2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

Юуг ч хувиргах шидтэй  Флора Борси

Гэрэл зураг бол олон  технологийг нийлүүлж гаргаж авсан, өнө урт түүхтэй  шинжлэх ухааны гайхамшигт ололт,  урлагийн тод төрөл. Фото- гэрэл зураг дотроо хөрөг, хар цагаан, баримтат, байгаль, спорт, дрон, усан доорхи, загвар, сансар огторгуй, абстракт, сюрреалист гэх мэт 28 гаруй ангилалтай. Илүү гүнзгий ухвал үүнээс ч том тоо гарна. Унгарын Флора Борси хэмээх бүсгүйн “сюрреалист” гэрэл зургийн  бүтээлүүд хараа булаам үзэсгэлэнгээрээ олныг татдаг.

Сэтгэлд хоногшиж, ухаан бодлыг эргүүлэх элдэвтэй зураг дардаг түүний гэрэл зургуудыг  үргэлж нууцлаг байдаг зүүд зэрэглээтэй ч юм уу, эсвээс уран зөгнөлт зохиолын дуу алдам зохиомжтой зүйрлэмээр. Нэг тийм ер бусын хэрнээ хачин этгээд. Зөвхөн эмэгтэй хүний чамин мэдрэмж л харуулж чадах бүхнийг тэр гэрэл, сүүдрээр буулгадаг.

Флора БорсиӨнгө үзэмж, өгүүлэмж утга, чадвар,чанар чансаагаараа бусдынхаа дундаас гялалзаж, “онцгойрч” чаддаг Флорагийн авсан гэрэл зургуудаас  үнэн бодит харагдах атлаа амьдрал дээр хэзээ ч байж боломгүй өнгө төрхийг олж харна. Түүний  зургууд “сюрреалист” төрөлд багтдаг нь ийм учиртай. Сюрреализмын угийг босгож, урсгалыг үндэслэгчийн нэг нь Испанийн Каталан мужаас гаралтай, ХХ зууны хамгийн нөлөө бүхий уран бүтээлч Салвадор Дали. Алдарт зураач Фрида Кало, Пабло Пикассо нарын уран бүтээлд ч сюрреализмын зургууд байдгийг бид мэднэ. Харин гэрэл зургийн сюрреализмийн үүсэл 1920 оноос эхтэй. Парис хотноо үүссэн гэрэл зургийг сюрреализм  тавь, жаран жилийн турш хөгжиж явсаар, 1970 оны төгсгөлд гэрэл зургийн нэгэн төрөл болж чадсан түүхтэй.

Флора Борси

Сюрреализмын төрлөөр гайхагдаж буй Флора Борси 1993 онд Унгарын Будапешт хотноо төржээ. Флора охин 11 настайгаасаа л фото зургийг засч янзална гэдгийг үзүүлж өгдөг байж.  Фото зураг янзалж эхэлсэн бяцхан Флора сүүлдээ  зассан зургаа улам гоё болгож эхэлсэн гэдэг. Өнгөнд оруулна.  Элдэв гоёл чимэглэл нэмж чимж зүйнэ.  Фото зурагт ингэтлээ дурласан охин  Будапешт хотын Мохой-Надь Их Сургуулийн -Урлаг Дизайнерийн фотографийн ангид элсчээ.  Тэр үеэс Флора  өөрөө модель болж зургаа авч эхэлсэн юм.

Флора Борси

Түүнийг төрөл бүрийн арга техникийг мастерийн хэмжээнд эзэмшин хэрэглэж, сюрреализмийн аяст оруулахдаа сэтгэл хөдлөл, хүсэл мөрөөдөл, бодлын уялдаа,  учгийг  чадварлаг гаргаж чаддаг гэрэл зурагчин гэж салбарынхан нь үнэлдэг. Флора  өө сэвгүй, цэвэр, сайхан зургийг уран нарийн, нэг тийм баригдашгүй гайхам бүтээл болгоод хувиргачихдаг шидтэй бүтээлч. Санаагаа  сэтгэлд буутал гаргаж чаддаг Флорагийн сюрреалист зургуудад эмэгтэй хүний гоо сайхан, сэтгэл зүрхнийх нь  хүсэл эрэлхийлэл, бодол санаашрал, хагацал харуусал гээд бүх л сэтгэлийн  хөдлөл буусан байдаг. Урлаг судлаачдын онцгойлж үнэлдэг нэг өнцөг нь энэ.

