2024-07-27, Бямба
15.9 C
Ulaanbaatar

Ардын жүжигчин П.ЦЭРЭНДАГВА: Монгол хэлний минь эгшиглэнт чанар алдагдаж байна, ингээд ирэхээрээ л хэл уусч мөхөх эрсдэлтэй

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагватай уулзаж ийн хөөрөлдөж байсан билээ. П.Цэрэндагва 1948 оны тавдугаар сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн хүн. Тэрээр 1976 онд УБДС-ийн Кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. “Хаан түүх” жүжгийн Хаан, “Жамуха” жүжгийн Чингис, “Тамгагүй төр” жүжгийн Эгрэг өрлөг, “Хүйтэн сэнтий” жүжгийн Богд хаан, “Атга нөж” жүжгийн Хөхөчү гэх мэт түүхэн жүжгийн дүрүүд болон “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Ибрай тайш зэрэг олон жүжиг, кинонд дүр бүтээсэн юм. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар 50 жил ханилсан алтан хуримаа 2023 оны есдүгээр сарын 25-нд буюу намрын дунд сарын шинийн 10-ны билигт сайн өдөр Гэрлэх ёслолын ордонд үр хүүхдүүд, ач, зээ, ахан дүүсийнхээ хамт хүндэтгэлтэйгээр ёслон тэмдэглэж байсан билээ.

-Хань бидэн хоёр бие биеэ хүндлэн дээдэлж, учирлан хүлцэх минь уудам хорвоод улам их болж байна-

-Дуучин Даваасүрэнгийн Отгонжаргалын дуулсан “Миний ээж тэмээчин” дууны клипэнд та ханьтайгаа тоглосон нь үзэгчдийг уйлуулж уяруулсан. Та сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?
-Отгонжаргалын “Миний ээж тэмээчин” дуунд ханьтайгаа оролцон тоглосон маань олон түмэнд их хүрлээ. Ер нь эхийгээ хайрлаж, хүндэлж, дээдэлж явна гэдэг хүмүүн болж заяасны шинж гэж ойлгодог учраас энэ дууны клипэнд орооч гэсэн саналыг бид хүлээж авч байлаа.
Хамгийн гол нь бүтэц нь их сонин санагдсан. Юу вэ гэхээр зүгээр нэг дууг дүрсжүүлэх биш богино хэмжээний кино ч байж болохоор хэмжээнд сэтгэж хийсэн учраас тоглосон гэхэд болно. Дуучин маань ямар сайхан дуулсныг үзэгч, сонсогчид маань таашаан хүлээж авсан нь сайшаалтай.
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу манайхны хэлж заншсанаар Мартын 8-ны баяр болж байна. Та ханиа яаж баярлуулдаг вэ?
-Хүн ханиа яаж баярлуулдаг билээ, тэр жишгээс хазайгаад байх нь хаашаа юм. Би олноос онцгойрох юм уу, олонд чирэгдэх гэдэг хоёр туйлшралыг тэгтлээ нэг их ойшоодоггүй. Ер нь хүн өөрийнхөө үүрэх ёстой ачааг үүрсэн шиг үүрэх ёстой л гэж боддог. Тийм л өрхийн тэргүүн байгаа юм.
Ханийнхаа тухай ярина аа гэдэг чинь Цэрэндагва төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдэж яваагийн цаад талд хатан ухаан сүлсэн ханийн минь нөмөр нөөлөг дэндүү их байдаг юм аа гэдгийг би хэний ч өмнө хэлэхээсээ тэгтлээ нэг их ичдэггүй. “Авгайгаа магтсан хүн адгийн тэнэг” гэлцдэг юм билээ.
Цэрэндагва
Ингээд хэлчихсэнийхээ төлөө тэнэг гэж дуудуулахаасаа нэг их эмээгээд байдаг хүн би биш. Юу үнэн гэвэл хань минь надад өнөөг хүртэл нөмөр нөөлөг болж яваа нь орчлонгийн ганц үнэн.
