2024-07-23, Мягмар
13 C
Ulaanbaatar

Н.Бэгз: Малын бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүдээ устгасан нь Монгол Улсын хувьд том алдаа болсон

БНМАУ-ын Худалдааны яамны орлогч сайд асан, Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан Нямын Бэгзтэй уулзаж хөөрөлдлөө.

-Гадаад худалдааны яамыг байгуулснаар эдийн засаг болоод улс орны сэргэн хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэнэ-

-Та аль нутгийн хүн бэ. Хашиж байсан албан ажлынхаа талаар ярина уу?

-Би Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хүн.. 1951- 1954 онд Худалдааны техникумд суралцаж, 1954- 1959 он хүртэл, Баянхонгор аймагт ажиллалаа. Дөрвөн жилийн хугацаанд аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоо гэж байхад нягтлан бодогч, Баян-Овоо суманд хоршооны нягтлан бодогчоор зургаан сар ажиллав.

1958 онд Намын Төв хорооны Бүгд хурлын шийдвэрээр Эд хэрэглэгчдийн хоршоог татан буулгаж, Худалдаа бэлтгэлийн байгууллагыг байгуулсан. 1959 оны нэгдүгээр сарын 1-нээс Эд хэрэглэгчдийн төв хоршоо гэсэн дээд байгууллагыг Худалдаа, бэлтгэлийн яам ,Аймгийн Хоршоодын холбоог аймгийн Худалдаа бэлтгэлийн Удирдах газар, Сумын хоршоодыг худалдаа бэлтгэлийн анги болголоо. Хоршооны хөрөнгийг улсын хөрөнгө болгож, Улсын дотоод худалдааны системийн байгууллага бий болов.

Би Худалдаа бэлтгэлийн яамнаас дуудсаны дагуу 1959 оны нэгдүгээр сарын 20-ноос эхэлж Тайлан бүртгэлийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажилд орлоо.

-Аймгаас шууд дэвшиж ирсэн байна шүү дээ?

-Тийм ээ. Дараа нь Худалдааны техникумд томилогдон багшиллаа.
1961 онд Улсын их дэлгүүрийг шинээр байгуулагдахад ерөнхий нягтлан бодогчоор томилогдож ажиллаад 1962 оноос ЗХУ-д Худалдааны дээд сургуульд суралцаж, 1967 онд сургуулиа дүүргэж ирээд Худалдаа бэлтгэлийн яаманд хэлтсийн даргаар ажиллав. 1968 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд референтээр 1980 оны тавдугаар сар хүртэл 13 жил ажилласан даа.

-Та Сайд нарын Зөвлөл буюу одоогоор Засгийн газарт ямар албан тушаал эрхэлж байв?

-Би Сайд нарын Зөвлөлд ажиллаж байхдаа Худалдаа, бэлтгэл, нийтийн хоолны асуудал эрхэлсэн реферэнт байсан. Тэгэхэд Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газар чинь хэлтэс байхгүй, маш цомхон аппараттай, реферэнтүүд Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга нарт хариуцсан асуудлаараа шууд захирагддаг байлаа.

-Таныг сайдын алба хашиж байсан гэдэг?

-1980-1990онд ХБЯ-д орлогч сайд,1990-1992 онд Худалдаа хамтын ажиллагааны орлогч сайдаар ажиллав.

-Орлогч сайд гэдэг чинь яамныхаа бүхий л асуудлыг хариуцаж таарна даа?

-Худалдаа бэлтгэлийн яаманд Улсын бэлтгэлийн бүх л ажлыг хариуцдаг юм.

-Улсын бэлтгэл гэж чухам юу байсан юм бэ?

-Улсын бэлтгэл гэж ерөөсөө л мал аж ахуйн бүтээгдэхүүн, малын арьс, шир, ноос, үс, мах, сүү, ан агнуурын бүтээгдэхүүн, хоёр дахь түүхий эдийг орон нутгаас бэлтгэж,. Төвлөрсөн хэрэгцээт, хотуудын хангах, хоёрдугаарт мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргана. Намайг орлогч сайдаар ажиллаж байхад амьд мал гаргаж байсан.

