2024-07-24, Лхагва
19 C
Ulaanbaatar

Д.Найгалмаа: Галсангаа халуун говьд цөлөгдөхөд “Зовлонгоо ч хуваалцана” гээд дагаад явсан даа

Өнөөдөр Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Оросын декабристүүдын эхнэрүүд эр нөхрүүдээ Сибирьт цөлөгдөхөд хатан зориг гарган хатуу бүхнийг даван туулж даган одсон шиг эрх хонгор насандаа бэрх цөллөгт явсан монгол бүсгүйчүүдийн ч гавьяа зүтгэлийг магтууштай. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон Б.Ринчений нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, зохиолч, яруу найрагч Тангадын Галсангийн гэргий Д.Найгалмаатай уулзаж хөөрөлдлөө.

-Мориноос буухад буузны халуун жигнүүр шиг газар улан доороос төөнөнө-

-Танд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе!
-Баярлалаа, миний хүү. Чамд ч бас Мартын 8-ны баярын мэнд хүргэе!
-Ачлалт багшийг маань өдий зэрэгт хүргэсэн ханийн хайр халамжийг тань юутай ч зүйрлэн өгүүлшгүй. Та багштай хэдэн настайдаа танилцаж байв?
-Баянхонгор хотын хоёрдугаар дунд сургуульд өвгөн маань хичээлийн эрхлэгчээр, би багшаар ажиллаж байхдаа анх танилцаж ханилсан түүхтэй. Хорин нас ч хүрээгүй хонгор зүстэй цэл залуухан бүсгүй байж. Арван есөн нас гэдэг ч аргагүй л алдрай хонгор үе байж дээ.
-Ханиа сэхээтний ширээнээс тэмээний бэлчээрт хөөгдөхөд хэцүү санагдаж байв уу?
-Хань маань “Нам төрийн эсэргүүн” гэгдэж тэмээчнээр цөлөгдөх боллоо. Гүтгэж гүжирдүүлсэн ямар ч хүний сэтгэл санаа яаж амгалан байхав дээ. Галсан маань “Миний амьдрал жаргалгүй боллоо. Чи минь насныхаа залуу, зүснийхээ шингэн, үснийхээ уртад заяагаа бод доо” гэж байсаан.
-Та тэгэхэд нь юу гэж хэлэв?
-Би юу гэхэв дээ. “Жаргалаа хуваалцсан юм чинь зовлонгоо ч адилхан хуваана аа. Жаргахдаа ханилаад зовохдоо сална гэж байх уу, юу ярина вэ та минь” гэж тавилангаа дагаж өнөөг хүрлээ дээ.
Миний ханийн тухай соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт гүүш Готовын Аким олны танил болоогүй байхад нь хэлмэгдлийн тухай нь “Тэмээ болоогүй хүн” гэсэн хөрөг нийтлэл бичиж байсан баярлаж явдаг юм. Сэтгүүлч хүн гэдэг сэтгэдэг, үнэн цагаанд итгэдэг, үлэмжийн гэрэлд зүтгэдэг үйлс нь өөдөө буянтнууд байдаг юм билээ.
-Гай зовлон гэдэг хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэдэг. Чухам юунаас болоод халуун говьд тэмээ хариулахаар цөлөгдөх болсон юм бол?
-Бид хоёрыг Баянхонгор аймгийн Бууцагаан суманд ажиллаж байхад онгоц буудаггүй өдөр онгоц гэнэт бууж нэг сүрхий өндөр хүн ирдэг юм. Өвгөн шүлгээ уншиж, би хоол цай хийгээд хэрдээ л хөл хөөр боллоо доо.
Найгалмаа-Тэр сүрхий өндөр хүн хэн гэгч байв?
-Зохиолч Д.Даржаа гуай л даа… (Санаа алдав. Л.Б)
-Даржаа гуай танайд очсоноос хойш багшийн шүлгүүдийг “Эсэргүүний бүтээл” гэж харлуулсан гэдэг байх аа? 
-Тэр хүнийг очсоноос хойш хэдхэн сарын дараа Галсан маань тэмээчин болж билээ. Хангай газрын хүн говьд амьдарна гэдэг ч бэрх ээ бэрх. Зуны тэр их аагим халуун нь малгайны оронд нар өмсчихсөн юм шиг, мориноос буухад газар гэдэг буузны халуун жигнүүр шиг улан доороос төөнөнө.
-Пээ, ёстой нэг пүнхийсэн халуун газар байна даа, бурхан минь?
-Газар буучихаад эргээд мордоход эмээлийн баавар тэрлэг нэвт хайраад, ээ дээ мөн чиг хэцүү шүү дээ. Таван хошуу малаас хамгийн адармаатай нь тэмээ гэдгийг төр засаг анзаарсан дээрээс л шийтгэл болгосон нь тэр байсан биз дээ. Тэр хэлмэгдэгсдээс Ц.Лоохууз гуайг хоньчин, миний өвгөнийг тэмээчин болгосон гээд бод доо.
-Тухайн үеийн нам төрийн удирдагчид багшид их л өшил өшиж, хясал хясаж дээ?
-Миний хувьд сэрүүн сайхан Галуут, Мандалын хангайдаа хурга ишиг, тугал бяруу л эргүүлж явсан болохоос биш тэмээтэй газар өсөж өндийгөөгүй болохоор зүсэлж нүдлэхээс өгсүүлээд түмэн янзын бэрхшээл дор дороосоо ундран гарч ирсэн дээ. Зуны ноосолсон тэмээ гэхэд бүгд л хоорондоо ялгахын аргагүй гүрдийсэн хөх амьтад болчихдог. Тав зургаан тэмээ туугаад явах гэхэд л тал тал тийшээ салхидаж, дур дураараа толгойгоо мэдэх гээд байдаг мөн ч зөрүүд мал шүү дээ.
