2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Өмнөд Солонгосын эмч нарын ажил хаялт дотоод улс төрийн хямрал үүсгэв

Өмнөд Солонгост хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардсан дадлагажигч эмч болон ординаторууд ажил хаялт зарлаад 20 орчим хонож байна. Улмаар тэднийг ажил үүргээ биелүүлэхийг татгалзсан хэргээр шалгаж эхэлжээ.

Ёнхап агентлагийн мэдээлснээр, гуравдугаар сарын зургааны өдрөөс эхлэн Өмнөд Солонгосын цагдаагийнхан залуу эмч нарын өргөн цар хүрээтэй ажил хаялтын удирдагчдыг байцаалтад дуудаж эхэлсэн бол тус улсын Эрүүл мэндийн яам эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан хүмүүсийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой эсэх асуудлыг авч үзэж байгаа гэнэ.

Өмнөд Солонгосын дадлагажигч болон ординатор эмч нарын 70 хувь нь  буюу 9000 орчим хүн хоёрдугаар сараас эхлэн ажил хаясан бөгөөд эрх баригчдаас ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардан, анагаах ухааны сургуулиуудад суралцагчдын тоог нэмэх төлөвлөгөөнөөсөө татгалзахыг уриалж байгаа аж. Эрх баригчид тэднийг хоёрдугаар сарын 29-ний өдөр гэхэд ажилдаа эргэн орохыг шаардаж, үгүй бол эмчлэх эрхийн зөвшөөрлийг нь цуцална гэж сүрдүүлсэн ч ажил хаягчдын ихэнх нь сүрдүүлгийг үл тоожээ.

Ингээд гуравдугаар сарын зургааны өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч юн Сок Ёль мэдэгдэл хийж, эмч нарын үйлдлийг хууль бус хэмээгээд, хатуу арга хэмжээ авна хэмээн сүрдүүлсэн байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлэх боломжгүйд хүрэх нөхцөл байдал үүсэхээс сэргийлэн зарим мэргэжлийн эмч нарыг албадан ажилд нь эргүүлэн оруулахаар зэхэж байгаа гэнэ. Тэднийг ажилдаа орохгүй бол 30 сая доллараар торгох эсвэл гурав хүртэлх жилийн ял оноохоор сүрдүүлж байгаа аж.

Залуу эмч нар ажил хаях болсон шалтгаан

Ирэх оноос эхлэн анагаах ухааны сургуулиудад нэмэлтээр 2000 оюутан элсүүлдэг болно гэж эрх баригчид шийджээ. Одоо энэ тоо 3058 байдаг аж.

Ийнхүү оюутнуудын тоог нэмснээр тус улсад нүүрлэсэн эмч нарын хомсдолын асуудлыг шийднэ гэж эрх баригчид тооцоолжээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагад багтдаг тэргүүлэгч 10 орны хувьд хүн амд ноогдох эмнэлгийн ажилтны үзүүлэлт 1000 хүн тутамд 4,6 эмч ноогдохоор байдаг бол Өмнөд Солонгост 1000 хүн тутамд ердөө 2,6 эмч ноогддог аж. Хүн ам нь эрчимтэй хөгширч, харин төрөлт хамгийн доод хэмжээнд очтлоо уанасан тул эмч нарын хүрэлцээний асуудлыг яаралтай шийдэх ёстой, анагаах ухааны сургуулийн оюутнуудын тоог нэмэхгүй бол 2035 он гэхэд орон даяар 15 мянган эмч дутагдана гэж эрх баригчид үзсэн байна.

Харин дадлагажигч эмч, ординаторуудыг энэ шийдвэрийг эсэргүүцжээ.

Оюутгнуудын тоог эрс нэмэх нь анагаахын боловсролын чанарт сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ ажилтны тоо нэмэгдсэн ч хөдөлмөрийн нөхцөл тааруу байгаа асуудлыг шийдээгүй цагт ажиллах эмч олдохгүй гэж Өмнөд Солонгосын залуу эмч нар үзсэн байнга.

Өмнөд Солонгосын эмнэлгүүдийн 90 орчим хувь нь хувийн эмнэлэг байдаг ч эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсний хэмжээг Засгийн газраас шууд тогтоодог аж. Эмнэлгийн даатгалын үндэсний системийн хүрээнд эмнэлэг тус бүр даатгалаас тодорхой хэмжээний санхүүжилт авдаг байна.

Мөн үзлэг эмчилгээ хийх эмч, мэс заслын эмчийн үзүүлж буй тусламжийн өртөг нь гоо сайхны мэс заслын үйлчилгээнээс хавьгүй доогуур үнэлэгддэг гэнэ. Ингээд эрүүл мэндийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбарынхан бага цалин авдаг, улмаар цалингаа голсон эмч нар энэ салбарт тогтдоггүйгээс эмч нарын хомсдол үүсчээ.