Тийм учраас хань бидэн хоёр бие биеэ хүндлэн дээдэлж, учирлан хүлцэх минь уудам хорвоод улам их болж байх шив дээ. Бид хоёр уран бүтээлийн ажилд том жижиг гэлтгүй оролцох ёстой ажилдаа оролцоод явж л байна. Аливаа уран бүтээлд жижиг сажиг гэсэн ойлголт байдаггүй. Гагцхүү тэнд сэтгэл, итгэл, зүтгэл байж л ажил болдог.
-Эмэгтэйчүүдийн баярын дараа Монгол цэргийн өдөр гээд л баяр үргэлжилдэг дээ?
-Цэргийн баярыг манайхан цэргийн хугацаат албанд зүтгэж байгаа хүмүүсийн баяр мэт ойлгодог тал байдаг байх. Гэхдээ эр хүн бүхний бодож, сэдэж, сэрж явах ёстой баярын нэг нь энэ. Ер нь баяр гэдэг юманд нэг их хөвсөлзөн хөөрөөд байдаг хүн би биш. Баяр тэмдэглэснээрээ улс орон хөгждөг цэцэглэдэг бол Монгол орон хөгжил цэцэглэлтийн туйлд хүрэхээр болчихоод байна.
Аливаа баярын үлдээцтэй зүйл, хүртээмжтэй хандлага нь ямар юм бэ гэдгийг бодож хийвээс баяр бүхнийг тэмдэглэж болно. Гагцхүү баярыг тэмдэглэснээр нийгмийн хөгжилд ямар түлхэц өгч байгаа юм бэ гэдэг тал нь илүү байваас баярын утга учир тодорхой болно.
-Таны ах Пүрэвжавын Сандуйжав гэж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, авьяаслаг яруу найрагч хүн байлаа. Ахынхаа тухай яриач?
-Ахыгаа маш их үгүйлж байна. (Нүдний шилнийх нь цаана нулимс нь цийлэгнээд ирэв. Л.Б) Маш их санаж явдаг зүйлийн маань нэг ах минь юм. Миний ах нэг их олон юм яриад цээжээ дэлдээд, хашгичаад гуугачаад явдаг хүн биш. Монгол эр хүний амин ухаан гэж ямар юм байдаг юм бол тэр хэмжээнд амьдрал ахуйгаа авч явсан хүн.
Цэрэндагва
Зөвхөн өөрийнхөө амьдралыг ч биш өнчин үлдсэн хэдэн дүү нараа өсгөж өндийлгөж, өргөж тээж хоолонд нь хүргэсэн, ханьтай болсноосоо хойш ханиа хүндлэх, ханиа хайрлах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх бүх зүйлд өрхийн тэргүүн шиг явсан ийм хүн. Олонтой, найз нөхөдтэй, тэднийхээ итгэл сэтгэлийг үүрч дүүрч явж чадсан хүн байсан гэж би боддог юм.
-Таныг жүжигчин болоход сэхээтэн хүн болохоор их дэмжиж байсан байх даа?
-Намайг жүжигчний мэргэжил сонгоход хамгийн их эсэргүүцэж дургүйцэж байсан хүн бол миний ах. Ээж маань ахад “Юу гэх вэ, цаадахаа дураар нь орхи” гэж хэлснээр ах маань буулт хийсэн. Би амьдралдаа ахаасаа зөрсөн ганц тохиолдол энэ байх.
Миний ах надад “За, хүү минь чи, насаараа хүний хэлээр ярих мэргэжил сонголоо доо. Энэ хүний хэлийг өөрийн хэл болгох гэж мөн ч их зовох байх даа. Буянаараа болог дээ” гэж хэлсэн. Тэр үедээ энэ үгийг би сайн ухаараагүй. Би энэ үгийг одоо санах сэрэх болгондоо хүний хэлээр ярьж яваа гэдгээ ойлгодог.
Хүний хэлийг өөрийн болгох гэж тавь гаруй жилийг жүжигчний ажилд үрчихэж дээ. Тэр үг нэг зорьсноосоо буцахгүй байхын ташуур, чигээрээ зөрүүдэлсэнийхээ хэрээр бодож явах бодлыг тархинд нэвт шингээж өгсөн нь миний ахын ухааны цараагийн нэг илрэл юм даа. Ахыгаа дэндүү их хүндэлж хайрлаж явсан даа, би.