Баруун аймгуудын малыг Цагаан нуурын дамжлага бааз, Баян-Өлгий аймгийн Хөх эрэг гэдэг газар орчмоор, Хөвсгөлийн Хатгалын дамжлага баазаар ЗХУ-аас бараа оруулж ирдэг, мөн мал гаргадаг, сарлаг голдуу гаргадаг байсан. Төвийн чиглэлд Алтанбулаг, Цагаан эргийн дамжлага баазаар бараагаа оруулж ирдэг.

Алтанбулагийн Цагаан арлын мал баазаар дамжуулан мал гаргана. Зүүн талд Эрээнцавын дамжлага баазаар бараа оруулж ирдэг, мал гаргадаг байлаа.

1980-аад оны дунд үеэс малаа амьдаар гаргахаа больж, малынхаа бүтээгдэхүүнийг эх орондоо боловсруулж, экспортод гаргах, үйлдвэрийг хангах зорилго дэвшүүлж, тав таван жилийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлж эхэлсэн.Харин Төв аймгийн Авдарбаян сумын нутаг дахь Мааньтын баазаар орос руу адуу гаргаж байсан юм.

-Малаа хөлөөр нь гаргахаа байсан гэдэг ч бас улс орон хөгжиж байсны л шинж дээ, тиим ээ?

-Энэ их чухал асуулт байна. Улаанбаатарын “Махкомбинат”-ыг Германы тусламжаар өргөтгөсөн..Дархан, Эрдэнэт хот, Дорнодод махкомбинат байгуулсан. Завхан амйагт мал нядалгааны газар, махкомбинат байгууллаа. Ийм олон мах комбинатууд байгуулагдсан учраас гадаадад мал амьдаар гаргахаа больсон.

Малыг хавар тавдугаар сард бэлтгээд зун тууварлаж намар аравдугаар сараас үйлдвэр, экспортод нийлүүлдэг байснаа ингэж амьд мал нийлүүлэхээ байсан. Манай улс 1990 он хүртэл малынхаа ноос, арьс ширийг гадаадад гаргалгүй дотооддоо зуун хувь боловсруулдаг байсан.

-Үгүй, мөн ч сайхан цаг байжээ…

-Шевро, шевред, юфт, булгаар, бухаар, хром боловсруулдаг, малынхаа ноос үсийг угаадаг. Хонины ноосыг угаагаад гадагш гаргана. Хонины нарийн ноосоороо цэмбэ, ноосон даавуу, хөнжил (одьяал) (Зуун наяын одьяал гэж ярьдаг байсан) зэрэг бүтээгдэхүүн хийдэг байлаа. Мөн Улаанбаатар, Эрдэнэт, Дорнодод хивсний үйлдвэрүүд олныг байгуулсан учраас хивсээр эх орныхоо хэрэгцээг хангадаг байлаа. Гэх мэтчилэнгээр малынхаа бүтээгдэхүүнийг зуун хувь боловсруулдаг байсан даа.

-Малынхаа ашиг шимийг амьсгаанаас бусдыг нь ашигладаг байлаа гэж ахмадууд халаглаад байдаг нь аргагүй л юм байна даа?

-Зуун хувь бэлтгэн ашигладаг байсан. Жишээлбэл, малын ясыг төлөвлөгөөтэй бэлтгээд, ясны гурил, малын цусаараа цусны гурил хийдэг. Ясны гурил, мах-цусны гурил бол гахай, тахианы маш үнэт тэжээл болдог байлаа. Тэр байтугай, Солонгос улс экспортоор авъя гэж гуйдаг байсан.

Нам засгаас тавьсан нэг зорилго бол “Малаас амьсгалаас бусдыг нь ашиглая” гэсэн уриа дэвшүүлээд, түүнийг хэрэгжүүлж байсан. Энэ бүх асуудлыг хариуцсан орлогч сайд байсан юм даа. Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг бүрэн ашиглахад зориулж орон нутагт материаллаг баазыг бэхжүүлэх гэж багагүй зүйлийг хмйж байжээ.

-Материаллаг баазыг яаж бэхжүүлж байв?

-300 гаруй сумд түүхий эдийн агуулахтай, эндээ түүхий эдийн анхан шатны тордлого чанарыг хамгаалах боловсруулалт хийдэг. Малын арьс ширийг давсалдаг, халимладаг, цэвэрлэдэг. Давсална гэдэг чинь малын арьс ширийг муутгахгүй нэг арга шүү дээ. Тэрнээс гадна малын ноосыг өнгөөр ялгана. Зарим нутагт мал нядалгааны газруудыг бий болгосон.

