2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

122 жилийн ойгоо өрсөлдөгчөө хожиж тэмдэглэсэн Мадридын “Реал” 4.5 тэрбум долларын үнэлгээтэй

Испанийн эзэн хааны баг гэгддэг алдарт Мадридын “Реал” үүсгэн байгуулагдсаныхаа 122 жилийн ойгоо төрөлх “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэндээ Европын Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарахын төлөөх шийдвэрлэх тоглолтыг Германы шаггүй “Лейпциг” багийг хүлээн авсан билээ.

“Реал” Германы багийг талбай дээр нь 1:0-ээр хожсон ч “Сантьяго Бернабеу”-даа “Лейпциг”-ийн сүрхий эсэргүүцэлтэй тулгарсныг манай хөлбөмбөгийн хорхойтнууд харсан биз ээ.

Талбайн эздийн бразил довтлогч Винисиус Жуниор тоглолтын 65 дахь минутад гоол оруулсан боловч үүнээс ердөө гурван минутын дараа “Лейпциг”-ийн унгар хамгаалагч Вилмош Орбан тооны харьцааг тэнцүүлсэн. Ингэснээр тоглолт дуусах хүртэл хэн нь хэнийгээ ялна гэдэг тун ч эргэлзээтэй болсон юм. Германы баг дахиад нэг бөмбөг оруулбал Аваргуудын лигийн дараагийн шатанд хэн шалгарах нь нэмэлт цагт шийдэгдэх байсан учраас тэр.

“Лейпциг” хэдий мэрийсэн ч дахиж гоол хийж чадаагүй. Ингэснээр итали дасгалжуулагч Карло Анчелоттигийн удирддаг “Реал” Европын Аваргуудын лигийн дараагийн шатанд ээлжит удаагаа шалгарлаа.

“Реал”

Энд тэмдэглэхэд, “Реал” 122 жилийн ойдоо онцгүй сюрпризтэй тулгарсан. Юу гэвэл, Испанийн Прокурорын газар тус багийн ахлах дасгалжуулагч Карло Анчелоттиг 2014-2015 онуудад хоёр гаруй сая еврог татвараас нуун дарагдуулсан хэргээр 4 сар 9 сарын хорих ял оноохоор зэхэж буйгаа мэдэгджээ.

Гэхдээ үүнд итали дасгалжуулагч тайван хандаж элдэв онцгой мэдэгдэл хийлгүй ажлаа тайван үргэлжлүүлсээр. Учир нь “El Chiringuito” мэдээллийн цахим хуудсанд бичсэнээр, ийм хэрэгт түүнээс өмнө Аргентины Лионель Месси, Бразилийн Неймар, Португалийн Криштиану Роналду зэрэг хөлбөмбөгчдөөс гадна Португалийн алдарт дасгалжуулагч Жозе Моуриньюг буруутгах гэж оролдож байжээ.

Үүнээс гадна олон сая еврог татвараас нуун дарагдуулсан хэргээр 2021 онд буруутгагдсан Хосеп Гвардиола нэр хүндээ сэргээлгэхээр шүүхэд хандахаар зэхэж байгаа гэнэ.

Мэдээж, Лионель Месси, Неймар, Криштиану Роналду, Жозе Моуринью, Хосеп Гвардиолагийн хэн нь ч шоронгийн хаалга татаагүй.

Хэдий тийм ч “Реал” энэ хэргийн талаар шуугиан дэгдээхийг хүсэлгүй элдэв мэдэгдэл хийхээс зайлсхийжээ. Үүний оронд Аваргуудын лигийн дараагийн шатанд шалгарах шийдвэрлэх тоглолтод бүх анхаарлаа хандуулсан байна.

“Бланкос” гэх хочтой тус баг “Лейпциг”-тэй хийсэн хариу тоглолтод Валвердег довтолгооны баруун жигүүрт байрлуулж, Винисиус Жуниорыг дуртай зүүн жигүүрээс нь төв рүү татсанаас үүдэн тоглолт ерөнхийдөө уйтгартай өрнөж, үзэгчид бухимдан үе үе эсгэрч байлаа.