-Хүндлэл хайраа яаж илэрхийлж байв?
-Ахыгаа баярлуулах гэж хичээж байсан. Тэр нь юу вэ гэхээр бурхан болтол нь дэргэд нь архи уух битгий хэл, тамхи татахыг ч цээрлэнэ. Тамхийг нууж татаж явсаар ахыгаа үдэж өгсөн дөө. Тэрийг маань ах мэдээгүй биш мэдрэхийн дээдээр мэдэрсэн байх. Дүүгээ эмээж байхыг хараад баярлаж байсан болов уу.
-Ахтайгаа хэдэн насны зөрүүтэй билээ?
-Бид хоёр арваад насны зөрүүтэй.  Миний ах 1938 онд төрж, 2004 онд бурхан болсон хүн дээ. Ах маань МУИС-ийг сэтгүүл мэргэжилээр 1962 онд төгсөөд Улаанбаатар хотын 10 жилийн хоёрдугаар сургуульд багшилж байсан. 1976 онд Москва хотод ЗХУ-ын Коммунист Намын дээд сургуулийг төгссөн байдаг.
Хойно төгсөж ирээд Монголын радиод редактор, хариуцлагатай редактор, утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактор, нэвтрүүлгийн захиргааны дарга, улс төрийн тоймч зэрэг албыг хашиж байгаад 1990-ээд оны дунд үеэс 25-р суваг телевизэд “Ням гаригийн зочин” нэвтрүүлгийг хөтөлж байсан нэртэй сэтгүүлч, яруу найрагч байсан даа.
-Ахын чинь олон сайхан уран бүтээл байдаг даа?
-Ах өнгөрөгч зууны жараад оноос уран бүтээлээ эхэлж “Хурын ус”, “Санахын жаргал”, “Гүйгүүл” зэрэг шүлэг, өгүүллэгийн ном “Босоо голчийн бодлого” радио нийтлэл, мөн дуртатгалын номоо бичиж хэвлүүлсэн байдаг. Дууны яруу найрагт авьяас сорьж “Настан буурал эмээ”, “Мартахгүй л явна”, “Тавилан”, “Санахын жаргал”, “Улаанбаатарын үдэш” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дуу зохиосон доо. 1998 оны есдүгээр сард Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэнд дүүгийн хувьд баяртай байдаг юм.
Цэрэндагва
-Орчин үед “хүн ахтай, дээл захтай” байх нь алдагдсан юм шиг санагддаг. Танд ийм зүйл анзаарагдах юм уу?
-Анзаарлаа гээд яахав дээ. Бидний сонгоод авчихсан нийгэм чинь л энэ шүү дээ. Яг нийгмийнхээ мөн чанарыг таниад ирэхээр “Би, би” гэдэг өвчнөөр билэг танхай болох гэж шуурсны, маш товчхон хэлбэл зээлдмэл ухаан, эшлэлийн онолоор явсныхаа горыг амсаж байна гэхээс биш хэлэх үг олддоггүй юм.
Бид чинь монголчуудад өөрийн гэх ухаан гэж юм байдаг бол түүнийгээ гээчихсэн хүмүүс шүү дээ. Тэгээд бусдын гял цал юманд нүдээ унагаснаа соёл гэж эндүүрсэн. Тэрэнд өөрөө юмгүй юм шиг уулгалан дайрсныхаа горыг одоо амсаж явна даа. (Тэрээр яг л жүжгийн галзуу хүний дүр бүтээж буй мэт авзаатай зэвүүнээр чанга хөхрөн инээв. Л.Б)
-“Монголоо алдмар” гэж өвгөдийн нэг муухай хараал байдаг даа. Тэр үг биеллээ олж байна гэж хэлж болох нь ээ?
-За, тэгж амны алдас хийгээд яах вэ. Одоо цагт ярьж байгаа юм бол амны алдас. Ер нь бодох л ёстой үг. Энэ байтугай юмыг саналгүй, сэрэлгүй орхисныхоо гайг амсаж байна гэж товчхондоо хэлээд байгаа юм шүү дээ.
