2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Н.Гансүх: Монгол Улс ардчиллын индексээрээ ухарсан нь гадаадын хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлнэ

“Varieties-Democracy ” институт 1789 оноос эхлэн жил бүр олон нийтэд дэлхийн улс орнуудын ардчиллын индексийг гаргадаг. Манай улс 2021 онд 66-р байр, 2022 онд 77-р байр, 2023 онд 81-р байрт орлоо. Тус үзүүлэлтээр манай улс сүүлийн 6 жил дараалан уруудаж байгаа байгаа бөгөөд энэ талаар төрийн удирдлагын доктор Н.Гансүхтэй ярилцлаа.

-Ардчилсан индекс хэмээх үзүүлэлт хэр чухал бэ?

-Монгол Улсыг Азийн ардчиллын баян бүрд хэмээн бид нэг хэсэг онгирч байсан бол 2018 оноос хойш жил бүр тасралтгүй ардчиллын индексээрээ ухарч байна. Нэг ёсондоо ардчилсан чөлөөт сонгууль болон хуулиа дээдэлдэг зарчмаасаа ухарч, төр бүхнийг  шийддэг болж улам хаалттай болж байна гэсэн үг. Энэ нь иргэдийн амьдралд шууд нөлөөлж буй мэт боловч хүний эрх, эрх чөлөө төдий чинээ хумигдаж бид үндэс сууриараа улам хаалттай улс болж байна. Монгол Улсын үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооно гэж тунхагласан ч бид энэ зорилтоосоо алхам алхмаар ухарч байна.

-Хүний эрх хумигдаж байна гэж та хэллээ. Энэ нь нэг нам дараалж засаглаж буйтай холбож ойлгож болох уу?

-Хүний эрхийн төлөө зөвхөн нэг нам эсвэл эсвэл төрийн бус байгууллага тэмцэх асуудал биш юм. Хүний эрх гэдэг нь ураг эхийн хэвлийд бүрэлдэхээс эхэлж заяагдсан зүйл гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд сошиал орчинд л үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шүүх цагдаагийн байгууллага дуудаж шалгаж торгох үзэгдэл газар авч байна.

Нэг талаараа таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэж энгийнээр ойлгож болох ч бид үзэл бодлоо илэрхийлэх болоод хүний алдар хүнд нэр төрд халдах хоёрын зааг ялгааг иргэд болоод хуулийн байгууллага төдийлөн тодорхой ялгаж чадахгүй үзэмжээрээ шийдэж байх асуудал байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаараа ч бид олон дагагчтай нөлөөлөгч хүмүүсээс өндөр ёс зүй буюу этик хүсэх хэрэгтэй.

Нэг ойлгомжгүй журам байгаад байдаг нь жагсаал цуглаан зохион байгуулахтай холбоотой заалт юм. Дарга сайд нарт хариуцлага тооцох эсвэл шүүмжлэх, жагсаал цуглаан хийхтэй холбоотой зөвшөөрөл авахад эргээд төр захиргааны байгууллагаас авч байж жагсаж цуглаж болох гэдэг зохицуулалт бол үнэндээ ардчилсан улсад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэхээс урьдчилсан сэргийлж буй мэт боловч энэ бол нөгөө үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг шууд хааж боож буй заалт юм.

-Та гаднын шууд хөрөнгө оруулалтад тодорхой нөлөө үзүүлнэ гэсэн энэ талаар?

-Манай улс Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай хамгийн том газар нутагтай улс гүрнүүдийн дунд оршдог далайд гарцгүй улс. Манай улсын хувьд сайн хөршийн харилцаа дээр гуравдагч хөршийн бодлого бол маш чухал.

Монгол Улсад ирж аялж зугаалах болоод амьдрахад таатай аюулгүй нээлттэй шударга нийгэм соёлын орчныг бид бусад улсын иргэдэд санал болгох хэрэгтэй тэгж байж сая гаднын хөрөнгө оруулалтын талаар яригдаж эхэлнэ. Өнөөдрийн хувьд бид дотоодын үйлдвэрлэл, мал аж ахуйн эдийн засагтай улсаас импортлогч цаашлаад дан ганц уул уурхайн бүтээгдэхүүнээс хэт хамааралтай эдийн засагтай улс болж өөрчлөгдөөд байна.