Эрх баригчид анагаахын сургуулийн оюутнуудын тоог нэмэх шийдвэр гаргасан ч шинээр элсэж байгаа оюутнууд ачаалал бага, өндөр цалинтай мэргэшлийг сонгоно, ингэснээр боловсон хүчний хомсдолын асуудлыг шийдэхгүйгээр үл барам улам хурцатгана гэж ажил хаялт зарласан залуу эмч нар үзэж байгаа аж.

Харин энэ асуудлыг шийдэхийн тулд чухал салбарууд дахь эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх ёстой гэж залуу эмч нар мэдэгджээ.

Дадлагажигч эмч нарын өгүүлснээр бага тушаалын эмнэлгийн ажилтнууд асар их ачаалалтай ажилладаг гэнэ. “Долоо хоногт 100 гаруй цаг ажиллаж, заримдаа 40 цаг нойргүй явдаг. Энэ бол солиорол, ийм бага цалинтай хэдий болтол ингэж ажиллах вэ” хэмээн 25 настай Рю Ок Хада ВВС агентлагт ярьжээ.

Ажил хаяж буй эмч нар сард хичнээн хэмжээний цалин авдаг талаараа яриагүй байна. Харин Money Today сайтынмэдээлснээр, Өмнөд Солонгосын эмч нарын цалин Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 28 орны дундаас хамгийн өндөрт тооцогддог гэнэ. Тэдний жилийн дундаж орлого 2020 онд 192 мянган доллар байсан нь бусад гишүүн орнуудынхтай харьцуулахад хавьгүй өндөр үзүүлэлт аж.

Гэхдээ залуу эмч нарын онцолсноор, гоо сайхны мэс заслын эмч нар илүү өндөр цалин авдаг, харин ердийн тусламж үйлчилгээ, өвчний улмаас хийгдэх болсон төрөл бүрийн мэс заслын ажиллагааг гардан гүйцэтгэдэг эмч нарын цалин туйлын бага, харин ачаалал өндөр байдаг гэнэ.

Ажил хаялт хямрал үүсгэсэн нь

Өмнөд Солонгосын залуу эмч нар хоёрдугаар сарын 20-ны өдөр ажил хаялтаа эхлүүлсэн бөгөөд тэр үеэс хойш ихэнх нь ажилдаа эргэн ороогүй, мөн 10 мянган хүн ажлаас халагдах өргөдлөө өгчээ.

Нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд Өмнөд Солонгосын эрх баригчид ажил хаялтыг удирдагчдад дарамт шахалт үзүүлж, тэдний офис, орон гэрт нь нэгжлэг хийж эхэлсэн бол гуравдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн эмнэлгүүдэд шалгалт хийж эхэлжээ. Хэдийгээр ийм дарамт шахалтын арга хэрэглэсэн ч 7000 гаруй эмч ажлын байрандаа эргэн очоогүй байна.

Цаашлаад, гуравдугаар сарын тавны өдрөөс эхлэн, ажил ажил хаялтаа үргэлжлүүлж байгаа эмч нарын эмчлэх эрхийн зөвшөөрлийг зогсооно хэмээн сүрдүүлж эхэлжээ.

“Дадлагажигч эмч нар өвчтөнүүдээ хараа хяналтгүй хаясан. Тэд яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийг ч хаяад явсан байна. Ийм хариуцлагагүй үйлдэлтэй бид эвлэрэхгүй” хэмээн Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн дэд сайд Пак Мин Су мэдэгджээ.

Ингээд ажил хаясан эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэнэ хэмээн сүрдүүлж эхэлсэн бөгөөд хэрэг үүсгэсэн нөхцөлд асар өндөр торгууль, хорих ял оноож болзошгүй аж.

Ажил хаялтад оролцож байгаа дадлагажигч эмч нарын тоо Өмнөд Солонгост ажиллаж байгаа 140 мянган эмч нарын дунд багахан хувь эзлэж байгаа ч томоохон эмнэлгүүдэд дадлагажигч, ординаторууд нийт орон тооны 30-40 хувийг эзлэдэг гэнэ. Тиймээс ажил хаялтын улмаас эмч нар хомсдож, орон даяар хэдэн зуун төлөвлөгөөт хагалгааг хойшлуулахаас аргагүй болжээ. Мөн ажлаа хаясан эмч нарын үүргийг сувилагчид гүйцэтгэхээс аргагүй болж, тэдний ачаалал эрс нэмэгдсэн байна.

Эмч нар сар орчмын хугацаанд ажил хаясанд олон нийт төдийлөн таатай хандахгүй, мөн эрх баригчид дарамт шахалт үзүүлж байгаа ч Солонгосын анагаах ухааны холбоо эмч нарын дуу хоолойг сонсох хүртэл эсэргүүцлээ илэрхийлнэ гэж мэдэгджээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img