2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Р.Цолмон: Хаврын улиралд ходоод угаах буюу бөөлжүүлэг эмчилгээг заавал хийх учиртай

“Сумади" уламжлалт эмнэлгийн их эмч Р.Цолмонгоос хаврын эмчилгээний талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Хаврын улиралд ядрах зовиур хүчтэй илэрдэг. Үүнийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн тайлбарладаг вэ?

-Уламжлалт анагаах ухаанд хаврын улирлыг хоёр хувааж үздэг. Хаврын тэргүүн болоод дунд сарыг хавар гэдэг бол хаврын адаг болон зуны эхэн сарыг тэжээлийн улирал хэмээн нэрлэдэг. Хаврын эхэн, дунд сард хүний бие махбодид бадгана илүүтэй хөдөлдөг.

Бадган нь Монголын уламжлалт анагаах ухааны нэр томьёо л доо. Монгол анагаах ухааны үндсэн онол болох гурван гэмд хий шар бадгана багтдаг юм. Бие махбодын шороо усан махбодтой холбоотой үйл ажиллагааг хариуцан явуулдаг гэж үздэг. Шороо, усан махбодын тухайд тослог, сэрүүн, хүнд, мохоо, зөөлөн, батлаг, наалдамхай гэх бэлгэ чанарууд их агуулагддаг.

Хүний бие дэх хүнд, тослог г.м бэлгэ чанар ихсэхээр нозоорох, залхуурах, нойроо дийлэхээ болих, хоолны шингэц муудах шинж илэрдэг. Ходоод гэдэс, бөөр нь өвддөг, хаван ихтэй хүмүүсийн өвчин зовиур хөдлөх тал бий. Гэвч энэ бүхнийг хүмүүс улирлын шинж чанартай гэж боддоггүй. Ядаргаанд орчихлоо гээд буруу эмчилгээ хийх тал ажиглагддаг. Зөв хоолны дэглэм бариад, явдал мөрөө сахиж чадвал энэ зовиураас салах боломжтой.

-Уламжлалт анагаах ухаанд эдгээр зовиурыг хэрхэн эмчилдэг бол? Хавар цагт заавал хийдэг эмчилгээ гэж бий юу?

-Хаврын улиралд ходоод угаах гэдэг эмчилгээ бий. Ходоод бол бадгана гэдэг махбодийн оршдог гол орон. Бөөлжүүлж ходоодыг цэвэрлэдэг. Тэгж цэвэрлэж чадвал биемахбодь сэргэнэ. Хоол унд хялбар шингэдэг болно. Бадган амархан арилна. Мөн өвөлжин хүнд махан хоол голлож идсэн, ханиадны олон төрлийн эм уусан, их нус цэртэй ханиад хүрсэн, энэ их утаа угаарт бсан бол хийлгэх ёстой эмчилгээний нэг.

-Ходоод угаах эмчилгээг хүн бүр хийлгэх ёстой юу?

-Эрүүл хүн ч хийлгэж байх учиртай. Мэдээж мэргэжлийн эмчид хандах ёстой. Хориглох шалтгаанууд байгаа эсэхийг мэргэжлийн эмч үзэж оношилж байж ходоод угаах эсэхийг шийднэ.

-Бадган хөдлөх хаврын цагт ямар хоол унд идэж уувал зохимжтой бол?

-Аль болох шингэхэд хялбар хоол идэх хэрэгтэй. Уух зүйлийн тухайд хүйтэн зүйлийг хориглоно. Буцалсан, халуун бүлээн ус, хярам уувал зохимжтой. Шөлтэй хоол түлхүү хэрэглэвэл биед дэмтэй. Бадган хөдөлгөх хүнс гэвэл амтлаг зүйлс байна. Хүйтэн юм уухад хөдөлнө. Өөх тостой хүнс дэмий. Жимс ногоо хэтрүүлэн идэх сайн биш.

Их хэмжээгээр хооллох, идсэн хоолоо шингээгүй байхад дараагийнхаа хоолыг идэх гэх мэт шалтгаанаас болж бадган үүсдэг. Хэт их боловсруулсан хүнснээс татгалзах хэрэгтэй. Сая хэлсэн хүнснүүдийг хаврын эхэн болоод дунд сард багасгах нь биед хэрэгтэй.