16 аймагт 600 тоннын багтаамжтай “амиак,”-н хөргөгчтэй зоорь аймгийн төвийг зун хангахын тулд мах, сүү, цөцгийн тос гэх хүнсний зүйлийг хадгалахад энэ зоорь маш их ач холбогдолтой болсон.,

Үүнээс гадна Увс, Баян-Өлгий, Завхан, зарим жил Говь-Алтай аймагт өвөл 20 хэм хүйтэрсэн үед орон нутагт малыг гар аргаар нядлаад махыг нь Цагааннуур, Улаангомоор экспортод гаргаж байсан. Энэ бол нүсэр хэцүү ажил байсан.Бусад аймгууд ч гэсэн 20 хэм хүйтэрсэн үед нядалгаа хийж махаа төвлөрсөн хэрэгцэнд нийлүүлдэг байв. Мал нядлагааны үйл ажилд сумын бүх хөдөлмөрчид идавхтэй шаргуу оролцдог байныг хэлэхэд таатай байна.

Begz
Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан Нямын Бэгз, гэргий ардын багш Г.Лхаахүү, МУБИС-ийн багш Т.Дуламрагчаа нар. Луу жилийн сар шинийн 5-нд.

-Хэцүү гэдэг нь хэнд ч ил ойлгомжтой чанга ажил байж таарна л даа?

-“Үнэн” сонин дээр хүртэл “Нохой шээсэн цагаан дэрснээс өөр юм байхгүй газарт мал нядлах болж байна” гэж бичиж байлаа. Мал нядлах ажлыг зохион байгуулахад хөдөө аж ахуйн нэгдэл, Худалдаа бэлтгэлийн анги хоёр маш их хамтарч ажилладаг байлаа. Сум бүхний иргэд дайчлагдаж ажилладаг өргөн том ажиллагаа байлаа.

Сумын албан хаагчдад норм өгч, эрэгтэйчүүдэд 10 хонь нядлах, эмэгтэйчүүдэд 15 хонины гэдэс арилгах даалгавар онооно. Сургуулийн багш нар, наймаас дээш ангийн хүүхдүүдэд арьс шир янзлах, гэдэс дотор арилгах ажил оногдоно. Сум тэр чигээрээ ажиллаж экспортод гаргадаг махыг бэлтгэдэг байсан.

-Одоо чинь мах гаргах гэхээр экспортын шаардлага хангахгүй байна гэх юм. Тухайн үед экспортын махыг яаж бэлтгэдэг байсан юм?

-Махыг гадна талдаа цусгүй, махны гадна талын хальсыг гэмтээхгүй, цэвэр байх зэрэг нарийн шалгуур тавина. Цагааннуур, Улаангомоор гаргаж байсан махыг 99 хувь нэгдүгээр зэрэгтэй тушааж байсан. Баруун аймгийн ард иргэдийг маш их ажилсаг, зохион байгуулалт сайтай иргэд гэж би бахархаж байдаг. Ер нь Монголын ард түмэн зохион байгуулалттай хөдөлмөр бүтээлд их гайхамшигтай амжилт гаргаж чаддаг ард түмэн юм шүү .

-Бас л нүсэр ажил байсан байгаа юм шүү…

-Улаанбаатарт нийлүүлсэн махыг Махкомбинатын хөргөлттэй зоорь дүүрэн байдаг учраас Хүүш, Залаат, Хүрэл тогоотын мөсөн зооринд хадгална. Хүүшид гэхэд гурван том мөсөн зоорь, Залаатын аманд хоёр том мөсөн зоорь, Хүрэл тогоотын аманд хоёр том мөсөн зоорьтой байсан. Орон нутгаас ирсэн 50-иад мянган тонн махыг мөсөн зоориудад хадгалдаг.

Мөсөн зоорь бол тавдугаар сарын 1 болтол махыг чанарын өндөр төвшинд бүрэн хадгалдаг чаддаг байв. Энэ ажлыг ХААЯ, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яам, Гадаад худалдааны яам, Улсын төлөвлөгөөний комисс, Тээврийн яамтай хамтарч зохион байгуулдаг. Тээврийн яам тээврээ хариуцна. Энэ яамд байгууллагуудын орлогч сайд нар нягт нямбай хамтын ажиллагаатай байсан.