Зурагчин бүсгүй “Өөрийгөө модель болгочихоод, зургаа авах  сайн, муу хоёр талтай. Зарим үед хэн нэгэнд заавар өгөөд санаснаа гүйцэлдүүлэх сайхан ч өнөө модель маань миний хүссэн сэтгэл хөдлөл харц мэдрэмжийг гаргаж чадахгүй байх явдал зөндөө. Тиймээс нүүр царайны хувирал илэрхийллээ өөрөө гаргах нь хамаагүй амар” гэж  ярьсан удаатай.

Флора Борси

Тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Би чимхлүүр ажиллагаа шаардсан төвөгтэй ажлуудын зураг авдаг. Тийм болохоор алдаа гаргасан тохиолдолд шууд засч чаддаггүй. Засах гаргалгаагаа олсоны дараа л  зураг авалтаа хийдэг маань ийм учиртай. Олон  зураг авах хэрэг гарвал  ямар нэг  тусгай байрлалтай газар, талбай дээр хэзээ ч очдоггүй. Бүр  гадаа гарахыг ч хүсдэггүй.

Флора Борси

Танихгүй  хүмүүсийн өмнө хөлтэй зургийн аппарат байрлуулчихаад, зургаа  дарж зогсоно гэдэг  миний хувьд бүтэшгүй зүйл. Түм буман, маш жижиг, чимхлүүр зүйл дээр няхуур нямбай ажиллах ёстой байдаг болохоор ганцаараа байх нь хамгийн төгс сонголт. Өнгөрсөн бүх хугацаанд би урландаа л  эх зургаа гаргаж,  нүүр будалтаа хийж, зургаа авч, засварын ажлаа хийсээр ирсэн, одоо ч хийсээр  байна.

Флора Борси

Олон хүн надаас, нас чинь ахиж хөгшрөөд ирэхээр өөрийнхөө зургаа авахаа  болих уу гэж байнга асуудаг.  Эхэн үедээ ч би нүүр хүзүү маань үрчийж хөгшрөх  цагтаа болино доо гэж боддог байлаа. Одоо харин бодол минь өөрчлөгдсөн. Хөгширсөн ч өөрийнхөө зургийг авч бүтээлээ туурвисаар байх болно. Хүмүүс бүтээлээс минь нас минь ахиж, хэр хөгширч байгааг харж яагаад болохгүй гэж” хэмээн онцолж байж.

Флора Борси

“Бүх ажил минь зөвхөн миний бодол төсөөлөл, хуруу гар, ураар ухаанаар бүтдэг” хэмээн ярих  түүний гэрэл зургууд бүсгүй хүний хэврэг турьхан бие, хүчирхэг байдлын хослолыг гайхалтай гаргаж чаддаг. Уран зурагт дуртай, зураг зурах авьяастай нь түүний гэрэл зургуудыг илүү амьтай, нууцлаг болгодог байж ч мэдэх юм. Фотошоп программыг төгс эзэмшсэн түүний зургууд яг л зөгнөлт шидэт, үлгэр туульсыг “аниргүйгээр” хүүрнэх мэт шидтэй. Уншигч та “Хөвж буй алтан загас”, “ Цахирмаа цэцгэн нүд”, “ Өдөн үс” зэрэг гэрэл зургуудыг зорьж  сонирхож хараарай. Санаа бодлыг бодит амьдралаас түр ч гэсэн салгаж чадах шид тэр зургуудад оршиж байх шиг санагддаг юм.

Флора Борси

Унгарын авьяаслаг гэрэл зурагчин бүсгүй бие даасан үзэсгэлэнгээ АНУ болон Европын орнуудад амжилттай дэлгэж,  хамтын үзэсгэлэнгээ Лондон дахь нэрт “Саатчи галерея”, Францын Луврт гаргажээ. The Guardian’s Observer and BBC Culture, Adobe Photoshop шагналуудыг 2014 онд хүртэж байж.  Мөн тэрээр Forbes -ийн тусгай шагнал болох, 30 доош насныханд зориулсан  “Европ дахь Урлаг болон Соёлын шагналтан” юм.

Флора Борси

Флора Борси

Флора Борси

Флора Борси

Флора Борси

Флора Борси

Флора Борси

Флора Борси

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img