2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Испанид цар тахлын үеийн авлигын сүлжээнд Засгийн газар нь оролцжээ

Испанид томоохон авлигын сүлжээг илрүүлжээ. Энэ сүлжээнд тус улсын Засгийн газар ч оролцсон байсан нь ихээхэн дуулиан тарьж байгаа бөгөөд цар тахлын үеэр чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлэлтээс Испанийн төрийн албан тушаалтнууд ихээхэн хөлжсөн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.

2020 онд Испани коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүнийхээ тоогоор Хятадыг ч түрүүлж байв. Тухайн үед оршуулгын товчоонууд ачааллаа дийлэхээ больж, Мадрид дахь мөсөн ордныг талийгаачдын цогцосыг хадгалах газар болгон ашиглаж байлаа. Харин энэ үеэр төрийн өндөр албан тушаал хашдаг зарим хүмүүс зовлон дээр дөрөөлж хөлжиж байсан гэнэ.

ЕlDiario сонинд бичсэнээр, Испанид коронавирусийн халдварын улмаас онц байдал зарласан эхний саруудад Ерөнхий сайд Педро Санчесын засгийн газар амны хаалт худалдан авах зургаан гэрээг төрийн байгууллагуудтай хийжээ. Ийнхүү гэрээ хийхдээ тендерийн шалгаруулалт явуулаагүйн дээр энэ ажиллагааг Испанийн хөгжлийн сайд асан Абалосын зөвлөх Колдо Гарсия удирдсан байна.

Колдо Гарсия амны хаалт худалдан авах гэрээнээс 1,5 сая еврогийн ашгийг богино хугацаанд олсон бөгөөд энэ мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдан авсныг хууль сахиулагчид тогтоожээ. Хөрөнгөө нуухад ашигладаг уламжлалт арга болох төрөл садан дээрээ үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхээ ч мартсангүй. Ингээд энэ бүхэн нь илэрч, ихээхэн дуулиан дэгдэж, Колдогийн хэргийн хүрээнд Колдо, түүний эхнэр, ах зэрэг 20 хүнийг баривчилжээ.

Колдогийн хэрэгт гол үүрэг гүйцэтгэсэн компани нь Soluciones de Gestion y Apoyo a Empresas (SGAE) аж. Энэ компанийн хөрөнгийн эргэлт 2019 онд тэг дүнтэй байснаа 2020 онд 53 сая евро болтлоо өсчээ. Испанийн Ерөнхий сайд Санчес цар атхлын улмаас 2020 оны гуравдугаар сарын 14-ний өдөр онц ибайдал зарласан бол үүнээс ердөө долоо хоногийн дараа Хөгжлийн яамны харьяанд байх Puertos del Estado төрийн компани SGAE компаниас 24 сая еврогийн үнэтэй нийлүүлэлт авах эхний гэрээгээ байгуулсан гэнэ.

Энэ гэрээг байгуулснаас зургаан өдрийн дараа , мөн л Хөгжлийн яамтай холбоотой өөр нэг компани SGAE компанитай нэмэлт нийлүүлэлт хийх 12,5 сая еврогийн үнийн дүнтэй гэрээ байгуулжээ. Цаашлаад, 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Испанийн Дотоод хэргийн яам Испанийн Аюулгүй байдлын сайдаар дамжуулан мөн л SGAE компанитай гэрээ хийж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжид зориулан 3,5 сая еврог гаргасан байна.

SGAE -тай хийсэн дараагийн гурван гэрээг Канарын арлууд болон Балеарын арлуудын Эрүүл мэндийн яамд 16 сая еврогийн үнийн дүнтэйгээр баталжээ. Үүний дараа Балеарын арлуудын төрийн эрхэнд очсон сөрөг хүчин болох Ардын нам өмнөх эрх баригчдын үйл ажиллагааг шалгаснаар авлигын сүлжээг илрүүлсэн байна. Өмнөх эрх баригчид гэрээ байгуулан, худалдан авсан амны хаалтууд нь чанарын шаардлага хангаагүй, SGAE компани амлаж байснаас хэд дахин чанар муутай, вирус нэвтрүүлдэг амны хаалт болох нь тогтоогдсон байна.

Ингээд эмнэлгийн ажилтнууд болон өвчтөнүүдэд тарааж өгөхөөр худалдаж авсан олон сая амны хаалтыг агуулахад шилжүүлж, өнөөдрийг хүртэл эдгээр амны хаалт тоосонд дарагдан хэвтэж байгаа гэнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img