Тийм учраас ажил их бүтээлтэй үр дүнтэй байлаа. Хүүшийн зоорин дээр 300 машин цуглачхаад ажиллах хүч дутагдаад ирэхээр хоригдлууд авч ажиллуулдаг. Зарим үед орлогч сайдууд комбинзон (ажлын хувцас) өмсчхөөд мах буулгалцдаг байсан

-Сайд хүн мах буулгадаг байсан гэхээр нийгмийнхээ төлөө нийтээрээ гэсэн сэтгэлгээтэй байжээ?

-Ингэж л ажилладаг байсан. Нам төрөөс даалгасан ажлыг яаж олигтойхон хийх вэ гэж бодож зүтгэж байсан болохоос хувьдаа арван төгрөгийн ашиг олох юм сан гэсэн бодол бидэнд байгаагүй. Манай дарга нарт ч ийм бодол байгаагүй. Би Засгийн газрын реферэнт байхдаа дөрвөн даргын харьяанд ажиллаж байв.

-Хэн хэн байв?

-Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, НТХ-ны нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, ХААЯ-ны сайд Н.Жагварал, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч, УТТ-ны гишүүн Рагчаа, НТХ-ны нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн орлогч, УТТ-ны гишүүн Дамдингийн Гомбожав, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Сүрэн нартай биечлэн удирдлагад нь ажиллаж байсан.

Энэ хүмүүс “Монгол Улсаа яаж хөгжүүлэх вэ, яаж аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болгож яаж үйлдвэржүүлэх вэ” гэсэн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө чөмгөө дундартал ажиллаж, байсан болохоос, хувьдаа ашиг харж байсан удаагүй ээ! “Ганц байр олоод авчих юм сан, нэг ашигтайхан наймаа хийчих юм сан” гэсэн бодол байгаагүй.

Тэрийг би баталж чадна. Бидний үед ажиллахад дандаа урам өгдөг. Бид их өөдрөг сэтгэлтэй, хийж бүтээх хөгжлийн төлөө л байлаа. Яагаад гэвэл “Маргааш ажлаас халчих вий” гэж эмээх юмгүй. Ажил баталгаатай, ажлаа мэднэ.

Төр засаг намаас их дэмжлэг үзүүлнэ Тийм учраас бид сайхан ажиллах юм сан, сайн л явах юм сан гэсэн өөдрөг сэтгэлтэй байсан болохоос гуньж гутарсан, уруудсан унжсан ,хандлага байсангүй. Хүн болгон ажил төрөл хийх урамтай, ажилчин, сэхээтэн аль нь ч өмнөх ажлаа л нэр төртэй хиийх сэтгэлтэй байсан.

Баян байгаагүй ч цалин нь амьдралд нь хүрдэг. Би тэр үеийн тухай ярихдаа “Социализмд буцаж орох юм сан” гэж мөрөөдөж ярьж байгаа юм биш. Ер нь тийм л өөдрөг гэгээн бодолтой байсан. Алдаатай дутагдалтай юм байсанм уу гэвэл байсан. Үүнийгээ дор бүрд нь засаж залруулаад л явдаг байлаа.

Нэг муу, хүүхдийн тоглоомон хаймран хүүхэлдэйг нэг хониор авдаг байсан гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Улс маань алдагдалтай наймаа хийдэг байсан юм биш үү?

-Тэгж ярьдаг юм. Хүүхдийн нэг чихмэл тоглоомноос хонио өгчхөж байсан ч юм биш. Би тэрийг мэднэ. Тийм юм байгаагүй. Ер нь манай малын арьс ширний үнийг ЗХУ, БНМАУ хоёр хэлэлцээрээр тогтоодог. Малын үнэ дэлхийн дундаж үнийн доод төвшинд байсан.

Зарим үед ханш нь өснө. Оросууд мал, арьс шир, ноосонд гэрээгээр тогтоосон үнэ дээр урамшууллын үнэ өгдөг байв. Хонио чихмэл тоглоомоос өгдөг байсан гэж социализмын үеийг муулдаг хүмүүсийн үг. Хэтрүүлэг байснаас үнэн хэрэгтээ тийм байгаагүй. Харин ч ЗХУ бараагаа дэлхийн зах зээлийн үнийн доод түвшингээр өгдөг байсан юм шүү.

