2024-12-04, Лхагва
-23 C
Ulaanbaatar

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум энэ сарын 14-нд болно

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг 2024 оны гуравдугаар сарын 14-нд зохион байгуулах гэж байна. Энэ оны долоодугаар сард болох “Монголын Эдийн засгийн форум 2024”-ын хүрээнд зохион байгуулах гэж буй тус форумын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, “Монголын Эдийн Засгийн Форум” НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор бүсчилсэн хөгжлийг шинэчлэх асуудал хэлэлцүүлгийн шатанд явж байна. Улаанбаатар хот хэрхэн яаж хөгжлийн загвараа сонгох вэ, бидний боломж бололцоо, сул тал юунд байна вэ гэдгийг хэлэлцээд, давуу талаа бусад аймаг, бүсүүдтэйгээ хэрхэн хамтарч ашиглах вэ гэдгийг уг форумаар хэлэлцэнэ. Түүнчлэн Улаанбаатар хотын засаг захиргааны шинэчлэлийн асуудлыг ярина. Өдгөө зарим дүүрэг нь 5000 гаруй хүнтэй байхад зарим нь 400-500 мянган хүн амтай байна. Ийм их хүн амтай дүүргийн иргэд төрийн үйлчилгээ авахад удаашралтай, хүнд сурталтай байдаг. Тиймээс одоогийн засаг захиргааны нэгжийн хуваарилалт Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэгт дүгнэлт хийж, ямар байдлаар засаг захиргааны шинэчлэл хийвэл эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн сэргэлтэд нөлөөж болохыг хэлэлцэнэ.

Мөн дагуул хотын асуудлыг ярилцана. Тодруулбал, Улаанбаатар хотыг тэлэх бодлогын хүрээнд Төв аймагтай холбогдох “Шинэ Зуунмод” дагуул хотын төлөвлөлтийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Дагуул хот бол ажлын байр, шинэ бизнесийн орчныг бий болгох томоохон давуу талтай.

Түүнчлэн дэд бүтцийн хомсдолын асуудал бий. Дэд бүтцийн хомсдол бол эдийн засгийг боомилж буй гол хүчин зүйлийн нэг. Тухайлбал, хотын захын бүс рүү тэлэлт хийж, барилга байгууламжаа төлөвлөхөд эрчим хүч, дулаан, гадаргын усны эх үүсвэрийн хомсдол үүсдэг. Үүнийг том зургаар нь харж, томоохон шийдлүүдийг хэлэлцэнэ. Мөн хүнсний аюулгүй байдал, хангамж, логистикийн асуудлыг шийдэхгүйгээр Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг харж чадахгүй.

Тиймээс дээрх дөрвөн гол сэдвийн хүрээнд олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонсож, хувийн хэвшлийн оролцоог нээж өгөх чухал шийдлүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан бид холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байна гэв.

“Монголын Эдийн засгийн форум” НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг:

-Монголын Эдийн засгийн форум хотын асуудлаар нийслэлийн удирдлагуудтай хамтран тусгайлан форум зохион байгуулж байгаагүй. Форумын зорилго бол нийгэмд ойлголцол, зөвшилцлийг бий болгох, тодорхой шийдлүүдийг тал талаас нь хэлэлцэхэд оршино. Мэдээж нэг өдрийн дотор бүгд нэг ойлголттой болоод зөвшилцөнө гэж байхгүй. Гэхдээ байгаа асуудлуудаа ил гаргаад, тухайн асуудлыг тал бүрээс хэрхэн харж байгаагаа хэлэлцээд, боломжит шийдлээ ярилцах эхний алхмыг хийнэ. Иймд бизнесийн болон олон нийтийн байгууллагуудыг тус форумд өргөнөөр оролцохыг урьж байна гэлээ.

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумаар хэлэлцэх “Засаглал”, “Дагуул хот”, “Дэд бүтэц, эдийн засгийн сэргэлт”, “Эрүүл аюулгүй орчин, хүнсний хангамж” гэх дөрвөн гол сэдвээс гадна Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах юм.

Эх сурвалжНЗДТГ-ЫН ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img