Тэрнээс биш ийм нэг амны алдас болсон зүйлийг яриад байвал улс орны хөгжилд нэмэр болохоос нэрмээс болох нь их болов уу даа. Чиний наад хэлж байгаа үг чинь яг үнэн. Биеллээ олж байна гэж хэлж болно. Бид хэзээ ухаарч, гэгээрч, сэхээрэх юм бэ гэдэг л их бодууштай юм даа.
-Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан алтан үеийнхэнтэй та хэр ойр байв. Тухайлбал, төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун гуайтай гэхэд?
-Театр гэж буянтай айлын босгоор давж орсноо би өөрийнхөө авьяас билэгтэйдээ бус Монголын тайзны урлагийн ахмадууд, алтан үеийнхэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн хүмүүсийн билгийн хараатай холбон бодож явдаг. Тэр хүмүүсийн нэг Оюун багшийнхаа шавь нь болж явлаа.
Тэнд Оюун багшийн дуу гарахад энд миний тавхай гялалзаад зугтаж явсан болохоос ойртож ярьж хөөрч байх тийм боломж байсангүй л дээ. Айж эмээхээс гадна тэр агуу хүнийг хүндэлж бишрэхтэй холбоотой. Ганцхан Оюун гуай ч биш бүхий л ахмадуудынхаа үгийг нь сонсож явсан хүн л дээ, би.
Манай театрын их олон хүний тэгш ой тохиосон. Тэднийхээ талаар бид л ярихгүй бол хэн ярихсан билээ. Бид л хийхгүй бол хэн хийхсэн билээ гэдэгчлэн багшийн зуун жилийн ойг тохиолдуулж УДЭТ-ын удирдлага санаачилж “Би эндээс явахгүй” жүжгийг нь залуу зохиолч Мэндсайханы шинэтгэснээр алтан тайзнаа тавьж үзэгчдэдээ өргөн барьж байлаа.
Бүтээлч хүн гэдэг бүтээлээрээ мөнхөрдөг юм байна гэдгийг олон түмэндээ хэлээд зогсохгүй энэ бүхнээс авах, гээхийн ухаанаар бодох юм их бий шүү гэдгийг хэлье.
Цэрэндагва
-Таныхаар бид ер нь юу юугаа гээгээд байгаа бол?
-Монгол ёс заншил, монгол соёл, монголтой холбоотой бүхнийг мартагнуулах гээд байна уу даа гэж би их халагладаг. Үүнийг төр засаг руу чичлэхээсээ өмнө хувь хүн би Монгол байхын тулд, Монголоо мэдрэхийн тулд, Монгол гэж ярихын тулд юу хийсэн юм бэ гэдгээ иргэн бүр санаж, сэдэж, ухаарах цаг нь болсон.
-Яруу найрагч Намжимын Очирбат агсны “Хөх дэвтэр” номын хуримд та ирсэн харагдсан. Яруу найрагчидтай аль хэр дотно байв?
-Миний яриад байгаа монгол хүн байхын жинхэнэ утга учир нь Намжимын Очирбат гэдэг сайхан яруу найрагч байлаа. Энэ хүн надаас ахмад. Миний ах П.Сандуйжавын МУИС-ийн оюутан ангийн анд. Н.Очирбат найрагч хүнийг хөгшин залуу, хөрөв нялх гэж ялгалгүй хэнийг ч бай хүнтэй хүнийх нь хувьд харьцаж чаддаг нь намайг татдаг байсан. Яагаад бид яруу найрагчдыг хайрлаж хүндэтгэдэг юм бэ гэвэл өнөөдөр монгол хэлнийхээ төлөө бүгд анхаарахгүй бол устаж мөхөх аюулын харанга дэлдэх цаг тулаад ирчихсэн байна шүү гэдгийг санаж сэрэх хэрэгтэй.
Зохиол бичдэг хүмүүс ч анхаарах хэрэгтэй. Монгол хэлний эгшиглэнт чанар алдагдаад байна. Эгшиглэнт чанар алдагдана гэдэг ярианы хэлэнд яруу сайхан монгол хэл маань уусаж мөхөж байгаа юм шүү. Эзээгүй унших хүн цөөрчихсөн учраас тайвшраад байх шиг байна. Уншдаг хүн ихдээд ирэхээр нэхэгдэхээс өөр гарцаагүй ажил болж байна гэж би мунхаглаж явдаг юм даа.
