2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

“Хорин минутын хот”-ыг бий болгоно гэв

Засгийн газраас Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд Ерөнхий сайд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудтай уулзаж байгаа.

Өчигдөр зургаа дахь уулзалтаа Баянгол дүүргийн бичил VI хорооллын “Бичил төв” бүсэд хийв. Энэ үеэр “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” сэдвээр хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа зэрэг төрийн байгууллагын ажилтнуудын санал бодлыг сонсож, өнөөгийн нөхцөл байдал, хүндрэлээс гарах шийдлийг танилцууллаа.

Баянгол дүүрэг бол Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нэг. Нийт 34 хороотой, 246886 хүн амтай, 65,453 өрх амьдардаг. Үүнээс “Бичил төв” бүсэд Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 30, 31, 43-р хороо буюу гэр хорооллын найман хороо, 773 га нутаг дэвсгэр хамрагддаг байна. Баянгол дүүргийн таван хороонд 38591, Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд 17782, нийт 56373 хүн амьдардаг. Нийт өрхийн тоо 14783 байна.

Нийслэлийг 42 нэгжээр бүсчилж хөгжүүлэх шинэ төлөвлөлтийг Засгийн газар, хотын удирдлагуудтай хамтран хийж эхэлсэнтэй холбогдуулж өдөр тутамд иргэдтэй ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудын санал, бодлыг тусгах нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод нийслэлд олон жил ужгирсан хүндрэлийг шийдэх боломжуудыг танилцуулав.

Тэрбээр “Сүүлийн 30 жилийн хугацаанд үүссэн хотын хүндрэлийг шийдэхийн тулд бүтэц, зохион байгуулалтаас эхлээд хууль, эрх зүйн өөрчлөлт хийх замаар цогцоор нь шинэчлэх, дүүргүүдийг задлах, төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн байр руу очиж авахгүйгээр иргэд тухайн оршин суугаа бүсдээ түгжрэл, бухимдалгүйгээр 15-20 минутад төрийн, нийгмийн зэрэг хүссэн үйлчилгээгээ авдаг болох нь чухал юм. Бүсчилсэн хөгжлийн дагуу “Хорин минутын хот”-ыг бий болгоно. Ер нь бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг.

Улаанбаатар хотын түгжрэл бол хотын төвийн Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой. Үүнийг 42 нэгжид задлах байдлаар төвөөс гаргах нь чухал байна. Нийслэлийг бүсчлэх гол агуулга нь энэ. Одоо бол төрийн анхан шатны нэгж ямар ч эрх мэдэлгүй ажиллаж байна. Тэдний эрх мэдлийг хуулиар нэмэгдүүлж, наанадаж төсөв захиран зарцуулах эрх олгох, цаашилбал хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсон” гэлээ.

Баянгол дүүргийн VI бичил хорооллын “Бичил төв” бүсэд гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууцжуулах асуудал хамгийн тулгамдсан асуудал аж. Мөн бусад гэр хорооллуудын нэгэн адил агаар, хөрс, усны бохирдол, нийтийн тээврийн хүрэлцээ, дэд бүтэц, стандарт тааруу байдаг нь иргэдэд хүндрэл учруулдаг байна. Гэхдээ сүүлийн дөрвөн жилд гудамж, авто зам, гэрэлтүүлгийн бүтээн байгуулалтыг дүүргийн төсөв, санхүүгийн боломжид тааруулан хийж байгаа учир нийслэлийг бүсчилж хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг дэмжиж буйгаа оролцогчид хэлж байлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img