Манай улсын хувьд гаднын хөрөнгө оруулагч нарыг эх орондоо дуудаж хөрөнгө оруулалт татахад төрийн тогтвортой байдал болоод хууль шүүхийн шударга байдлыг онцлохоос гадна ардчилсан улс гэдгээ давуу талаа болгон танилцуулдаг байсан бол өнөөдөр бид ардчилсан улсууд дотроосоо ардчиллын индексээрээ байнга ухарч байгаа нь харамсалтай байна. Хэдий нэг судалгаа боловч манай улсад итгэх гаднын хөрөнгө оруулагч нар бол маш нарийн судалгаа хийдэг буюу нийгэм эдийн засаг соёлын бүхий л үзүүлэлтийг маш сайн анхаарч хардаг гэсэн үг.

Өнөөдөр бид дарга сайдтай л ярихгүй танил талгүй бол ажил маш удаан бүтдэг гэсэн энэ хэвшмэл ойлголтоос салахгүй бол цаашид гаднын хөрөнгө оруулагч нар маш өндөр сэтгэгдэлтэй орж ирсэн ч тун удахгүй гарч явна. Нэг улсын нэг аж ахуйн нэгжүүд бүтэлгүйтээд буцахад тухайн улс битгий хэл бүс нутгаас нь зорин ирэх хөрөнгө оруулагч нар бодлоо өөрчлөх хэмжээний хор уршигтай юм.

-Монгол Улсын Засгийн газраас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хэр үр нөлөөтэй ажил гэж харж байна?

-Манай улсад зохион байгуулагдаж байгаагаас хамгийн үр дүнтэй нь Mining Mongolia болон эдийн засгийн форум гэж харж байна. Бусад үзэсгэлэн яармаг болоод бусад арга хэмжээ бол олон улсын зочид төлөөлөгчид оролцож буй тоогоороо харьцангуй бага бөгөөд үр дүн багатай санагддаг. Манай улсад ирж буй ямар ч бизнесмен газар нутаг хүн ам болоод эдийн засгийн хэдэн суурь үзүүлэлтүүдийг тооцож үзээд л нэг хүнд ногдох ДНБ хэмжээ зэргийг харахад хэт жижиг зах зээлтэй юм байна гэж боддог.

Гэтэл бид чинь асар уудам газар нутагтай хүн амын нягтаршил хамгийн бага байгалийн баялаг нөөцтэй зэрэг давуу талууд олон бий. Сүүлийн жилүүдэд зурагт радиогоор баян маш баян улс асар их нөөцтэй зэрэг газар доорх нөөцийг шууд тооны машинаар үржүүлж улс төр хийх үзэгдэл газар авсан.

Үндсэндээ баялаг болтлоо буюу эцсийн худалдан авагч хүртэлх дэд бүтэцээ хийхгүйгээр олох ашиг бодож байна гэсэн үг. Энэ мэтээр итгэж хий хоосон улстөржсөөр бид ямар ч үр дүнд хүрэхгүй. Монгол Улсын Засгийн газраас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хамгаалах талаар ярьдагч бодитой үр дүн гарах хуулийн заалтуудаа хамгийн түрүүнд эргэж харах хэрэгтэй.

Ганцхан гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар бүх харилцааг зохицуулдаг юм биш. Татварын, газрын, хөдөлмөрийн зэрэг олон хуулиудад зөрчилдсөн заалтууд маш олон бий. Гадаадад сайд дарга нар айлчлахдаа эхний ээлжинд шударга бизнес эрхлэгч нараа дагуулж явдаг бусад улсынх шиг сайн жишиг ядаж эхний ээлжинд тогтоомоор байна. Цаасан дээр хоосон санамж зурсаар эхлүүлсэн төсөл бүхэн зогссоор өнөөдөрт бид ирлээ. Цаашид үр дүнд суурилсан бүтээлч дэд бүтцийн ажлыг хийх хэрэгтэй гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа, Ажлын амжилт хүсье.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img