-Т.Галсан багш хожим хотод орж ирээд “Махкомбинат”-ад ясчин хийж байсан гэл үү?
-Өвгөн маань хотод орж ирээд “Махкомбинат”-ын ясчин, манаач, мужаан гээд янз бүрийн л ажил төрөл хийж байсан. Тэмээчний амьдралыг туулаад гарсан болохоор амьдралын ямар ч орчин нөхцөл бидэнд зөөлөн сайхан санагддаг байсан. Ханиа “Ясчин боллоо” гэхэд төрийн том албан хаагч болчихсны дайтай баярлаж бахдаж байсан шүү.
-Хадам ээж, бэрүүдийг эе муутай байдаг гэсэн ойлголт хүмүүст байгаад байх шиг санагддаг. Танд хадам ээж тань ямаршуухан ханддаг байв?
-Ямар ч хүн ханилсан ханийнхаа ээжийг өөрийнхөө ээжтэй л зүйрлэн адилтгаж бодохгүй л бол хэцүү. Эх хүн үрийнхээ ханийг тодорхойлдог. Хадам ээж маань хэрдээ хатуу хүн байсан шиг санагддаг. Гэхдээ ээж маань “Үг нь хурц шулуун ч сүүн гол урсах шиг хайлган цайлган сэтгэлтэй дээ, миний охин” гэж чин сэтгэлээсээ хэлдэг байсан. Ээжийг бурхан болтол нь би асарч байлаа. “Үр хүүхдийнхээ сайхныг үзээрэй. Үрээ мориныхоо хурдныг үзээрэй” гэж байнга ерөөдөг хүн байлаа.
-Намайг оюутан болоод танайд анх ирэхэд багшийн ээж жижиг өрөөнд тань амьдардаг, их л бэлэн цэцэн үгтэй, шүлэглэн ярьдаг эмээ байсан шүү…
-Нүд анихаасаа өмнө үг хэлж чадахаа больсон байсан ч амандаа “Сайныг үзээрэй, сайхныг үзээрэй” гэсээр амьсгал отголсон доо, зайлуул. Настай хүний баярлуулахад буянаа хайрладаг гэдэг мөн ч үнэн үг шүү.
-Танайх хэдэн хүүхэдтэй айл билээ?
-Өвгөн маань “Авс тэгшхэн мөрлөх дөрвөн хүүтэй
Асгартал уйлах ганц охинтой
Амьдралд дутуу юм байхгүй” гэж хэлдэг. Би багш шиг чинь сайхнаар хэлж чадахгүй юм. Чи Энхтайван ахыгаа мэднэ. “Русская гимназия” сургуулийн захирал хүн бий шүү дээ. Бодьбаатар хүү маань Жинст суманд тэмээчин байхад төрж байлаа. Удаахь хүү маань төрийн шагналт зохиолч, Зохиолчдын хорооны дарга Сономын Удвал гуайн буянаар өвгөний “Өнөр хүний зүрх” ном хэвлэгдэхэд мэндэлсэн болохоор ахынх нь нэрээс оруулж Бодь-Өнөр гэж нэрлэж байсан. Тэгээд Тэгшзаяа охин маань, Бодьбилгүүн хүү маань төрсөн дөө.
-Та багшийн мэргэжлээр олон жил ажилласан биз?
-Би Баянхонгор аймгийн Бууцагаанд, Нийслэлийн есдүгээр сургууль, дөчдүгээр сургуульд нийтдээ гучин жил багшилсан хүн. Багш хүн өдөр бүхэн хүүхэд гэдэг амьд цэцгэн дунд умбаж байдаг болохоор өөрийн мэргэжилдээ үнэн сэтгэлээсээ хайртай шүү.
Хүүхэд гэдэг сургуульдаа ирэхдээ хувцасныхаа гоёыг өмсөж, сэтгэлийн сайхнаар бэлэг барьсаар ирдэг амьд цэцгүүд л гэж надад бодогддог байлаа. Тиймээс би мэргэжлийнхээ сайхныг хүндэлж, есөн сарын нэгэн болоход шинэ сайхан хувцсаар гоёод очих их дуртай сан.
-Багшийг “Болор цом” наадмын тэргүүн найрагчаар шалгараад орж ирэх үеийн дурсамжаас хуваалцаач!
-1988 оны “Болор цом” наадамд өвгөн маань “Шүлгээ уншина” гээд явлаа. Өмнөх жил нь “Болор цом”-д ороод гундуухан ирж байсан юм. Би хэдэн хүүхэдтэйгээ хувцас хунараа угаагаад хоцорсон юм. Удалгүй ажлынхаа газраас утасдаж “Наагуур чинь миний наадамд унших шүлэг байна уу” гэж байна.
-Унших шүлгээ хайж утасдсан гэхээр бас л уужуухан явжээ?
-Хүүхдүүдтэйгээ шүлгийг нь хайгаад олдоггүй. “Одоо шүлгээ хайж байгаа хүн чинь яаж ч наадамд оролцохов дээ” гэсэн шүү юм бодогдож инээд хүрсэн шиг л байлаа. Өвгөн дахин утасдаж “Шүлгээ оллоо оллоо” гэж байна. Орой нь хаалганы хонх дуугарахаар нь онгойлготол зураглаач Ж.Асалбай тэргүүтэй “Кино үйлдвэр”-ийнхэн Галсанг мөрөн дээрээ суулгачихсан “Манай байгууллагаас Болор цомтон төрлөө” гэлцэн бөөн дуу шуу болсон улс орж ирцгээсэн дээ.
Найгалмаа
Хөдөлмөрийн баатар Тангадын Галсан, гэргий Д.Найгалмаа нар ач охины хамт. Баянхонгор аймгийн Заг сум. Загийн гол. Хүүхдийн овоо. 1994 он.

