2024-07-22, Даваа
19 C
Ulaanbaatar

Орчин үеийн дайнд дронуудын үүрэг эрчтэй нэмэгдсээр байна

Дрон хэмээх нисгэгчгүй агаарын төхөөрөмжүүдийг (UAV буюу unmanned aerial vehicle) аль 1982 онд анх байлдааны ажиллагаанд ашигласан түүхтэй аж. 42 жилийн тэртээ Израиль улс Ливаны Бекаа хөндийд байрласан Сирийн зэвсэгт хүчин болон Палестины цэрэгжсэн бүлэглэлүүдийн байрлал руу дронуудаар цохилт өгчээ. ЗХУ-аас их хэмжээгээр нийлүүлсэн Сирийн орчин үеийн агаараас хамгаалах системийг чухамхүү Израилийн дронууд үндсэндээ устгасан гэдэг.

Тэгвэл 2002 онд АНУ-ын Тагнуулын төв газар Афганистанд орогнож байсан “Аль Кайда” террорист бүлэглэлийн нөлөө бүхий гурван удирдагчийн нэг Мохаммед Атефийг дроны тусламжтайгаар устгажээ. Үүнээс хойш АНУ янз бүрийн оронд бүгсэн террористуудыг устгахад дронуудыг ихээр ашигласан ба 2010-2020 оны хооронд гэхэд л ийм төрлийн 14 мянга гаруй халдлага хийсэн гэх тооцоо байдаг. АНУ түүнчлэн Афганистан, Иракт зэвсэгт хүчнийхээ тэргүүлэгч анги нэгтгэлүүд, алслагдсан хянах цэгүүдээ галаар дэмжих зорилгоор дронуудыг ашиглаж байжээ.

Харин Азербайжан улс Карабахын хоёрдугаар дайны үед буюу 2020 онд Турк, Израилиас худалдан авсан дронуудаараа Арменийн нэлээд орчин үеийн агаараас хамгаалах төхөөрөмжүүдийн эсэргүүцлийг мохоон хуягт техникийг нь олноор устгасан билээ.

Дээр дурдсан бүх ажиллагаанд байлдааны даалгаврыг биелүүлэх зориулалтаар зориуд зохион бүтээж үйлдвэрлэсэн маш үнэтэй дронуудыг ашигласан. Тэгвэл Орос, Украины дайнд хоёр талаас ердийн арилжааны харьцангуй хямд дронуудад тэсрэх бодис байрлуулан “амиа хорлогч” камиказе-дрон маягаар хавьгүй ихээр хэрэглэх болжээ.

дрон

Ийм тактикийг “Ирак, Левантын лалын улс” хэмээх бүлэглэлийн террористууд Иракийн армийн эсрэг тэмцэлдээ амжилттай ашиглаж байв. 2018 онд Сири дахь ОХУ-ын цэргийн баазуудыг мөн л ердийн дронуудаар довтлон хэд хэдэн сөнөөгч онгоц устгасан нь бий. Харин 2019 онд Йемений босогч хутинууд хэт нам дор нисэх 18 нисэх дроныг нь Саудын Арабын агаараас хамгаалах хүчин илрүүлээгүйг ашиглан нефть боловсруулах томоохон үйлдвэрт нь ихээхэн хохирол учруулжээ. Үүнээс үүдэн Саудын Арабын газрын тосны экспорт бараг хоёр дахин багасч, олон зуун сая ам.долларын хохирол амссан юм.

Тэгэхээр, Орос, Украины дайнд анх дрон ашиглах болсон юм биш. Гэхдээ нисгэгчгүй агаарын төхөөрөмжүүдийг маш их хэмжээгээр, төрөл бүрийн аргаар хэрэглэж буй нь чухам энэ дайн.

Их Британийн цэргийн судалгааны “The Royal United Services Institute” төвийн өнгөрсөн жил хийсэн судалгаанаас үзэхэд, Украин ч, Орос ч сар тутам дайны талбарт 10 мянга орчим төрөл бүрийн дрон зарлагаддаг аж. Энэхүү дайнд өчүүхэн төдийгөөс авахуулаад онгоцны дайтай гээд олон зуун загварын дрон ашигладаг нь тогтоогджээ.

Ер нь орчин үеийн дронууд байлдааны талбарт төрөл бүрийн үүрэг гүйцэтгэх болсон тул дэлхийн дийлэнх улс орны зэвсэгт хүчин дроны анги нэгтгэлүүдтэй болоод байна. Тэгээд ч өдөр ирэх тусам дронууд илүү найдвартай, чадвартай, аюултайгаас гадна үнийн хувьд хямд болсоор буй.