-Муусайн яруу найрагч, зохиолчид, жүжигчид, дуучид нийгэмд юу ч хийж бүтээдэггүй амьтас гэж дорд үзэх хүмүүс олширсон. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ярилгүй яах вэ, наадах чинь монгол эр хүнийг хүчгүйдүүлэх, монгол хүмүүсийг хооронд нь яавал эвтэй найртай байлгахгүй байх вэ гэсэн гаднын хорт бодлого яваад байгаа юм биш байгаа гэж би их эмзэглэдэг. Уран бүтээлчид хийж байгаа бүхнээ илүү их бодож хийх хэрэгтэй болж байна.
-Цагаан сар саяхан болж өнгөрлөө. Танд хацраа үнэрлүүлэх дүү нар, шавь нар жилээс жилд олшроод байгаа биз?
Цэрэндагва
-Сэтгүүлч та нар ч бас асуух юмаа асууж л байж санаа амардаг улс л даа. Маш товчхон хариулахад миний үнсүүлэх хүний тоо цөөрөөд, үнсэх хүний тоо нэмэгдэж байгааг нуугаад яахав. Насны хувьд ч, элээсэн он жилүүдийнхээ хувьд ч ийм жамтай учирдаг юм байна. Ингэх тусмаа өнгөрсөн үеийг дурсаж, бодож санахдаа “Үлдээх юм маань юусан билээ” гэдгийг эргэцүүлэх цаг гарцаагүй ирж байна даа.
  • П.Цэрэндагва 1991 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин цол хүртсэнээс хойш 1994 онд “Ричард ван III” жүжгийн Бекингем вангийн дүрээр шилдэг дүрийн шагнал,
  • 2001 онд Монгол Улсын ардын жүжигчин цол,
  • 2004 онд “Шөнө дундын бүжиг” жүжгийн Амегогийн дүрээр “Гэгээн Муза-I” наадмын шилдэг эрэгтэй туслах дүр,
  • 2005 онд “Саран Хөхөө” жүжгийн Сурасадины дүрээр “Гэгээн Муза-II” наадмын шилдэг эрэгтэй гол дүр,
  • 2006 онд “Шөнө амталсан нулимс” жүжгийн Тэрбишийн дүрээр “Гэгээн Муза-III” наадмын шилдэг эрэгтэй гол дүр,
  • 2009 онд “Эдип” жүжгийн Тресийн дүрээр “Гэгээн Муза-VI” наадмын шилдэг эрэгтэй туслах дүр,
  • 2010 онд “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Фролло хамбын дүрээр “Гэгээн Муза-VII” наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг тус тус хүртэж 2021 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн байна.
П.Цэрэндагвын тайзнаа бүтээсэн дүрүүд
Гарын таван хуруу(1967) – Баяр
Наян чулууны ой (1969) – Бөхөө
Өрсөлдөөн (1970) – Цогт
Любовь Яровоя – Григорий
Ээдрээ – Дэмбэрэл
Отелло – Элч
Хар санаа хайр сэтгэл – Зарц
Том авгын овоохой – Боолын худалдаачин
Хоёр үе – Гимназын сургагч
Будамшуу – Мунас
Анхны тулаан – Харгис цагдаа
Тэр талд (1970) – Мансуров
Эцсийн мөч – Хурандаа мансуров
Арын албаныхан (1971) – Гаанжуур
Улаан тэмдэг жүжгийн (1971) – Монгол түшмэл
Түлхүүрийн нууц (1971) – Шинэ данжаад
Баян барлаг хоёр – Халмат
Цэрэн хаачив? (1971)- Лувсанравдан
Хэнийг явуулах вэ? (1973) – Намжил
Оролмаа(1973) – Сандаг-Очир
Дээрэмчид (1975) – Шпигельберг
Кибальчиш хүү (1977) – Тагнуул-511
Үхэвч үнэн ялна (1977) – Олзны офицер
