрын түүх” зэрэг хэд хэдэн зохиолыг уншсан. Саяхан Батжаргал зохиолчийн “Цөн түрэх цаг” романыг уншиж эхлээд өнөөдөр хоёрдахь уншилтаа хийж байна. 2020 онд би их олон зохиол уншсан байна лээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч Дамдины Жамьян ахын “Зургаан зуун шагаа”, “Гал улаан бэрээмэг цэцэг” зэрэг өгүүллэгүүдийг уншсан. Мөн Буддын шашны талаар анхны мэдэгдэхүүн өгөх зорилгоор Зонховагийн “Бодь мөрийн зэрэг”-ийг уншиж дуусгасан. Далай ламын ээж Дикэ Цэрэн гэдэг хүний “Миний хүү Далай лам” дурсамж зохиолыг уншсан. МЗЭ-ийн болон “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тэргүүн шагналт зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн “Хайр гэж…” гэдэг өгүүллэг, “Уулс аргадах аялгуу” туужийг уншлаа.

-Олон сайхан зохиол уншжээ…

-Японы нэрт сэтгүүлч Ототакэ Хиротадагийн “Амьдрал яасан сайхан гээч” гэсэн дурсамж номыг уншиж хүмүүст хүргэсэн. Ототакэ Хиротада гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн билээ. Энэ ном бол хүмүүст амьдралын дэндүү их ухаан хайрлах зохиол байна лээ. Хүүхдүүдэд уншсныг маань сонсговол зөв хүн болж төлөвших бол уу гэж бодож эл номыг уншиж хүргэсэн дээ.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Гүнрэгжавын Ишхүүгийн “Монгол бичиг”, зохиолч Балданцэрэнгийн Ойдов ахын “Монгол хэл” зэрэг олон бүтээлийг уншиж хүргэсэн. Нийгэм зэрлэгшээд, хүний чанар нимгэрээд байгаа энэ цагт яруу найраг, уран зохиол л хүнийг гэгээрүүлж, нинжин болгох юм бол уу гэж бодож, уншихыг хичээдэг юм даа. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хассанд би дэндүү их харамсдаг.

-Хүүхэд байхад ч уран зохиолын хичээлд л суух гэж хорхойсдог байсан сан. Гэтэл энэ сайхан хичээл хөтөлбөрөөс хасагдана гэдэг дэндүү их гунигтай шүү…

-Уран зохиолын хичээл бол хүүхдийг хүн болж төлөвшихөд өгүүлшгүй их үүрэг гүйцэтгэдэг. Бид багадаа уран зохиолыг уншсанаар ертөнцийг танин мэдэх, хүнийг ойлгож, хайрлах хүндлэх агуу ухааныг өвлөн авч, сайн сайханд тэмүүлдэг болсон. Уран зохиолын хичээл байхгүй болсноор өнөө цагийн хүүхдүүдийн хүмүүжил доголдоод байна уу гэсэн бодол төрдөг. Гэр орондоо найз нөхдөө аваачаад зоддог, хүний толгой дээр халуун кофе асгадаг охид хүртэл бий боллоо.

Охид ийм харгис болно гэдэг миний үнэхээр сэтгэл эмзэглэдэг. Ингэж хүмүүжиж байгаа нь эцэг эхийн нөлөө хүмүүжилтэй салшгүй холбоотой. Ном уншдаггүй, ном сонсдоггүй, ном хялайж ч хардаггүй хүмүүсийн үр хүүхдүүд ийм болдог юм бол уу даа. Уран зохиолын хичээл шиг хэрэгтэй хичээл байхгүй л дээ, уг нь.

-Та уран зохиолын лайв уншилт хийхдээ зохиолчоос нь мөнгө авдаг уу?

-Зохиолч уран бүтээлчдээс нь албан ёсны зөвшөөрлийг нь авч уншдаг. Хүмүүс сонсоод гэгээрээсэй, ухаараасай гэсэн сэтгэлээр л ханддаг. Би зохиолчдоос мөнгө төгрөг авдаггүй ээ. “Энэ сайхан зохиолыг хүмүүст хүргэчих юм сан” гэсэн бодолдоо хөтлөгдөж өнөөдрийг хүрлээ дээ. Энэ дашрамд зохиол бүтээлээсээ уншихыг зөвшөөрсөн зохиолчдодоо, хүсэн хүлээн сонсдог сонсогчдодоо баярлалаа.

-Таны уншсан бүтээлүүдийг ямар хаягаас сонсох боломжтой бол?

-“Б.Гантигмаа. Сонсголонт уран зохиолоос дуудъя” гэсэн фейж хуудастай. Найзын хүсэлт явуулаад сонсож болно оо. Өмнөх уншсан зохиолууд маань бүгд энэ хуудсанд байгаа шүү. Хилийн чанадаас ч гэсэн хүмүүс их сонсдог юм билээ. Надад их олон сайхан сэтгэгдлүүд ирдэг дээ. Үүнд л их баярлаж урам ордог доо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img