-1990 онд ардчилал ялсан нь сайшаалтай ч өмнөх нийгмийн хийж бүтээсэн сайн сайхан бүхнийг улан доороо гишгэлсэн нь харамсалтай санагддаг уу, танд?

-Нэг жишээгээр л наадахыг чинь ярья. “Мишээл экспо”-гийн том агуулах чинь Түүхий эдийн анхан шатны боловсруулалтын агуулах гэж Ерөнхий сайд Содном бариулсан юм. Монгол Улсын бүх аймгуудаас ирсэн арьс ширний анхан шатны боловсруулалт хийдэг тийм том газар байлаа. Богийн арьс, бод малын шир гээд нийт тав зургаан сая бод ,бог малын арьс шир бэлтгэдэг, 30 мянган тонн ноос , долоогоос найман мянган тонн ямааны ноолуур бэлтгэж байсан.

1990 оноос Социалист бүх орон зах зээлийн нийгэмд шилжсэн. Монгол улс ч бас чөлөөт зах зээлий.Гэвч хувьчлалыг буруу явуулснаас болж, ноцтой алдаа завхрал гаргасан Ялангуяа мал аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулдаг үйлдвэрүүдээ устгасан нь өнөө үед сэргээхэд хүнд асуудал болж үлджээ гэж боддог.

Би ер нь тэгж л хэлнэ. Хэтрүүлэг болохгүй байх. Яагаад гэвэл малын ноос ,арьс ширний боловсруулалт хийж, бэлэн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүдийг хааж, суурь машинуудыг Хятадад хаягдал төмөрт тушаачсан нь эмгэнэлт явдал мөн төдийгүй мэргэжилтэй олон мянган ажилчид ажилгүйчуудын эгнээнд шилжсэн нь нөхөж баршгүй гарз юм.

Жишээлбэл, Чехословак улс гутал хийх технологиороо социалист орнууд дотроо тэргүүлдэг, хөрөнгөтөн орнуудад ч бүтээгдэхүүнээ гаргадаг байсан. Чехийн тоног төхөөрөмж, технологиор манайх 3-5 сая хүүхдийн гутал үйлдвэрлэдэг, том хүний гутал нэг сая гаруйг хийдэг үйлдвэр байсныг хувьчилсны дараа машин тоног төхөөрөмжийг нь Хятадад төмрийн хаягдал болгон өгчихсөн. Улаанбаатар хотын цэвэр бохир шугам сүлжээний ширмэн тагийг хүртэл хулгай хийж аваад төмрийн хогонд тушаачихсан. Тэр байтугай барилгын өргөгч цамхгуудыг цахилгаанаар тайраад мөн л гадагш өгчихсөн.

Мэргэжсэн тэр сайхан ажилчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Энэ бол ёстой харамсалтай зүйл болсон юм. Энэ дээр их алдаа хийсэн. Бусад улс оронд байгуулсан үйлдвэрээ устгаж хаясан түүх байдаг юм уу, үгүй юу, би мэдэхгүй. Манайд гарсан муухай явдал даа.

-Тэр сайхан үйлдвэрүүдээ ажиллуулж байсан бол манай улс хэчнээн сайхан болсон байхыг ёстой хэлж мэдэхгүй юм даа?

-Одоо яаж байна? Үйлдвэрээ сэргээнэ гээд хөөрцөглөх юм. Дархан-Уул аймагт малын арьс шир боловсруулдаг үйлдвэр байгуулна гэж таван жил ярилаа. Одоо байхгүй, таг. Малын арьс шир үнэгүй болчхоод Эмээлтэд хэчнээн мянган хонины арьс ширийг газарт булж байна. Ингэж байх уу даа? Тэр их малын арьс шир гэдэг чинь дээд зэргийн үнэтэй зүйл шүү дээ. Хонины ноосоор чинь дор хаяад газар тариаланд бордоо хийж байна Угаагаад дээд зэргийн бүтээгдэхүүн хийдэг.

Ер нь ноосыг зуун хувь угаадаг байсан юм шүү. Тэгэхэд одоо манайхан хонины ноосоо угааж чадахаа байчихсан. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрээ устгаснаас болоод дахиад үйлдвэржүүлнэ гэсэн юм яриад эхэлсэн. Харамсалтай нь тэр нь бүтэж байгаа ч юм алга.