-Хаврын салхи хавирга нэвт гэж ярьдаг. Гэтэл хүмүүс хаврын улиралд нэмэх хэм рүү ороод эхлэнгүүт нимгэлээд эхэлдэг. Энэ хэр зөв бэ?

-Хаврын улиралд хэт нимгэлж болохгүй. Хаврын улиралд цас мөс хайлж, газар гэсч, нарны бүлээн илчийн нөлөөгөөр нь цэцэг ногоо ургадгийг мэдэхгүй хүн үгүй. Яг энэ үед өвлийн сүүл сарын хүйтэн, хаврын бүлээн сарын завсрын үе эхэлж хоорондоо харшилж эхэлдэг. Тийм ч учраас “Хаврын салхи хавирга нэвт” гэсэн үг гарсан болов уу.

-Дасгал хөдөлгөөн хийвэл ямар бол, хаврын улиралд?

-Дасгал хөдөлгөөн хийх тусмаа сайн. Учир нь бадган гэдэг зүйл хүний биеийг хүндрүүлж, нозооруулж, ажиллах эрч хүчийг дарангуйлдаг. Тийм учраас бие махбодийг тодорхой хөдөлгөөнүүдийг хийж сэргээж байх хэрэгтэй. Тэртусмаа алхах их сайн. Уламжлалт анагаах ухаанд хөлрөхгүйгээр алхах нь явдал мөрийн дээд хэмээдэг. Өөртөө тохирсон хөнгөн хувцас өмсөөд алхах, хэт их ачаалал авахгүйгээр хөнгөн дасгал хийвэл зүгээр.

-Тэжээлийн улиралд юуг анхаарах ёстой вэ?

-Яг энэ үед урин дулаан эхэлчихдэг учраас бадган багасч, оронд нь хий гэдэг зүйл хүний биед хурж эхэлдэг. Хий хурдаг энэ үед хүмүүсийн ярьдагчлан “хаврын синдром” илэрдэг. Сэтгэл санаа гэгэлзэх, янз бүр болох өөрчлөлтүүд дөрөв, таван сарын үед илэрдэг гэсэн үг. Өвөл мелатонин даавар их хэмжээгээр ялгарч аз жаргал сэтгэлийн хөөрөлд оролцдог сератонин даавар дарангуйлагдсан байдаг, харин хавар урь ороод эхлэнгүүт нарны гэрлийн нөлөөгөөр сератонин гэдэг даавар ихэсдэг гэсэн тайлбар бий.

Хавар болохоор сэтгэл хөнгөрч, гэгэлзэж, дурлаад байдгийн бас нэг шалтгаан нь энэ гэж эмч нар хэлдэг. Уламжлалт анагаах ухааны хувьд хий гэдэг зүйл ихдэхээр сэтгэлд их нөлөөлдөг гэж үздэг. Зүрх, тархи гэх мэт эрхтэн хий оршдог гол эрхтэн нь учраас хий их хэмжээгээр хурах үед сэтгэлийн хөдөлгөөн ихэсдэг. Бие махбодид үүссэн хийнд огцом өөрчлөлт оруулахгүйн тулд хий дарах чигийн явдал мөрд анхаарч, тэр зүгийн идээ ундааг хэрэглэх учиртай. Борцтой шөлтэй хоол, хонины мах идэх хэрэгтэй. Сэтгэл санаагаа тайван байлгах нь тун чухал.

Бага зэргийн амтлаг амттай, давслаг хоол идэхэд зүгээр. Зун болохоос өмнө жингээ хасна гээд хоолоо сойх явдал бүсгүйчүүдэд түгээмэл ажиглагддаг. Мацаг барьж, хоолоо сойхыг дөрөв, тавдугаар сард аль болох хориглох ёстой байдаг. Харин түүний оронд шөлтэй хоол түлхүү идэх хэрэгтэй. Өглөө бүр өлөн элгэн дээрээ чигчий хурууныхаа хумсны толионы хэмжээтэй шар тос уух нь биед маш сайн нөлөөтэй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img