2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

Трамп, Байден халз үзнэ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден нар тус тусын намын сунгаанд ялжээ. Ингэснээр тэд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон байна.

Тэд одоогоос дөрвөн жилийн өмнө мөн л хоорондоо өрсөлдөж байсан бөгөөд өрсөлдөөн Байдены ялалтаар өндөрлөсөн юм.

Жо Байденыг Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэх намын сунгаа ёс төдий хэрэг байсан. Учир нь улиран сонгогдох хүсэлтэй байгаа Байден нам дотроо өрсөлдөөнтэй тулгараагүй юм.

Харин Бүгд Найрамдах намын тухайд өөр. Трамп сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэх үеэс л илтэд давуу талтай байсан бол түүний ойрын өрсөлдөгч, өмнө нь НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч асан Никки Хейлигийн хувьд нэр дэвших боломж тун бага байсан гэхэд болно.

Ингээд мягмар гарагт Бүгд Найрамдах намын сунгаа Жоржия, Хавай, Миссисипи, Вашингтон гэсэн дөрвөн мужид болсон юм. Энэ сунгаанд ялагдаж, Никки Хейли өрсөлдөнөөс гарснаар Дональд Трампын зам нь дардан болсон гэхэд болно. Хейли сунгаанаас гарсны дараа намын бага хурал дээр Трамп ердөө 137 төлөөлөгчийн санал авах үлдээд байсан бөгөөд Вашингтонд ялалт байгуулсныхаа дараа шаардлагатай саналаа авсан гэж ВВС мэдээлжээ.

Ерөнхийлөгч асан болон өнөөгийн Ерөнхийлөгч өрсөлдөх анхаарал татсан сонгууль 2024 оны 11 дүгээр сарын тавны өдөр болно. Энэ хоёр өрсөлдөгч нэгнээ сөрөн зогсохын тулд сонгуульд нэр дэвшихээр болсон гэдгээ удаа дараа мэдэгдэж байлаа.

Тухайлбал, Трамп Украины хямралын асуудал дээр Байденыг буруутгадаг бөгөөд өөрөө ерөнхийлөгч байсан бол ийм дайн гарахгүй байх байсан гэж удаа дараа мэдэгдэж байсан. Үүний зэрэгцээ,Ерөнхийлөгч болчихвол Орос, Украины дайныг хэдхэн өдрийн дотор шийдвэрлэнэ гэж амлаж байлаа.

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп 2024 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтээ 2022 оны 11 дүгээр сард Холбооны сонгуулийн комисст гаргасан. Энэ үеэрээ тэрбээр “АНУ-ыг дахин агуу болгохын тулд АНУ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байгаагаа өнөөдөр би зарлаж байна” хэмээн мэдэгдэж байв.

Түүнчлэн “Надаас өмнө хэн ч тэмцэж байгаагүйгээр би тэмцэнэ. Бид ардчилагчдыг ялж, манай улсыг сүйрүүлж байгааг зогсооно. Жо Байден бол авилга, хэт зүүнтний нүүр царай” хэмээн Байденыг шүүмжилж байлаа.

Өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден ч Трампыг байнга шүүмжлэдэгийн дээр, Трамп оролцох учир ирэх сонгуульд заавал оролцоно хэмээж байв.

Энд дуулгахад, Америкийн голлох хоёр намын нэг нь өмнө нь сонгуульд ороод ялагдсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн хамгийн сүүлчийн тохиолдол 1968 онд гарч байлаа. Тухайн үед Бүгд Найрамдах Нам 1960 онд Жон Кеннедид ялагдсан Ричард Никсоныг 1968 оны сонгуульд нэр дэвшүүлж байв. Харин ижил хоёр нэр дэвшигч дахин нэг сонгуулиар өрсөлдсөн тохиолдол 1950-иад онд л гарч байжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img