Иймд завсарлагааны дараа талбайн эзэд Камавингуг Родригогоор сольсонд гайхах зүйлгүй. Үүний дараа уйдсан үзэгчид сэргэх болсон. Дээр хэлсэнчлэн, Английн легионер Беллингемийн дамжуулалтаар Бразилийн Винисиус Жуниор тансаг гоол хийсэн билээ. Гэхдээ Германы багууд ямар ч нөхцөлд бууж өгдөггүйгээ харуулан тооны харьцааг тэнцүүлж дөнгөсөн.

“Реал”

Хэдий тийм ч “Реал” төрөлх цэнгэлдэх хүрээлэндээ үүсгэн байгуулагдсан өдөртөө хэзээ ч хожигддоггүй уламжлалаа хадгалж чадлаа.

Тус багийн 80 мянга гаруй суудалтай аварга том цэнгэлдэх хүрээлэнг “Сантьяго Бернабеу” гэж нэрлэсэн нь бас учиртай аж. Юу гэвэл, “Реал” багийн ерөнхийлөгч Сантьяго Бернабеугийн үед домогт Ди Стефано, Хенто, Пушкаш, Копа, Сантамариа зэрэг орон орны од хөлбөмбөгчдийг эгнээндээ элсүүлсэн эл баг дийлдэшгүй байв. 1956-1960 онуудад Европын аваргуудын лиг (тэр үед Европын аваргуудын цом гэгддэг байв)-т дараалан тав түрүүлсэн нь өнөөг хүртэл эвдэгдээгүй дээд амжилт юм.

ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо Мадридын “Реал”-ыг ХХ зууны дэлхийн шилдэг багаар зарлаж байлаа. Арга ч үгүй, тус баг Испанийн дээд буюу Ла лигийн тэмцээнийг нэг ч удаа алгассан түүхгүй. Үүнээс гадна улсдаа хамгийн их бөгөөд 35 удаа аваргалж, Испанийн эзэн хааны цомыг 20 удаа өргөн тус улсын супер цомыг 12 удаа хүртсэн юм.

“Реал” түүнчлэн Европын Аваргуудын лигт 14 удаа аваргалсан цорын ганц баг. Ингэхдээ тав дараалан түрүүлсэн мөн л цорын ганц баг билээ.

Энэхүү баг жилд 700 гаруй сая ам.долларын орлоготой ажилладаг ба 4.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй юм байна. Товчдоо бол энэ үзүүлэлтээрээ өчнөөн их байгалийн баялагтай манай улсын ДНБ-тэй бараг дүйдэг аж.

“Реал”-ын амжилтын эх ундарга нь 18 жилийн өмнө нээгдэж улам бүр өргөжсөөр буй орчин үеийн дасгал сургуулилтын бааз нь гэнэ. Тэнд өдгөө Испани төдийгүй дэлхий даяараас шилж авсан өсвөр үеийн хөлбөмбөгчид байрладаг тухай тус багийн ерөнхийлөгч Флорентино Перес хэлсэн нь бий.

Нэмж хэлэхэд, “Реал” 26 жилийн тэртээ буяны сан байгуулсан нь манай гаригийн бүх тивийн 101 оронд үйл ажиллагаагаа тэлж, 1000 гаруй төслөөр 450 ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан 1.5 сая хүнд тусламж, тэтгэлэг үзүүлдэг болжээ.

Эцэст нь Аваргуудын лигийн бусад тоглолтын дүнг танилцуулъя:

  • “Реал Сосьедад” Испани – “Пари Сен Жермен Франц – 1:2
  • Гоолууд: Мерино, 89. — Мбаппе, 15. 56.
  • “Байерн” Герман – “Лацио” – 3:0
  • Гоолууд: Кейн, 39. 67. Мюллер, 45+2.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img