дрон

ОХУ-д ЗХУ-аас нэлээд хэдэн төрлийн дроны үйлдвэрлэл уламжлагдан үлдсэн байна. Гэвч Оросын дронууд 2008 оны наймдугаар сард Гүржид хийсэн дайнд Кавказын тус улсын Израилиас авсан дронуудаас хавьгүй хоцрогдсон нь илэрсэн юм. Иймээс ч ОХУ 2010 оноос Израилийн “Searcher” компанийн лицензиэр “Форпост” хэмээх дуураймал байлдааны дрон үйлдвэрлэж эхэлжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам үүнээс 11 жилийн дараа буюу 2021 онд хоёр мянга гаруй дрон бүхий нисгэгчгүй агаарын хүчинтэй болж энэ үзүүлэлтээр дэлхийн тэргүүлэгчдийн эгнээнд орсноо зарласан юм.

Гэвч сүүлийн жилүүдэд олон улсын маш чанд хатуу хориг арга хэмжээнд орсон тус улс дроны эд анги, технологийг гаднаас авах боломж нь улам бүр хумигдсан. Үүнээс үүдэн ОХУ ямар ч байсан ойрын ирээдүйд дроныг дотооддоо хангалттай хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй аж.

Иймээс Украинд өдөөсөн түрэмгий дайнд Ираны “Shahed” хэмээх камиказе-дроныг их хэмжээгээр худалдан авч ашиглах болжээ. Тэдгээрийг ихэвчлэн Украины газар нутгийн гүн дахь цэргийн бус иргэний объектуудад цохилт өгөхөд хэрэглэсээр ирсэн байна.
Харин өдгөө ОХУ-ын зэвсэгт хүчний Украинд янз бүрийн зорилгоор ашиглаж буй дронуудын дийлэнх нь Хятадын энгийн арилжааны хямд загварууд аж. АНУ-ын “The New York Times” сонинд мэдээлснээр, Хятадын 70 орчим үйлдвэрлэгч компани ОХУ-д ил, далдаар дрон болон түүний эд анги нийлүүлдэг байна.

Дайны эхэнд Украин ОХУ-аас дроны хангамж, төрөл, тоогоор хамаагүй дутмаг байсан ч өөрийн хязгаарлагдмал нөөц боломжоо үр дүнтэй ашиглаж чаджээ.

Тус улс нисэх хүчин, баллистик болон далавчит пуужин зэрэг алсын тусгалтай зэвсэглэлээр дутмаг учир ОХУ-ын зэвсэгт хүчин Украины гүн рүү цохилт өгөхдөө хариу цохилтод тэр бүр өртдөггүй.

дронХэдий тийм ч 2022 зургадугаар сард Украины зэвсэгт хүчин Хятадын интернет дэлгүүрээс худалдаж авсан ердийн хямд дронуудад тэсрэх бөмбөг суурилуулан ОХУ-ын Ростов мужийн Новошахтинск хот дахь нефть боловсруулах үйлдвэрийг амжилттай довтолжээ. Тус үйлдвэр Украин дахь ОХУ-ын армийг шатахуунаар хангахад голлох үүрэг гүйцэтгэдэг байсан аж.

Зөвлөлтийн армиас Украинд уламжлагдан үлдсэн хоцрогдсон “Стриж” дронууд тагнуулын зориулалттай ч тэдгээрийг нисдэг бөмбөг болгон хувиргаж, мөн оны арванхоёрдугаар сард Оросын стратегийн бөмбөгдөгчид байрладаг Рязань муж, Энгельс хотын чухал нисэх буудлуудыг довтолжээ.

Үүнээс хойш Украины дронууд Оросын гүн рүү, бүр Москва, Кремлийг хүртэл довтлох явдал үндсэндээ тогтмолжсон гэж хэлж болно. Нэн ялангуяа өрнөдийн холбоотон орнуудын тусламжтайгаар сүүлийн үеийн дронууд худалдан авахаас гадна дроны өөрийн үйлдвэрлэлийг босгож бий болгосноос хойш.

Харин дайны эхний саруудад Украины эрэмгий эсэргүүцлийн нэгэн бэлэг тэмдэг нь Туркээс худалдан авсан “Bayraktar” дронууд болсон билээ. Энэ дронуудаар л Оросоос нэвтэрсэн танкийн цуваануудыг довтлон зогсоож, Оросын Хар тэнгисийн флотын тэргүүн хөлөг онгоц “Москва”-г живүүлжээ.

дронТовчдоо бол Украин дахь дайн дронууд “ядуу орнуудын нисэх хүчин” болох боломжтойг бэлхнээ харуулж байна. Дронууд өдгөө нисэх хүчний л гүйцэтгэх боломжтой гэж үзэж байсан стратегийн агаарын цохилт зэрэг олон даалгаврыг биелүүлэх чадвартай нь нотлогдсоор.

Оросын дронуудын Украины иргэний байгууламжууд, Украины дронуудын Оросын гүн рүү гүйцэтгэж буй цохилтууд аль аль орны цэргийн чадавхийг сүрхий сулруулаагүй. Хэдий тийм ч фронтын ар талд агаараас хамгаалах системүүд үүсгэхэд хүргэж, ингэснээр фронтыг нэн чухал техник, боловсон хүчнээр дутааж байгаа давхар ач холбогдолтой гэдэг нь эргэлзээгүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img