2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

“SM” эмнэлэг дээр солонгосын чадварлаг эмч нар үзлэг хийж байна

“SM” гоо сайхны мэс заслын төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг нь БНСУ-ын урдаа барьдаг “Ру-Эн” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлээд таван жил болсон байна. Энэхүү ойн арга хэмжээний хүрээнд эрхэм үйлчлүүлэгчдэдээ зориулан хаврын анхны эвентийг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулав. Олон, олон гэнэтийн бэлгээр дүүрэн уг арга хэмжээнд “Ру-Эн” эмнэлгийн эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх мэс заслын нарийн мэргэжлийн эмч нар уригдан оролцлоо.

Тэд эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх пластик мэс заслын талаар сонирхолтой мэдээллүүдийг өгсөн юм. Энэ үеэр монгол эмэгтэйчүүд маань солонгос эмч нараас ганцаарчилсан зөвлөгөө, үзлэг оношлогоо, мэс заслын цаг авах зэрэг цогц үйлчилгээг нэг дороос авч чадсандаа туйлын баяртай байв.

“Ру-Эн” эмнэлгийг үүсгэн байгуулагч Ну Со Нэ: “SM” эмнэлгээрээ дамжуулаад Монголд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна

“Ру-Эн” эмнэлэг нь өөрийн улсдаа 16 салбар эмнэлэгтэй, зөвхөн “Эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх пластик мэс засал”-ын чиглэлд төвлөрсөн үйл ажиллагаа явуулдаг “Network Hospital” ажээ. Энэ салбарыг Монголд хөгжүүлэхэд тус эмнэлгийн чадварлаг баг хамт олон ихээхэн хувь нэмрээ оруулж ирсэн юм. Эвентийн үеэр “Ру-Эн медикал” группийн үүсгэн байгуулагч, захирал, ерөнхий эмч ноён Ну Со Нэ-тэй цөөн хором уулзав.

Тэрбээр “Бид Монголд таван жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд монгол эмч нарын мэдлэг, ур чадвар болон монгол эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх, пластик мэс заслын эмчилгээ үйлчилгээнд анхаарал хандуулах байдал маш хурдацтай өсч байгааг юун түрүүнд онцолж хэлмээр байна. Цаашдаа ч энэ төрлийн тусламж үйлчилгээнийх нь хэрэгцээ шаардлага монгол бүсгүйчүүдийн дунд улам нэмэгдэнэ гэж харж байна.

Тэр хэрээр эмчилгээ, оношлогоо, мэргэшсэн эмч эмнэлгийн шаардлага ч нэмэгдэнэ. Монгол Солонгосын найрамдалт харилцааны хүрээнд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгаа. Иймд хөрс нь бүрдсэн учраас манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Мөн Монголд энэ төрлийн тусламж үйлчилгээний мэргэшсэн эмч нарыг бэлтгэх, эмнэлэг олон болоход бидний зүгээс идэвхийлэн тусалж дэмжиж, хамтарч ажиллах болно. Манай “Ру-Эн” эмнэлгийн хувьд Монголоос гадна Орос, Узбез, Киргиз, Казах зэрэг орнуудтай хамтран ажиллаж ирсэн.

Хамгийн сүүлд Лаосын эмнэлгүүдтэй холбоо тогтоогоод Монголтой адилхан эмч нар сургах, хүндэрсэн мэс засал хийх зэрэг чиглэлд ажиллаж байна. Монгол бол манай оронтой газар зүйн байршил, хэл соёл ойрхон улс. Тиймээс “Ру-Эн” эмнэлэг цаашид Монголд эмнэлгийнхээ салбарыг байгуулж, “SM” эмнэлэгтэйгээ хамтран улам өргөн цар хүрээнд тусламж үзүүлэх зорилготой ажиллаж байна.

Аливаа бизнесийн үндэс бол итгэл. Харилцан бие биенийхээ итгэлцэл дээр үргэлж урагшилж, дэвшиж байдаг. Тиймээс “SM” эмнэлэгтэй анх харилцаж эхлэхэд л итгэж болох хамт олон байна гэдэг мэдрэмжийг өгсөн учраас бидний урт хугацаанд хамтран ажиллах эхлэлийг тавих гол үндэс болсон. Энэ итгэлийг дааж цаашдаа манай эмнэлэг “SM” эмнэлгээрээ дамжуулаад Монголд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа” гэв.

“SM” эмнэлгийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Оргил: Монголд урогениклогийн салбарыг хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллаж байна

-Манай эмнэлэг зургаан үндсэн чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ дотроо тухайн нэг чиглэлийг фокусалдаг. Жишээлбэл, эх барих эмэгтэйчүүдийн салбар гэж байна. Энэ бол манай улсад харьцангуй өндөр хөгжсөн салбар. Төрөлт ихтэй орон болохоор эх барих, эмэгтайчүүдийн талдаа дэлхийгээс хоцорсон зүйл байхгүй.

Харин энэ том салбарт ганц нэг орхигдсон зүйл бий. Үүний нэг бол урогениклогийн салбар. Бид үүнийг олж харсан. Нэгэнт бидний өмнөх үеийн эрдэмтэн, багш нар маань хөгжүүлээд явж байгаа чиглэлийг залуучууд бид дахиад хоол булаацалдаж байгаа юм шиг адилхан давтах нь утгагүй.

Харин Монголд төдийлөн хөгжөөгүй, орхигдоод байгаа чиглэлд фокуслаж ажиллая. Тиймээс урогениклоги салбарыг сонгож аваад таван жилийн өмнө Солонгос улсад урдаа барьдаг “Ру-Эн” эмнэлгийг сонгож хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Яг үнэндээ Монголд энэ чиглэлийг хөгжүүлэх гэхээр мэргэшсэн эмч байдаггүй. Уродинамек гэдэг багаж тоног төхөөрөмж нь хүрэлцээ муутай. Энэ зэрэг олон асуудал бий. Тиймээс гаднаас туршлага судлах шаардлага гараад байна шүү дээ.

“Ру-Эн” эмнэлэгтэй хамтран ажилласан таван жилийн хугацаанд хоёр ч удаа олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Монгол эмч нараа ч сургалаа. Нарийн мэргэжлийн эмч бэлтгэх хөтөлбөрийг АШУҮИС-тай хамраад хэрэгжүүллээ. Өнөөдөр иргэдэд зориулсан сургалт, мэдээллийг өгч байна. Цаашдаа бид мэргэшсэн тусламж үйлчилгээг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллана.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img