2024-07-24, Лхагва
19 C
Ulaanbaatar

Оскарын шагналт Эмма Стоун: Бүхнийг зөв хийх албагүй

Гуравдугаар сарын 11-ний өдөр Лос-Анжелес хотноо Америкийн кино урлагийн академийн шагнал гардуулах 96 дахь удаагийн ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө. Энэ удаагийн наадмаар Холливудын нэрт жүжигчин Эмма Стоун Шилдэг эмэгтэй гол дүр нэр төрөлд ялагч болсноор хоёр дахь Оскараа гардан авсан юм.

Бага наснаасаа л театрын сургуульд хамрагдаж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө бүхнийг хийдэг Эмма Стоуныг эцэг эх нь үргэлж дэмжиж, амьдралаа өөрчлөж, шинэ сорилтод бэлэн байсанд нь үргэлж талархаж явдгаа жүжигчин бүсгүй ярьж байв.

Эцэг эхээ илтгэлээр ятгасан нь

Түүний жинхэнэ нэрийг Эмили Стоун гэдэг. Өдгөө 36 настай Стоун ердөө 14-хөн настайдаа кинонд тоглохоор шийдэж байжээ. Зөвхөн Аризонагийн театрт биш дэлгэцээр гарах нь түүний мөрөөдөл байв. Ийм боломжийг түүнд өгч чадах газар нь мэдээж Лос-Анжелес. Энэ хот руу нүүж, өөрийгөө сорьж үзэх санаа төржээ. Бяцхан охинд төрсөн энэ санаа түүнд “зэрлэг”, нөгөөтэйгүүр маш таатай санагдаж байв.

Ингээд амьдралдаа гаргасан хамгийн солиотой шийдвэрүүдийн нэг болох Лос-Анжелес рүү нүүх шийдвэрээ эцэг эхээрээ дэмжүүлж, тэднийг ятгах л үлдэв. Бяцхан охин PowerPoint программ дээр “Холливуд”төсөл” нэртэй танилцуулга бэлдсэн байна. Ингээд Мадоннагийн “Холливуд” дууны аян дээр аав ээж нь охиныхоо илтгэлтэй танилцаж, гэрээрээ нүүх шийдвэр гаргажээ.

2004 онд, 15 нас хүрмэгцээ Эмили ээжийнхээ хамт Холливудад анхны дүрийн шалгаруулалтад оролцож байв.

Нохойн тэжээл зардаг дэлгүүрт ажилласан нь

Холливудын жүжигчдийн холбоонд Эмили Стоун гэх нэртэй өөр жүжигчин байсан тул Эмили нэн тэргүүнд нэрээ солих шаардлагатай болж, Эмма нэртэй болжээ.

Лос-Анжелест нүүж ирсний дараа аав нь барилгын бизнесээ үргэлжлүүлж, харин ээж, охин хоёр дүрийн шалгаруулалтуудад ордог байлаа. Эхний гурван сарын хугацаанд Эмма олон ангит киноны дүрийн шалгаруулалтад орж байсан ч байнга л татгалзсан хариу авдаг байжээ.

Аризона руугаа буцдаг ч юм билүү гэсэн бодол орж ирэх болж. Гэхдээ л түүний зөрүүд, хүчирхэг зан ялагдалтай эвлэрсэнгүй. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд эргэлт буцалтгүй урагшилна гэдгээ харуулахын тулд Эмма Лос-Анжелест амьдрах зардлаа өөрөө төлөхөөр болж, нохойн хоол зардаг дэлгүүрт ажиллах болжээ.

Бусдаас ялгарахын тулд шаргал үстэй болсон нь

Emma StounБүрэн хэмжээний кинонд анх тоглох хүртлээ Эмма дөрвөн жилийг зарцуулжээ. Гэхдээ зүгээр суусангүй, байнга л дүрийн шалгаруулалтад оролцож, нэг их алдарт хүрээгүй олон ангит кинонуудад туслах дүр бүтээж байлаа.

Нэгэнтээ “Superbad” киноны дүрийн сонгон шалгаруулалтын үеэр продюсер Жадд Апатоу түүнийг анзаарсан байна. Төрөлхийн хонгор шар үстэй Эммаг бусдаас ялгарч, олны анхаарал татахын тулд улбар шаргал үстэй болох зөвлөгөөг продюсер өгчээ. Эмма ч түүний зөвлөгөөг дагаж, үсээ будаж, дүр төрхөө өөрчилснөөр кинонд тоглох олон санал хүлээж авсан гэдэг. Хожим нь энэ үсний өнгө Эмма Стоуны нэрийн хуудас болжээ.

Олон нийтийн сүлжээнээс татгалзсан нь

Эмма багадаа сэтгэл түгших эмгэгтэй байжээ. Хэт их түгшдэгийн улмаас нэг асуултаа олон дахин давтан асууж, гэрээсээ гарахаас айж, гэнэт гал гарч хүмүүс үрэгдэнэ гэж түгшдэг байсан гэнэ. Тиймээс есөн настайд нь ээж аав нь Эммаг сэтгэлзүйч дээр аваачиж, улмаар охин түгшүүрээ даван туулж “Би түгшүүрээсээ илүү том хүн” гэсэн ном бичиж байсан аж.

Энэ нь түүнд гадаад ертөнцийг зааглах хил хязгаарыг бий болгоход тусалсан гэнэ. Одоо ч тэр ийм хана босгосон хэвээр. Эмма олон нийтийн сүлжээ ашигладаггүй, сэтгүүлчдэд хувийн амьдралаа ярьдаггүй, ер нь л сүүдэрт үлдэх дуртай нэгэн.

Emma Stoun

Тиймээс нэгэн удаагийн ярилцлагадаа тэрбээр “Ярилцлага өгөхөөс өмнө би өрөөндөө орж, хаалгаа цоожлон тайвширахыг хичээдэг. Учир нь би маш их сандарч, тэвддэг юм” хэмээж байв.

Бага наснаас нь эхэлсэн энэ түгшүүрийг даван туулахын тулд тэр хуруугаа ч хөхдөг байжээ.

“Би 11 нас хүртлээ эрхий хуруугаа хөхдөг байсан. Ингэхээр тайвширдаг байлаа” хэмээн Эмма ярьж байв.

Түүнчлэн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Долоон настай байсан юм. Гэнэт сэрэхэд манай гэр шатаж байгаа юм шиг санагдсан. Энэ хий төсөөлөл биш, түгшүүр байсан юм. Би амьсгалж ч чадахгүй, байрнаасаа хөдөлж ч чадахгүй байсан. Ийм зүйл нэг бус удаа тохиолдож байсан л даа. Дараа нь өдрийн тэмдэглэл бичиж эхэлсэн. Мөн мөрөн дээрээ жижигхэн, ногоон мангас зурсан юм. Тэр мангас намайг түгших үед “Эмили, боль, бүх зүйл сайхан байна, чи чинь гэртээ байна шүү дээ” гэж шивнэх мэт санагддаг байлаа” хэмээж байлаа.

“Бүхнийг зөв хийх албагүй” гэж үздэг Эмили Стоуны хувьд амьдралын хамгийн чухал зүйл нь “итгэл, уран бүтээл” гэнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img