Бумбат эрдэнэ (1977) – Дорж
Хурлын дараа – Сандаг
Санасан ёсоор бүтэх болтугай -Аркадий
Отелло – Мэдээч
Нандин эрдэнэ – Сургагч
Буурай аав – Дашдорж
Сахиуст цэцэг – Төртогтох
Гамлет – Офицер
Ширүүн тулааны өмнө – Сүхбаатар
Их авхай – Шо-Шүн- Дай
Их ид шидтэн – Халтар нохой
Буэнис-Айриссаас хийсэн сурвалжлага -Олны хэсэг
Эмч нар – Өвчтөн
Гарваа – Тамир
Хөхөлдэй хүүгийн үлгэр – Шар зурхайч
Нулимсны наадах инээд – Галсан
Сандрал – Цэрэн
Хаан түүх I – Хаан
Хүслийн транвай – Стенли
Тамгагүй төр – Эгэрэг өрлөг
Сарны инээд – Нохой
Ганцхан алхахад уулзна – Орших
Хаалганы өмнө – Санги
Шөнө дундын бүжиг – Амего
Жамуха – Чингис хаан
Хүйтэн сэнтий – Богдхаан
Атга нөж – Хөхөчү бөө
Мануухай – Тайван
Нэгэн няравын паян (1979) – Балбар
Найрын ширээний ууц (1981) – Итгэл
Эрдэмтний яриа (1982) – Шарав
Муурын байшин (1982) – Чоно
Унаган хайр (1982) – Доржбат
Сэргэлт жүжгийн (1982) – Удирдах газрын ерөнхий инженер
Алтан түлхүүр жүжгийн (1983) – Чоно
Талын баатар жүжгийн (1983) – Дорж
Шинэ зам (1984) – Гэлэг
Нора (1984) – Хельмер
Байцаагч түшмэл (1985) – Свистунов
Гургалдайн дуут шөнө (1985) – Петр Бородин
Чи хэн бэ? (1985) – Вадим
Сувдан сондор(1986) – Раймонд
Интоорын цэцэрлэг (1986) – Лопахин
Буцах хаяг (1987) – Дорж
Галилейн амьдрал (1988) – Их хамба
Бардам туулай (1988) – Саарал чоно
Халуун газар (1988) – Төмөр
Галуу эргэж ирлээ(1989) – Васил
Ээдрээ (1989) – Галдан жонон
Нийгмийн санаа – (1990)
Цагаан дарь эх (1991) -Танхуу
Макбет (1991)
Там (1992)
Хар будаа (1993) – Гаваа
Өрлөг жанжны өчил (1993) – Лувсаншарав
Ричард ван III (1994) – Бекингем
Оршуулаагүй үрэгдэгсэд (1995) – Ландрия
Тамын дурлал(1996) – Симеон
Ромео, Жульетта (1996) – Капульета
Медея(1999) – Креон
Зуны шөнийн зүүд (2000) – Тезен
Дурласан хүн (2000) – Хангал
Аранзал дарвуулт хөлөг (2000) – Сорин
Цахлай (2001) – Сорин
Шөнө дундын бүжиг (2003) – Амего
Эрлэгийн данс (2003) – Болд
Үхэхийн хооронд (2003) – Игорь
Хар санаа хайр сэтгэл (2004) – Миллер
Саран хөхөө (2004) – Ямши
Шөнө амталсан нулимс (2005) – Тэрбиш
Суудал (2006) – Чихүн түшмэл
Амьдрал(2007) – Батаа
Харц хатан (2007) – Цагаан шоот
Нэргүй од (2008) – Испас
Лусын дагина(2008) – Сайд
Эдип(2008) – Трейси
Парисын дарь эхийн сүм (2009) – Фролло хамба
Хунгийн дуу(2010) – Роман
Чойном (2011) – Чойном
Оролмаа (2011) – Гончиг хүнд
Тэнгэрийн хүү (2011) – Лүүсүү ван
Гамлет(2012) – Клавди ван
Хэрээт төгөл (2014) – Лохов
Ромео, Жульетта(2016) – Хотын захирагч
Царцаа Намжил (2017) – Эрлэг номун хаан
Анна Каренина (2020) – Шербатский ван
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img