-Ямар ч бэлтгэлгүй байхад чинь өрхийн тэргүүн Болор цомтон болоод ороод иржээ дээ?

-Миний сандарсан ч гэж зүйрлэх юм биш. Гаднаас цагаан тос оруулан хагалж таваглаад, гарч гүйлээ дээ.
-Гарч гүйдэг нь яаж байгаа юм бэ?
-Тэр үед одооныхтой адил бэлэн дэлгүүр сав онгорхой байх биш. Идээ ундаа ч элбэг дэлбэг байсан биш дээ. Хажуугийн орцонд байдаг Намын Төв хорооны үзэл суртлын орлогч эрхлэгч Даваадашийнхаас ганц шил архи олж ирж зочдынхоо амыг хааж байлаа. Даваадашийн эхнэр Бадамханд бид хоёр найз, тэгээд ч тэр том дарга айлд ганц шил архи байлгүй яах вэ дээ.
-Юм ховор зэвэр сонин цаг үе байж дээ. Та багшийн хэвлэгдсэн номуудын хавтасны зургийг урлагийн бүтээл шиг урласан уран хүн дээ. Цаанаа л нэг гоё санагдаад байдаг юм?
-Ханийнхаа “Төрсөн хүүгийн чинь үг”, “Өнөр хүний зүрх”, “Өссөн нутгийн хур” зэрэг жар гаруй номын хавтсыг тэнгэрийн өнгөт цэнхэр торгонд өнгө өнгийн утсаар урлан суух залуу насны маань жаргалтай сайхан мөчүүд байдаг байлаа даа. Одоо ч нас өндөр болоод сүүлийн үеийн номын хавтсуудыг хатгамлаар оёж чадахаа байж дээ.
Миний муу өвгөн чинь өдий ер гаруй наслахдаа 140-өөд ном хэвлүүлсэн аргагүй л ардын уран зохиолч хүн шүү дээ. Жаргалтай зовлонтой янз бүрийн л амьдрал туулахдаа бид хоёр бэрхшээлээс хэзээ ч шантарч явсангүй дээ. Эзэн Богд Чингис хаан эмээлт мориноосоо бууж амссан ариухан рашаант Загийн гол надад аавын сайхан хүүг хань болгон заяасан болохоор чанасан цайныхаа дээжийг өглөө бүхэн тэр ариун дагшин нутгийн зүг өргөж байдаг даа.
-Мартын 8-ныг тохиолдуулж айл гэрийн чимэг болсон охид бүсгүйчүүлд хандаж та юу хэлэх сэн бол?
-За даа, Найгал эгч нь юугаа хэлэх билээ дээ. Айлын эзэгтэй хүн юун түрүүнд харьцааны сайхныг дээдлэх ёстой юм уу даа. Гаднаас орж ирж байгаа хүн баяртай ч, гунигтай ч байж болно оо доо.
Ирсэн зочныг хүндэтгэж амьдрал ахуй ямар ч байдалтай байлаа гэсэн нөгөө хүнийхээ сэтгэлд халуун дулаан сэтгэгдэл төрүүлэхээр баясгалантай, инээмсэглэсэн царайгаар угтахад ямар сайхан байх билээ. “Цайгаа өгөхөөр царайгаа өг” гэдэг чинь л энэ шүү дээ. Дүүрэн аягатай цайгаа зочинд барихдаа цалгиалгүй, амьдралд аз жаргалаа халгиалгүй авч явахад бүсгүй хүний эв, ухаан л чухал гэж зөвлөе дөө.
- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img