Би энэ бүхэнд их харамсдаг. Би хэтрүүлээгүй шүү. Үнэн юмыг баримттай л ярьж байна. Ардчилал бидэнд их олон сайхан зүйл өгсөн. Санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлэх боломж олгосон. Энэ бүхэнд талархдаг.Гэхдээ анхаарах засах залруулах юм зөндөө байна гэдгийг хэлэхгүй байж чадахгүй нь ээ! Бид чинь нэлээд задгай эрх чөлөөтэй болсон. Харин тэрнийг их буруу ашиглаж байна. .

-Эрх чөлөөгөө яаж буруу ашиглаж байна?

-Тэрнээс болоод яаж байна вэ гэхээр зарим давьтар муутай, боловсрол муутай хүмүүс амныхаа зоргоор чалчдаг. Тэр байтугай УИХ-ын гишүүд нь хүртэл хоорондоо “Нохой, гахай, худалч, хулгайч, дээрэмчин, гуйлгачин” гэх мэт муу муухай үгнүүдийг хэлдэг боллоо. Биднийг бага байхад эцэг эх маань “Муухай үг битгий хэлж бай”. “Амны билэггүй үг битгий хэлж бай, битгий муу ёрлож бай. Энэ чинь чиний амь нас, амьдралд чинь нөлөөлнө шүү” гэж эцэг эх маань бидэнд сургадаг байсан.

Энэ зах замбараагүй байдал ардчилал гээч юмыг завхруулж байгаа хэрэг. Хуулинд “Хүний эрх бусдын эрхээр хязгаарлагдана” гээд заачихсан байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр “Би л ярьж байвал бусдын эрх ямар хамаа байсан юм” гэсэн маягаар бураад л байх юм. Энэ хэзээ болих юм, бүү мэд. Энэ байдал Монголын ард түмний олон зуун жилийн ёс суртахуун, зан заншилд харш зүйл.

Энийг засна гэхэд хэцүү. Ингэж их задгайрвал монгол үндэстэн их хэврэгшинэ шүү. Их хэврэгшинэ. Ийм л муухай юм байгаа юм даа. Нэгдүгээрт ийм байгаа. Хоёрдугаарт, засаг төр ч их задгайрсан.Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэсэн мэргэн үг байдаг.Дээдчүүдийн үг үйлдэл доошоо түмэн олондоо нөлөөлдөг гэдгийг бас л бодох ёстой доо. гэсэн санаа шүү.

-Засаг төр яаж задгайрсан байна?

-Задгайрснаас болоод эмхлүүлж авахад их л хэцүү байна. Гадаад худалдаа, Худалдааны яамыг устгасан нь Монгол Улсын бас л нэг том алдаа. Одоо гадаад худалдааг эрхэлдэг байгууллага байхгүй. Гадаад харилцааны яаманд гадаад худалдаа хариуцсан ганц хэлтэс байдаг байх.

Гадаад худалдааг аж ахуйн нэгж байгууллага, компаниуд дур зоргоороо явуулдаг. Экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн ханшаас маш хямд өгдөг.

Гаднаас оруулж ирэх юмаа маш их үнэтэй аваад ирээд дур дураараа үнэ тогтоож ард түмнийг үнээр боомилоод байна шүү дээ. “Худалдааны яам байгуулаад өгөөч” гэж бид олон удаа хүссэн. Гадаад худалдааны яамгүй улс дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй. Гадаад худалдааны үнийн бодлого, улстөрийн бодлого, эдийн засгийн бодлогыг барьж байдаг байгууллага нь юм шүү дээ.

Монгол улсынхаа эдийн засаг, байгаль орчин, амжиргааны онцлогт таарсан, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд тохирсон, үйлдвэрүүд байгуулж нэмүү өртөг шингэсэн, бүтээгдэхүүн гаргах нь Монгол улсыг хөгжүүлэх нэгэн чухал хүчин зүйл болох ёстой гэж боддогоо илэрхийлье…

-Энэ ташрамд төрсөн нутаг Бууцагаан сумынхаа 100 жилийн ойг тохиолдуулан бүх ард түмэнд мэнд дэвшүүлж их бүтээн байгуулалтын ажилд нь амжилт хүсье!

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img